| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/04685/И |
| Дугаар | 183/ШШ2024/00649 |
| Огноо | 2024-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2024/00649
| 2024 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2024/00649 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В.Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.С-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Э.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. В.Л миний бие нь 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Э.С-т гэрээ байгуулан 3.500.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлсэн болно. Үүнээс хойш удаа дараа нэмж зээлсээр 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 7.500.000 төгрөг болж энэхүү зээлийг 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлөхөөр гэрээ хийсэн боловч төлөөгүй тул арга буюу сунгаж 2023 оны 8, 9, 10 дугаар саруудад нэг нэг сараар төлж энэ хугацаанд 1,5 хувийн хүү төлөхөөр болсон юм. Гэтэл 2023 оны 8 дугаар сард зээлээ төлөөгүй, 9 дүгээр сард мөн төлөөгүй байна. Иймд 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээнд заасан 7.500.000 төгрөгөө гаргуулж авахыг хүсэж байна. Хүү тооцоогүй болно гэжээ.
2. Хариуцагч Э.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие В.Л-ийн нэхэмжилж байгаа 7.500.000 төгрөгийг төлөхөө бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний нөхөр н.Б нь ажлаа хийж яваад аваар осолд орсон байгаа юмаа. Өнөөдөр би ажиллуулж байгаа лангуугаа ажиллуулахаа больж байгаа. Учир нь нөхрөө асрах шаардлагатай байгаа. Би В.Л гэдэг хүнд сард 500.000 төгрөг төлж чаднаа. Үүнээс илүүг би чадахгүй, Өөрөө ажилгүй бас зээлтэй, хоёр бага насны хүүхэдтэй нөхөр хэвтэрт байгаа болно гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, В.Л болон Э.С нарын хооронд байгуулагдсан 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, мөн 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч В.Лболон хариуцагч Э.С нарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч В.Л-аас зээлсэн 7.500.000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдов.
3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь уг төлбөрийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн боловч талууд төлбөр төлөх хугацааг тохиролцож чадаагүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
5. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.С-ээс зээлийн гэрээний үүрэг 7.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Л-д олгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч В.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С-ээс 134.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Л-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.С-ээс зээлийн гэрээний үүрэг 7.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Л-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч В.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С-ээс 134.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Л-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА