Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1239

 

 

 

 

 

 

  2020              9              22                                       2020/ДШМ/1239               

 

 

   Н.Б-, Э.Б- нарт холбогдох
  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Н.Золжаргал,

шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Г.Оюунтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/594 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Н.Золжаргал, шүүгдэгч Н.Б-ий өмгөөлөгч Г.Оюунтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Б-, Н.Б- нарт холбогдох эрүүгийн 1909045540143 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т................ овгийн Э, 19..... оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ................ ажилтай, ам бүл .............. хамт Сүхбаатар дүүргийн .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ............ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;

2. Б.............. овгийн Н.Б, 19......... оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................. мэргэжилтэй, “.................” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежер ажилтай, ам бүл ..............хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ........... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ................ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /Р................./;

Э.Б-, Н.Б- нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Lux” баарны хашаанд үйл ажиллагаа явуулдаг караоке, баарыг хаасан байхад гадаа нь цугларсан хүмүүсийг тараах, тус баар, караокег хаасныг шалгах зэрэг үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүл хамгаалалтын офицер Х.М-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Б-, Н.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Б-, Н.Б- нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Э.Б-, Н.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-, Н.Б- нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулж, шүүгдэгч Э.Б-, Н.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Н.Золжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 “Гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.4-д “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоолгүйгээр Э.Б-ыг гэм буруутайд тооцож, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Хавтас хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” прокурорын 119 дугаартай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дахь хэсэгт заасан “яллах дүгнэлт нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй”, тухайн тогтоолд гэмт хэрэг гарсан он, сар, өдөр зөрүүтэй байснаас гадна Э.Б-ыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн “Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Х.М-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зүүн гарын хуруу, бугуй хэсгээс мушгиж хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэж өөрчлөн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг өөрчлөн сонсгосон. Гэтэл хавтас хэргийн 188 дугаар хуудаст авагдсан 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 435 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Б-ыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Х.М-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжилж, хөл рүү нь 2 удаа өшиглөж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон бөгөөд хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд мөн гэрч, шүүгдэгч нарын тайлбар мэдүүлгээс харвал тухайн хэрэг 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө гарсан байх бөгөөд прокурорын зүгээс яллах дүгнэлтэд тухайн хэрэг маргааныг 2019 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө болсон хэмээн тусгасан нь хуульд заасан гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийн тусгалгүй хуулийг ноцтой зөрчсөн байхаас хавтас хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 119 дугаартай болон 435 дугаартай прокурорын дүгнэлт нь хуулийг ноцтой зөрчиж хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн дүүрэн хангалгүй шүүгдэгч Э.Б-ыг яг аль үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх дээрх яллах дүгнэлтийг  хуулийг ноцтой зөрчөөгүй хэмээн үзсэн нь мөн л хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүгдэгч Э.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн дүүрэн нотлогдож тогтоогүйгээс гадна хавтас хэрэгт авагдсан  хохирогч болон гэрч нарын тайлбар мэдүүлэгт шүүгдэгч Э.Б- нь хохирогч Х.М-ыг үг хэл амаар доромжилж, хөл рүү цохисон гэх хангалттай үйлдэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Учир нь, хохирогч Д.Мандахбаяр өөрийн тайлбар мэдүүлэгтээ: “... Э- гээд бичлэг хийгээд байсан залуу дээр очоод “ямар учраас бичлэг хийгээд байгаа юм бэ, бичлэг хийхээ боль” гэж хэлсэн. Э- гэх залуу “чамд ямар хамаатай юм бэ. Чи татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг биз дээ.” гээд бичлэгээ үргэлжлүүлээд байхаар нь бичлэг хийхийг нь болиулах гээд гар утсыг нь авах гэтэл миний шилбэ рүү 2 удаа өшиглөсөн.” хэмээн мэдүүлсэн. Гэтэл хавтас хэрэгт авагдсан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон бичлэгт шүүгдэгч Э.Б- нь гар утсаараа бичлэг хийж хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцэж хэл амаар доромжилж, биед нь халдсан үйлдэл огт гаргаагүй. Харин шүүгдэгч Н.Б-ий хувьд эхлээд өөрийн гар утсан дээрээ бичлэг хийж “чи бид нарын татварын мөнгөөр цалинждаг биз дээ” хэмээн хэлсэн нь хавтас хэрэгт авагдсан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгч нарын тайлбар мэдүүлэгт тодорхой тусгагдсан байна. Хохирогч Х.М-ын хувьд мөрдөн байцаалт болон шүүхийн Э.Б- болон Н.Б-ий нэрийг хооронд нь сольж мэдүүлснээс болоод Э.Б-ыг эрхэлсэн ажил мэргэжилтэй нь холбогдуулан хууль сахиулагчийг үг хэл амаар доромжилсон хэмээн үзэж байгаад гомдолтой байгаагаас гадна тухайн бичлэгийг хийсэн хүн шилбэ хэсэг рүү өшиглөсөн талаар хохирогч өөрөө мэдүүлсээр атал Э.Б-ыг буруутай мэтээр хэрэг хүлээлгэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 “... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны үнэт зарчим алдагдсан, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Х.М- мэдүүлэхдээ “... Э.Б-, Н.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын машин руу дайраад, бусдыг өдөөн турхираад байхаар нь би хамгаалж нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглан гавлаж авч явсан.” хэмээн мэдүүлсэн. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтуудыг харвал хохирогч Х.М- нь Э.Б-ыг газарт хавсарч унагаан дараа нь “Prius” маркийн автомашины хамар хэсэгт хэвтүүлэн гавлаж байгаа дүрс бичлэгт буусан нь хохирогч Х.М- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн аль ч үед худал мэдүүлэг өгч Э.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хавтас хэргийн 137, 140 дүгээр хуудаст авагдсан албадан эрүүлжүүлэгдсэн үзлэгийн тэмдэглэлд Э.Б-, Н.Б- нарыг цагдаагийн алба хаагчийн хөл рүү нь өшиглөсөн хэмээн тэмдэглүүлсэн нь яг хэн нь хохирогч Х.М-ын хөл рүү өшиглөсөн нь тодорхойгүй байгааг харуулж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын гэм буруугийн талаархи хэсэгт: хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон камерын бичлэгт хэрэг болсон газрын ерөнхий байдлыг тусгасан байх ба шүүгдэгч нарын үйлдлийг нотолсон гэж дүгнээгүй. Шүүхийн шийдвэр нь бусад баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл тогтоогдсон хэмээн шүүх үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн хуульчлагдсан байхад хавтас хэрэгт авагдсан сиди дахь бичлэгийг хуульд заасны дагуу эд мөрийн баримтаар тооцож түүнд үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн байхад дээрхи нотлох баримтыг анхан шатны шүүхээс үгүйсгэсэн нь мөн л хуулийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, хавтас хэргийн 18, 19, 147 дугаар хуудаст авагдсан сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу гомдлыг минь хүлээн авч хэргийн бодит байдлыг үнэн зөв, шударгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 39.5.1, 1.1 “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасан үндэслэл журмын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б-ий өмгөөлөгч Г.Оюунтуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэвч хавтас хэргийн материалд тусгагдсан гэрч хохирогч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй төдийгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.М-, гэрч Э.Баттүвшин нараас тус бүр мэдүүлэг авсан боловч тэдгээр нь хоорондоо зөрүүтэй, камерын бичлэгтэй харьцуулахад ч хохирогчийн мэдүүлэг зөрж байгаа байдлыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна. Мөн шүүх хуралдаан дээрхи хохирогчийн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй нь зөрж байгааг анхан шатны шүүх үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Тухайлбал, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрч Баттүвшин “... эрүүлжүүлэхэд орсон нүдний шилтэй залуу надад хандаж “та нар ийм шдээ, бид нарын татварын мөнгөөр амьдарч байж... би татварын байцаагч байна, ажлаа хийхгүй байна, чи утсыг нь олж өгөх ёстой” гээд утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд нүүр рүү тулгаад миний нэр болон хувийн дугаарыг чанга хэлээд байхаар би юм дуугаралгүй буцаад машин руу очиж энгэрийн камераа авах гээд очтол Мандахбаяр ахмад машин дээр ирчихсэн байсан. Тэгээд би Мандахбаярт болсон явдлын талаар хэлээд очсон. Тэгтэл нөгөө Б- гэх залуу надад хандаж хэлж байсан үгээ дахин дахин хэлж бичлэгээ үргэлжлүүлээд байсан. Тэгэхээр нь би болон Мандахбаяр “бичлэг хийхээ боль” гэж удаа дараа хэлэхэд тоохгүй бичлэг хийгээд байсан. Тэгэхээр нь би Б- гэх залуугийн утсыг аваад явъя гээд гарнаас татахад явахгүй байсан. Гэтэл цаана нүдний шилтэй залуу Мандахбаяр ахмадын хөл хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь Мандахбаяр ахмад нүдний шилтэй залууг барьж аваад гавлах гэтэл тэнд зогсож байсан хүний машины хамар дээр хэвтээд байсан. Татаж буулгаад газар хэвтүүлж байгаад гавласан. ...” /хх 7/,

Гэрч Э.Баттүвшин 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн мэдүүлэгтээ “... биелүүлэхгүй байсан учир тэр нүдний шилтэй залуугийн гар утсыг нь авах гэхэд өгөхгүй гээд гарнаас зууралдаад байсан, тэгтэл хамт явсан нэг залуу нь Мандахбаярын хөл рүү 2 удаа өшиглөсөн” хэмээн өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэй, хэн нь ямар үйлдэл хийсэн, хэлж ярьсан зэргийг эсрэг тэсрэг байдлаар мэдүүлсэн.

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Х.М- “... би яваад очтол нэг залуу нь гар утсаараа бичлэг хийгээд “пизда минь энэ хүн гар утсаа алдчихаад байна. Та нар олж өгөөч, энэ баар саваа хаагаач, та нар татварын мөнгөөр цалинждаг биз дээ” гээд хэл амаар дайраад байсан тэгэхэд нь би “бичлэг хийхээ боль” гээд бичлэг хийж байсан Б- гэх залууг аваад явах гэтэл тэнд зогсож байсан “Prius 20” машины хамар дээр хэвтээд шил арчигчнаас зуураад “Э-аа бичлэг хийгээрэй” гээд орилсон. Тэгээд бид 2 уг залууг гавлах гэтэл өөдөөс эсэргүүцээд мөн уг машины шил арчигчнаас зуураад тавихгүй байсан хэмээн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ зөрж мэдүүлэг өгснийг анхан шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Гэрч хохирогч нар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдгын дээр 10-20 жил цагдаагийн газар ажилласан хүмүүс жирийн иргэдийг бодвол ажигч гярхай байдгийг дурьдмаар байна. Гэтэл одоо болтол хэн нь ямар үйлдэл хийснийг хоорондоо зөрж ярьсаар байхад анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлгээр нотлогдсон хэмээн үзэж ял оногдуулж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” шинжийг агуулж байдаг. Н.Б- нь хохирогч Мандахбаяртай харилцаагүй, Мандахбаяр ч шаардлага тавиагүй болох нь камерын бичлэгээс тодорхой харагдаж байхад хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж үзэж байгаад гайхаж байна. Камерын бичлэгт Н.Б-ий харилцаж байгаа хүн нь гэрч Баттүвшин бөгөөд дараа нь Мандахбаяр ахмад ирсэн байдаг ба энэ үед Мандахбаяр ахмад шаардлага тавиагүй болно. Мөн эрүүлжүүлэх байрны гадаа Н.Б-ийг Мандахбаяр гавлах гэтэл эсэргүүцсэн гэх боловч энэ талаар бодитой тогтоогоогүй, эрүүлжүүлэх байрны урд камер байсан гэх боловч бичлэг хийгдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй зэргээс дээрх үйлдэл бүрэн дүүрэн тогтоогдохгүй, гэмт  хэргийн шинжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж үзэж байна. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1909045540143 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоолд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэж үзсэн байдаг. Түүнчлэн яллах дүгнэлтэд тусгагдсан гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь 16-наас 17 гэж тусгагдсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Шүүгдэгч нараас тухайн үйл явдал 15-наас 16-ны хооронд болсон гэж удаа дараа мэдүүлдэг боловч прокурор, мөрдөн байцаагчийн зүгээс 16-наас 17-нд шилжих шөнө гэж үзэж байгаа нь хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох зохицуулалтуудыг зөрчиж байна. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 435 дугаартай прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 119 дугаартай “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын тогтоох хэсэгт “... Э- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Lux” баарны хашаанд үйл ажиллагаа явуулдаг караоке, баарыг хаасан байхад гадаа нь цугларсан хүмүүсийг тараах, тус баар, караокег хаасныг шалгах зэрэг үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Х.М-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжлох, эрүүлжүүлэх байранд оруулах үед түүний цээж рүү түлхэх, гавлах гэхэд ноцолдож зүүн гарын хуруу, бугуй хэсгээс мушгиж хүч хэрэглэн эсэргүүцсэн...” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 435 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагч Н.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Lux” баарны хашаанд үйл ажиллагаа явуулдаг караоке, баарыг хаасан байхад гадаа нь цугларсан хүмүүсийг тараах, тус баар, караокег хаасныг шалгах зэрэг үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Х.М-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулах хэл амаар доромжлох, эрүүлжүүлэх байранд оруулах үед түүний цээж рүү түлхэх, гавлах гэхэд ноцолдож зүүн гарын хуруу, бугуй хэсгээс мушгиж хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9, 32.10 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Э.Б- болон Н.Б- нарыг адилхан үндэслэлээр яллагдагчаар татсан атлаа яллах дүгнэлт зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “яллагдагч ямар хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж заасныг зөрчиж байгаа төдийгүй яллагдагчаар татах тогтоолд дурдсанчлан хохирогчийн зүүн гарын хуруу, бугуй хэсгээс мушгиж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлийг яг хэн хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Мандахбаярын биед учирсан гэмтлийг хэн учруулсан нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна /хх 16/. Хохирогчийн мэдүүлгээс үзэхэд гавлах үйлдлийг 2 удаа хийсэн байдаг ба эхний удаа Б-ийг гавлаж, дараа нь Э-ыг гавлах үйлдэл хийсэн хэмээн мэдүүлсэн байдаг. Тэгэхээр яг хэнийг гавлах үйлдэл хийж байхад энэ гэмтлийг авсныг тогтоогоогүй байна. Бусад гэрч нар эрүүлжүүлэх байрны гадна Б-ийг гавлах үйлдэл хийсэн хэмээн мэдүүлдэг ч яг эсэргүүцэл үзүүлсэн эсэхийг харсан, энэ талаар тогтоосон, хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан зүйл байдаггүй учир Б-ий үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүлжүүлэх байранд орох үед Мандахбаяр нь Б-ийг “ямар олон үгтэй бацаан бэ” хэмээн өөрийн сэтгэл хөдлөлдөө автан газарт унаган гавлахдаа толгой тус газар нь гэмтэл учруулсан байгаа нь эрүүлжүүлэх байрны эмчийн үзлэгээр тогтоогддог. Дээрх үйлдлийн улмаас өөрөө өөртөө гэмтэл учруулсан байж болзошгүй гэж үзэж байна. Дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлууд болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Б-ий үйлдэл тогтоогдохгүй, нотлогдохгүй байна гэж үзэж байгаа учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үйл явдал болсоны дараах өдрийн өглөө нь бид хоёр мэдүүлэг өгсөн. Бид хоёр гомдолтой байна гэх мэдүүлэг өгсөн боловч “та хоёрын гомдолтой байх хамаагүй өөр мөрдөгчид гомдлоо гарга” гэсэн. Бид хоёр гомдлоо гаргасан боловч гомдолтой холбоотой бид хоёроос ямар ч мэдүүлэг аваагүй. Юу болсон нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд эхний мөрдөгч дээрээ очиж уулзахад “та хоёрт нотлох баримт байгаа юм уу, та хоёр яг яасан юм бэ” гэсэн. Тэгэхээр нь “бид хоёр өөрсдөө утсаараа камерын бичлэг хийсэн” гэж хэлсэн. Тэгвэл та хоёр өөрсдөө камерын бичлэгүүдээ олж ир гэсэн. Бид хоёр өөрсдийгөө буруугүй болохыг нотлохын тулд гар утсандаа бичсэн бичлэгийг болон тухайн баарны гадаа байсан камерын бичлэгийг олж өгсөн. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...: Би Мандахбаяр гэх цагдаагийн ажилчинтай нэг ч холбоо үүсгээгүй. Баттүвшин гэх цагдаа над дээр ирээд бичлэг хийхээ боль гэж хэлсэн. Би Баттүвшинд халдаагүй. Би Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргаж өгсөн миний гомдлыг хүлээж авлаа гэсэн. Гомдлыг хүлээж аваад “манай албан хаагчид ёс зүйгүй байдал гаргасан байна. Бид дотоод журмаараа шийдвэрлэнэ” гэсэн. Тэр талаарх баримтыг нь авах гэхэд архивт шилжсэн гээд гаргаж өгөөгүй. Би Мандахбаяртай ямар ч асуудал үүсгээгүй. Бид хоёрт тухайн үед бичлэг яагаад хийж болохгүй талаар тайлбарлаад өг гэж асуусан боловч “та хоёрт тайлбарлаад байх шаардлагагүй” гээд намайг нүүрээр газар унагаасан. Тэгээд яллагдагчаар татсан. Бидэнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Бид цагдаагийн албан хаагчийг доромжлоогүй. Бид хоёрыг буруутаж байгаад гомдолтой байна. ...” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд яг л эдгээр асуудлууд яригдсан. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж хуульд заасан. Прокуророос гэмт хэрэг гарсан өдрийг 16-17-нд шилжих шөнө гэж буруу бичсэн болохоо анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн. Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа техникийн шинжтэй алдаа гаргасан болохоо хүлээсэн. Өмгөөлөгч нарын зүгээс прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг ханаагүй гэж байна. Хэргийн бодит байдал буюу үйл баримт өөрөө маш тодорхой тогтоогдсон юм. Прокурорын яллах дүгнэлтэд 16-17-нд шилжих шөнө гэж бичсэн ганцхан алдаа байхаас биш өөр ямар нэгэн шаардлага хангаагүй, нийцээгүй зүйл байхгүй. Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой зүйл үү, үгүй юу гэдэг дээр бас маргалдсан. Хэргийн үйл баримт 100 хувь тогтоогдсон байгаа тул “шүүх нөхөн гүйцэтгэх боломжтой юм байна. Прокурорын яллах дүгнэлт хууль ёсны шаардлагыг хангасан байна” гэж үзээд шийтгэх тогтоолыг гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаагүй. Сүүлд ял өөрчлөн сонсгохдоо Мандахбаярын биед хөнгөн гэмтэл учирсан байгаа нь Н.Б-ий үйлдлээс үүссэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй буюу шууд чиглэсэн санаатай үйдэл тогтоогдохгүй байна гээд ял өөрчилж сонсгосон тогтоолдоо дүгнэлт хийгээд дурдаад явсан. Хэргийн үйл баримт СД бичлэгээс тодорхой харагддаг. Камерын бичлэгт болж буй зүйлийг гэрч Эрдэнэзаяа, Баттүвшин нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгүүд давхар нотолдог. Мандахбаярт холбогдуулаад ёс зүйтэй холбоотой гомдлыг гаргасан байдаг. Түүнийг нь татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэгт хавсаргасан байгаа. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Б-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Э.Б-, Н.Б- нар нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс баарны гадаа цугларсан хүмүүсийг тараах, тус баар, караокег хаасныг шалгах зэрэг олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүл хамгаалалтын офицер Х.М-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зохисгүй үг хэллэг хэлж, гар утсаараа бичлэг хийх зэргээр өдөөн хоргоож тухайн газраас явах шаардлага тавьсныг үл тоож, Э.Б- нь Х.М-ын хөл рүү нь 2 удаа өшиглөж, хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн тэднийг эрүүлжүүлэх байранд хүргэх явцад Н.Б- нь Х.М-ын цээж рүү түлхэж, гавлах гэхэд ноцолдож зүүн гарын хуруу бугуй хэсгээс мушгиж тус тус хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь:

хохирогч Х.М-ын “...Э- гэдэг залуу “чамд ямар хамаатай юм, чи татвар төлөгчийн мөнгөөр цалинждаг биз дээ” гээд бичлэгээ үргэлжлүүлээд байхаар нь бичлэг хийхийг болиулах гээд гар утсыг нь авах гэхэд Э- гэх залуу хоёр удаа миний шилбэ рүү өшиглөсөн. Гүнт 120-ын үүдэнд Б-ийг эрүүлжүүлэх байр руу оруулах үед орохгүй гэж намайг 2 удаа цээж хэсэгт цохиж, тухайн үед ноцолдож гавлах үед зүүн гарын ядам хурууг мушгиж гэмтээсэн. Одоо хавдаж хөндүүртэй байна. Уг хоёр хүнд хууль ёсны шаардлагыг биелүүлэх талаар удаа дараа үгээр хэлсэн” /1-р хх 23/,

гэрч Э.Баттүвшингийн “...нүдний шилтэй залуу Мандахбаяр ахмадын хөл хэсэгт 2 удаа өшиглөсөн. Мандахбаяр ахмад нүдний шилтэй залууг барьж аваад гавлах гэтэл тэнд зогсож байсан машины хамар дээр хэвтээд байсан. Тэгэхээр нь татаж буулгаад газар хэвтүүлж байгаад гавласан. Гүнт 120-ын гадаа очоод би гавласан нүдний шилтэй залууг авч орох үед нөгөө гавгүй явж байсан Б- гэх залуу эрүүлжүүлэх рүү орохгүй гээд Мандахбаяр ахмадын цээж рүү 2 удаа цохьсон” /1-р хх 11/,

гэрч Г.Эрдэнэзаяагийн “...үл таних хоёр залуу эргүүлийн хоёр цагдаад “та нар энэ газрыг онгойлго, та нар хэн бэ, чамайг хэн гэдэг юм та нар татварын мөнгөөр амьдарч байгаа” гээд цагдааг хоргоогоод утсаараа бичлэг хийгээд дагаад байсан. Нөгөө цагдаа хаяад явах гэтэл нөгөө бичлэг хийж байгаа залуу араас нь утсаараа бичлэг хийгээд цагдаа “чамайг хэн гэдэг юм бэ, чи хэн юм бэ” гээд томроод байсан. Тэр хоёр цагдаа “харьцгаа, харьж амарцгаа” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хоёр залуу “хэзээ хаадаг болсон, би мэднэ шүү дээ, онгойлго” гээд олон долоон юм яриад байсан. ...намайг харахад хоёр цагдаа дагаад яв гээд явж байсан. Тэгснээ л араас хөл рүү өшиглөчихлөө гав аваад ир гээд эхэлсэн. Тэгээд би харахад зууралдаад авсан байсан. Тэгэхээр нь би цагдаа руу дайраад байна гэж дуудлага өгсөн” /1-р хх 16/ гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14036 дугаартай “Н.Б-ий биед гэмтэл тогтоогдоогүй” тухай дүгнэлт, мөн шинжээчийн 13967 дугаартай “Х.М-ын биед хөнгөн гэмтэл тогтоогдсон” тухай дүгнэлт /1-р хх 27, 31/, Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх18/, эрүүлжүүлсэн хүний бүртгэл /1-р хх 135-142/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Б-, Э.Б- нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.Б-, Э.Б- нарын гэмт хэрэгт оролцсон үүрэг, оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирол нөхөн төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх шүүгдэгч нарыг тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Н.Золжаргал “...прокурорын яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолд Э.Б-ыг офицер Х.М-ыг хэл амаар доромжилж зүүн гарын хуруу, бугуй хэсгээс мушгиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэсэн атлаа яллах дүгнэлтэд хөл рүү нь хоёр удаа өшиглөж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж, мөн гэмт хэрэг гарсан гэх он сар өдрийг буруу бичиж, хуулийн шаардлага хангаагүй тогтоол үйлдсэн, Э.Б- хувьд хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл огт гаргаагүй, түүний үйлдэл эргэлзээ төрж байгаа тул ашигтайгаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү”, 

шүүгдэгч Н.Б-ий өмгөөлөгч Г.Оюунтуяа “...шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж гарсан. Н.Б- нь хохирогч Х.М-тай харилцаагүй, Х.М- ч шаардлага тавиагүй болох нь тогтоогдсон бичлэгт тодорхой байгаа. Х.М- нь гавлах гэхэд эсэргүүцсэн гэсэн боловч тогтоогоогүй. Э.Б-, Н.Б- нарыг адилхан үндэслэлээр яллагдагчаар татсан атлаа яллах дүгнэлт зөрүүтэй. Н.Б-ий үйлдэл нотлогдон тогтоогдохгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдсан гомдлуудыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд тогтоох талаар хуульчилсны дагуу анхан шатны шүүх талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг гарсан цаг хугацааг яллах дүгнэлтэд тусгаснаас зөвтгөн тогтоосон нь дээрх хуулийн заалттай нийцсэн байна.

Мөн түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийг шүүгдэгч нар хэрхэн яаж үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, “хохирогч, цагдаагийн алба хаагч Х.М-ын хууль ёсны шаардлага буюу “баар хаах цаг нь болж хаасан байгаа учраас гэр гэртээ харьцгаа, тарцгаа” гэсэн шаардлагыг шүүгдэгч нар нь эсэргүүцэж, гар утсаараа бичлэг хийж, зүй зохисгүй үг хэлж, уг үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Х.М-ыг шүүгдэгч Э.Б- нь эсэргүүцэн хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн, түүний дараа эрүүлжүүлэх байр руу шүүгдэгч нарыг авч явж уг байранд ирэхэд шүүгдэгч Н.Б- нь Х.М-ыг эсэргүүцэж цээж рүү нь хоёр удаа түлхэх, гарыг нь мушгих зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон талаар дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Б-ий үйлдлийн улмаас хохирогч Х.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг шүүх эмнэлгийн шинжээч тогтоосон боловч үүнийг “санаатай үйлдээгүй, хохирогч шүүгдэгч нар харилцан ноцолдох явцад үүссэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаагүй” талаар прокурорын санал дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх хэргийг хэлэлцэх хэмжээ хязгаар”-ын дотор шийдвэрлэснийг буруутгах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19ий өдрийн 2020/ШЦТ/594 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Н.Золжаргал, шүүгдэгч Н.Б-ий өмгөөлөгч Г.Оюунтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ