Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/00816

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/00816

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ц-т холбогдох,

2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 01 дугаартай Хамтран ажиллах тухай гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу хөрөнгө оруулалтад зарцуулсан 40.058.752 төгрөгийг гаруулах, үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэсэн бол зайлшгүй орох байсан орлого болох 81.590.854 төгрөг, нийт 121.649.606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Б.Ц-т холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 01 дугаартай Хамтран ажиллах тухай гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу салоны хөрөнгө оруулалтад зарцуулсан 40.058.752 төгрөгийг гаруулах, үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэсэн бол зайлшгүй орох байсан орлого болох 81.590.854 төгрөг, нийт 121.649.606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Б.Л нь салон ажиллуулах хүсэлтэй бөгөөд 2022 оны 2 дугаар сард хамтран салон нээх саналыг Б.Ц-т тавьсан боловч Б.Ц нь тухайн үед татгалзсан. Үүний дараа 2022 оны 4 дүгээр сард Б.Ц нь утсаар залган "Таны салон ажилуулахад хамтрах санал чинь хэвээрээ юу" гэж асуугаад, хэсэг ярилцсаны дараа хамтран ажиллахаар тохиролцож, бүхий л зардлыг 50, 50 хувиар гарган, ашигаа бас 50, 50 хувиар хуваан авахаар харилцан тохиролцсон. Утсаар ярьсны маргааш өдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Б.Ц-ийн санал болгосон түрээсийн талбай болох Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, ******цогцолбор, ** байрны * дугаар давхар, *** тоот байршил бүхий 137.52 м.кв талбайг очиж үзээд, уг талбайг түрээслэхээр тохирч, түрээсийн төлбөрийг 2 хуваан төлөхөөр тохиролцсоны дагуу эхний төлбөрийн 50 хувь болох 5.069.000 төлбөрийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, үлдэх төлбөрийн 50 хувь болох 5.069.000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус тус хариуцагч Б.Ц-ийн ********** тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш салоны тохижилтын ажлын зураг гаргуулах, тохижилтын ажлыг гүйцэтгүүлэх, тавилга захиалах, гадна хаяг хийлгэх гэх мэт ажлууд өрнөж, эдгээрт нийт 41.615.640 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс төлсөн. Талууд 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 01 дугаартай "Хамтран ажиллах тухай гэрээ-г нөхөн байгуулсан бөгөөд анх зардлаа тэнцүү хувааж, ашигаа бас тэнцүү хуваахаар тохиролцсоны дагуу Б.Л нь салоны тохижилт, засвар, тавилга худалдан авах, түрээсийн төлбөр гэх мэт эхлэлтийн бүх зардлын 50 хувийг гаргасан боловч Б.Ц нь гэрээ байгуулах үед нэмэлт нөхцөл оруулах шаардлага гаргасан. Эдгээр нь Б.Ц өөрийн гараар олсон орлогыг салоны орлого биш өөрийн хувийн орлого гэж үзэж, түүнийгээ 100 хувь өөрөө авах, мөн салоны үйл ажиллагааг өөрөө бие даан явуулж буй тул салоны орлогын 70 хувийг авах байсан бөгөөд үүнийг тухайн үед Б.Л арга буюу зөвшөөрч гэрээнд уг нөхцөлүүдийг оруулан гэрээг байгуулсан. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Б.Ц нь Б.Л-ыг салоны үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохыг зөвшөөрдөггүй байсан ба бүхий л шийдвэрийг өөрөө дангаар гаргаж, эргэж тайлагнадаггүй байсан. Түүнчлэн "Энэ бол миний салон, та бол хөрөнгө оруулагч" гэх мэт хандлага гаргаж, салоны орлого зарлагын тайланг ч харуулалгүй, дундын данснаас дур мэдэн зарцуулалтыг хийдэг байсан. Гэрээний 2.2-т "А тал (нэхэмжлэгч) нь хамтын бизнесийн орлого, зарлага, гүйлгээ, санхүүгийн асуудалд хяналт тавих ба талууд санхүүгийн асуудлыг хамтран ярилцаж шийдвэр гаргана." гэж, 2.6-д "Б тал (хариуцагч) нь А талд талуудын бизнес ашигтай байлгах үүднээс хичээнгүй, тууштай сэтгэл гаргаж ажиллах ба А талд үр дүнгийн талаарх мэдээг өгч байна." гэж, 2.7-д "Талууд хэн альнаасаа гэрээнд зааж тохиролцсон, ажил үйлчилгээг дээд зэргээр чанартай сайн явуулахыг шаардах эрхтэй." гэж, 3.5-д "Талууд аль нэг талын зөвшөөрөлгүйгээр зарлага, гүйлгээ гаргахгүй ба хамтын шийдвэрээр гүйлгээг гаргана." гэж тус тус заасан байдаг боловч Б тал буюу хариуцагч Б.Ц нь гэрээнд дурдагдсан дээрх үүргүүдийн алийг ч биелүүлж байгаагүйгээр үл барам удаа дараа шаардахад огт хүлээн авдаггүй байсан. Б.Л нь удаа дараа тайлан өгөхийг шаардсаны дагуу Б.Ц нь 10 дугаар сарын 02-ны өдөр тайлан гэх дэвтэрийн гол дээр бичсэн тооцоолол, өдөр тутмын орлогын падаан гэх гар биллийн баримтууд, зарлагын хэдэн падаан үзүүлж, 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх нийт орлогоос миний өөрийн гараар хийсэн орлого 11.714.000 төгрөг, үүнээс материалын зардал 1.000.000 төгрөгийг хасаад үлдсэн мөнгөний 30 хувь болох 3.414.200 төгрөгийг надад өг, би өөрийн гараар хийсэн орлогоо өөрөө авах байсан боловч нэг ч төгрөг өөртөө авалгүй салонд зарлага болж гаргасан гээд уг мөнгийг төлөхийг өнөөдрийг хүртэл шаардсаар байна. Нэхэмжлэгч миний зүгээс өөрийн гэсэн салонтой болно гэж итгэн, эхлэлтийн бүхий л зардалын 50 хувийг өөрөөсөө гаргаж, дөнгөж эхэлж байгаа учир ашиг орлого авна гэлгүй үнэнчээр итгэж хүлээн, Б.Ц-ийн би үйл ажиллагаагаа хариуцаад явна, та санаа зоволтгүй бай гэсэн үгэнд итгэсний хариуд өнөөдөр ашиг хүртэх нь битгий хэл ахин мөнгө төлөх ёстой мэт болчихсон байгаад гомдолтой байна. Миний зүгээс хариуцагчийг санхүүгийн тайлангаа бодитоор гаргаад өг, эсвэл хоёулаа хамт суугаад ярилцаад тулгаж үзье, үнэхээр ашиггүй байгаад, үнэхээр ийм зардал гарсан бол би төлье гэж удаа дараа учирлаж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл уулзаж тайлан тооцоог надад үнэн бодитоор гаргаж өгөөгүй байна. Иймд цаашид хариуцагчийг гэрээгээр хүлээсээн үүргээ биелүүлнэ гэх итгэл үгүй болсон бөгөөд үүргээ биелүүлэхийг шаардсан шаардлагыг минь хүлээж аваагүй тул 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 01 дугаартай "Хамтран ажиллах тухай гэрээ"-нээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн нийт 41.625.640 төг, мөн олох байсан ашиг 15.483.581,30 төгрөг, нийт 57.109.221,30 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

2. Нэхэмжлэгч Б.Л нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаадлагадаа: Нэхэмжлэгч Б.Л нь анх 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд Б.Ц-т холбогдуулан нийт 57.109.221,30 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Уг шаардлагыг хэрэгт цугласан нотлох баримтад нийцүүлж, ахин тооцоолол хийсний үндсэн дээр дараах байдлаар өөрчилж байна. Үүнд, 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал нэхэмжлэгч Б.Л-аас зөвхөн Б.Ц-ийн данс руу 34.632.113 төгрөийг шилжүүлсэн байх бөгөөд Б.Ц нь 3 нь удаагийн үйлдлээр 2.546.500 төгрөг буцаан шилжүүлсэн байдаг ба үүнээс гадна салонд бараа материал худалдан авах, дотор гадна тохижилтын ажлын хөлс төлөх, салонд зээлээр худалдан авсан тавилга, ус цэвэршүүлэгч зэргийн төлбөрийг нэхэмжлэгч өөрөөсөө төлж зардал гарсан тул анхны нэхэмжлэлдээ "хариуцагчид шилжүүлсэн гэсэн байсныг "салоны хөрөнгө оруулалтад зарцуулсан" хэмээн тодруулж, хариуцагчид анх шилжүүлсэн гэх 41.625.640 төгрөгийн тооцооллыг хэрэгт цугласан нотлох баримтын хэмжээнд нийцүүлэн, мөн хариуцагчийн буцаан шилжүүлсэн мөнгийг хасаж, 40.058.752 төгрөг болгон өөрчилж, уг зардлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шүүхэд өөрийн нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны ********* дугаартай дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Уг дансны хуулгыг судлан үзэхэд хариуцагч нь салоны орлого байх ёстой мөнгийг их хэмжээгээр өөрийн хувийн дансандаа авсан байхаас гадна салоны үйл ажиллагаанд ашиглагддаг Голомт банкны ******** дугаартай дундын дансанд хуримтлагдсан мөнгөнөөс цалин, бараа материалын зардал гэх мэт" утгатайгаар өөрийн дансандаа татан авсан байна. Ингэж авсан мөнгөө хариуцагч зориулалтын дагуу ашигласан эсэхийг тодруулах үүднээс нэхэмжлэгч талаас шүүхийн журмаар хариуцагчийн нэр дээрх бусад банкны (тухайн мөнгийг татан авсан дансны) дансны хуулгуудыг гаргуулсан билээ. Гэтэл хариуцагч Б.Ц нь ийнхүү өөрийн дансандаа татан авсан салоны орлого болох мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, цалин гэж тухайн хүмүүст нь олголгүй өөрийн хувийн хэрэгцээнд захиран зарцуулж, зарим хэсгийг нь бусад банк дахь өөрийн дансандаа төвлөрүүлсэн болох нь нотлогдсон. Иймд Б.Ц нь анх гаргасан үндсэн нэхэмжлэлд дурдсанчлан гэрээний хэд хэдэн үүргийг зөрчсөний дээр салоны орлогыг тохиролцсоны дагуу дундын дансанд авалгүй өөрийн хувийн дансанд их хэмжээгээр төвлөрүүлсэн атлаа дундын дансны орлгоыг миний өөрийн гараар хийсэн орлго гэж тайлбарлан салон ашиггүй ажиллаж байна гэж шалтаглан надаас ахин мөнгө авах гэж оролдож бидний хоорондын итгэлцлийг үгүй хийсэн нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар зохицуулсан байдаг. Ингэхдээ 227.1-т "Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй" гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно" гэж гэж тус тус заасан байдаг ба нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүйтэй холбогдуулан гэрээнээс татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 227.1, 227.3-т заасныг тус тус үндэслэн Хэрэв хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн бол салоны олсон орлогоос нэхэмжлэгчийн хүртэх ёстой байсан хувь буюу олох ёстой байсан орлого"-ыг өөрт учирсан хохирол гэж үзэн нэхэмжилж байна. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр үүсэх эрх зүйн харилцаанд цаанд талуудын оруулсан хураамжаас хамааран ашиг, алдагдлаа хуваарилдаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас болон бодит байдлаас харж дүгнэн тооцоолол хийхэд салон бий болоход гарсан нийт өртөгийн 85 хувийг нэхэмжлэгч Б.Л нь гаргасан байдаг. /Тооцооллыг хэрэгт хавсаргасан/ Гэхдээ Б.Ц нь салон бий болоход эдийн бус хөрөнгөөр буюу мэргэжлийн болон бусад мэдлэг, чадвар, ажил хэргийн нэр хүнд, харилцаа холбоогоо ашигласан, уг зүйлсээр хөрөнгө оруулсан болохыг бодолцож, салон бий болоход 50, 50 хувийн оролцоотой байсан гэж тооцоолон, салоны 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны орлого буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл олсон орлогын 50 хувь болох 81.590.854 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 01 дугаартай "Хамтран ажиллах тухай гэрээ"-нээс нэхэмжлэгч миний бие татгалзаж байгаа тул гэрээний үндсэн дээр салонь хөрөнгө оруулалтад зарцуулсан 40.058.752 төгрөг, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол олох ёстой байсан орлого буюу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс болж нэхэмжлэгчид учирсан хохирол 81.590.854 төгрөг, нийт 121.649.606 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ц миний бие нэхэмжлэгч Б.Лхагвабямбын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Миний бие Б.Ц нь үсчин мэргэжилтэй, 2010 оноос хойш эзэмшсэн мэргэжлээрээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2022 онд өөрийн мэргэжлийн дагуу үсчин, гоо сайхны салон байгуулахаар шийдсэн бөгөөд олон газруудаас хамтарч ажиллах санал ирж байсан. Тухайн үед миний бие Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн Астра плас барилгын A гоо сайхны салоны үсчний хэсгийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд олон жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа тул байнгын үйлчлүүлэгч олонтой байсан. Би Б.Л эгчтэй 2012 оны үед үсчнээр ажиллаж байхдаа танилцаж байсан ба тухайн үеэс хойш Б.Л нь миний байнгын үйлчлүүлэгч байсан бөгөөд A гоо сайхны салоноор үйлчлүүдэг байсан. Гоо сайхны салон нээхэд шинээр үйл ажиллагаа явуулах тул үйлчлүүлэгч татах, байнгын үйлчлүүлэгчтэй болох, нээлт хийх, үйлчилгээний талбайг тохижуулах зэрэг олон ажил байдаг тул тухайн үедээ шууд хувиараа үйл ажиллагаа эхлүүлээгүй байхад A салоны маникюрчин эмэгтэй надад Б.Л эгчийг маникюрын салон ажиллуулах хүсэлтэй байгаа гэдгийг хэлсэн. Ингээд би 2022 оны 4 дүгээр сард Б.Л эгчид хамтарч салон ажиллуулах санал тавихад зөвшөөрч, хамтарч ажиллахаар болсон. Ингээд тохиромжтой түрээсийн талбай хайж, Хан-Уул дүүрэг * хороо,**** цогцолбор хотхоны ** байрны * давхрын *** тоот үйлчилгээний зориулалттай талбайг түрээслэхээр шийдэж, 2022 оны 04 сараас буюу тухайн барилгын дотор засал чимэглэлийн ажил явагдаж байх үеэс нь харилцан тохиролцоод, гоо сайхны салоны тохижилтийн үйлчилгээгээ явуулаад, тухайн барилгыг улсын комисс хүлээн авсан цаг хугацаанаас буюу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс түрээсийн гэрээг байгуулж, Snow гоо сайхны салоны үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Б.Л эгч болон миний зүгээс салоны үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүжилт, тохижилтын зардал, эхний 3 сарын түрээсийн төлбөр болон 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа төлбөр зэргийг адил тэнцүү буюу 50, 50 хувиар гаргасан. Миний хувьд энэхүү салбарт 12 жилийн хугацаанд ажилласан туршлагатай учраас гоо сайхны салоны үйл ажиллагаагаа явуулах, салоны хувьд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх байдлаар ажиллаж байсан бөгөөд Б.Л эгчийн хувьд энэ талын мэдлэггүй учраас дээрх ажиллагаанд оролцоогүй. Гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулахад маш олон хүндрэлтэй зүйл байдаг учраас нэг хэсэгтээ салоны хувьд үйл ажиллагаанаас ашиг орлого олоход хэцүү эхний нэг жилийн хувьд бол салон ашиг олохгүй, харин үйл ажиллагаагаа жигдлэх, үйлчлүүлэгч татах, тохижилт үйлчилгээний асуудлаа бүрэн шийдвэрлэхэд анхаарч ажиллах тул миний бие Б.Л эгчид энэ талаар анх хамтарч ажиллаж эхлэх үеэсээ хэлж байсан бөгөөд Б.Л эгчийн хувьд ч "эгч нь хувийн бизнестэй болох гэж л ингэж байгаа юм, эхлээд үйл ажиллагаагаа явуулаад жигдлээд авах хэрэгтэй, ашиг орлогыг бол эгч нь тодорхой хэмжээнд хүлээж чадна" гэж хэлж байсан. Хэдийгээр салон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн мэт боловч үйл ажиллагаа жигдрээгүй, тоног төхөөрөмж дутуу, тохижилт дутуу байсан бөгөөд хөрөнгө оруулагчид болохын хувьд миний зүгээс болон Б.Л эгчийн зүгээс аль аль нь 2022 оны 10 сар хүртэл хугацаанд хувиасаа зардал гаргасаар л байсан. Анх гоо сайхны салон нээхдээ бидний аль аль нь тус бүрдээ 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, үүнээс 20 сая төгрөгийг эхний түрээсийн төлбөр, болон түрээсийн барьцаанд, үлдсэн 60 сая төгрөгөөр тохижилт, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхээр тохирч байсан бөгөөд одоо тооцоод үзэхэд тус бүрдээ 38 орчим сая төгрөг гаргасан байна. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргаж өгсөн Хаан банкны ********* дугаартай дансны хуулгыг харахад Б.Л салоны үйл ажиллагаанд зарцуулахаар 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 31 удаагийн үйлдлээр 40.219.100 төгрөгийн зарлага гаргасан ба Б.Ц миний данснаас 2 удаагийн гүйлгээрээ Б.Л руу 2.160.500 төгрөг шилжсэн байна. Өөрөөр хэлбэл Б.Л-ын дансны хуулгаас үзэхэд 38.058.600 төгрөгийг салоны үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулсан гэж харагдаж байгаа бөгөөд миний бие дээрх дансны хуулганд тэмдэглэгдсэн мөнгө дүнгээс 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр M нэртэй ББСБ-д шилжүүлсэн 250.000 төгрөгөөс бусад дүнг буюу 37.808.600 төгрөгийг салонд зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Б.Л-аас гаргасан тус нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад байгууллагын үйл ажиллагааг явуулахад зориулж, худалдан авсан, засвар үйлчилгээ хийлгэсэн зардал, засварын ажилчдын хөлс, тоног төхөөрөмж зэрэг бүхий л зардлын дүнг нэгтгэн шүүж үзэхэд 76.424.900 төгрөгийн зардлыг би болон Б.Л эгчийн зүгээс өөрсдөөсөө гаргасан байгаа нь бидний хэн аль нь энэхүү ажилд тэнцүү хэмжээгээр зардал гаргасан гэдгийг нотлож байна. Ингээд салон үйл ажиллагаа явуулах болох үед Б.Л нь эгч нь чиглэлээр ажиллаж байгаагүй юм чинь чи бүх үйл ажиллагаагаа хариуцаад ажиллуул гэж хандсан бөгөөд бидний хувьд адилхан хөрөнгө оруулсан боловч яг цагаа тулаад ирэхэд би ганцаараа бүх үйл ажиллагаагаа явуулж, илүү хөдөлмөрлөж байгаа мөртлөө, ашгаа хуваахдаа адилхан 50 хувиар хуваах нөхцөл байдал үүссэн, ингээд бид хоорондоо харилцан тохиролцоод Б.Ц би үйл ажиллагаа явуулж, ажилтнуудыг сургаж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа гэдгээрээ үйл ажиллагаанаас олох ашгаас илүү хувь хэмжээгээр буюу 75 хувийн ашгийг хүртэх, энэ хэмжээгээрээ эрсдлээ хариуцах, нийт шинээр гарах зардлын 75 хувийг хариуцах, Б.Л нь ашгаас 25 хувийг хүртэх, гарах зардлаас 25 хувийг хүртэхээр харилцан тохиролцож ярилцсан боловч яг гэрээ байгуулах үедээ энэ хувь хэмжээг 70, 30 болгож өөрчилсөн бөгөөд Б.Ц миний бие гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж ажиллахаас гадна яг өөрийн байнгын үйлчлүүлэгч /зөвхөн надаар үйлчлүүлэхээр ирсэн үйлчлүүлэгч/-ээс олох орлогыг өөрөө авахаар тохиролцож, бичгээр байгуулсан. Энэ хугацаанд миний бие Snow гоо сайхны салоны үйл ажиллагаандаа байнга анхаарч, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ганцаараа ажиллаж байсан бөгөөд тус салоны үйл ажиллагаа одоо л дөнгөж жигдэрч, урсгал зардлаа нөхөж, ажилчдынхаа цалинг өгөх, ашиг олох боломжтой нөхцөл байдал үүсэж байгаа юм. Нэгэнт Б.Л эгчийн зүгээс цаашид хамтарч ажиллахгүй гэж үзэж, хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээнээс гарч байгааг миний бие хүлээн зөвшөөрч байна. Төлбөр тооцооны хувьд Б.Л эгчийн зарцуулсан 37.808.600 төгрөгөөс 7.603.500 төгрөг нь Snow салоны үйл ажиллагааны урсгал зардал буюу байгууллагын түрээсийн үйл ажиллагаанд зарцуулагдсан, тухайн үедээ хамтарч ажиллана гэж тохиролцоод адилхан зардал гаргасан тул энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 30.205.100 төгрөгийн хувь Snow гоо сайхны салоны тохижилт, засвар, тоног төхөөрөмжийн зардалд зарцуулагдсан гэдгийг зөвшөөрч байгаа болно. Бид хамтарч үйл ажиллагаа эхлүүлэхдээ үйл ажиллагаанаас олсон орлогоос бүх зардлуудаа төлж барагдуулах, хэрэв орлого нь хүрэлцэхгүй бол шаардлагатай нэмэлт зардлуудыг өөрсдөө 70, 30 хувиар тооцож, төлөхөөр тохиролцсон. Гэтэл эхний 3 сарын хугацаанд бие даан ажиллах, үсчин, маникюрчин байхгүй, Б.Ц миний бие ганцаараа ажиллаж, туслах ажилтнуудыг дадлагажуулж байсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр түрээсийн төлбөр төлөх болоход дундын дансанд нийт 13.000.000 төгрөгийн орлого цугласан /энэ орлогоны 11.714.000 төгрөгийг Б.Ц миний бие өөрөө ажиллаж олсон/ байсан ба энэ мөнгөөр түрээс төлөхөд дахин 2.000.000 төгрөг дутагдаж байсан. Ингээд энэхүү зардлыг бидний харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу 70, 30 хувиар тооцож гаргах ёстой байсан боловч Б.Л нь 400.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 200.000 төгрөгийг нь төлөөгүй ба энэ дүнгээ нийт салоны үйл ажиллагаанд зарцуулсан дунд нэгтгэж тооцсон байна. Мөн хамтран ажиллах гэрээнд заасны дагуу Б.Ц миний бие өөрөө ажиллаж олсон орлогыг хувьдаа авах ёстой байсан тул 11.714.000 төгрөгийг хувиасаа гаргаж, түрээсийн төлбөрт төлсөн гэж үзэхээр байгаа юм. Иймд энэ дүнгийн 30 хувь болох 3.514.200 төгрөгийг Б.Л нь төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Иймд Б.Л-д буцаан төлөх, түүний оруулсан хөрөнгө оруулалтаас салонд шингэсэн зардал болох 30.205.100 төгрөгийн зардлаас 4.114.200 төгрөгийг хасаж, 26.090.900 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин байгууллагын дансаар хийгдсэн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх гүйлгээний задаргааг харахад хөрөнгө оруулагч нартай шууд хуваарилах хэмжээний ашиг орлого олоогүй байгаа нь шууд харагдаж байгаа бөгөөд дансны гүйлгээний нийт дүнгийн задаргааг Б.Ц миний бие нарийвчлан шүүж байгаад хүснэгтээр тайлбарын хамт гарган өгнө гэжээ.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 443.500 төгрөг төлсөн баримт, Б.Л-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Л болон Б.Ц нарын хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаар Хамтран ажиллах тухай гэрээ, Б.Л-ын ********* дугаар Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Л болон Б.Ц нарын хамтран эзэмшдэг ******** дугаар Голомт банкны дансы хуулга, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 480.700 төгрөг төлсөн баримт, зээлийн дансны хуулга, өмгөөлөгч Л.Э-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн Голомт банк болон Хаан банк дахь дансны тооцооллын нэгтгэл, Snow салоны үйлчилгээний орлогын дэлгэрэнгүй, салоны орлогод тооцогдохгүй орлогын гүйлгээ гэх баримт, салонд зарцуулсан гэж үзэж хүлээн зөвшөөрч болох зарлага гэх баримт, салоны засварын талаарх зургийн хуулбар зэргийг ирүүлсэн.

5. Хариуцагчаас Б.Б болон Б.Ц нарын хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Худалдаа, үйлчилгээний талбай түрээсийн гэрээний хуулбар, эд хөрөнгө хүлээлцсэн актын хуулбар, Б.Л болон Б.Ц нарын хамтран эзэмшдэг ********* дугаар Голомт банкны дансы хуулга, Б.Ц-ын ******** дугаар Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Ц-ээс Б.А-д олгосон итгэмжлэл, өмгөөлөгчөөр Г.Б-ыг оролцуулах тухай хүсэлт, салонд зориулан гаргасан зардлын тооцоо, Голомт банкны дансны хуулга зэргийг ирүүлсэн.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 6/**** дугаартай албан бичиг, дансны хуулга, Төрийн банк ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01б/**** дугаартай албан бичиг, дансны хуулга, Голомт банк ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 14/ХХ/**-*** дугаартай албан бичиг, дансны хуулга, 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч Б.Ц-т холбогдох 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 01 дугаартай Хамтран ажиллах тухай гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу хөрөнгө оруулалтад зарцуулсан 40.058.752 төгрөгийг гаруулах, үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэсэн бол зайлшгүй орох байсан орлого болох 81.590.854 төгрөг, нийт 121.649.606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Л-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Талууд 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 01 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан байх ба тухайн гэрээний агуулгаас үзэхэд талууд салоны үйл ажиллагаа эхлүүлэхэд гарах зардлыг 50, 50 хувиар гаргаж, харин 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр, тог цахилгаан, СӨХ, хогны төлбөрийг 70, 30 хувиар тооцон төлөх, бусад зардлыг нийт орлогоос төлөх, мөн ашиг орлогыг 70, 30 хувиар хуваан авах, дундын Хаан болон Голомт банкуудад данс нээж аль нэг талын зөвшөөрөлгүйгээр зарлага, гүйлгээ гаргахгүй байх, А тал буюу Б.Л нь хариуцагчаас гэрээнд заасан ажил, үйлчилгээг хэвийн, доголдолгүй явуулах болон цаг баримтлах, чанартай сайн үйлчилгээг үйлчлүүлэгчдэд үзүүлэхийг шаардах, хамтын бизнесийн орлого, зарлага, гүйлгээ, санхүүгийн асуудалд хяналт тавьж, хамтын шийдвэр гаргахаар тус тус тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, тухайн гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Ингээд нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагаанд зориулан 41.625.640 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч хариуцагч уг зардлын тайланг танилцуулаагүй, мөн дундын данс буюу Голомт банк дахь ******** тоот дансанд бүх орлогыг төвлөрүүлж, түүнээс гарсан зардлыг тайлагнах үүргээ биелүүлээгүй буюу санхүүгийн хувьд хяналт тавих боломжийг олгоогүй хэмээн тайлбарлаж, хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгийг болон олох байсан ашгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Ц нь хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалт буюу 20.090.900 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсныг буцаан төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

3. Нэхэмжлэгчийн ирүүлсэн түүний Хаан банк дахь ******** тоот данснаас 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 40.219.100 төгрөгийн зарлага гарсан, харин 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1.623.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 537.500 төгрөг, нийт 2.160.500 төгрөгийг Б.Ц-ээс буцаан шилжүүлсэн, салоны үйл ажиллагаанд зориулан нэхэмжлэгч Б.Л-аас 38.058.600 төгрөгийн хөрөнгө оруулсан нь тогтоогдов.

Үүнээс Snow салоны үйл ажиллагаанд зарцуулсан зардлын 30 хувь болох 11.967.700 төгрөгийг хасаж, хариуцагчийн нэхэмжлэгчид буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн 26.090.900 төгрөгийг талууд гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй.

4. Нэхэмжлэгч нь зайлшгүй орох байсан орлого болох 81.590.854 төгрөг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн Голомт банк болон хариуцагчийн Хаан банкинд орсон орлогоос цэвэр ашиг 163.166.708 төгрөгийг хариуцагч маргаагүй, үүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул тухайн орлого 163.166.708 төгрөгийн 30 хувь болох 48.950.012 төгрөгийг хариуцагч Б.Ц-ээс гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгохоор шийдвэрлэлээ.

5. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Б.Ц-ээс хамтран ажиллах гэрээний үүрэг буюу салоны үйл ажиллагаанд зарцуулсан 26.090.900 төгрөг, олсон ашгийн 30 хувь буюу 48.950.012 төгрөг, нийт 75.040.912 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46.608.694 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 924.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-ээс 533.155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Б.Ц-ээс хамтран ажиллах гэрээний үүрэгт 75.040.912 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46.608.694 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 924.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-ээс 533.155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА