Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 311

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02756 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Х-гийн хариуцагч Б.Ч-т холбогдуулан гаргасан орон сууц барьцаанаас чөлөөлүүлэх, гурилын үнэ болох 8 910 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн, хугацаа хэтрүүлсний алдангид 7 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 00 тоот2 өрөө орон сууцаа барьцаалан Б.Ч-тэй “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчаар баталгаажуулж “Өег” гурилыг 2 жилийн хугацаагаар худалдан авахаар болсон. Гэрээнд заасны дагуу гурилаа зээлээр авч төлбөрөө цаг хугацаандаа барагдуулж ирсэн. Гэтэл Б.Ч- 2018 оны 4 дүгээр сард “та 11 тн гурилын өртэй байна мөнгөө хийгээрэй” гэсэн үгэнд нь итгээд 12 тн гурилын үнэ болох 9 680 000 төгрөгийг түүний 5113062849 тоот дансанд хийсэн. Мөнгө шилжүүлсний дараа дансны хуулга болон өөрт байгаа бусад баримтаа тулган дахин тооцоогоо наийвчлан үзтэл би 12 тн биш 1 тн гурилын үнэ 770 000 төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд би 8 910 000 төгрөг илүү өгчихсөн байсан. Б.Ч-ээс илүү өгсөн 8 910 000 төгрөгөө буцааж авах гэтэл хүү алданги нэхэж, байрны гэрчилгээг өгөхгүй байна. Иймд түүнээс 8 910 000 төгрөг гаргуулж, “Бүтээгдэхүүн худалдах худалдан авах тухай” гэрээ дуусгавар болсон, “Барьцааны гэрээ” мөн дуусгавар болсон тул барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б.Х- Баянзүрх дүүрэг, Баянмонгол хороолол 00-00 тоот орон сууцыг барьцаалан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж авсан. Гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан ч зээлээ хугацаандаа төлөхгүй байж байгаад 2018 онд 2 хувааж үндсэн зээлээ төлсөн бөгөөд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж гэрээгээр тохирсон тул Б.Х- төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсний алданги өгвөл байрыг чөлөөлнө. Харин 8 910 000 төгрөг гаргах үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Гэтэл Б.Х- зээлээ төлөхгүй байж байгаад 2018 оны 4 дүгээр сар гэхэд 2 хувааж төлсөн бөгөөд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж гэрээгээр тохиролцсон. Б.Х- хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлж зээлээ төлсөн. 2018 оны 7 дугаар сарын эхээр Б.Х-гийн нөхөр н.Аюурзанатай уулзахад алданги 7 800 000 төгрөгийг чинь төлж чадахгүй, харин 1 500 000 төгрөг өгөөд гэрчилгээг авъя гэж хэлсэн ба тухайн үед Б.Ч- хүлээн зөвшөөрөөгүйн улмаас хэд хоногийн дараа Б.Х- нь өөрийн нөхөр н.А бас үл таних арбитрын шүүхэд ажилладаг гэх эмэгтэйтэй очиж Б.Ч-ийг хуулиар далайлган байраа чөлөөлүүлэхээр шаардаж байсан бөгөөд улмаар арбитрын шүүхэд ажилладаг гэх эмэгтэй нь “Өег гурил” ХХК руу утсаар ярьж Б.Ч-ийн мэдээллийг авах гэж залгаж байсан. Б.Х-гийн Б.Ч-т алдангид 1 500 000 төгрөг өгөхийг Б.Ч- зөвшөөрөөгүйн улмаас 2018 оны 11 дүгээр сард Сонгонохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 184/Ш32018/00411 дугаар шүүгчийн захирамж гарсан. Мөн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 184/Ш32019/05302 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаасан. Гэрээний 6.2.1-д төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд зээлийн хэмжээний 0.5 хувиар алданги тооцно гэж заасан. Тиймээс 15 000 000 төгрөгийн хоногийн 0.5 хувь гэхээр 75 000 төгрөг болж байгаа бөгөөд зөвхөн жилийн 365 хоногоор үржихээр 27 375 000 төгрөг болж байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул 15 000 000 төгрөгийн 50 хувь 7 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.Х- 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр орон сууц барьцаалан 15 000 000 төгрөгийг зээлсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, Б.Ч-ээс 15 000 000 төгрөгийг Б.Х-д шилжүүлээгүй. Талууд “Бүтээгдэхүүн худалдах худалдан авах” тухай гэрээ байгуулсан ба гэрээний хугацаанд буюу 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Б.Ч-ээс нийлүүлсэн бүтээгдэхүүн буюу гурилын үнийг тухай бүр нь ямар 1 саадгүй, хугацаандаа түүний дансанд төлж ирсэн. Би тухайн үед 10 тн гурилын төлбөр байх ёсгүй гэж гэр бүлийн данс тооцоогоо шалгасан. Тэгээд Б.Ч-тэй “8,910,00 төгрөг илүү өгснөө авъя, байрны ордер чөлөөлж өг” гэж удаа дараа утсаар ярихад тухайн үед би хүүндээ авч байна, дахиад ч хүү, алданги авах ёстой гэсэн. Анх Б.Ч- бидэнд өөрийгөө Дарханы “Өег” гурилын үйлдвэрийн ажилтан гэж танилцуулсан, бид тус үйлдвэрийн гурилыг сонирхож байсан тул итгэж гэрээ байгуулсан. Бид “Өег” гурилын үйлдвэр Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн гэдгийг мэдэж, арбитрт ажилладаг төрсөн эгчээр дамжуулан “Өег гурил” ХХК-аас Б.Ч-ийн талаар мэдээлэл хүсэхэд “манайд ажилладаггүй гурилын ченж Б.Ч- гэдэг залуу манайхаас гурил авч байсан, их хэмжээний өртэй, манайд олдохгүй байгаа” гэсэн. Бид удаа дараа оролдсоны эцэст Б.Ч-тэй холбоо барьж тооцоо нийлье гэж хуульч эгчтэйгээ очиж уулзсан нь үнэн. Би арга буюу илүү төлсөн 8 910 000 төгрөг, байрны ордероо авах гэж 2018 оны 7 дугаар сараас хойш шүүхээр явж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2.1-д зааснаар алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй хэзээний, ямар 15 000 000 төгрөгөөс алданги тооцоод байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй, алдангиа ямар хугацаанаас яаж тооцсон зэрэг нь тодорхойгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3-т заасныг баримтлан /РД:МЮ91052951/ Боржигон овогтой Баярбатын Чингэсээс 8 910 000/найман сая есөн зуун арван мянга/төгрөг гаргуулан, Боржигон овогтой Бужгарын Хэрлэнмөрөнд /РД:СЖ79090527/ олгож, Баянзүрх дүүрэг, 26 хороо, Баянмонгол хороолол, 416-61 тоот орон сууцыг Б.Ч-ийн барьцаанаас чөлөөлж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.4-т зааснаар Б.Х-гөөс алдангид 7 800 000 /долоон сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай Б.Ч-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 785 660 төгрөгийн 277 500 төгрөгийг, хариуцагчаас хураамжид төлсөн 137 950 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 277 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 508 160 төгрөгийг орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх “... талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь үүнээс хойш хариуцагчийн дансанд 8 910 000 төгрөг шилжүүлснийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Иймд дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх мөнгийг буцаан шаардах эрхтэй байна” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлтэй танилцаад бичгээр хариу тайлбар гаргахдаа буруу ойлгож тайлбар бичсэнээ залруулан хуралдаан дээр гурилын үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлж төлсөн тул гэрээний дагуу алданги нэхэмжилсэн гэдгийг тайлбарласан нь хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд 15 000 000төгрөгийг шилжүүлэн зээлдсэн баримтгүй гэрээний үүргийн дагуу алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж зөвхөн бичсэн хариу тайлбарыг л үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй гэж үзэж байна.

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт: “...Нэхэмжлэгчийн төлбөр төлсөн огноог үзэхэд сар бүрийн 25-ны өдөр төлбөрийг шилжүүлсэн бөгөөд гэрээний 2.11 дэх заалтаар “төлбөрийн үлдэгдэлтэй тохиолдолд дараагийн нийлүүлэлтийг хийхдээ тухайн үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр буруулах”-аа тохиролцсоны дагуу үлдэгдэл төлбөр байсан, үүнээс хасч буруулсан гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна” гэжээ.

Гэтэл гэрээний 2.10-д талууд сарын татан авсан бүтээгдэхүүний үлдэгдэл тооцоог сар бүрийн сүүлийн тооцоо нийлсэн актаар баталгаажуулна гэсэн байх ба бодит байдал дээр зохигчид буюу нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алинд нь энэ гэрээний дагуу тооцоо нийлсэн акт байхгүй.

Барааны үнийг “Өег” гурилын үйлдвэрээс зарласан ханзаар төлөхөөр тохиролцсон нь төлбөр төлсөн түүвэр баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь үнийн талаар маргахгүй байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гурилын авлага, өглөгийн тайлан 2015, 2016, 2017, 2018 гэсэн хуудсаар бол “Өег” буюу Б.Ч-ээс өөрсдийнх хэлсэн тайлбар, хугацаа болох 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 449 тонн гурил авсан. Түүнээс Хишигээс гээд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 10 тонн, 6 дугаар сарын 25-ны өдөр 6 тонн, мөн оны 7 дугаар сарын 01-ний өдөр 6 тонн, 7 дугаар сарын 08-ны өдөр 15 тонн, 9 дүгээр сарын 28-ны өдөр 5 тонн, 10 дугаар сарын 14-ний өдөр 10 тонн, 10 дугаар сарын 27-ны өдөр 3 тонн, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3 тонн, 6 дугаар сарын 20-ны өдөр 1 тонн-г авсан 59 тонн -г хасахаар 390 тонн гурил авсан гэх үйл баримт тогтоогдсон. Дээрх гурилууд нь тухайн өдөр бүр өөр, өөр үнэ ханштай байх ба энэ баримтаар нь өдөр сар бүрээр нь нэг бүрчлэн нарийн тооцож үзэхэд Хишигээс авсан гэх 59 тонн гурилын үнийг нэмээд 361 139 000 төгрөг болж байгаа ба энэ 59 тоннын зөрүү 49 440 000 төгрөгийг хасвал 311 699 000 төгрөг болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хяхан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасан.

Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нотлох баримтыг үндэслэж дүгнэлт хийсэн, болон хууль зүйн бодит үндэслэл, шүүхээс хэрхэн үнэлж дүгнэж байгаа тухай огт заагаагүй байгаа ба өөрөөр хэлбэл хариуцагчид илүү 8 910 000 төгрөг шилжүүлсэн гэдгийг нотолж чадаагүй атал нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна..

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч Б.Ч-т холбогдуулан орон сууц барьцаанаас чөлөөлүүлэх, үндэслэлгүйгээр шилжүүлсэн 8 910 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хугацаа хэтрүүлсний алдангид 7 800 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж, Б.Ч- нь Б.Х-гийн захиалгын дагуу "Өег" гурил нийлүүлэх, худалдан авагч нь 1 кг-ыг 850 төгрөгөөр тооцон, тухайн захиалга өгсөн сарын сүүлийн өдөр тооцоо хийхээр тохиролцож, мөн өдөр нэхэмжлэгч Б.Х-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 00 тоот2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Ч- барьцаалж, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсгээ зурж, баталгаажуулсан байна.

 

            Зохигчид гэрээний хүчин төгөлдөр эсэхээр маргаагүй, гэрээний дагуу нийт 345 000 кг гурилыг худалдагч тал Б.Ч-ээс Б.Х- хүлээн авч 281 800 000 төгрөг төлсөн талаарх гар түүвэр, жагсаалтыг нэхэмжлэгч шүүхэд баримтаар гаргаж, 8 910 000 төгрөгийг илүү төлсөн нь нотлогдоно гэжээ. /хх 14-18/

 

Хариуцагч Б.Ч- нь дээрхийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар баримт байхгүй гэж тайлбарлажээ. Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт дурдагдсан 15 000 000 төгрөгийг зээлдүүлсэн буюу 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр анх гэрээ байгуулахад 15 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр дээр гэрээ байгуулсан гэх боловч уг татгалзал, тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч шаардлагаа дээрх байдлаар нотолсныг хариуцагч баримтаар няцаагаагүй, татгалзал, сөрөг шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 6.2.1-д “Б.Х- нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд зээлээр нийлүүлсэн барааны хэмжээний 0.5 хувиар алданги тооцох”-оор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэх боловч нэхэмжлэгч нь сар бүрийн 25-ны өдөр төлбөрийг шилжүүлэх гэрээний үүргээ зөрчсөн байдал тогтоогдоогүйгээс гадна гэрээний 2.11-д “төлбөрийн үлдэгдэлтэй тохиолдолд дараагийн нийлүүлэлтийг хийхдээ тухайн үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр бууруулах”-аар тохиролцсон байх бөгөөд үлдэгдэл төлбөртэй бол нийлүүлэх гурилын хэмжээг бууруулах боломж, эрх нь Б.Ч-т байжээ.

 

“Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний хугацаа дууссан 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс Б.Х-гийн захиалга өгсний дагуу 2 удаа, 2018 оны 6 дугаар сард 1 удаа, нийт 11.7 тн гурилыг Б.Ч-ээс нийлүүлсэн, уг нийлүүлсэн гурилын үнийг тухайн саруудын 25-нд багтаан шилжүүлснээр талуудын хооронд байгуулагдсан “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл Б.Ч-ээс 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид зээлдүүлсэн, мөн тухайн хугацаанд захиалсан, нийлүүлсэн гурилын үнийг төлөөгүй төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдохгүй байх тул Б.Х- нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б.Ч-ийн данс руу 8 910 000 төгрөг шилжүүлснээ буцаан шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцнэ.

 

Мөн худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон тул барьцааны эрх дуусгавар болох бөгөөд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 416-61 тоот орон сууцыг Б.Ч-ийн барьцаанаас чөлөөлөх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн          167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ