Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 119/ШШ2024/0001

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Т” ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.П

Хариуцагч: “Э” ТӨҮГазар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.П, З.С нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: ““Э” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/6252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061.. дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн үндсэн шаардлага,

“2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин зарласан ЭҮТӨҮГ/2023061.. тоот тендер сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан Э” ТӨҮГазрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/6252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061... дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, “Э” ТӨҮГазарт “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин зарласан ЭҮТӨҮГ/2023061 тоот тендер сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

2. “Э” ТӨҮГ-аас зарласан ““Үйлдвэрийн дүүргийн ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ”  үзүүлэх тендерт тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр “Т” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд захиалагчаас тендерт шалгарсан “Т”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, “О” ХХК-д тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлжээ.

 Дээрхи шийдвэрийг “О” ХХК нь эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн байх ба Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/7375 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ээр шийдвэрлэсний дагуу тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдаж, тендерт дахин үнэлгээ хийж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй учраас нээлттэй тендер шалгаруулалт дахин явуулах дүгнэлтийг Захиалагчид мэдэгдэхээр шийдвэрлэсэн байна.

Үнэлгээний хорооны шийдвэрийг “Т” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдлоо гаргаж, Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр хариу хүргүүлжээ.

Захиалагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ТБ-134-12/6252 дугаар  мэдэгдлийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.У шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь “Э” ТӨҮГ-аас зарлагдсан ЭҮТӨҮГ/2023061... дугаартай “Үйлдвэрийн дүүргийн ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ” тендерт оролцож 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр холбогдох материалыг зохих журмын дагуу бүрдүүлж, цахимаар гарган өгсөн. Ингээд үнэлгээний хорооноос манай тендерийг “хамгийн сайн” гэж дүгнэсэн тул гүйцэтгэгчээр шалгарсан болохыг мэдэгдэж 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ТБ-134-12/5447 дугаартай албан бичгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгосон. 

Гэтэл захиалагч “тус тендерт оролцсон өөр этгээд Сангийн яаманд гомдол гаргасан тул гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн” талаар 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ТБ-134-12/5891 тоот албан бичгээр мэдэгдсэн. Уг гомдлыг хянан шалгасны үндсэн дээр захиалагч “Э” ТӨҮГ-аас манай компанид 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ/134/12/6252 тоот мэдэгдлээр “Техникийн даалгаврын 16-д “...ГЭР КЕМПЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТ ЦЭСИЙГ БОЛОВСРУУЛАХ” гэх шаардлагыг хангаагүй тул ... тендерт шалгараагүй” болохыг мэдэгдсэн.

Бид үүнийг эсэргүүцэж 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 01/129 тоот албан бичгээр Сангийн яаманд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан ба тус яамнаас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 тоот баримт бичгээр “захиалагч тендерийн баримт бичгийн техникийн даалгаврыг алдаатай боловсруулсан байна ... ” гэх хариу ирүүлээд байна.

Тодруулбал гэр кемпэд үзүүлэх үйлчилгээ, түүний цэс зэрэг тендерийн хүрээнд үзүүлэх аливаа ажил, үйлчилгээ Тендерийн баримт бичгийн Техникийн даалгаврын 1.1-1.8 дугаар зүйл болон Халуун хоолны үйлчилгээ авах, хоногт үйлчлүүлэх хүний тоо Хүснэгт №1-д тусгайлан тодорхойлсон. Эдгээрт халуун хоолны ажил үйлчилгээг нийт 9 цэгт гагцхүү ЗААЛААР БОЛОН ХҮРГЭЛТЭЭР үзүүлэхээр заасан бөгөөд гэр кемпийн ажил үйлчилгээ, үүний төлөвлөгөөт цэсийг ямар норм стандарт, тоо хэмжээ, хэдэн нэр төрлийн дагуу хэрхэн боловсруулах талаар огт дурдаагүй. Ийм байхад “...гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах” гэх шаардлага оруулсан нь өөрөө техникийн шинжтэй алдаа юм. Иймд Тендерийн захиалагч “Э” ТӨҮГ-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэлд дурдагдсан “гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх тухай төлөвлөгөөт цэсийг боловсруулж ирүүлээгүй тул тендерийн шаардлага хангаагүй” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд техникийн алдаагаар ТББ-д бичигдсэн шаардлага юм.

Энэ нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Сангийн яамнаас илгээсэн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 тоот бичигт “... ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС ҮЗЭХЭД ТЕХНИКИЙН ДААЛГАВАРТ ГЭР КЕМП ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ БАЙХГҮЙ, АЛДАА ГАРСАН БАЙНА. Нэгэнт алдаа гаргаж тендерийн баримт бичигт хавсарган зарласан тул... гэж дурдсанаас үзэхэд ЗАХИАЛАГЧ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧГИЙН ТЕХНИКИЙН ДААЛГАВРЫГ АЛДААТАЙ БОЛОВСРУУЛСАН БАЙНА” гэж дүгнэснээр тогтоогдож байгаа юм.

Түүнчлэн бид тендер сонгон шалгаруулалтын явцад дээрх алдааг олж тогтоон, энэ талаарх тодруулгыг захиалагч талд илгээж байсан ч тэрээр тус тодруулгад хариу өгөлгүйгээр тендерийг нээсэн.

Энэ нь Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 тоот бичигт “... “Т” ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр цахим системээр тодруулга авах хүсэлт гаргасан байх боловч хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Захиалагч энэ хуулийн 22.3-т заасан хүсэлтийн хуулбарыг түүнд өгсөн хариу тодруулга, нэмэлт мэдээллийн хамт тендерийн баримт бичиг худалдан авсан бүх сонирхогчдод нэгэн зэрэг бичгээр илгээх бөгөөд уг бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгснөөр, эсхүл худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлснээр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд тооцно” гэж заасан байхад захиалагч ТОДРУУЛГАД ХАРИУ ӨГӨӨГҮЙ ЭС ҮЙЛДЭЛ ГАРГАСАН НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН байна.

Түүнчлэн дээрх үйлдэл нь “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.2.4-д “Тендерт оролцогчоос тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлт гаргасан бол хариу албан бичгийг гарсан өдөр нь цахим системд нийтлэх, шаардлагатай бол тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах”, 3.9-д Захиалагч тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийн хариуг хүсэлт гаргагчийн нэрийг дурдалгүйгээр албан бичгээр гаргаж, түүний хуулбарыг цахим систем дэх тендерийн баримт бичгийн "тодруулга" хэсэгт нийтэлнэ. Ийнхүү нийтэлсэн даруйд тус тодруулга, нэмэлт мэдээллийг бүх тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлсэнд тооцно, мөн “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 3.7.7-д “Тендерт оролцогч тендерийн баримт бичгийн талаар тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлт албан бичгийг эх хувиар, эсхүл цахим системээр гаргасан бол энэ хүсэлтийг тендер шалгаруулалтын хавтаст хэрэгт хадгалж, захиалагчийн хариу албан бичгийг тендерт оролцогчдод хүргүүлэх, цахим системд байршуулах арга хэмжээ авах” гэж заасныг тус тус зөрчсөн” гэх дүгнэлтээр тогтоогдох юм.

Эдгээрт үндэслэн дүгнэвэл захиалагч анхнаасаа Техникийн даалгаврын 16-д “...гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах” гэх шаардлагыг оруулсан нь алдаа юм. Уг алдааг манай компани илрүүлж тодруулга явуулсанд асуудлыг үнэлгээний хороогоор хэлэлцэж, ТУХАЙН АЛДААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ч тодруулгад хариу өгч, ТББ-д өөрчлөлт оруулалгүйгээр тендерийг нээсэн нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгээд байна. Товчхондоо захиалагчийн удаа дараагийн техникийн алдаа болон хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс бид бүхний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан “шударгаар хувийн аж ахуй эрхлэх” үндсэн эрх цаашилбал тендерт шударгаар оролцож, шалгарах, ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх зөрчигдөөд байна.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу “Э” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны ТБ-134-12/6252 шийдвэрийг хүчингүй болгож, 106.3.4-д заасны дагуу манай компанийг тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг захиалагчид даалгаж, захиргааны дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн тендерт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “Э” ТӨҮГ-аас зарлагдсан ЭҮТӨҮГ/2023061... дугаартай “Үйлдвэрийн дүүргийн ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ” үзүүлэх гэсэн тендерт оролцож 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр холбогдох материалыг зохих журмын дагуу бүрдүүлж, цахимаар гарган өгсөн. Ингээд Үнэлгээний хорооноос манай тендерийг “хамгийн сайн” гэж дүгнэсэн тул гүйцэтгэгчээр шалгарсан болохыг мэдэгдэж 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ТБ-134-12/5447 дугаартай албан бичгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгосон. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд захиалагч руу манай компаниас тодруулга хүссэн албан бичиг явуулсан. Техникийн даалгаврын 16-д “...гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах” гэсэн байсан. Энэ цэс нь ямар хэмжээ порцоор, хэдэн хүнд, өдрийн хэдэн удаа, хаана вэ гэдэг мэдээлэл байхгүй зүгээр нэг тоон дотор үсэг гэдэг шиг ийм үг явж байсан. Үүнийг тодруулахаар 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цахимаар захиалагчаас энэ талаар тодруулахаар албан бичиг явуулсан. Энэ тодруулгад ямар нэгэн хариу өгөлгүй явж байгаад 2023 оны 08 дугаар сарын 30-ны  өдөр тендерийг нээж, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 7 хүний бүрэлдэхүүнтэй Үнэлгээний хороо хуралдаж 2 компани материал ирүүлсний дагуу үнэлж манай тендерийг “хамгийн сайн” гэж дүгнэсэн тул гүйцэтгэгчээр шалгаруулсан.

“О” ХХК Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Ингээд захиалагч талаас манайхтай гэрээ байгуулах эрхийг түр түдгэлзүүлсэн тухай мэдэгдлийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн. Үүний дараа “Э” ТӨҮГ-аас манай компанид 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ/134/12/6252 тоот мэдэгдлээр “Техникийн даалгаврын 16-д “...Гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах” гэх шаардлагыг хангаагүй тул  тендерт шалгараагүй” болохыг мэдэгдсэн. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Үнэлгээний хороо 7 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж 100 хувийн саналаар манай компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шалгаруулсан байсан атлаа хэдхэн хоногийн дараа манайхаас тодруулга явуулсан асуудлаар тендерт шалгараагүй гэж мэдэгдсэн. Үүнийг бид эсэргүүцэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нийтлэг журмууд болон Сангийн Сайдын 131 дүгээр тогтоолоор батлагдсан "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 6 дугаар зүйлийн 6.2-т “Сангийн яам энэ журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлэсэн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагыг хангасанд тооцно” гэж заасны дагуу бид 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 129 дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргаж урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хангасан. Сангийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 тоот баримт бичгээр “захиалагч тендерийн баримт бичгийн техникийн даалгаврыг алдаатай боловсруулсан байна ...” гэх хариу ирүүлсэн. Тодруулбал гэр кемпэд үзүүлэх үйлчилгээ, түүний цэс зэрэг тендерийн хүрээнд үзүүлэх аливаа ажил, үйлчилгээ Тендерийн баримт бичгийн Техникийн даалгаврын 1.1-1.8 дугаар зүйл болон Халуун хоолны үйлчилгээ авах, хоногт үйлчлүүлэх хүний тоо Хүснэгт №1-д тусгайлан тодорхойлсон. Эдгээрт халуун хоолны ажил үйлчилгээг нийт 9 цэгт гагцхүү заалаар болон хүргэлтээр үзүүлэхээр заасан бөгөөд гэр кемпийн ажил үйлчилгээ, үүний төлөвлөгөөт цэсийг ямар норм стандарт, тоо хэмжээ, хэдэн нэр төрлийн дагуу хэрхэн боловсруулах талаар огт дурдаагүй. Ийм байхад “...гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах” гэх шаардлага оруулсан нь өөрөө техникийн шинжтэй алдаа юм. Яг өмнө нь энэ тендертэй төстэй 2 удаа тендер зарлагдаж манай компани оролцож байсан. Өмнөх тендерт гэр кэмпэд үйлчилгээ үзүүлэх гэсэн ойлголт байсан. Энэ удаа тендерийн баримт бичгээс хасаад оруулахдаа гэр кэмпэд үйлчилгээ үзүүлэх цэсийг санамсаргүй байдлаар оруулсан юм бол уу гэж таамаглаж байгаа.

Ингээд захиалагч “Э” ТӨҮГ-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэлд дурдагдсан “гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх тухай төлөвлөгөөт цэсийг боловсруулж ирүүлээгүй тул тендерийн шаардлага хангаагүй” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд техникийн алдаагаар тендерийн баримт бичигт бичигдсэн шаардлага юм. Энэ нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Сангийн яамнаас илгээсэн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 тоот бичигт “...Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд техникийн даалгаварт гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх гэж байхгүй, алдаа гарсан байна, нэгэнт алдаа гаргаж тендерийн баримт бичигт хавсарган зарласан тул...” гэж дурдсанаас үзэхэд захиалагч тендерийн баримт бичгийн техникийн даалгаврыг алдаатай боловсруулсан байна” гэж дүгнэснээр тогтоогдож байгаа юм. Түүнчлэн бид тендер сонгон шалгаруулалтын явцад дээрх алдааг олж тогтоон, энэ талаарх тодруулгыг захиалагч талд илгээж байсан ч тэрээр тус тодруулгад хариу өгөлгүйгээр тендерийг нээсэн. Энэ нь Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 тоот бичигт ...” “Т” ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цахим системээр тодруулга авах хүсэлт гаргасан байх боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Захиалагч энэ хуулийн 22.3-т заасан хүсэлтийн хуулбарыг түүнд өгсөн хариу тодруулга, нэмэлт мэдээллийн хамт тендерийн баримт бичиг худалдан авсан бүх сонирхогчдод нэгэн зэрэг бичгээр илгээх бөгөөд уг бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгснөөр, эсхүл худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлснээр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд тооцно” гэж заасан байхад захилагч тодруулгад хариу өгөөгүй эс үйлдэл гаргасан нь хууль зөрчсөн байна.

Түүнчлэн дээрх үйлдэл нь “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.2.4-д “Тендерт оролцогчоос тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлт гаргасан бол хариу албан бичгийг гарсан өдөр нь цахим системд нийтлэх, шаардлагатай бол тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах”, 3.9-д Захиалагч тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийн хариуг хүсэлт гаргагчийн нэрийг дурдалгүйгээр албан бичгээр гаргаж, түүний хуулбарыг цахим систем дэх тендерийн баримт бичгийн "тодруулга" хэсэгт нийтэлнэ. Ийнхүү нийтэлсэн даруйд тус тодруулга, нэмэлт мэдээллийг бүх тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлсэнд тооцно, мөн “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 3.7.7-д “Тендерт оролцогч тендерийн баримт бичгийн талаар тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлт албан бичгийг эх хувиар, эсхүл цахим системээр гаргасан бол энэ хүсэлтийг тендер шалгаруулалтын хавтаст хэрэгт хадгалж, захиалагчийн хариу албан бичгийг тендерт оролцогчдод хүргүүлэх, цахим системд байршуулах арга хэмжээ авах” гэж заасныг тус тус зөрчсөн” байна гэж Сангийн яам дүгнэсэн. Эдгээрт үндэслэн дүгнэвэл захиалагч анхнаасаа Техникийн даалгаврын 16-д “...гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах” гэх шаардлагыг оруулсан нь алдаа байсан. Энэ алдааг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдээд захиалагч талаас тодруулга хүсэлт гаргасан боловч тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулалгүйгээр тендерийг нээсэн. Тендерийн Үнэлгээний хороо хуралдаж 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулах эрхийг “Т” ХХК-д олгосон. Логикийн хувьд аваад үзэхээр манай зүгээс техникийн баримт бичиг дээр алдаа байна, хэрвээ алдаа байвал өөрчлөлт оруулъя гэж тодруулга авахаар хүсэлт гаргаад байхад хариу өгөлгүйгээр 100 хувийн саналаар шалгаруулсан гэхээр магадгүй энэ удаа  техникийн баримт бичигт алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байж болзошгүй гэж таамаг харагдаж байгаа. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сангийн яаманд “О” ХХК гомдол гаргасан тул манайхтай гэрээ байгуулах эрхийг захиалагч талаас түдгэлзүүлсэн. Сангийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “О” ХХК гомдлыг хянан үзээд “Э” ТӨҮГ-т хариу албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичигтээ ...” Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлсэн дахин хийхийг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл үнэлгээгээ хуулийн дагуу шударгаар дахин хийнэ үү гэж мэдэгдсэн. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Үнэлгээний хороо дахин худалдаж Сангийн яамны албан бичигт дурдсан 2 асуудлаар санал хураалт явуулсан. Нэг асуудлыг авч хэлэлцээгүй, 2 дахь асуудал нь гэр кэмпэд үйлчилгээ үзүүлэх талаар ярилцаж 87 хувийн саналаар гэр кэмпэд үйлчилгээ үзүүлэх гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн. Сангийн яам руу манайхаас явуулсан тодруулга хүссэн баримт бичгийг захиалагч тал явуулаагүй байсан. Гомдол гаргасан тендерийн баримт бичгийг Сангийн яам бүгдийг татаж авч үздэг. Магадгүй үүнээс болж Сангийн яам нь тендерийг гардаж явуулдаггүй учир андуураад үнэлгээгээ дахин хий гээд хэлсэн байх. Үнэлгээний хороо тендерийн баримт бичиг нь алдаатай байгааг мэдсээр байж 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тендерийн баримт бичигт гэр кэмпэд үйлчилгээ үзүүлэх гэсэн шаардлага байсан байна. Үүнийг “Т” ХХК нь хангаагүй байна гэж 5 хүний саналаар гэрээ байгуулах эрх олгохоос татгалзсан. Уг нь бол хуулийн дагуу үнэлэх ёстой. Алдаагаа хүлээн зөвшөөрөөд манай компанийг шалгаруулсан байсан атлаа Сангийн яамнаас дахин хуулийн дагуу үнэлгээ хий гэсний дагуу ингэж үнэлсэн талаар ойлгохгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэлд Үнэлгээний хорооны гишүүн болох О, Э нар “... бид алдаа гаргасан байна” гэсэн байгаа. Өмнөх Үнэлгээний хорооны хурал дээр тендерийн баримт бичиг алдаатай байсныг мэдсэн байсан харагдаж байгаа. Сангийн яамнаас гаргасан чиглэлийн дагуу 2 хүн ийм асуудал байна хэдүүлээ өмнөх хурал дээр энэ талаар ярилцсан байна гэж хэлсээр байтал Үнэлгээний хорооны 5 гишүүн нь манай тендерийг шаардлага хангаагүй байна гэж дүгнэсэн. “Э” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шаардлага хангаагүй гэдэг мэдэгдлийг хүлээж авсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учир 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам болоод өнгөрсөн үйл баримтыг зөв талаас нь дүгнэсэн. Үнэхээр алдаа гарсан байна үүнийг тендерийн Үнэлгээний хорооны гишүүд хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тендерийн хүчинтэй байх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан учир тендер шалгаруулалтыг дахин зохион байгуул гэж мэдэгдсэн. Тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан юм байна гэж бодохоор 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тендерийн Үнэлгээний хороо хуралдахад тендерийн хугацаа хүчинтэй байсан. Сангийн яамны шийдвэрийн дагуу дахин үнэлэхдээ хуулийн дагуу үнэлэх ёстой байсан. Хэдхэн хоногийн дараа яагаад эсрэг байр суурь илэрхийлсэн гэдгийг хэн ч мэдэхгүй. Алдаа гаргасан гэдгээ Үнэлгээний хорооны гишүүд мэдэж байсан. Товчхондоо дүгнэж хэлэхэд захиалагчийн удаа дараагийн техникийн алдаа болон хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс бид бүхний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан “шударгаар хувийн аж ахуй эрхлэх” үндсэн эрх цаашилбал тендерт шударгаар оролцож, шалгарах, ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх зөрчигдөөд байна.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу “Э” ТӨҮГазрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/6252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061... дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, “Э” ТӨҮГазарт “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” “2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин зарласан ЭҮТӨҮГ/2023061... тоот тендер сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулж тайлбар хэлье. 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан “Э” ТӨҮГ-аас “Т” ХХК-д ирүүлсэн 2023 оны 10 сарын 13-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг байгаа. Уг албан бичигт “Т” ХХК-ийн ирүүлсэн тендер нь өөрөө гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулж ирүүлээгүй учраас шаардлага хангаагүй гэж үзсэн. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4 дэх хэсгийг үндэслэж манай тендерийг шалгараагүй гэж шийдвэр гаргасан. Тэгвэл энэ хуулийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэсэн байгаа. Мөн хуулийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэсэн байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-ээс 27.1.3-д 3 шаардлага тусгасан байдаг нь чадавхын шаардлага хангасан байх ёстой, техникийн тодорхойлолт мөн шаардлага хангасан байх ёстой, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага хангагдсан байх ёстой гэж эдгээр 3 шаардлагыг хангасан тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. Гэтэл захиалагч талаас манай тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4 дахь заалтыг үндэслэсэн байсан. Өөрөөр хэлбэл захиалагч манай тохиолдолд өмнөх техникийн даалгавар хэсэгт гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх гэж байхгүй байна, алдаа гарсан байна гэж Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн байгаа. Гэтэл одоо захиалагчийн тэр буруутай үйл ажиллагаанаас болж оролцогч тэр тендерийн баримт бичигт байхгүй үйлчилгээний төлөвлөгөөт цэсийг боловсруулаагүй байгаа нь яагаад энэ хуульд заасан 27.1.1-ээс 27.1.3 дахь шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж харж байна.

2023 оны 10 сарын 13-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй гарсан бичиг гэж бидний зүгээс үзэж байгаа. Тийм учраас нотлох баримтын хүрээнд энэ баримтыг тусгайлан шинжлэн судлуулсан. Цаашлаад Сангийн яамнаас “Э” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гомдол хянасан тухай албан бичигт 2 асуудлыг үндэслэлгүй гэж үзээд тийм шийдвэрийг гаргасан. Сая нотлох баримт шинжлэн судлахдаа тэр 2 асуудлыг шинжлэн судалсан. Гэтэл Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурал дээр тухайн 2 асуудлыг хэлэлцэж үзээд нэг асуудлыг нь хэлбэрт нь биш бүгдээрээ агуулгаар нь үнэлэх ёстой юм бол энэ нь өөрөө ямар нэгэн гэрээний зөрчил үүсээгүй байгаа учраас ирүүлсэн тендерийг нь цаашаагаа 100 хувийн саналаар үнэлээд явсан. Сангийн яамны үндэслэлгүй гэж үзсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэхгүй байна, бид нарын хувьд судлаад үзэх юм бол ямар ч асуудалгүй байна гэж Үнэлгээний хороо үзсэн байгаа. Харин гэр кемптэй холбоотой асуудлаар шаардлага хангаагүй гээд үзээд явчихсан байсан. Бид нарын хувьд юу гэж харж байна гэхээр захиалагч өөрөө Сангийн яамнаас ирсэн шийдвэрийг дотроо дахиад хянаж үзээд шийдвэрээ гаргахдаа Сангийн яам буруу дүгнэчихсэн байна энийг нь бол бүгдээрээ авчихъя гэдэг байдлаар шийдвэрээ гаргасан гэдэг нь хурлын тэмдэглэлээр харагдаж байгаа. Сангийн яамны шийдвэр нь эцсийн бөгөөд хөдөлбөргүй шийдвэр биш. Захиалагч өөрөө тухайн Сангийн яамнаас ирсэн шийдвэрийг дахин нягталж үзээд эцсийн шийдвэрийг гаргадаг хүмүүс нь захиалагч тал өөрсдөө болж таарсан. Мөн тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэж мэдэгдье гэсэн мэдэгдлийг Сангийн яамнаас захилагч талд хүргүүлсэн. Манай өмгөөлөгч сая энэ талаар ярьсан. Гэхдээ дахиад нэг тодотгоод хэлэх нь зүйтэй байх. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалт нь маш олон байдлаар хэрэглэгдээд байгаа юм. Нэг болохоор дахиад зохион байгуулж, дахин үнэлгээ хий гээд. Энэ хуулийг уншаад үзэхээр зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэсэн байгаа. Зөрчлөө арилгасны дараа дахин хуульд нийцүүлж тендерийг зарла гэсэн агуулгыг энэ хуулийн 55 дугар зүйлийн 55.3.3 дахь заалтад тусгасан байгаа. Энэ талаар Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг дээрээс харж болохоор байгаа. Манай гомдлыг шийдэх үед “Т” ХХК-ийн гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх цэсийн талаар тодруулга хүссэн албан бичгийг Сангийн яам руу явуулаагүй байсан. Хэрвээ Сангийн яам руу энэ албан бичгийг захиалагч тал явуулсан бол Сангийн яамнаас өөр дүгнэлт хийж болох байсан гэж харж байгаа. Манай эрх ашгийг хөндөгдөхөөс сэргийлэх боломжтой байсан. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл байгаа. Сангийн яамнаас үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гээд хэлчхээд байхад бүгдээрээ хэлбэрт нь биш агуулгаар нь үнэлнэ шүү. Тийм учраас энэ Сангийн яамны шийдвэрийг бол хэдүүлээ одоо хүлээж авахгүй гэдэг байдлаар дүгнэлт хийсэн нь харагдаж байгаа. Манай  гэр кэмптэй холбоотой асуудал ч гэсэн яг адилхан хэлбэрийн хувьд ороод ирчихсэн гэхдээ агуулгаараа бол тэнд байх ёсгүй зүйл байсан. Бид нар бол алдаа гаргасан нь үнэн юм байна тийм учраас энэ “Т” ХХК нь яг агуулгаараа ямар ч асуудалгүй тендерийн баримт бичгээ явуулж хамгийн сайн гэж шалгарсан гэж үзсэн шиг үнэлгээг ч гэсэн дахиад хийх боломжтой байсан.” гэв.

Хариуцагч “Э” ТӨҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “Э” ТӨҮГ-аас 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдөр “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ”-ний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2023061... дугаартай цахим тендерийг зарлаж, тендерийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нээхэд “Т ХХК, О” ХХК-иуд цахим тендер ирүүлсэн. Үнэлгээний хороо 2023 оны 09 сарын 12-ны өдөр тендерийг үнэлж, “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, “Э” ТӨҮГ-ын Ерөнхий инженерийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай ” ТБ-134-12/5447 тоот албан бичгийг тус компанид хүргүүлсэн. Ерөнхий захиралын тушаалаар байгуулагдсан тендерийн Үнэлгээний хорооны гишүүд өөрийн чиглэлийн хүрээнд тендерийг үнэлсэн. Тухайн үед миний бие тус тендер шалгаруулах Үнэлгээний хороонд орж ажилласан. Миний зүгээс хийх ёстой ажлууд нь шаардсан бичиг баримтууд, ижил төстэй гэрээ, мэдэгдлүүд нь шаардлагад нийцэж байна уу үгүй юу гэдгийг шалгаж байсан. Бид цахимаар хуралдаж “Т” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан. Энэ үед тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн зүгээс “Т” ХХК-аас тендерийн баримт бичгийн талаар тодруулга ирүүлсэн гэдгийг бидэнд мэдэгдээгүй. Тендерт шалгарсан гэх мэдэгдлийг “Т” ХХК-д хүргүүлсэн.

Гэтэл тендерт оролцогч “О” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянан үзээд, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7375 дугаар албан бичгийг “Э” ТӨҮГ-т ирүүлсэн. “Сангийн яамны 03/7375 тоот албан бичигт гэр кэмпэд үйлчилгээ үзүүлэх цэсээс гадна өөр нэг асуудал байсан. Үнэлгээний хорооны хурал гэр кэмпэд үйлчилгээ үзүүлэх талаар асуухад хоол талыг хариуцсан мэргэжилтэн О, техникийн  даалгаврыг нийгмийн харилцааны бодлогын газрын мэргэжилтэн Б гээд хүнээр батлуулаад техникийн баримт бичгийн хавсралт болгоод явуулсан. Нэгэнт техникийн даалгавар дээр гэр кэмпэд үйлчилгээ үзүүлэх гээд шаардлага бичсэн учир үүний дагуу материалыг үнэлэх ёстой гэж би хэлсэн. Нэхэмжлэлтэй танилцсаны дараа манайд тодруулга хүргүүлсэн талаар мэдсэн. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаас асуухад ...“цахимаар тодруулга ирсэн юм байна, тухайн үед би өвчтэй байсан учир тодруулгад хариу өгөх хугацаа нь дууссан”... гэж хэлсэн. Дахин үнэлж шаардлагад нийцээгүй гэдэг мэдэгдлийг хүргүүлсэний дараагаар “Т” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан. Монгол улсын Сангийн яам гомдлыг хянаж үзээд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 дугаар албан бичгийг “Э” ТӨҮГ-т ирүүлсэн. Тухайн үед Сангийн яаманд гомдол гаргахаар тендерийн баримт бичгийн бүх материалыг татаад авдаг. Үнэлгээний хорооны гишүүн О нь хурал дээр техникийн алдаа гарсан, засвар мехникийн зовад цех дээр гэр кэмпэд үйлчилгээ үзүүлэх шаардлага байхгүй талаар ярьж байсан. Миний зүгээс нэгэнт олон нийтэд зарласан тендер учир тендерийн баримт бичигт тусгагдсан материалыг авах ёстой гэж хэлж байсан. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 дугаартай Сангийн яамны шийдвэрээр нэгэнт тендерийн хүчинтэй хугацаа дууссан учир дахин тендер зарла гэсэн мэдэгдлийг ирүүлсэн. Уг албан бичигт өмнөх шийдвэрээ хүчингүй болго, “Т” ХХК-тай гэрээ байгуулах  нь зөв байна гэсэн дүгнэлтийг ирүүлээгүй. “Э” ТӨҮГ нь Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 дугаар албан бичгийн дагуу хуулийн шаардлагыг биелүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ”-ний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2023061... дугаартай цахим тендерийг зарласан. “Э” ТӨҮГ-ын худалдан авах ажиллагааны хэлтсийн дээд шатны байгууллага нь Сангийн яам байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана” гэж байгаа. Үүнд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1.-т “Энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх; 55.3.2.-т “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах; 55.3.3.-т Зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэсэн дараах 3 шийдвэрийг Сангийн яам болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар гаргана” гээд хуульчилж өгсөн. Сангийн яамнаас ирүүлсэн шийдвэрийг захиалагч биелүүлэх үүрэгтэй байдаг. Зарим тохиодолд Сангийн яамнаас энэ компанитай гэрээ байгуулахыг даалгах гэсэн шийдвэрийг ирүүлж байсан. Харин нэхэмжлэгч компанийн гомдлын хариуд энэ талаар дурдаагүй, хуульд нийцүүлэн дахин тендер зарлахыг даалгасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн тендертэй холбоотой гомдлыг Сангийн яам шийдээд тэр шийдвэрийг тендерт оролцогч хүлээн зөвшөөрөхгүй байвал Сангийн яаманд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гээд заасан байгаа. Сангийн яамны 2 шийдвэртэй холбогдуулан шүүхэд хандсан зүйл байдаггүй. Өчигдөр хэргийн материалаас үзэхэд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хамтран хариуцагчаар Сангийн яамыг татах хүсэлт гаргасан боловч шүүх энэ хүсэлтийг хангаж шийдээгүй байсан. Нэгэнт дээд шатны байгууллага дахин тендер зарлахыг даалгасан учир энэ шийдвэрийн дагуу дахин тендерийг зарласан дараагийн тендер 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээгдэнэ. Зарласан байгаа энэ тендерийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байсан. Ямар үнэслэлээр хүчингүй болгох гээд байгаа нь тодорхойгүй байсан. Бид дахин тендер зарлахдаа гэр кэмпэд үйлчилгээ үзүүлэх гэсэн хэсгээ засаж нэмэлтээр боловсон хүчний ачаалал 60 хувиас дээш үед давхардуулж ажлуулах боломжгүй гэсэн заалтыг оруулсан.

 Иймд нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь ““Э” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/6252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061... дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин зарласан ЭҮТӨҮГ/2023061... тоот тендер сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.  

3. “Э” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/452 дугаартай тушаалаар “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ”-ний сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан байна.

 Үнэлгээний хороо нь ЭҮТӨҮГ/2023061... дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ”-ний сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар түүнийг байгуулсан эрх бүхий этгээд болох “Э” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцна.

4. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4.1. Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цахимаар хуралдаж “Тендерийн өгөгдлийн хүснэгт” болон “гэрээний тусгай нөхцөл”-ийг боловсруулан хэлэлцэж, 01 дугаартай тэмдэглэлээр тендерийн баримт бичгийг баталжээ.

4.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу “Т” ХХК  дээрхи тендерийн баримт бичигт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Тендерийн баримт бичиг хянасан тухай” 03-02/1142 дугаар албан бичгээр тендерийн баримт бичигт өөрчлөлтийг оруулж, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг  мэдэгджээ.

4.3. Уг албан бичгийн дагуу тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулан тендер сонгон шалгаруулалтыг явуулж, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар “Т” ХХК-ийн 06-81 УЕМ улсын дугаартай автомашины зориулалтын талаархи лавлагааг Автотээврийн үндэсний төвөөс авахаар шийдвэрлэжээ.

4.4. Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр “Т” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд захиалагчаас тендерт шалгарсан “Т”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, “О” ХХК-д тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлжээ.

4.5. Уг шийдвэрийг эс зөвшөөрч “О” ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн байх ба Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/7375 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ээр шийдвэрлэсний дагуу тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдаж, тендерт дахин үнэлгээ хийж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй учраас нээлттэй тендер шалгаруулалт дахин явуулах дүгнэлтийг Захиалагчид мэдэгдэхээр шийдвэрлэсэн байна.

4.6. “Э” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/6252 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Т” ХХК-ийн ирүүлсэн тендер нь “Гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулж ирүүлээгүй тул шаардлага хангаагүй“ гэж Үнэлгээний хороо дүгнэснийг мэдэгджээ.

4.7. Дээрхи Үнэлгээний хорооны шийдвэрийг “Т” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдлоо гаргаж, Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр хариу хүргүүлжээ.

4.8. Монгол Улсын Сангийн яам гомдол хянасан албан бичгээр  “...Тус тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 13-н өдөр дуусгавар болж, тухайн тендер нь хүчингүй болсон байна. Иймд тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье.” гэж шийдвэрлэсний дагуу захиалагч “Э” ТӨҮГ 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин ЭҮТӨҮГ/2023061... тоот тендер сонгон шалгаруулалт явуулах тендер зарласан болох нь үйл баримтуудаар тогтоогдож байна.

4.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгддэг.

4.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж зааснаар тендерийг хянан үзэхээр хуульд заажээ.

4.11. Нэхэмжлэгч “Т” ХХК 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тендерийн баримт бичигт хавсаргасан “Ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн техникийн даалгавар”-т “гэр кемп”-ийн талаархи тодруулга хийлгэхээр захиалагчид хүсэлт гаргасан боловч захиалагч хариу өгөлгүйгээр тендерийг нээж, шалгаруулжээ.

4.12. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9.1-д “техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 5.1.5-д “”тендерийн баримт бичиг”  гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “тухайн бараа, ажил үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай, хэрэглээ, ашиглалт, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох”  гэж тус тус заасан ба Захиалагчийн тендерийн баримт бичгийн ажлын даалгаварын 16-д ...”гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах, ...” гэж заасан нь  захиалагч тендерийн баримт бичгийн техникийн  даалгаврыг алдаатай боловсруулсан гэж тендерийн Үнэлгээний хороо үзжээ.

4.13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “ Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гаргасан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт  ...ажлын 5 өдрийн дотор гаргана.” гэж  заасны дагуу тендерийн баримт бичигтэй холбогдуулан “Т” ХХК Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ба гомдол гаргаагүй  байна. 

4.14.Тендерийн баримт бичиг алдаатай боловсруулагдаж, алдаатай тендерийн баримт бичгээр тендерийг нээж, шалгаруулалтыг   явуулсан нь  хэрэгт авагдсан баримтууд болон, хэргийн оролцогчдын тайлбарууд, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр нотлогдож байх тул ““Э” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/6252 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

4.15.Түүнчлэн Тендерийн Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасан ажиллагааг хийсэн боловч тендерт оролцогчдын гомдол, гомдлыг шийдвэрлэх ажиллагаа, Үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийх зэргээс шалтгаалан тендерийн хүчинтэй байх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан болох нь  нотлогдож байна.

4.16.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана.” гэж зааснаар тендерт оролцогч тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор тогтоосон байх бөгөөд Сангийн яам  тендер хүчинтэй байх хугацаа дууссан болохыг мэдэгджээ.  

4.17. Харин  Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаар тушаалаар “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ыг баталсан ба тушаалын хавсаралтын 1.3.-д “Хуулийн 55 дугаар зүйлд үндэслэн захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан тендерт оролцогчоос гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх ба гаргасан шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасны дагуу заавал биелүүлнэ.” гэж журамласан  ба  Сангийн яамны  2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт “..Тус тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж, тухайн тендер нь хүчингүй болсон байна. Иймд тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье.” гэсний дагуу захиалагч дахин тендер зарласныг буруутгах үндэслэлгүй байна.

4.18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж зааснаар тендерт үнэлгээ хийхээр зохицуулсан байх тул тендерийг хянах, тендер үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг тендерийн тодорхой шат дараалсан ажиллагаанууд хийгдээгүй, тендерийн хүчинтэй хугацаа дууссан байхад шүүхээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож, даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

4.19. Иймд ““Э” ТӨҮГазрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/6252 дугаар шийдвэрийг хүчингүй болгох”, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061... дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, “Э” ТӨҮГазарт “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”, “2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин зарласан ЭҮТӨҮГ/2023061... тоот тендер сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

4.20. Захиалагч нэгэнт бүх тендерээс татгалзаж, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч “Т ” ХХК дахин тендерт оролцох боломжтой юм.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн  29.2, 29.3, 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалтуудыг баримтлан “Т” ХХК-ийн “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ““Э” ТӨҮГазрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/6252 дугаар шийдвэрийг хүчингүй болгох”, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061... дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, “Э” ТӨҮГазарт “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”, “2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин зарласан ЭҮТӨҮГ/2023061... тоот тендер сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож,  “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БОЛОРМАА