Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2017/00161

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг, 33 байрны ******* тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* ТӨОНУҮГазрын 3 дугаар давхарт байрлах, регистрийн дугаартай, Сууц өмчлөгчдийн холбоо /Цаашид СӨХ гэх/-нд холбогдох,

Бусдын эд хөрөнгөд учруулснаас үүсэх үүрэгт 3999896 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, иргэдийн төлөөлөгч Т.Энхтогтох, нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Д.Урансувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2006 онд ******* сумын ******* баг, 33 байрны ******* тоот 3 өрөө 5 давхарын орон сууцыг худалдан авч оршин суух болсон. Манай байр хавар, зун, намрын улиралд дээврээс бороо, цасны ус гоожиж бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ эдэлж чадахгүй хохирсоор байна. Анх ороход л чийг даасан, шарласан байдалтай байсан ба 2013 оноос дусал гоожиж тухайн үед нь өөрийн боломжоор засвар үйлчилгээ хийдэг байсан. 2014, 2015 ондуудад борооны болон цасны ус ихээр гоожиж засвар хийх боломжгүй болсон. Өнөөдрийг хүртэл харьяа СӨХ-д болон шат шатны байгууллагад хандаж арга хэмжээ авахуулах талаар хөөцөлдсөн боловч дорвитой арга хэмжээ авч өгөхгүй байна. Одоо манай байр бороо ус гоожсноос болж чийг ханхалсан, тааз шарлаж шохой нь нурсан, хана дагуу обой хуурч балгас мэт л болж байна. Их хэмжээний бороо ус ороход л шууд 4 давхарын айлд ус гоождог. Манайхыг буруутай мэтээр засвар хийж засварын хөлсөө нэхэж байгаа. Энэ талаар СӨХ нь зохих ёсоор хийх ёстой ажлаа хийдэггүйгээс болсон үр дагавар юм. 2015 оны зун намраар их хэмжээний ус дээврээс гоожиж цахилгаан болон барилгын бүтцэд ялзрал үүсч үүрч бутран унах болсон. Цаашид дээврийн хучилтын хавтангийн суурилалтад нөлөөлөх хэмжээнд ноцтой байдал бий болоод байна. Энэ талаар СӨХ-д болон дарга т удаа дараа хэлсэн боловч арга хэмжээ аваагүй. Ингээд мэргэжлийн засвар болон барилгын байгууллагын төсөвчинд хандаж байр болон дээврийн ажлын хөлсийг тооцуулсан. Би гэр бүлийн хамт тэтгэвэрт байдаг бөгөөд уг мөнгийг урьдчилан гаргах боломжгүй байна. Төсөв ёсоор байрны засварт 3833096 төгрөг, төсөвчний ажлын хөлс 100000 төгрөг, өмнө нь 2014 оны 08 сарын 10-нд засвар хийхэд гарсан материалын зардал 41800 төгрөг, засварчний хөлс 25000 төгрөг нийт 3999896 төгрөгийг СӨХолбооноос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ-нд харьяа 33байрны ******* тоотод оршин суугчаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан дээврийн ус гоожилт олон жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Үүнийг засварлуулах талаар тухайн үед ямар нэг арга хэмжээ авахуулж байгаагүй зөвхөн дундын таазанд гялгар хар цаас дэвсэх маягаар аргацааж байсан юм байна. Би энэ СӨХ-ны гүйцэтгэх захиралын ажлыг 2015 оны 10 сард хүлээн авсан бөгөөд судалгаа гаргаж үзэхэд СӨХ-ны хариуцсан 9 байшингийн 5 давхарын 84 өрхөөс 28 нь дээврээс ус гоождог гэсэн асуудалтай байсан. Мөн 2016 оны 04 сарын 20-21-ний өдрүүдэд болсон байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй шороон шуурганаар мөн байшингуудын дээврийн хар цаас хуурч дээврийн ус гоожилт 50 хувиар нэмэгдсэн. СӨХ нь ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй, эд хөрөнгийн эрхийн дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх зорилго бүхий холбоо юм. СӨХ нь төсвийн орлогогүй, үндсэн хөрөнгөгүй, гишүүдийн завсар үйлчилгээний хураамжинд төвлөрүүлсэн мөнгөөр санхүүжин дундын өмчлөлийн засвар үйлчилгээг явуулдаг. Олон жилийн насжилттай байшингуудын дээврийн хар цаас урагдаж, дам нурууны заагууд моралийн элэгдэлд орж хагарсан зэрэг нь ******* аймгийн хэмжээнд гамшгийн байдалд хүрсэн бөгөөд энэ нь СӨХ-ны буруутай үйлдлээс болоогүй. СӨХ-нд засвар үйлчилгээний хураамж сард 2.0 сая гаран төгрөг хуримтлагдах ёстойгоос дунджаар 1.6 сая төгрөг орж байгаа бөгөөд оршин суугчдаас засвар үйлчилгээний хураамжинд төлж байгаа мөнгө сардаа нэг мөсөн бөөн ордоггүй, зарим айлыг шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр бүтэн сарын турш явж байж орох ёстой мөнгөний 60-70 хувийг бүрдүүлдэг. Энэ орсон мөнгөнөөс сар бүр ХАОАТ, НДШ, банкны үйлчилгээний шимтгэл, ус, цахилгааны төлбөр цэвэрлэгээний материалын болон багаж хэрэгслийн үнэ зэрэг байнгын зардлыг шилжүүлэн үлдэгдэл мөнгөний хэмжээгээр орц, орчны цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, халуун, хүйтэн хэрэглээний усаар оршин суугчдыг тасралтгүй хангахын тулд шугам сүлжээний засвар үйлчилгээг тухай бүрт нь хийхэд хуваарилан зарцуулж байдаг юм. Гэсэн хэдий ч хамгийн ихээр тулгамдаж буй урьд өмнө олон жилийн турш хийгдээгүй ирсэн дээврийн засварын ажлыг 2016 оны 05-р сараас эхлэн өөр ямар ч ажилд хөрөнгө зарахгүйгээр дээврийн засварын ажил эрхэлдэг хүмүүсийг хөлслөн 52, 29, 30, 31, 32, 33 дугаар байшингуудын дээвэрт хагархай хавтанг цементлэх, наалт хийх зэргээр хэсэгчилсэн болон бүрэн засварыг дэс дараатайгаар чадлын хэрээр хийж ус гоожилтыг тогтоохоор хичээн ажиллаж байна. Өнөөдрийн зах зээлийн ханшаар нэг байшингийн дээврийг бүрэн засварлахад 50000000 төгрөг, нэг өрхийн 35-40 м2 дээврийн тайлбайг хэсэгчлэн засварлахад 1600000 төгрөг болж байгаа нь СӨХ-ны ЗҮХ-нд төлөгдөх сарын орлоготой тэнцэж байгаа ба дээрх оршин суугч 3 өрөө байрны ЗҮХ-д сард 5980 төгрөг, жилд 71760 төгрөг төлж байгаа бөгөөд үүнийг нь өөр юунд ч зарцуулахгүйгээр 20 гаруй жил хуримтлуулсан нөхцөлд дээврийн засварыг хийх боломж бүрдэх юм. Нэхэмжлэгч нь 2015 оны 05 сараас эхлэн дээврээс ус гоождог гэдэг шалтгаанаар засвар үйлчилгээний хөлс 113620 төгрөгийг төлөөгүй хуулинд заагдсан иргэний үүргээ биелүүлээгүй байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.4-т зааснаар Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараах тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно, 16.4.1-д Дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээ нь тодорхой сууц өмчлөлгчийн ашиг сонирхолд бусдынхаас илүү нийцэж байгаа бол гэж заасан бөгөөд дээврийн засварын ажилд зарцуулах төсөв бүх гишүүдийн хурлаар баталгаажаагүй болно. Учир нь бүх гишүүдийн хурлын ирж бүрдээгүй, засвар үйлчилгээний төсөв хэлэлцэгдээгүй болно. Нэхэмжлэгчид 2016 оны 09 сард дээврийн засварын тооцоог гаргаж өгч орцны оршин суугчдаас гарах мөнгөний хэмжээг тогтоон дэмжүүлэх ажлыг хийлгэсэн боловч оршин суугчдын дэмжлэг авч чадаагүй. СӨХ-ны зүгээс төсөв батлагдаагүй гээд зүгээр орхиогүй бөгөөд 2016 оны 06 сард нэхэмжлэгчийн дээврийн хавтангийн хагархайг цементлэн ус нэвтрүүлдэггүй материал дэвсэн жижиг наалтуудыг тухайн үеийн санхүүжилтийн хэмжээгээр хийсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 3999896 төгрөгийг төлөх ямар ч боломж байхгүй болно гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан уг байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3999896 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад төсөвчинд төлсөн 100000 төгрөг, 2014 оны 08 сарын 10-ны өдөр хийлгэсэн засварын хөлс 25000 төгрөг, нийт 125000 төгрөгийг татгалзсан болно.

Хариуцагч СӨХолбооны харьяа ******* аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах ******* байшингийн дээврээс бороо их хэмжээгээр орох болгонд их хэмжээний ус гоожин нэхэмжлэгч Г.*******гийн оршин суудаг ******* тоот байрны хана, таазанд гэмтэл үүсч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирч, 33833096 төгрөгийн засвар хийх шаардлагатай болох нь зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэргэшсэн төсөвчин Б.Нарантуяагийн хийсэн 33-******* тоот байрны засварын ажлын төсөв болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь бороо орох болгонд ******* байшингийн дээврээс борооны ус их хэмжээгээр гоождог, үүний улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан талаар маргаагүй боловч, уг гэм хор учрахад СӨХ-ны буруутай үйл ажиллагаа байхгүй, учир нь уг байранд мэргэжлийн хүнээр жил болгон дээврийн засвар хийлгэдэг гэж маргадаг.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д ...Орон сууцны байшингийн дээвэр, дээврийн хонгил зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь ...нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилготой байгууллага байхаар тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч Г.*******гийн оршин суудаг ******* байшин нь хариуцагч СӨХ-нд харъяалагддаг ба Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээсэн байна.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх..., 12 дугаар зүйлийн 12.4.2.-т ...дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах гэсэн хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс бороо орох болгонд ******* байрны дээврээс их хэмжээний ус гоожсон үйл явдал, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ******* байшингийн дээвэрт мэргэжлийн хүнтэй гэрээ байгуулан жил болгон засвар хийдэг учраас манай байгууллагын буруу байхгүй гэж тайлбарладаг боловч уг засварын ажлын чанар болон биелэлтийг хангуулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх ба хохирол учрахад өөрийн байгууллагын буруутай үйлдлээс болоогүй гэдгээ хариуцагч шүүхэд нотолж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-д Орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол хуульд заасан журмын дагуу арилгахаар, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Харин хариуцагчийн төлөөлөгчийн ******* байрны ******* тоотод оршин суух Г.******* нь 2015 оны 05 сараас хойш одоог хүртэл СӨХ-ны төлбөрийг сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй гэх тайлбар нь үндэстэй байх ба нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2015 оноос хойш төлөөгүй болохоо үгүйсгээгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч энэ үүргээ биелүүлсний эцэст дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээг хийлгэхийг шаардах эрхээ хэрэгжүүлнэ.

Иймд сууц өмчлөгч буюу нэхэмжлэгч Г.******* дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар шүүх гэм хорын хохирлын хэмжээг 30 хувиар багасгаж, хариуцагч СӨХ-ноос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 2683167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгч тал 2014 оны 08 сарын 10-ны өдөр засвар хийхдээ 41800 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх зардлыг гаргасан гэдгээ шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан 125000 төгрөг, засварын зардал 41800 төгрөг, 30 хувь болох 1149928 төгрөг нийт 1316728 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 2683167 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Сууц өмчлөгчдийн холбооноос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 2683167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1316728 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хя нан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 57881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Б.ТҮМЭНЦЭЦЭГ