Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/шш2024/00644

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/00644

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Т-д холбогдох

12.010.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Т-д холбогдуулан 12.010.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч М.Т 14 хоногийн дараа мөнгийг нь төлөхөөр 16.804.600 төгрөгийн барааг зээлээр худалдан авсан. Ингээд мөнгө төлөхгүй байсаар байгаад 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс бага багаар төлсөөр нийт 4.794.500 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө банкны зээл гарахаар тэдэнд өгнө гэж тодорхой бус хугацаа зааж худал хэлсээр өдий хүрсэн. Иймд хариуцагч М.Т-ээс барааны үлдэгдэл 12.010.100 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Т-ээс өгсөн төлбөр барагдуулах бичиг, зарлагын баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Т-ээс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нийт 16.804.600 төгрөгийн барааг худалдан авсан боловч хариуцагч нь уг гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан барааны үлдэгдэл төлбөр 12.010.100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэгт нийт 16.804.600 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн тухай зарлагын баримт болон М.Т-ээс Үлдэгдэл төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай гар бичмэл бүхий баримт өгснийг тус тус шүүхэд ирүүлжээ.

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй.

4. Хариуцагч М.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хариу тайлбар, бичгийн баримт гаргаж ирүүлээгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд, хэргийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.

5. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д хариуцагч М.Т-ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12.010.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т-ээс 207.120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д хариуцагч М.Т-ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12.010.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т-ээс 207.120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА