| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01544/И |
| Дугаар | 138/ШШ2017/00163 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2017/00163
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын баг ны 04 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт хуягийн д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 20.850.000 /хорин сая найман зуун тавин мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь *******ийн нэр дээр байдаг миний худалдан авсан машиныг ажлын хэрэгцээнд унахаар түрээслэн хэрэглэж байсан. Үүнийг амаар ярьж тохиролцсон. Гэтэл машиныг хэрэглэж байх үедээ онхолдуулж цаашид ашиглах боломжгүй болгосон учир бид нар ярилцаад уг машинаа худалдаж аваад үнийг төлөхөөр гэрээ хийсэн. Гэхдээ уг тээврийн хэрэгсэл *******ийн нэр дээр байсан учир *******тэй гэрээ байгуулж машиныг 18 сая төгрөгөөр үнэлэн 2016 оны 10 сарын 10-наас эхлэн 3 хуваан төлөхөөр тохиролцсон. Гэтэл одоог хүртэл төлөөгүй. Иймд машины үнэ 18.000.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой алданги 2.850.000 төгрөг, нийт 20.850.000 төгрөгийг гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хүрэлбаатартай ярилцан 2016 оны 9 сарын 1-ний өдрөөс түүний машиныг нэг өдрийн 120.000 төгрөгөөр түрээсэлсэн. Хугацааг нарийн тохироогүй. Уг машиныг ашиглаж байх үедээ 2016 оны 9 сарын 10-ны шөнө онхолдсон. Хүрэлбаатар бид 2 ярилцаад би машиныг худалдан авч үнийг төлөхөөр тохирсон. Хүрэлбаатар нь уг машиныг *******ээс худалдан авсан гэдэг боловч *******ийн нэр дээр байдаг юм билээ. Тэгээд би *******тэй 2016 оны 9 сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж машиныг 18 сая төгрөгөөр үнэлэн, үнийг 2016 оны 10 сарын 10, 11 сарын 01, 11 сарын 15-ны өдрүүдэд тус бүр 6.000.000 төгрөг бэлэн төлөхөөр тохиролцсон. Миний хувьд экспортын зориулалтаар хадлан хадаж байсан. Энэ бизнесийг хийх явцдаа 3 хувааж төлөх ёстой байсан боловч Монгол улсын Засгийн газрын 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор өвс экспортлохыг 2017 оны 3 сарын 30 хүртэл хугацаанд хориглосон. Ийм шалтгааны улмаас машины үнийг төлж чадаагүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан алдангаас чөлөөлж өгнө үү гэж хүсч байна. Машины үнийг 2 арга замаар төлөх боломжтой байна. Хятадуудаас дутуу санхүүжилтээ авах, эсвэл өөрийн компани дээр байгаа хөрөнгийг зарах гэсэн. Манай компанийн эзэмшилд хадсан өвс нь байгаа боловч дангаараа захиран зарцуулах эрхгүй болоод байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч Т.гээс худалдах -худалдан авах гэрээний үүргийн биелэлт болох машины үнэ 18.000.000 төгрөг, алданги 2.850.000 төгрөг буюу нийт 20.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.
Хариуцагч Т. нь машины үнэ 18.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин алданги 2.850.000 төгрөгийг төлөхөөс татгалзсан байна.
Хариуцагч Т. нь нэхэмжлэгчтэй амаар ярилцан 2016 оны 9 сарын 1-ний өдрөөс “Toyota Land Cruiser 70” маркийн, 1998 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг түрээслэн, нэг хоногийн 120.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон боловч ашиглах явцдаа осол гаргаж эд хөрөнгөнд нь хохирол учруулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан ярилцаад 2016 оны 9 сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан хариуцагч Т. нь машины үнэ 18.000.000 төгрөгийг 2016 оны 10 сарын 10, 11 сарын 01, 11 сарын 15-ны өдрүүдэд 3 хуваан тус бүр 6.000.000 төгрөг төлөхөөр, ...төлбөрөө хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд хоног дутам 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцжээ.
Дээрх үйл баримтын талаар, 2016 оны 9 сарын 26-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, автомашины гэмтлийг харуулсан фото зураг, талуудын тайлбар зэрэг бичмэл баримт хэрэгт авагджээ.
Хариуцагч Т. нь машины үнэ болох 18.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Харин хариуцагч нь алданги 2.850.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ “...экспортлох зорилгоор өвс хадаж байсан, энэ бизнесдээ бүх хөрөнгөө зарцуулсан, гэтэл Монгол улсын Засгийн газрын тогтоолоор өвс экспортлохыг гэнэт хориглосон учир бизнесийн үйл ажиллагаа зогсож, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн...” гэж тайлбарладаг.
Талууд худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулахдаа гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд юуг хамааруулах, ийм тохиолдол бий болсон үед хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй байна.
Мөн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул алданги 2.850.000 төгрөгийг /2016 оны 10 сарын 10-наас 12 сарын 1-ний хүртэлх хугацааны 50 хоногийн алданги 1.500.000 төгрөг, 2016 оны 11 сарын 1-нээс 12 сарын 1 хүртэлх хугацааны 30 хоногийн алданги 900.000 төгрөг, 2016 оны 11 сарын 15-наас 12 сарын 1 хүртэлх хугацааны 15 хоногийн алданги 450.000 төгрөг/ гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.гээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 20.850.000 / хорин сая найман зуун тавин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.гээс улсын тэмдэгтийн хураамжид 262.200 төгрөгийг гаргуулан *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ