Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00884

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00884

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О зам ХХК,

Хариуцагч: О төв ХХК,

Хариуцагч: О ХХК,

Хариуцагч:Д.Д,

Хариуцагч: Б.Ц нарт холбогдох,

О зам ХХК-иас баталгааны гэрээний үүрэгт 612.296.030,11 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тохиолдолд баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон барьцаанд бариулсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 72.023.210 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М /цахимаар/, хариуцагч О төв ХХК-ийн төлөөлөгч Д.М, хариуцагч Б.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Д.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагч О зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч нарын өмгөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч О төв ХХК, О зам ХХК, О ХХК, Д.Д, Б.Ц нарт холбогдуулан О зам ХХК-иас баталгааны гэрээний үүрэгт 612.296.030,11 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тохиолдолд баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон барьцаанд бариулсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Г нь 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр *************** тоот Банкны баталгааны гэрэээгээр О Зам ХХК болон О.Т ХХК-ийн хооронд байгуулагдсан ********** тоот О.т-оос Гашуут сухайт чиглэлийн авто замын ажлын 3 ба 5 хэсгийн гүйцэтгэх гэрээнд 2.359.944.472,51 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг жилийн 4,5 хувийн хүүтэйгээр гаргасан. Тус Банкны баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож дор дурьдсан барьцаа хөрөнгийг гэрээний үндсэн дээр барьцаалсан болно. Үүнд: Барьцаа хөрөнгө, *********** тоот Ипотекийн гэрээгээр О төв ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ************* дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, * дугаар баг, ***********дүгээр байрын урд байрлах, 1.596 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Улсын бүртгэлийн ************** дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ********* байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Улсын бүртгэлийн*********** дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум,************ байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө; 2. *************** тоот Ипотекийн гэрээгээр Д.Д, Б.Ц нарын өмчлөлийн хөрөнгө болох Улсын бүртгэлийн *********** дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, *** дугаар гудамж, * дүгээр байр, *** тоотод байрлах, 240 м.кв талбайтай, * өрөө орон сууц; 3. ************* тоот Барьцааны гэрээгээр О төв ХХК-ийн эзэмшлийн Богд хан уулын Жаргалантын ам нэртэй газрын 6,5 га талбайг аялал жуучлалын зорилгоор ашиглах эрх; 4. *********** тоот Барьцааны гэрээгээр О зам ХХК-ийн өмчлөлийн гэрээний хавсралтад дурдсан машин тоног төхөөрөмж; 5.*************** тоот Барьцааны гэрээгээр О ХХК-ийн өмчлөлийн гэрээний хавсралтад дурдсан машин тоног төхөөрөмж; 6. ************** тоот Барьцааны гэрээгээр О төв ХХК-ийн өмчлөлийн Г тос ХХК-ийн 100 хувь хувьцаа; 7. *************** тоот Барьцааны гэрээгээр Д.Д-ын эзэмшлийн О төв холдинг ХХК-ийн 100 хувь хувьцаа, О төв ХХК-ийн 100 хувь хувьцаа; 8. ************ тоот Гэрээний орлого барьцаалах гэрээгээр О зам ХХК болон О.Т ХХК-ийн хооронд байгуулагдсан ************* тоот "Оюутолгойгоос Гашуут сухайт чиглэлийн авто замын ажлын 3 ба 5 хэсгийн гүйцэтгэх" гэрээний орлого; 9. *************** тоот Батлан даалтын гэрээгээр Д.Д нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс баталгааны гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ гэдгийг баталж батлан даалтын үүрэг хүлээсэн; 10. ************** тоот Батлан даалтын гэрээгээр О төв ХХК нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс баталгааны гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ гэдгийг баталж батлан даалтын үүрэг хүлээсэн. О зам ХХК нь О.Т ХХК-тай байгуулсан гэрээт ажлаа гүйцэтгэсэн боловч банктай байгуулсан баталгааны гэрээний дагуу төлөх хүүний төлбөрөө төлөлгүй 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 612.296.030,11 төгрөгийн өр төлбөрийг төлөлгүй банкны эрх ашгийг хохироож байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, Иргэний хуулийн 451.1.-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэсл эслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заа заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Банкны баталгааны гэрээний 2.6-т ...Хэрэв үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд уг хугацаа дууссан өдрөөс эхлэн хавсралтад дурдсан барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу холбогдох журмыг баримтлан худалдаж төлбөрийг төлүүлэх эрхтэй болно гэж тус тус заасныг үндэслэн Г нь О зам ХХК-иас 612.296.030,11 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох О төв ХХК, О Зам ХХК, О ХХК, Д.Д болон Б.Ц нарын хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд О Зам ХХК-иас ***************** тоот баталгааны гэрээний үүрэгт 612.296.030,11 төгрөгийг улсын тэмдэгтийн хамт гаргуулж Голомт банкинд олгож өгнө үү. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тохиолдолд ************* тоот баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон байгуулсан барьцааны *************, ***************, **************, ***************, *************, ***************, ****************, ************, ***********, ************** тоот барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр тус тус хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г ХХК нь мөнгөн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан агуулгаас харвал "хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж ойлгохоор заасан байдаг. Иймээс нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол ямар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа, түүнээс ямар хэмжээний үүргийг шаардаж байгаа нь тодорхой байх учиртай. Ингэснээр шүүх асуудлыг үнэн зөв, тодорхой тогтоож, биелэгдэх боломжит шийдвэрийг гаргадаг. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас харвал ямар хариуцагчид ямар хэмжээний үүргийг хариуцуулж нэхэмжлэл гаргасан нь тодорхой бус, хариуцагч нь ямар үүргийг гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тогтоогдохгүй, ойлгогдохгүй байна. Хууль зүйн хувьд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргаснаар эхэлж, хариуцагч түүнийг гардаж авч хариу тайлбар гаргаж, мэтгэлцэх зарчимын үндсэн дээр явагдах учиртай. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус бол хариуцагч түүнд зохих журмын дагуу хариу тайлбар гаргаж мэтгэлцэх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн шаардсан гэх барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй зохих хэлбэрээр хийгдээгүй, бүртгэгдээгүй гэрээ юм. Иймээс шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй болно гэжээ.

3. Хариуцагч О зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Г ХК нь тус шүүхэд 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ************ тоот Банкны баталгааны гэрээний үүрэгт 612.296.030,11 мөнгө гаргуулахаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.т ХХК-иас нотлох баримт гаргуулахаар хариуцагч талаас хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ************* дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу О.т ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1491 тоот Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичгээр "...Г ХК тухайн баталгааны дүнг бүрэн эсхүл хэсэгчлэн О.т ХХК-ийн дансанд байршуулж байгаагүй болно..." гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Банкны баталгаа гаргах үүргээ биелүүлээгүй атал манай компаниас хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан баримтыг үндэслэн үндсэн зээл 2.359.944.472,51 төгрөг олгосон гээд зээлийн хүүнд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 22.694.260,54 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 23.725.169,96 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 25.603.780,40 төгрөг, нийт 72.023.210 төгрөг манай данснаас татсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд манай компаниас зээлийн хүү гэж авсан 72.023.210 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд Г ХК-иас 72.023.210 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: О зам ХХК нь Г банктай 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ************** тоот Банкны баталгааны гэрээг байгуулсан ба банк нь үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын хооронд байгуулсан ************ тоот "Construction of Oyu tolgoi to Gashuun sukhait zone 3 and 5 road" гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн гүйцэтгэлийн баталгааны үүрэгт 2.359.944.472,51 төгрөгийн баталгааг жилийн 5 хувийн хүүтэйгээр гаргасан байдаг. Тус гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 44 дүгээр бүлгийн хоёр, дөрөвдүгээр дэд бүлэг, Банкны хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх заалтуудын үндэслэн хүсэл зорилгоо талууд харилцан илэрхийлэн, аливаа дарамт шахалтгүйгээр гэрээнд гарын үсэг зурж банкны баталгааг гаргуулан авсан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.4-т Банк өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагааг эрхэлнэ гэж, мөн Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасан болзол тавьж хэлцэл хийх тухай 44.1-т Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ гэж тус тус заасан байдаг. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Банк иргэн хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох ба зээлийн хүүг өөрөө тогтооно гэж заасан байдаг бөгөөд уг баталгааны хүүний хувь хэмжээ нь банкны зээлийн суурь хүүгийн хувь түвшингээс 3 дахин бага буюу жилийн 4.5 хувиас 5.5 хувийн хүүтэйгээр***************** тоот Банкны баталгааны гэрээ, **************** тоот Банкны баталгааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан нь уг гэрээнүүд болзошгүй үүрэг буюу эрсдэл үүссэн тохиолдолд банк шууд төлбөрийг хариуцах гэрээ гэдгийг мөн нотолж байна. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу Г банк нь өргөдөл гаргагч нь гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, энэ нь ямар нэгэн маргаангүй, эсхүл та өөрийн хүсэлтийг үндэслэл, шалтгааныг эсвэл түүнд заасан дүнг нотлох эсхүл харуулах шаардлагатай тухай мэдэгдсэн хүлээн авагчийн эхний шаардлагыг бичгээр хүлээн авмагц бид хүсэлт гаргагчийн шаардлагаар нийт 2.359.944.472,51 төгрөгөөс хэтрэхгүй дүнг хүлээн авагчид төлөх үүргийг үүгээр хүлээж байна утга бүхий гүйцэтгэлийн баталгааг гарган өгч О зам ХХК тендерийн үйл ажиллагааг баталгаажуулан гэрээт ажлыг эхлүүлсэн нь банкны баталгааны гэрээний дагуу өөрийн үүргээ биелүүлсэн гэж үзэж Банкны баталгааны гэрээний дагуу хийгдсэн гэрээний хүүгийн төлбөрийг төлүүлэхээр шаардах эрхтэй байгааг харгалзан үзнэ үү. Мөн, О.т ХХК-иас тухайн Банкны гүйцэтгэлийн баталгааны бичиг очсон эсэх, харилцагч гүйцэтгэлийн баталгааны бичиг тухайн байгууллагад очоогүй тохиолдолд үүсэх үр дагавар, эрсдэлийг тодорхойлуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г ХХК-иас Б.Б-д олгосон итгэмжлэл, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г ХХК болон О зам ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ************ дугаартай Банкны баталгааны гэрээний хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Г ХХК болон О зам ХХК-ийн хооронд байгуулагдсан ************* дугаартай Банкны баталгааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, Г банк болон О төв ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ************* дугаартай Ипотекийн гэрээний хуулбар, мөн өдрийн ************** дугаартай Ипотекийн гэрээний хуулбар, мөн өдрийн ************ дугаартай Барьцааны гэрээний хуулбар, мөн өдрийн * дугаартай Барьцааны *****************гэрээний хуулбар, О зам ХХК-ийн тээврийн хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтын хуулбар, Г банк болон О төв холдинг ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн **************** дугаартай Барьцааны гэрээний хуулбар, О ХХК-ийн тээврийн хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтын хуулбар, Г банк болон О төв ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ************** дугаартай Барьцааны гэрээний хуулбар, Г банк болон Д.Д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ************** дугаартай Барьцааны гэрээний хуулбар, Г банк болон О төв ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ************** дугаартай Гэрээний орлого барьцаалах гэрээний хуулбар, мөн уг гэрээний хавсралт, Г банк болон Д.Д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ************** дугаартай Батлан даалтын гэрээний хуулбар, Г банк болон О төв ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ************* дугаартай Батлан даалтын гэрээний хуулбар, ***************** дугаартай,  *****************дугаартай, ************ дугаартай, *************** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, О зам ХХК-ийн ************* дүгээр дансны хуулга, О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дүгээр албан бичиг, Г банк ХХК-иас хариуцагч О төв ХХК-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ********** дугаартай ипотекийн гэрээ /банкны баталгаа/-ний эх хувь, О.т ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Leg/**** дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар албан бичиг, хавсралт зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч О зам ХХК, О төв ХХК, О ХХК болон иргэн Д.Д, Б.Ц нарт холбогдуулан О зам ХХК-иас баталгааны гэрээний үүрэгт 612.296.030,11 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тохиолдолд баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон барьцаанд бариулсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч О зам ХХК нь нэхэмжлэгч Г ХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 72.023.210 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд

Г ХК болон О зам ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ***************** тоот Банкны баталгааны гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *************** тоот Банкны баталгааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр О Зам ХХК болон О.Т ХХК-ийн хооронд байгуулагдсан *************** тоот Оюутолгойгоос Гашуут сухайт чиглэлийн авто замын ажлын 3 ба 5 хэсгийн гүйцэтгэх гэрээнд 2.359.944.472,51 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг ажлын гүйцэтгэлийг улсын комисс хүлээн авах хүртэл хугацаанд жилийн 4,5 хувийн хүүтэй, харин улсын комисс хүлээн авснаас хойш 12 сар хүртэл хугацаанд жилийн 5,5 хувийн хүүтэй байх, мөн баталгааны хугацааг улсын комисс хүлээн авснаас хойш 12 сарын хугацаанд хүчинтэй байхаар тус тус харилцан тохиролцжээ.

Ингээд уг гэрээний дагуу

- 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ******************* тоот Ипотекийн гэрээ-ээр О төв ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ************ дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, * дугаар баг, * дүгээр *********** байрлах, 1.596 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн *********** дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ************** байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ************ дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, *********** байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн **************** тоот Ипотекийн гэрээ-ээр Д.Д, Б.Ц нарын өмчлөлийн улсын бүртгэлийн *********** дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, ******** дугаар гудамж, *** дүгээр байр, *** тоотод байрлах, 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн **************** тоот Барьцааны гэрээ-ээр О төв ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *************газрын 6,5 га талбай бүхий аялал жуучлалын зориулалтаар ашиглах эрх,

- 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ****************** тоот Барьцааны гэрээ-ээр О зам ХХК-ийн өмчлөлийн гэрээний хавсралтад дурдсан 74 төрлийн машин, тоног төхөөрөмж,

- 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ************ тоот Барьцааны гэрээ-ээр О ХХК-ийн өмчлөлийн гэрээний хавсралтад дурдсан 103 төрлийн машин, тоног төхөөрөмж,

- 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн **************** тоот Барьцааны гэрээ-ээр О төв ХХК-ийн эзэмшлийн Г тос ХХК-ийн 100 хувь хувьцаа,

- 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн *************** тоот Барьцааны гэрээ-ээр иргэн Д.Д-ын эзэмшлийн О төв холдинг ХХК-ийн 100 хувь хувьцаа, О төв ХХК-ийн 100 хувь хувьцаа,

- 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ************ тоот Гэрээний орлого барьцаалах гэрээ-ээр О зам ХХК болон О.Т ХХК-ийн хооронд байгуулагдсан *************** тоот "Оюутолгойгоос Гашуут сухайт чиглэлийн авто замын ажлын 3 ба 5 хэсгийн гүйцэтгэх" гэрээний орлого,

- 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн *************** тоот Батлан даалтын гэрээ-ээр иргэн Д.Д нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс баталгааны гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ гэдгийг баталж батлан даалтын үүрэг хүлээсэн,

- 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн *************** тоот Батлан даалтын гэрээ-ээр О төв ХХК нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс баталгааны гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ гэдгийг баталж батлан даалтын үүрэг хүлээсэн гэрээг тус тус байгуулжээ.

Г банк ХК болон О зам ХХК-ийн хооронд байгуулагдсан ************** тоот баталгааны гэрээний 1.2-т Энэ гэрээний зорилго нь банк О.т ХХК-ийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь банкинд төлбөр төлөх харилцааг ... тодорхойлоход оршино гэж, 3.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардсанаар банк үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс төлбөр төлсөн тохиолдолд уг төлбөрийг үүрэг гүйцэтгэгч 3 хоногийн дотор банкинд төлөх үүрэгтэй. ... гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, уг гэрээгээр банк үүрэг гүйцэтгүүлэгч О.т ХХК-иас ирүүлсэн шаардлагыг үндэслэн баталгааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч О зам ХХК-ийн өмнөөс төлбөр төлөх үүргийг хүлээжээ.

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 457.5-д Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн баталгаа бүхий үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шаардана гэж, 457.6-д Энэ хуулийн 457.5-д заасан шаардлагыг банкны баталгааны гэрээнд заасан хугацаанд гаргана гэж тус тус заасан байна.

Гэтэл хэргийн 1 дүгээр хавтасны 180 дугаар талд авагдсан О.т ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Leg/**** дүгээр албан бичигт ... Тус баталгааны гэрээний дагуу О.т ХХК-иас бичгээр шаардсан тохиолдолд л баталгааны дүнг Г банкнаас О.т ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон. Г банкнаас тухайн баталгааны дүнг бүрэн, эсхүл хэсэгчлэн тус компанийн дансанд байршуулж байгаагүй гэж, мөн хэргийн 1 дүгээр хавтасны 168 дугаар талд авагдсан О.т ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Г банкинд гэх албан бичиг /хэдий тус баримт хуулбар боловч талууд шүүх хуралдааны үеэр энэхүү баримтын талаар маргахгүй гэсэн тул шүүх нотлох баримтаар үнэлсэн/-т ... О.т ХХК-иас банкны баталгааг дуусгавар болгож, чөлөөлөх талаар банкинд мэдэгдэх нь талуудын харилцан тохиролцсон баталгааг дуусгавар болгох нэг үндэслэл тул дээр дурдсан үнийн дүн бүхий баталгааг бүхэлд нь, аливаа суутгал хийхгүйгээр О зам ХХК-д чөлөөлж өгөхийг үүгээр хүсэж байна гэж тус тус дурдсан, улмаар О.т ХХК нь Гашуунсухайт чиглэлийн замын төгсгөлийн хэсэг болох 3, 5 дугаар бүсийн замыг З ХХК болон ЭСТО ХХК-иар гүйцэтгүүлэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлын үр дүнг хүлээн авсан нь хэргийн 1 дүгээр хавтасны ***-*** дугаар талд авагдсан 06/24/22 тоот акт, дүгнэлтээр тогтоогдсон.

Тэгэхээр банкны баталгааны гэрээний зорилго бодит байдал дээр биелэгдээгүй, үүрэг гүйцэтгүүлэгч О.т ХХК-иас баталгааны гэрээний дагуу үүрэг шаардаагүй, О.т ХХК болон О зам ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан, мөн банкны баталгааны гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Г банк нь хариуцагч О зам ХХК-иас баталгааны гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:  тоот Банкны баталгааны гэрээ,************* тоот Банкны баталгааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан нь уг гэрээнүүд болзошгүй үүрэг буюу эрсдэл үүссэн тохиолдолд банк шууд төлбөрийг хариуцах гэрээ гэдгийг мөн нотолж байна гэж дурдсан бөгөөд нэхэмжлэгч өөрөө эрсдэл үүссэн үед банк гэрээний үүргээ гүйцэтгэх ёстой байсныг хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

Нөгөө талаар, Г банк ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан буюу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцааг үндэслэн хариуцагч О зам ХХК-иас баталгааны гэрээний үүрэг 612.296.030,11 төгрөг шаардах эрхгүй, ийм зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 457 дугаар зүйлийн 457.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О зам ХХК болон О төв ХХК, О ХХК, Д.Д, Б.Ц нарт холбогдуулан гаргасан О зам ХХК-иас баталгааны гэрээний үүрэгт 612.296.030,11 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тохиолдолд баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон барьцаанд бариулсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

4. Хариуцагч О зам ХХК-ийн нэхэмжлэгч Г ХХК-д холбогдуулан гаргасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 72.023.210 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

Хэдий 1 дүгээр хавтасны 39-40 дүгээр талд авагдсан Хүү тооцооллын хүснэгт-ээс үзэхэд хариуцагч О зам ХХК нь Г ХК-д 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 22.694.260,54 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 23.725.169,96 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 25.603.780,40 төгрөг, нийт 72.023.210,9 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байх боловч хариуцагч уг төлбөрийг Г ХК-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ************* тоот баталгааны гэрээний үндсэн дээр төлсөн.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзвэл дээрх хуульд зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх ёстой боловч О зам ХХК болон Г ХК-ийн хооронд үүрэг үүссэн байсан, мөн тухайн гэрээ хожим хүчин төгөлдөр бус гэж тооцогдоогүй тул хариуцагч О зам ХХК нь нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 72.023.210 төгрөгийг шаардах эрхгүй болно.

Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 72.023.210 төгрөг гаргуулах тухай хариуцагч О зам ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.289.631 төгрөгийг, хариуцагч О зам ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518.067 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 457 дугаар зүйлийн 457.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О зам ХХК болон О төв ХХК, О ХХК, Д., Б.Ц нарт холбогдуулан гаргасан О зам ХХК-иас баталгааны гэрээний үүрэгт 612.296.030,11 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тохиолдолд баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон барьцаанд бариулсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХК-д холбогдуулан гаргасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 72.023.210 төгрөг гаргуулах тухай хариуцагч О зам ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.289.631 төгрөгийг, хариуцагч О зам ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518.067 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА