Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 159/ШШ2023/0054

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 159/2023/0062/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******* тоот захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн захирамж хүчингүй болгох тухай ******* тоот захирамж гарсныг үндэслэлгүй гэж үззж гомдол гаргаж байна.

            Тус захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зуйлийн 66.1 дэх хэсэгт “Засаг дарга хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасныг баримталсан бөгөөд тус хуулийн 56 дугаар зуйлийн 56.3.2-т заасан шаардлагыг хангаагүй байхад Засаг даргаар томилогдсон гэж үзсэн байна. Засаг дарга нь дээрхи хуульд зааснаар өөрт олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид нийцүүлэн хууль зүйн үндэслэлтэй захирамж гаргах ёстой. Миний хувьд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаар томилогдохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгзрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.3.2 дахь хэсэгт заасан “...төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” гэх шаардлагын хангалттай хангасан. Энэ нь нийгмийн даатгал болон холбогдох байгууллагуудын тодоорхойлолт баримт бичгүүдээр нотлогдож байгаа болно.

            Гэтэл маргаан бүхий аймгийн Засаг даргын захирамжид ямар үндэслэлээр төрийн албанд З жил ажиллаагүй талаархи баримт болон нотолгоог огт дурдаагуй байна. Өөрөөр хэлбэл аль байгууллагад хэдэн жил ажилласан эсэх, эсхүл дутсан эсэх талаар ч одоо хүртэл ойлгоогүй байна. Мөн хуулийн 56 дугаар зуйлийн 56.5-т “...иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн нийтийн хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана...” гэж заасны дагуу нэр дэвшиж хуулийн дагуу олонхийн санал авч томилогдсон. Нөгөөтэйгүүр төрийн албанд 3 жил ажилласан талаархи баримт тодорхойлолтыг Авлигатай тэмцэх газраас шалгаж баталгаажуулсны үндсэн дээр түүнийг нь шалгаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олонхийн саналаар мөн нэр дэвшүүлдэг. Тухайн үед аймгийн Засаг даргын зүгээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.7-т зааснаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал болгосон намайг томилохоос татгалзаагүй байж одоо дээрхи шийдвэрийг гаргаж байгаа нь улс төрийн зорилготой үйлдэл гаргаж байна гэж ойлгож байгаа.

            Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд тусгайлан сумын Засаг даргаас чөлөөлөх, огцруулах үндэслэлүүдийг зааж өгсөн ба Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргаас чөлөөлүүлэх талаархи саналыг Засаг даргад гаргаагүй, бусад байдлаар дээрхи үндэслэлүүд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна. Иймд хууль бусаар гарсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******* тоот захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна.”, 63 дугаар зүйлийн 63.3-т “Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.” Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэснийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас явуулсан хяналт шалгалтын ажлын хэсгийн зөвлөмж, чиглэл болон Шаамар сумын иргэдээс удаа дараа гаргасан өргөдөл гомдлын дагуу сонсох ажиллагааны мэдэгдэлийг *******д хүргүүлсэн байна.

            Дээрх мэдэгдлийн дагуу ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судлан үзэхэд *******ыг Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 91 дугаартай тогтоолыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 322 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 439 дүгээр захирамжийг хэвээр үлдээж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 103 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж ажилласан хугацааг хүчингүйд тооцсон.

            Мөн аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “******* ******* Шаамар сумын Засаг даргаар томилох тухай” Б/83 дугаартай захирамжийг Монгол Улсын Засгийн Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХЭГ/304 дугаартай албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу сонсох ажиллагаа явуулж аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/99 дугаартай захирамжаар хүчингүй болгосон.

            Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас *******ыг дахин нэр дэвшүүлж ирүүлснийг аймгийн Засаг дарга хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр сумын Засаг даргаар томилсон боловч *******ыг анх томилсон шийдвэр хүчингүй учир 2021-2023 онд сумын Засаг даргаар ажилласан жил нь төрийн албанд ажилласан жилд тооцогдохгүй тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Аймгийн Засаг даргын 2023 оны ******* дугаартай захирамж нь сумын Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлж байгаа улс төрийн зорилго бүхий шийдвэр биш бөгөөд *******ыг сумын Засаг даргад нэр дэвших шаардлагыг бүрэн хангаагүй байхад томилсон шийдвэрийг хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар хууль тогтоомж зөрчсөн захиргааны шийдвэрээ эргэн харж хүчингүй болгож байгаа ойлголт юм. Иймд аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******* дугаартай захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 3 жил ажиллаагүй гэсэн үндэслэлээр захирамжийг хүчингүй болгоод байгаа юм. Нийгмийн даатгалын тодорхойолтоор бол хангалттай тогтоогддог. Засаг дарга болохоосоо өмнө 36 сар болсон байгаа. Хариуцагч талын хэлээд байгаа санаа бол С.Мягмартогтохтой 2019 онд маргаж байсан шүүх хурлаар ажилласан жилийг нь хүчингүй болгосон шийдвэр гарсан тул ажилласан жилд тооцохгүй гэсэн нь буруу ойлголт юм. Тэр шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцсон. Яагаад гэвэл тухайн үед шийдвэр гараад нэхэмжлэгчийг хурлын тогтоолоор томилсон. Бусад ажилтантай адилхан. Нэг хүнийг ажлаас халлаа. Өөр хүнийг оронд нь түр томилоод явдаг. Нөгөө хүн нь ажилдаа эргээд орж байгаа тохиолдолд оронд нь ажиллаж байсан хүнийг төрд ажилласанд тооцохгүй гэсэн зүйл байхгүй. Бүх зүйлийг Засаг даргатайгаа хольж хутгаж яриад байна. Энэ хүний юугаар томилогдсон асуудал хууль бус биш байсан. Томилогдсон асуудал нь хууль бус биш. Хуулийн дагуу томилогдсон. чөлөөлсөн асуудал нь хууль бус байсан учраас тэр хүн ажилдаа орсон. Энэ хүнийг шүүхээр шийдвэрлэгдэж байх явцад ажилласан жилийг тооцохгүй гэсэн зохицуулалт байхгүй.

            Засаг даргаар томилогдохоосоо өмнө үүнийг оруулбал аль хэдийн 36 сар болсон. Засаг даргаар ажилласан жилийг нь авч үзэх юм бол бас адилхан. Засаг дарга нь ажилласан жилийг тооцдог албан тушаалтан биш. Хуулиараа ажилласан жилийг тооцдог албан тушаалтан биш. Энэ хүний ажилласан жилийг хууль хяналтын байгууллагаар тооцож байж энэ асуудал шийдэгдэнэ. Нэгэнт энэ хүний ажилласан хугацаа нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. 2023 оны 4 дүгээр сар томилж 6 сар ажиллуулчихаад би буруу шийдвэр гаргасан байна. Чиний ажилласан жил буруу юм байна гэж болохгүй. Ковидын жилүүдэд ажилуулчихаад бас ажилласан жилд тооцохгүй гэж болохгүй. Тухайн үед Засаг дарга буруу шийдвэрлэсэн чиний энэ хөдөлмөр чинь талаар унаж болохгүй. Ганц л зүйл байгаа. Гэм буруутай, хуурамч дипломтой, санаатайгаар үйлдэл гаргаж төрийн албанд орсон тохиолдолд тэр хүнийг шүүхийн шийтгэх тогтоолоор ажилласан жилийг нь хүчингүй болгож, цалингаа буцааж төр нэхэмжлэх зохицуулалт байгаа. Засаг дарга өөрөө буруу шийдвэр гаргасан гэж үзэх юм бол хүнийг хохироож, ажилласан жилд тооцохгүй гэж эрх хэмжээнээсээ хэтрүүлсэн зүйл ярих шаардлага байхгүй. Эрх зүйн байдлыг ингэж дордуулж болохгүй. Нөгөөтэйгүүр Засаг дарга нь өөрөө дураараа захирамж гаргаж эрх зүйн байдлыг дордуулдаг.

            Монгол Улсын Үндсэн хуульд Засаг даргын зохих асуудлыг зааж өгсөн. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Засаг даргын тухайн аймаг, нийслэл, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж, үүнийг харьяалах Засаг дарга нь 4 жил хугацаатай томилно” гэж заасан. 60.3-т “ерөнхий сайд, засаг дарга, доод шатны засаг даргыг томилохоос татгалзвал дахин нэр дэвшүүлж, өмнөх засаг дарга гинэ засаг дарга томилогдтол бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж заасан. Үндсэн хуулиар зохицуулсан зохицуулалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан зохицуулалт байхад хурлаас гарсан шийдвэрийг хэзээ хойно одоо хүчингүй болгож байгаа нь хуульд нийцсэн асуудал мөн үү. Эрх зүйн байдлыг дордуулаад байна. Тухайн үедээ энэ асуудлыг мэдээд шалгаад томилчихоод ерөнхий сайдыг ирэхэд нь нэг иргэн өргөдөл гаргахаар одоо мэдэж байгаа асуудал биш. Татгалзаад дахин томилогдох эрхийг хангаагүй байна. Тиймээс Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг даргын бүрэн эрхтэй холбоотой шийдвэр биш. Захирамжаа хүчингүй болгох бүрэн эрхтэй нь холбоотой асуудал биш.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга *******ыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “******* ******* Шаамар сумын Засаг даргаар томилох тухай” ******* дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.

          Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэх шаардлагыг хангалттай хангасан тул хууль бусаар гарсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******* дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэж маргажээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарууд, холбогдох байгууллагын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “төрийн алба гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг ойлгоно” гэж заасан,

          мөн хуулийн 3.1.2-т “төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно” гэж зааснаар нэхэмжлэгч *******ын Шаамар сумын Засаг даргаар 2020 оны 11 сард томилогдсоноос хойш Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын ******* дугаартай захирамж гарах хүртэлх хугацаанд сумын Засаг даргын албан тушаалыг эрхэлж , эрх , үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  бүх хугацааг төрийн албанд ажилласанд тооцохоор байна.

          Мөн нэхэмжлэгчийг сумын Засаг даргаар томилохдоо хууль зөрчсөн эсэх , томилсон захирамж хууль бус эсхүл хүчин төгөлдөр бус байсан эсэхэд нэхэмжлэгч *******ыг өөрийг нь  буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

          Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна”, 56.3.2-т “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэж заажээ.

          Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сумын Засаг даргад нэр дэвшихэд тавигдах шаардлага болох төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангалттай хангасан гэсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч *******ыг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр анх Шаамар сумын Засаг даргаар томилогдохдоо хууль бусаар  томилогдсон тул Шаамар сумын Засаг даргаар ажилласан жилийг төрийн албанд ажилласан жилд тооцохгүй , харин бусад байгууллагад ажилласан жилийг төрийн албанд ажилласан жилд тооцно гэх тайлбарыг  гаргажээ.

          Захиргааны хэрэгт цугларсан нотлох баримт болох Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн лавлагаа болон холбогдох байгууллагуудын ажилд томилосон , ажлаас чөлөөлсөн тушаал , шийдвэрүүдээр  нэхэмжлэгч ******* нь төрийн албанд нийтдээ 63 сар буюу 5 жил 3 сар ажиллажээ. Үүнд:

          1/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2005 оны 02 дугаар сараас 7 дугаар сар дуустал 6 сар,

          2/ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын Тамгын газарт 2012 оны 7 дугаар сараас 2013 оны 5 дугаар сар дуустал 11 сар,

          3/ Шаамар сумын Засаг даргаар 2020 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар дуустал 35 сар,

          4/ Шаамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 2013 онд 2 сар, 2014 онд 2 сар,

          5/ Сэлэнгэ авто тээврийн Үндэсний төвд 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 12 сар дуустал 11 дүгээр сар тус тус ажиллажээ.

          Үүнийг  төрийн албан тушаалын ангиллаар нь авч үзвэл 1/ төрийн тусгай албан тушаалд 6 сар, 2/ төрийн улс төрийн албан тушаалд 46 сар, 3/ төрийн үйлчилгээний албан тушаалд 11 сар ажилласан байна.

          Нэхэмжлэгч *******ыг анх Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 04 дугаартай “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор Шаамар сумын Засаг даргаар томилуулахаар  уламжилсныг Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/83 дугаартай захирамжаар Шаамар сумын Засаг даргаар томилжээ.

          Тухайн үед *******ыг Шаамар сумын Засаг даргаар томилохдоо Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягталж шалгаагүй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 05/13120 дугаартай “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” албан бичгийг томилгоо хийхдээ харгалзаж үзэхгүйгээр томилжээ.

          Үүний дараа буюу 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/99 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *******ыг Шаамар сумын Засаг даргаар томилсон Б/83 дугаартай захирамжийг хүчингүй болгосон боловч, Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 82 дугаартай тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай захирамжаар нэхэмжлэгч *******ыг дахин Шаамар сумын Засаг даргаар томилжээ.

          Ингэж томилохдоо Сэлэнгэ аймгийн Засаг дарга  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангаж байгаа эсэхийг мөн нягталж шалгаагүй томисон бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангаагүй үндэслэлээр *******ыг хамгийн сүүлд Шаамар сумын Засаг даргаар томилсон 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай захирамжаа хүчингүй болгожээ.

          Үүнээс дүгнэж үзэхэд хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нэхэмжлэгч *******ыг Шаамар сумын Засаг даргаар анх томилохдоо болон дараа дараагийн удаа томилохдоо Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягталж шалгах, хэрэв нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангахгүй байвал мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д зааснаар томилохоос татгалзах бүрэн эрхтэй байсан боловч нэхэмжлэгч *******ыг Шаамар сумын Засаг даргаар томилох бүртээ уг заалтыг хэрэгжүүлээгүй байна.

           Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2 дахь заалт нь сумын Засаг даргад нэр дэвшүүлэх, Засаг даргаар томилоход тухайн нэр дэвшигчид тавигдах хуулийн шаардлага бөгөөд  тухайн хуулийн заалтыг хэрэгжүүлэх хяналт тавьж ажиллах нь тухайн  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон аймгийн Засаг даргын чиг үүрэгт хамаарч байна.

           Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дуаар зүйлийн 66.1-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө , эсхүл дээд шатны Засаг дарга , Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заажээ.

          Нэхэмжлэгч *******ын хувьд Шаамар сумын Засаг даргаар томилогдсоноос хойш  35 сар Засаг даргаар ажилласан байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 4 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай захирамж гарах үед төрийн албанд нийтдээ 4 жил 9 сар ажилласан байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг бүрэн хангасан байх тул тухайн үндэслэлээр буюу төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан үндэслэлээр уг захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй захирамж гэж үзэхгүй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 4851068 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР