Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн

Хохирогч У.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь  аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж,  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнА.Ат холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авч 2017 оны 11 сарын 09-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

А.А

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэнд/

 

Шүүгдэгч А.А нь Дорноговь аймгийн ...тоотод хохирогч У.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгой тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч А.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ажлаасаа буугаад очиход хадам эцэг, Д ах хоёр 1 шил архи уугаад байж байсан. Би гэр лүүгээ яваад эргэж ирэхэд хадам аав яваад архи аваад ир гэхээр нь авчирч өгсөн. Хадам аав манай охинд гар хүрсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэзээ тэгсэн юм гэж эхнэр лүүгээ хэлэхэд  өндөр дуугаар хэллээ гээд хадам аав уурласан. Тэр үед Д ах миний хөлөөс зуураад, зодуулж байж тавина гээд байсан. Би зүгээр бай гэхэд салахгүй болохоор нь нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн ” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч У.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед хуурай ах Цад хөрзөн авчирч өгсөн. Тэгээд нэг шил архи задлахаар нь архи уусан. Хүргэн нь ирэхэд дахин нэг шил архи авахуулсан. Тэр архинаас нэг их уугаагүй дээрээс нь ганц, хоёр л уусан байх. Тэгж байтал энэ хажуунаас өшиглөсөн.  Нэг мэдэхэд эмнэлэг, цагдаа болсон байсан. Өмнө нь зодож байсан. Хохирол гаргуулна ”гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч У.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “....би өнгөрсөн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ц гэх хуурай ахындаа Алтанширээ сумаас өөрийнхөө гэрээс хөрзөн авч ирсэн юм. Тэгээд Ц ах авгайтайгаа хөрзөнгөө миний машинаас буулгасан юм. Тэгээд Ц ах хоёр шил архи аваад Ц ах бид хоёр хувааж ууцгаасан. Тэгээд зүгээр сууж байтал А намайг өшиглөсөн ... тэгээд би цохиулахгүй гээд хөлнөөс нь зууртал миний нүүр лүү өшиглөсөн. Би гомдолтой байна зүгээр байж байгаад зодуулсан...” гэсэн мэдүүлэг,

 

              Гэрч Г.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: “....Миний хуурай дүү болох Дманай хашаанд хөрзөн авчирч буулгасан юм. Тэгээд би яаж зүгээр байх вэ гэж бодоод 0.75 литрийн Ерөөл гэсэн нэртэй архинаас авч тэр архинаас хувааж уусан. Тэр үед манай хүргэн хүү А манай охин Нтэй хамт байсан ба Ддахиад нэг шил юм ууя гээд Аийг дэлгүүр явуулсан ирэхдээ өөрийн аав Жтай ирсэн тэгээд Ж, Дбид гурав архиа хувааж ууж байсан. Тэгээд би Жг өмнө нь танай хүү манай охин Нт гар хүрч байсан юм уу гэж асуутал юу яриад байгаа юм гээд А хэлсэн ба дараа нь эхнэрээсээ би чамд гарч хүрч байсан юм уу гээд чанга дуугаар хэлэхээр нь миний уур хүрээд юу яриад байгаа юм чи гэж хэлсэн. Тэгтэл Днэлээн согтчихсон чи миний ахын өөдөөс яагаад томроод байгаа юм бэ гээд Ат хэлтэл танд хамаагүй гэж хэлсэн тэгтэл ДАийн өмнө нь сөхөрчихөөд хөлнөөс нь хоёр гараараа зуураад байгаад байсан тэгтэл А тавиач гээд татаад нүүр лүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг,

 

             Гэрч М.Жы мөрдөн байцаалтанд өгсөн: “....Д, Ц, бид гурав хоёр шил архи хувааж ууцгаасан тухайн үед би их хэмжээний согтолттой байсан болохоор юу ч санахгүй байна. Би Аийн ээж Атай 2 настай байхад нь хамтран амьдарч байсан. А нь миний төрсөн хүүгээс өөрцгүй  А нь одоо доороо 2 дүүтэй. Миний хүү Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 9 дүгээр ангийг төгссөн. 2012 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр ангид алба хаасан юм. Миний хүү А нь их түргэн ууртай, хүнтэй нийтэч хэлье гэснээ хэлчихдэг хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 10 /

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч  А.А нь хохирогч У.Дтай 2017 оны 10 сарын 04-ний өдөр хадам аав Г.Цын гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдснаас нүүр лүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Г.Цын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг  болон 326 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдлоо.

 

Шүүгдэгч А.Ат прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч А.Ат холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн  байх тул шүүгдэгч А.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч У.Дгийн биед олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдсон талаар 326 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч  дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь  үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Днь одоо хавиргаар хөндүүрлэж өвдөнө гэж мэдүүлж байх боловч энэ талаар гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.

 

Хохирогч У.Днь 500000 төгрөг нэхэмжлэх талаараа шүүх хуралдаанд мэдүүлж байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, холбогдох баримт хэрэгт хавсаргагдаагүй ба хавтаст хэргийн 12 дугаар талд яаралтай түргэн тусламжинд 16200 төгрөгийн төлбөр төлсөн байх тул гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ааас 16200 төгрөг гаргуулан хохирогч У.Дашдаваад олгосугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Алтанхугягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН