| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/04828/И |
| Дугаар | 183/ШШ2024/00646 |
| Огноо | 2024-02-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2024/00646
| 2024 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2024/00646 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.С-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Д.С-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Н.Б миний бие 2005 онд Д.С-тай танилцаж, 2006 оны намраас хамтран амьдарч эхэлсэн. Бид 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн **** дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин С.Б 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдөр мэндэлсэн. Сүүлийн 2 жил бид зан харилцаа болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнын гэр бүлийн маргаантай амьдарч байсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Д.С-тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.Л миний бие Н.Б-ийн нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. Н.Б нь миний хүүтэй танилцахдаа 3 сартай жирэмсэн ирсэн ч тухайн хэвлийд байгаа хүүхэд нь миний хүүгийн хүүхэд биш өөр хүний хүүхэд гэдгийг Н.Б өөрөө хэлсэн ч хоёр хүүхэд хоорондоо хайр сэтгэлтэй байсан учир хүүдээ шинэ гэр барьж өгөөд хурим найр хийгээд албан ёсоор амьдарч байсан. Н.Б нь хоёр дахь охин буюу С.Б-ийг төрүүлээд дөрвөн сартай нярай байхад нь эмээ нь болох надад хаяад явсан. Тэгээд охиныг нэг нас дөрвөн сартай байхад 2010 оны 10 дугаар сард буцаж ирсэн. Тухайн үед мөн л жирэмсэн ирээд өөрийн биеэр шийдвэр гаргаад хүүхдээ авхуулсан. Тухайн үед айлын мал маллаад сайхан амьдарч байгаад дахин яваад өөр хүнтэй сууж 3 дахь хүүхдээ гаргасан. Энэ хугацаанд миний хүү гуниж гутраад нэг хэсэг архи уусан нь үнэн гэвч гэр бүлийн хүчирхийлэл хийж байгаагүй. Н.Б-ийн хоёр охин болох Н.А, С.нарыг эмээ нь болох миний бие энэ хугацаанд хичээлийн бэлтгэл хийж, өвлийн хувцасыг нь байнга бэлдэж өгөх зэргээр харилцаатай туслаж дэмжиж ирсэн. Миний хүү харааны бэрхшээлтэй муу хараатай шөнө юм харахгүй нүдний торлог бүрхэвч цоорхой, нимгэрсэн гэсэн онотой учир 5 кг дээш юм өргөх, болон толгойндоо гэмтэл авах, юм бол сохрох эрсдэлтэй тул хүнд ажил эрхлэх боломжгүй байдаг. Миний хүү одоо архинаас гараад дөрвөн сар болж байна. Н.Б миний хүүгийн ганц охин С.Б-ийг л төрүүлсэн бусад нь өөр хүний хүүхэд гэвч өөр хүний хүүхэд гэж алаг үзэхгүй хувцаслаж хооллож том охиныг нь өсгөсөн. Иймд хүүгийнхээ ганц охин С.Б-ийг аав нь өөрөө авч өсгөх хүсэлтэй байгаа. Охин маань хойд аавын дарамт шахалтад тодорхой хэмжээгээр орж л байсан. Миний бие Б.Л болон миний хүү Д.С ажил хийгээд ганц охиноо өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтой хүмүүс болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, С.Б-ийн Нийслэлийн ерөнхий боловсролын 41 дүгээр сургуульд суралцдаг болох нь үнэн гэх тодорхойлолт, Д.С болон Н.Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн **** дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай баримт, С.Б-ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.Б иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлсэн.
4.Хариуцагчаас Д.С-аас Б.Л-д олгосон итгэмжлэл ирүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н.Б, Д.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин С.Б-гийг эх Н.Б-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин С.Б-ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.С-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч, хариуцагч нар эд хөрөнгийн болон бусад маргаангүй болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА