| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2023/0064/З |
| Дугаар | 159/ШШ2024/0001 |
| Огноо | 2023-12-27 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 159/ШШ2024/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2023/0064/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Саранбаатар
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “3ахирамж хүчингүй болгох тухай” Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Саранбаатар 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Эрдэнэжавын Саранбааатар миний биеийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэж заасны дагуу нөхцөл шаардлагыг хангасан гэж үзэн сумын Засаг даргад нэр дэвшин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 21 дүгээр хуралдаанаас “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 14 дүгээр тоггоолоор нэр дэвшүүлсэн. Үүний дагуу Авлигатай тэмцэх газрын 2023 оны 05/5188 тоот дүгнэлтээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар уг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдаг. Дээрх шийдвэрүүдийг ундэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрдэнэжавын Саранбаатарыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилох тухай” Б/12 дугаар захирамжаар томилогдон үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан болно. Иймд Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар миний бие нь аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/29 дүгээр захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэл тайлбарыг судлан үзэж, Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
Захирамжийн Үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг үндэслэжээ. Миний бие Зүүнбүрэн сумын Засаг даргаар мөн л Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/12 дугаар захрамжаар томилогдсон бөгөөд энэ үед тус хуулийн заалтыг хэрэгжүүлж, бодит нөхцөл байдлыг тогтоож, хуулийн шаардлагыг хангасан гэж үнэлэн томилсон гэж ойлгож байна. Гэтэл өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгох шийдвэртээ шинэ харилцаа зохицуулж буй мэт захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит байдлыг үнэлэх заалтыг үндэслэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2 дахь зүйлд заасан шаардлагыг хангаагүй томилогдсон байна гэсэн нь өөрийн шийдвэрээ үгүйсгэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зуйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэсний дагуу аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “3ахирамж хүчингүй болгох тухай” Б/29 дүгээр захирамжид дурдсан төрийн албанд гурваас доошгүй жил ажиллаагүй гэсэн нөхцөл байдлыг яаж, ямар эрх бүхий этгээд тогтоосон нөхцөл байдлыг огт дурдаагүй, 40.2.4-т “захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах” гэсний дагуу хэний, ямар өргөдөл гомдлын хүрээнд гаргасан талаар тусгаагүй мөртлөө Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зуйлийн 40.2 дахь хэсэгт заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг тус тус хангахгүй байна.
Үндэслэх хэсгийн Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан 3 үндэслэлийн аль үндэслэлээр энэхүү захирамжийг гаргаж байгаа нь тодорхойгүй, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг үндэслэсэн нь тус захирамжийн оролцогч болох миний нотлох баримт өргөдөл, гомдол хүсэлтийг огт харгалзаагүй зэргээр үндэслэх хэсэгт заасан нөхцөл байдлууд аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/29 дүгээр захирамжид тодорхойгүй байна . Мөн Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг үндэслэсэн байна. Энэхүү заалтад зохицуулсан оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах үйл ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй оролцогч надад хуулиар олгогдон боломжийг эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь захиргааны акт гаргах процессийг зөрчсөн гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “3ахирамж хүчингүй болгох тухай” Б/29 дүгээр захирамжиийн 1 дэх хэсэгт 56.3.2-т заасан шаардлагыг хангаагүй томилогдсон байх тул... гэжээ. Гэтэл тус шаардлагыг хангаагүй гэдгийг нотлох агуулга огт дурдаагүй, шаардлага хангаагүй томилогдсон” гэсэн идэвхгүй үйл угээр илэрхийлсэн байгаа нь утга агуулгын алдаатай байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “3ахирамж хүчингүй болгох тухай” Б/29 дүгээр захирамж гаргасан нь Э.Саранбаатар миний Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилогдож, чөлөөлөгдсөн хэд дэх тохиолдол болохыг сануулахыг хусэж байна. Миний бие аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эрдэнэжавын Саранбаатарыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилох тухай” Б/81 дүгээр захирамжаар Засаг даргаар томилогдох тухайн цаг үед дэлхий нийтээр Ковид-19 цар тахал гарч гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорионы дэглэм мөрдөгдөж, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг сумын Онцгой комиссын даргын хувьд цар тахлын нөхцөл байдлаас дэглэм буурч хэвийн байдалд шилжих хүртэл сумын хэмжээнд төрийн албан хаагч болон иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулж, ариутгал халдваргүйтгэл, хөл хорио, хяналтын пост, зорилтот өрхүүдэд хоол хүнс, дулаан хувцас, түлээ түлшний дэмжлэг үзүүлэх, сайн үйлсийн аяныг өрнүүлэх зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулан ажилласан.
Үүнээс хойш сумын Засаг даргын хувьд хуулийн хүрээнд төрийн ажил үйлчилгээг аливаа зөрчил дутагдалүй, гүйцэтгэж байсан. Гэтэл аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “3ахирамж хүчингүй, болгож Эрдэнэжавын Саранбаатарыг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Энэ захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т “Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.” гэсэн заалтыг үндэслэн захирамж гаргасан. Захирамжлах хэсэгтээ Э.Саранбаатарын өөрийн хүсэлтийн дагуу гэж дурдсан байгаа нь худал, хууль бус байсан. Учир нь тухайн үед миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй.
Энэ шийдвэрийг үл зөвшөөрч миний бие Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Ажилд эргүүлэн томилох тухай” Б/30 дугаар захирамжаар дахин томилогдсон. Аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатарыг огцруулах тухай” Б/38 дугаар захирамжаар намайг огцруулсан. Тухайн шийдвэрт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 54.2.2-т “хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн”, 64.2.5-т “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр буюу хууль тоттоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр сарын 24.1-т “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” гэсэн заалтуудыг тус тус үндэслэсэн ч бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэдэг нь нотлогдоогүй учир Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажилд эгүүлэн томилох тухай” Б/01 дүгээр захирамжаар дахин томилогдсон боловч энэхүү захирамжаа 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “3ахирамж хүчингүй болгох тухай” А/98 дугаар захирамжаар хүчингүй болгосон.
Миний бие Э.Саранбаатар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн 21 хуралдаанаар Засаг даргад нэр дэвшихдээ төрийн үйлчилгээ болон улс төрийн албанд нийт 3 жил 2 сар ажилласан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.3.2-т “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэж заасны дагуу шаардлагыг хангасан гэж үзэж Засаг даргад нэр дзвшин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар олонхийн санал авсан. Сумын иргздийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 14 дүгээр тогтоолыг аймгийн Засаг даргад хүргүүлэн улмаар аймгийн Засаг даргын 2023 оны Б/12 дугаар захирамжаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн томилогдон ажилласан.
Аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01/1607 тоотоор ирүүлсэн мэдэгдэлдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул гэсэн шалтгаанаар гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрдэнэжавын Саранбаатарыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилох тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай дурдаад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/29 дүгээр захирамжийг гаргасан. Ийнхүү намайг Зүүнбүрэн сумын Засаг даргын албан тушаалаас удаа дараа халж, чөлөөлж байгаа нь улс төрийн сэдэлтэй, хууль эрх зүйн чадамжгүй, төрийн эрх бүхий албан тушаалтны хувьд нэг хүнд чиглэсэн удаа дараагийн хариуцлагагүй үйлдэл гэж үзэн гомдолтой байна. Иймээс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчигүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Э.Саранбаатарын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харъяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна.”, 63 дугаар зүйлийн 63.3-т зааснаар “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэснийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд гаргасан.
Аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/12 дугаартай захирамжаар Эрдэнэжавын Саранбаатарыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан шаардлагыг хангаагүй байхад хууль зөрчиж, хууль тогтоомжид нийцээгүй шийдвэр гаргасан байгаа тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.21 болон 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг үндэслэн дээрх захирамжийг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдэлийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооох зорилгоор мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах аргаас сонгон хэрэглэж Э.Саранбаатарт аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01/1416, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01/1607 дугаартай албан тоотоор тус тус хүргүүлсэн байна.
Тус мэдэгдлийн дагуу Э.Саранбаатараас ирүүлсэн тайлбар, баримтыг судлан үзэхэд аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/98 дугаартай захирамжаар тус сумын Засаг даргаар 2020 онд томилохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /тухайн шийдвэрийг гаргаж байх үед үйлчилж байсан буюу 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болсон хууль/-ийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эрдэнэжавын Саранбаатарыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилох тухай” Б/81 дугаартай захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангахгүй байгаа нь нотлогдон тогтоогдож байна.
Мөн аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/29 дугаартай захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан баримт гарч ирсэн байна. Төрийн албанд ажилласан жилүүдийг тооцож үзэхэд 40 сар болж байх тул аймгийн Засаг даргын захирамж үндэслэлгүй байна.
Цагдаагийн газар ажиллаад байгаа асуудал нь төрийн албан хаагч мөн үү, биш үү гэсэн асуудал яригдаж байна. Төрийн албаны тухай хуульд төрийн албан тушаал эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч байгаа ажиллах нөхцөл баталгааг хангагдсан этгээдийг хэлнэ. Төрийн албан тухай хуулийн 3.1.2-т төрийн алба гэж ямар байх уу, тодорхой хэмжээгээр батлагдсан төсвийн дагуу байгуулагдсан, түүнээс цалин авч байгаа хүн бүр төрийн албан хаагч гэж ойлгоно. Тухайн үейд Цагдаагийн газар шийдвэрээ гаргаад энэ хүн ажилласан. Энэ хүний хувь нэмэр төрд хэрэгтэй байсан учраас цалин авч байгаа. Ажиллаж байсан учраас Цагдаагийн газраас тодорхойлолт ирсэн байна. төрд ажиллаж байсан нь тогтоогдсон баримт хангалттай цагларчээ гэж үзэж байна. Нөгөөтээгүүр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд “хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх” гэж заасан. 49.1-т “бүх шатны Засаг дарга тухай хурлын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан. Тэгэхээр тухайн үеийн хурал бол шийдвэрээ гаргасан. Үүнийг Засаг дарга хэрэгжүүлэх үүрэг, татгалзах үүрэг нь байсан. Татгалзах үүргээ эдлэхгүй, хэрэгжүүлэх үүргээ сонгоод өнөөдөр энэ хэмжээнд хүрч байна. Хариуцагч талаас өмнөх хурал дээр хэлээд байсан санаа нь юу байсан бэ гэхээр Засаг даргаар ажилласан жилүүдийг оруулж тооцохггүй гэж тайлбарладаг. Яагаад гэхээр анх томилсон шийдвэрийг хүчингүй болгосон тул энэ хугацаанд ажилласан жилийг нь тооцохгүй гэдэг байдлаар ханддаг. Шүүхийн шийдвэрээр тогтоогоод ажилдаа орсон. Тиймээс ажилласан хугацааг нь тооцох нь зүйтэй. Засаг даргын бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байгаа үндэслэлд заасан 3 жилд хүрээгүй гэсэн нь тогтоогдохгүй байна.
Аймгийн засаг дарга 3 жил хүрсэн, хүрээгүй асуудлыг аль эрт мэдэж байсан. Засаг дарга оргцруулахдаа энэ асуудлыг дурдсан байсан. Огт мэдэхгүй байж байгаад гэв гэнэт хэзээ хойно нь 3 жил хүрээгүй байгаа бил үү гэж яригддаг асуудал биш. Хэзээ хойно нь захирамжаа ухаарсан асуудал ч биш. Э.Саранбаатарт дургүй байдаг 2 хүн байгаа. Тэр 2 хүний үгээр аймгийн Засаг дарга ажлаа явуулдаг. Түүнээс энэ хүн ажил үүргийн доголдол гаргасан асуудал байхгүй. Бусдын хэлсэн үгнээс хэл амнаас айж, шийдвэрээ Засаг дарга гаргаад байгаа юм. Түүнээс ерөнхий сайдаас ирсэн зөвөмж нь хуулийн дагуу шийдвэрлэ гэсэн болохоос биш 2 иргэнээс гаргасан гомдлыг хангаач гэсэн утгатай биш байсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/29 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатарыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрдэнэжавын Саранбаатарыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилох тухай” Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч Э.Саранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэх шаардлагыг хангаж төрийн албанд 3 жил 2 сар ажилласан тул хууль бусаар гарсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/29 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж маргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд, хариуцагчийн шүүхэд болон хуралдааны явцад гаргасан тайлбар, холбогдох байгууллагын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэгч Э.Саранбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “төрийн алба гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг ойлгоно” гэж заасан мөн хуулийн 3.1.2-т “төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Э.Саранбаатарын Зүүнбүрэн сумын Засаг даргаар 2020 оны 11 сард томилогдсоноос хойш 2023 оны 10 дугаар сарын Б/29 дугаартай захирамж гарах хүртэлх хугацаанд сумын Засаг даргын албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бүх хугацааг төрийн албанд ажилласанд тооцохоор байна.
Мөн нэхэмжлэгчийг сумын Засаг даргаар томилохдоо хууль зөрчсөн эсэх, томилсон захирамж хууль бус эсхүл хүчин төгөлдөр бус байсан эсэхэд нэхэмжлэгч Э.Саранбаатарыг өөрийг нь буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна”, 56.3.2-т “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэж заажээ. Нэхэмжлэгч Э.Саранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг сумын Засаг даргад нэр дэвшихэд тавигдах шаардлага болох төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангасан гэж үзэж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 14 дүгээр тогтоолоор сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн , Авлигатай тэмцэх газрын 2023 оны 05/5188 дугаартай дүгнэлтээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй , Сэлэнгэ аймгийн Засаг дарга 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй томилогдсон байна гэсэн нь өөрөө өөрийнхөө шийдвэрээ үгүйсгэсэн байна гэсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Э.Саранбаатарыг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр анх Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилогдохдоо хууль бусаар томилогдсон тул Шаамар сумын Засаг даргаар ажилласан жилийг төрийн албанд ажилласан жилд тооцохгүй, харин бусад байгууллагад ажилласан жилийг төрийн албанд ажилласан жилд тооцно гэх тайлбарыг гаргажээ.
Захиргааны хэрэгт цугларсан нотлох баримт болох Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн лавлагаа болон холбогдох байгууллагын ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрүүдээр нэхэмжлэгч Э.Саранбаатар нь төрийн албанд нийтдээ 40 сар буюу 3 жил 4 сар ажиллажээ. Үүнд:
1/ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын олон нийтийн байцаагчаар 1999 оны 3 дугаар сараас 7 дугаар сарыг дуустал 5 сар,
2/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын цагдаагийн туслах ажилтнаар 5 сар,
3/ Зүүнбүрэн сумын Засаг даргаар 2020 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар дуустал 30 сар,
Үүнийг төрийн албан тушаалын ангиллаар нь авч үзвэл 1/ төрийн тусгай албан тушаалд 5 сар, 2/ төрийн улс төрийн албан тушаалд 30 сар, 3/ төрийн үйлчилгээний албан тушаалд 5 сар ажилласан байна.
Нэхэмжлэгч Э.Саранбаатарыг анх Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай “Засаг даргыг томилох тухай” тогтоолоор Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилуулахаар уламжилсныг Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/81 дугаартай захирамжаар Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилжээ.
Тухайн үед Э.Саранбаатарыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилохдоо Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан шалгаагүй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 05/13120 дугаартай “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” албан бичгийг томилгоо хийхдээ харгалзаж үзэхгүйгээр томилжээ.
Үүний дараа 2022 оны 05 дугаар сард Б/11 дугаартай захирамжаар, 2022 оны 10 дугаар сард Б/38 дугаартай захирамжаар тус тус огцруулсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/99 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Э.Саранбаатарыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилсон Б/81 дугаартай захирамжийг хүчингүй болгосон боловч, Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 14 дугаартай тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/12 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Э.Саранбаатарыг дахин Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилжээ.
Ингэж томилохдоо Сэлэнгэ аймгийн Засаг дарга Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг мөн нягталж шалгаагүй томисон бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/30 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар дээрх хуулийн зүйн үндэслэлээр Э.Саранбаатарыг хамгийн сүүлд Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилсон 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаа хүчингүй болгожээ.
Үүнээс дүгнэж үзэхэд хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Э.Саранбаатарыг Шаамар сумын Засаг даргаар анх томилохдоо болон дараа дараагийн удаа томилохдоо Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягталж шалгах, хэрэв нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангахгүй байвал мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д зааснаар томилохоос татгалзах бүрэн эрхтэй байсан боловч нэхэмжлэгч Э.Саранбаатарыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилох бүртээ уг заалтыг хэрэгжүүлээгүй байна.
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2 дахь заалт нь сумын Засаг даргад нэр дэвшүүлэх, Засаг даргаар томилоход тухайн нэр дэвшигчид тавигдах хуулийн шаардлага бөгөөд тухайн хуулийн заалтыг хэрэгжүүлэх хяналт тавьж ажиллах нь тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон аймгийн Засаг даргын чиг үүрэгт хамаарч байна.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заажээ.
Нэхэмжлэгч Э.Саранбаатарын хувьд төрийн албанд нийтдээ 40 сар ажилласан хэдий ч Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/12 дугаартай захирамж гарах үед төрийн албанд нийтдээ 34 сар буюу 02 жил 10 сар ажилласан байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд Э.Саранбаатар нь тухайн үед эргүүлэн томилогдохдоо Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй байсан тул Сэлэнгэ аймгийн Засаг дарга өөрийн гаргасан Б/12 дугаартай Э.Саранбаатарыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилсон захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй захирамж гэж үзэж хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга сумын Засаг даргад нэр дэвшигчид тавигдах хуулийн шаардлага хангаагүй нэр дэвшигчийг сумын Засаг даргаар томилсон нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2 дахь заалттай нийцээгүй үндэслэлээр өөрөө өөрийнхөө захирамжийг хүчингүй болгох бүрэн эрхийг хуулиар олгосон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Саранбаатарын Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/29 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР