Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/00672

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/00672

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК,

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н ХХК,

Хариуцагч: Б.Н нарт холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 246.884.775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК, Ж ХХК нь хариуцагч Б.Н болон Н ХХК-д тус тус холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 246.884.775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч М ХХК, болон Ж ХХК нь барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тус компаниуд нь хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг, хоорондоо хамаарал бүхий компаниуд бөгөөд хариуцагч Н ХХК-тай сүүлийн 5 гаруй жилийн хугацаанд хамтарч үйл ажиллагаа явуулж өдийг хүрсэн. Хариуцагч компанийн хувьд нэхэмжлэгч нарт барилгад ашиглагдах хөнгөн блокыг худалдаж, нэхэмжлэгч нар төлбөл зохих төлбөр тооцоог цаг тухайд нь хийсээр ирсэн билээ. Дээрх хугацааны турш нэхэмжлэгч компаниуд нь хариуцагчтай гэрээний үндсэн дээр хамтарч ажилладаг байсан бөгөөд гэрээний хугацаа дуусах тохиолдолд сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулан үйл ажиллагаагаа аль болох таслахгүй, хамтын үйл ажиллагаагаа чанартай үргэлжүүлэхийг эрмэлзэж байсан. Хариуцагч Н ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 260.000.000 төгрөгийн дүүргэлтийн хөнгөн блокыг нэхэмжлэгчид нийлүүлэхээр тохиролцон, нэхэмжлэгч нарын зүгээс 260.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тухайн үед бичгээр гэрээ хийх гэтэл хариуцагч Б.Н нь гэрээ байгуулахгүйгээр зугтаж, блокыг цаг алдалгүй нийлүүлнэ гэсээр гэрээг бичгээр байгуулахгүй хоног хугацаа өнгөрсөн. Тус хугацаанд хариуцагч Н ХХК нь 260.000.000 төгрөгийн хөнгөн блок нийлүүлэхээс 13.115.225 төгрөгийн блокыг нийлүүлсэн бөгөөд үлдэгдэл блокыг нийлүүлэхийг удаа дараа шаардсан боловч Үйлдвэр зогссон, үйл ажиллагаа тасалдсан, удахгүй нийлүүлнэ гэх зэргээр удаа дараа хойшлуулж, бидний ажилд ч хүндрэл учруулж байсан. Нэхэмжлэгч нарын зүгээс барилгаа түргэн, шуурхай барьж дуусгахын тулд хариуцагчийг үүргээ гүйцэтгэхийг хүлээгээд байж болохгүй бөгөөд ажлаа тасалдуулахгүйн тулд О ХХК-тай гэрээ байгуулж, хариуцагчтай байгуулсан гэрээнээс өндөр үнээр хөнгөн блок худалдан авахаар тохиролцож гэрээний дагуу блокоо авч дууссан. Үүнээс хойш нэгэнт барилгын ажлаа зогсоохгүйн тулд бусдаас блокоо худалдан авсан тул хариуцагчаас илүү шилжүүлсэн мөнгө боловч 246.884.775 төгрөгийг буцаан шаардсан бөгөөд Удахгүй төлнө, үйлдвэрт гэмтэл гарсан гэх зэрэг өнөөх л хуучны тавьдаг шалтгуудаа тоочсоор удсан. Иймээс бид тус компанийн байнгын үйл ажиллагаагаа явуулдаг оффис дээр очиж ерөнхий нягтлан бодогчтой уулзан "Тооцооны үлдэгдэлийн баталгаа" буюу тооцоо нийлж акт үйлдэн гарын үсэг зуруулж, тамга даруулж авсан. Захирал Б.Н-тай уулзах гэсэн боловч Үйлдвэр дээрээ байна гэж байсан тул уулзаж чадаагүй. Хариуцагч Б.Н-тай холбогдоход Удахгүй мөнгийг чинь өгнө, та нарыг шүүхэд хандаж явсаар байтал манай үйлдвэр хэвийн ажиллаж та нарын мөнгийг төлчих учир цаг хугацаа алдаад хэрэггүй гэх мэтээр хэлж байсан боловч сүүлдээ утсаа ч авахгүй, алга болоод байна. Иймээс нэхэмжлэгч Ж ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 23/*** тоот албан бичгээр Н ХХК-д хандан мэдэгдэл хүргүүлж, үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоож өгсөн боловч мөн биелүүлээгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж, 492.1.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай" гэж заасан бөгөөд тодорхой нэг хэлцлийн үндсэн дээр хэлцлийн нэг тал үүргээ биелүүлсэн боловч нөгөө тал биелүүлээгүй, үүргээ биелүүлээгүй талаас тодорхой шалтгааны улмаас үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй бол үүргээ гүйцэтгэсэн тал буюу үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үүргийн биелэлтийг буцаан шаардах эрхтэй байна. Н ХХК, түүний захирал Б.Н нь нэхэмжлэгч нараас төлбөл зохих төлбөрийг хүлээн авсан боловч нийлүүлэх ёстой блокыг хугацаандаа нийлүүлээгүй, үүнээс болж гуравдагч компаниас өндөр үнээр блок худалдан авсан бөгөөд үүргийн дагуу шилжүүлсэн төлбөр буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хөрөнгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хөрөнгө 246.884.775 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... Хариуцагч иргэн Б.Н-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Н ХХК-иас тухайн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн миний бие Н ХХК-ийг 100 хувь дангаараа эзэмшдэг бөгөөд Ж ХХК болон М ХХК-тай өөрийн эзэмшдэг компаниараа сүүлийн 5 жилийн хугацаанд хамтран ажиллаж ирсэн. Хувь хүний нэрээр болон өөрийн иргэний нэрээр гэрээ байгуулан, энэ 2 компанитай харилцаж байгаагүй бөгөөд компаниараа олон хүний хүч хөдөлмөр нийлэн дүүргэлтийн шохойн блок нийлүүлж ирсэн. Компаний тухай хууль болон Иргэний хуулийн дагуу харилцан гэрээ байгуулсан хуулийн этгээдүүд бөгөөд тооцоо нийлсэн акт болон анхан шатны баримтууд бүгд хуулийн этгээдийн нэрээр үйлдсэн тул иргэний зүгээс хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлт, Ж ХХК-иас Э.Г, Д.Д-т олгосон итгэмжлэл, М ХХК-иас Э.Г, Д.Д нарт олгосон итгэмжлэл, Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банк ХК-ийн орлогын мэдүүлгийн баримт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн орлогын ордерийн баримт, Голомт банк ХК-ийн орлогын мэдүүлгийн баримт, Ж ХХК-иас Н ХХК-д хүргүүлсэн шаардлага, Н ХХК-иас Ж ХХК-д хүргүүлсэн Хамтран ажиллах тухай албан бичиг, Ж ХХК болон Н ХХК-ийн хооронд хийсэн тооцооны үлдэгдлийн баталгааны баримт зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.

2. Хэрэгт М ХХК-иас 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 80.000.000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 100.000.000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 50.000.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 260.000.000 төгрөгийг шилжүүлсэн тухай мөнгөн гүйлгээний баримтууд, Ж ХХК-иас Н ХХК-д 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн 23/020 дугаар албан шаардлага, мөн Ж ХХК болон Н ХХК-ийн хооронд хийгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримт хэрэгт авагдсан бөгөөд тухайн баримт болон талуудын гаргасан тайлбараас үзэхэд М ХХК, Ж ХХК болон Н ХХК-ийн хооронд хөнгөн блок худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч компаниудаас дээрх үнийн дүн бүхий мөнгийг шилжүүлсэн байна.

Тэгэхээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тодруулбал, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Гэтэл хариуцагч Н ХХК-иас 13.115.225 төгрөгийн хөнгөн блокийг нийлүүлж, гэрээнд заасан хэмжээний блок нийлүүлээгүй үүргээ зөрчсөн, 246.884.775 төгрөгийг илүү хүлээн авсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нар хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч талаас гэрээг бичгээр байгуулагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн тодорхойлох боловч талуудын хооронд байгуулагдсан харилцааны агуулга, зорилгоос үзэхэд энэ нь дээрх хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах тул уг гэрээний дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н ХХК-иас ямар нэгэн хариу тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.

Харин нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Н-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй.

4. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Н ХХК-иас худалдах-худалдан гэрээний үүрэгт 246.884.775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК, Ж ХХК-д олгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.392.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 1.392.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Н ХХК-иас худалдах-худалдан гэрээний үүрэгт 246.884.775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК, Ж ХХК-долгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.392.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 1.392.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК, Ж ХХК нь хариуцагч Б.Н-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА