| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2021/01365/И |
| Дугаар | 183/ШШ2024/00893 |
| Огноо | 2024-02-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/00893
| 2024 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2024/00893 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г дээд сургуульд холбогдох,
Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 411.100.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И газар нь хариуцагч Г сургуульд холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 411.100.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Иргэний нисэхийн ерөнхий газраас 2017 оны 5 дугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад оруулахтай холбогдуулан И газрын харьяа алба, салбаруудын ажилтнуудад Иргэний нисэхийн салбарын менежмент, нисэх буудал газрын үйлчилгээ, ачаа тээвэр аюулгүй байдлын чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертфикат бүхий сургалтуудыг Англи, Монгол хэл дээр зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэх, иргэний нисэхийн ажилтан албан хаагчдын мэргэжлийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэхээр тендерийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Дээрх тендерт оролцохоор Г сургууль, Ц сургууль, С ХХК-иас тус тус оролцохоор санал болон холбогдох материалуудаа ирүүлсэн байсан. Үйл ажиллагааны явцад С ХХК нь тодорхой шалтгааны улмаас сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болсон талаараа албан бичиг ирүүлсэн. Ингээд Г болон Ц дээд сургуулиудын ирүүлсэн материал үнийн санал зэргийг судлаад Г дээд сургуулийг шалгаруулж, гэрээ байгуулах саналаа хүргүүлснээр 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ************ дугаартай гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан үеэс эхлэн манай байгууллагын зүгээс гэрээний дагуу үүргээ биелүүлж гэрээний төлбөр болох нийт 640.000.000 төгрөгийг Г дээд сургуулийн холбогдох дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл гэрээний үргэлжлэх хугацаанд И газрын удирдлагыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль, журамд нийцүүлээгүй, хууль бус гэрээ байгуулж, Г дээд сургуулийн харилцах данс руу 512.000.000 төгрөгийг шилжүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ********* дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ************* дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г дээд сургуулиас тендерийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн гэх баримтуудыг шалгахад хуурамч нотлох баримтууд бүрдүүлж өгсөн төдийгүй ямар ч ажлын туршлагагүй хүмүүсээр сургалтууд явуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн болохыг хожим буюу хэргийн материалтай танилцах үед олж мэдсэн. Г дээд сургуулийн зүгээс манай байгууллагатай гэрээ байгуулахын тулд анхнаасаа хууран мэхэлж дээрх гэрээг байгуулсан болох нь тодорхой үйл баримтаар нотлогдож байна. Иймд Иргэний нисэхийн ерөнхий газар болон Г дээд сургуулийн хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ************** дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 512.000.000 төгрөгийг Г дээд сургуулиас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г дээд сургуулийн төлөөлөгч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: И газрын нэхэмжлэлтэй, Г дээд сургуульд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс доорх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч И газраас тус шүүхэд "...И газрын удирдлага нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бус гэрээ байгуулан их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн тул ************** тоот гэрээ хүчин төгөлдөр бусад тооцож, Г дээд сургуулиас 512.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэтэл манай сургуулийн зүгээс хуурамчаар баримт бичиг бүрдүүлсэн, хууран мэхэлсэн зүйл байхгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-д "...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно" гэж зааснаар И газар болон Г дээд сургуулийн удирдлагуудыг шүүхээс гэм буруутайд тооцсон асуудал байхгүй ба 2021 оны 5 дугаар сард Авилгатай тэмцэх газраас уг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.6-д зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбарыг гаргах ёстой. Мөн түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс дээрх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд И газар болон Г дээд сургуулийн хооронд байгуулсан гэрээ нь яг ямар хуулийг зөрчсөн эсэх, цаашлаад уг асуудлаар шүүхээс талуудыг гэм буруутайд тооцсон эсэхийг нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд И газраас Г дээд сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд гүйцэтгэлтэй холбоотой гарсан зардал 100.900.000 төгрөг гэсэн тул нэхэмжлэлийн үнийн дүнг мөн дүнгээр багасгаж 411.100.000 төгрөгийг хариуцагч Г дээд сургуулиас нэхэмжилж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс Д.Э-т олгосон итгэмжлэл, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Н.Б болон Г дээд сургуулийн захирал Д.Д нарын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ************ дугаартай Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад оруулахтай холбогдуулан И газрын харьяа алба, салбаруудын ажилтнуудад иргэний нисэхийн салбарын менежмент, нисэх буудал газрын үйлчилгээ, ачаа тээвэр аюулгүй байдлын чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертфикат бүхий сургалтуудыг Англи, Монгол хэл дээр зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэх, нисэх буудлын ажилтан албан хаагчдын мэргэжлийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын дансаар гарах өглөгийн ваучерийн хуулбар, Б ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын Баримтаар ирүүлсэн зүйлийн тайлан-ийн хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газар ТӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ************** дүгээр захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний нисэхийн ерөнхий газраас Д.Т, П.Б, Б.Х нарт олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
5. Хариуцагчаас Г дээд сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г дээд сургуулийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар, Г дээд сургуулиас Х.Т-т олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г дээд сургуулийн ************ тоот зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлийн явцын тайлан 1, Г дээд сургуулийн ************* тоот зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлийн явцын тайлан 2, Г дээд сургуулийн сургалтын санал, ИНЕГ-ийн захиалгаар зохион байгуулах IATA байгууллагын сургалтын удирдамж, Г дээд сургуулиас О.Д-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
6. Нийслэлийн Прокурорын газраас Б.И-д олгосон итгэмжлэл, мөн Ш.С-д олгосон итгэмжлэл, Эрүүгийн -********** дугаартай хэргийн хуулбар зэргийг ирүүлсэн.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******** дугаартай албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаар******тай албан бичиг, А аудит ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаар албан бичиг, А аудит ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн **/*** дугаар албан бичиг, Эрүүгийн хэргийн тусгай архивын 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дүгээр албан бичиг зэрэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.
2. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Н.Б болон Г дээд сургуулийн захирал Д.Д нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ************ дугаартай Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад оруулахтай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа алба, салбаруудын ажилтнуудад Иргэний нисэхийн салбарын менежмент, нисэх буудал газрын үйлчилгээ, ачаа тээвэр, аюулгүй байдлын чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертфикат бүхий сургалтуудыг Англи, Монгол хэл дээр зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэх, нисэх буудлын ажилтан албан хаагчдын мэргэжлийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 240.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 16.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 256.000.000 төгрөг, нийт 512.000.000 төгрөг шилжүүлсэн нь хэргийн 1 дүгээр хавтасны 4-17 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдов.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.
Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба тухайн гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.
Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
Нэхэмжлэгч И газрын эрх бүхий албан тушаалтан болох Ё.Э, Б.Г, Г.Б, С.Е нар тус газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/295 дугаар тушаалаар Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад оруулахтай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа алба, салбаруудын ажилтнуудад Иргэний нисэхийн салбарын менежмент, нисэх буудал газрын үйлчилгээ, ачаа тээвэр, аюулгүй байдлын чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертфикат бүхий сургалтуудыг Англи, Монгол хэл дээр зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэх, нисэх буудлын ажилтан албан хаагчдын мэргэжлийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээр томилогдон ажиллах хугацаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлд заасан тендерийг үнэлэх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, шаардлага хангахгүй этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр ************* дугаартай гэрээ байгуулагдаж, И газарт 512.000.000 төгрөгийн хохирол учирсан ба энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан Хайнга хандах гэмт хэргийн шинжийг хангасан. Харин хариуцагч Г дээд сургуулийн захирал Д.Дэ, тус сургуулийн сургалт хариуцсан менежер Б.Д нар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт явуулах эрхгүй Г дээд сургуулийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад өрсөлдөгчгүй оролцох, гүйцэтгэгчээр шалгарах зорилгоор хуурамч бичиг баримт үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор тус тус тогтоогдсон байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь тендер сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хариуцагч нь хуурамч нотлох баримт үйлдэж тухайн тендерт хууль бусаар шалгарсан үйл баримт тогтоогджээ.
Мөн нэхэмжлэгч И газраас хичнээн албан хаагчдыг ямар ямар сургалтад хамруулахаа тодорхой илэрхийлээгүй, хариуцагч Г дээд сургуулиас ажлын үр дүнг шаардаж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, уг сургууль гэрээнд дурдсан сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаагүй атлаа нийт 512.000.000 төгрөгийг Г дээд сургуульд шилжүүлж, төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан.
Харин хариуцагч Г дээд сургуулийн хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олгосон *********** дугаар тусгай зөвшөөрөлд дурдсан Төрийн захиргааны менежмент-ийн сургалтыг л явуулах эрхтэй мөртлөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр гэрээ байгуулж, бусдаас их хэмжээний мөнгөн хөрөнгө хүлээн авсан, тус хүлээн авсан 512.000.000 төгрөгийн зарцуулалтын тайланг зохих журмын дагуу гаргаж нэхэмжлэгчид танилцуулаагүй, Г дээд сургуулийн ************** тоот зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлийн явцын тайлан гэх 2 ширхэг тайлангаа нэхэмжлэгчид хүргүүлээгүй, хянуулаагүй буюу ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, тухайн сургалтыг явуулсан гэх багш, ажилчдын багшлах эрхийн болон гэрээнд дурдсан сургалтыг явуулах эрхтэй эсэхийг баримтаар нотлоогүй, хэдэн багш, хичнээн хүнд, ямар, ямар сургалтыг явуулсан, тус сургалтын үр дүн хэр байсан зэргийг тайлагнаагүй зэрэг зөрчлийг тус тус гаргасан байна гэж шүүх үзэв.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Иргэн Д.Д-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба Г дээд сургуулийг яллагдагчаар татаагүй, тус сургуулийн гэм буруутай эсэх асуудлыг шалгаагүй гэх боловч Д.Д нь Г дээд сургуулийн эрх ашгийн төлөө, тус сургуулийг тендерт өрсөлдөгчгүйгээр шалгаруулахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь биелэгдсэн хэлцэл байхад одоо тус хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохгүй гэх тайлбар гаргасан боловч хариуцагч Г дээд сургууль нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй буюу дээр дурдсан зөрчлийг гаргасан тул талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус юм.
Нөгөө талаар, 6 хүнд сертификат өгсөн хэмээн тайлбарлах боловч хэрэгт тус өгөгдсөн гэх сертификатын хуулбар авагдаагүй, хэн хэнд, ямар шаардлага хангасан гэх гэрчилгээг олгосон нь тодорхойгүй, нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын нийт ажилтан, албан хаагчдыг тус сургалтад бүрэн хамруулсан эсэхээ нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй.
Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл талууд байгуулсан, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хэлцэл хийх зорилгоор хариуцагч бусдыг хууран мэхэлсэн нь тогтоогдсон тул И газар болон Г дээд сургуулийн хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ************ дугаартай Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад оруулахтай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа алба, салбаруудын ажилтнуудад Иргэний нисэхийн салбарын менежмент, нисэх буудал газрын үйлчилгээ, ачаа тээвэр, аюулгүй байдлын чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертфикат бүхий сургалтуудыг Англи, Монгол хэл дээр зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэх, нисэх буудлын ажилтан албан хаагчдын мэргэжлийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцов.
3. 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б аудит ХХК-ийн дүгнэлтийн 11 дүгээр талд Г дээд сургууль нь И газраас тендерийн санхүүжилттэй холбоотой 512.000.000 төгрөг хүлээн авсан бөгөөд санхүүжилтийн зарцуулалттай холбоотой мөнгөн хөрөнгийн анхан шатны баримт бүрдүүлэлт дутуу, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт хангалтгүй, санхүүжилтийг төсвийн дагуу хэрхэн зарцуулсан талаар тайлан гаргаагүй, санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй зөрчил илэрч байх ба ирүүлсэн баримтын хүрээнд шалган үзэхэд 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хооронд тендерийн гүйцэтгэлтэй холбоотой гарсан зардал 100.900.000 төгрөг байна. Үлдсэн 411.100.000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь тодорхой бус байна гэж дүгнэсэн.
Уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, 411.100.000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасанд нийцнэ.
4. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар И газар болон Г дээд сургуулийн хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ********** дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Г дээд сургуулиас гэрээний үүрэгт шилжүүлсэн 411.100.000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт олгож шийдвэрлэв.
5. Хариуцагч Г дээд сургуулиас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрээний үүрэгт 128.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж, улсын тэмдэгтийн хураамж 797.950 төгрөгийг төлсөн байх боловч тус сургуулийн захирал Д.Д 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр /хх-1 дүгээр хавтас 234 дүгээр тал/ уг сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг батлах нь зүйтэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.717.950 төгрөг, хариуцагч Г дээд сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 797.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г дээд сургуулиас 2.213.450+70.200=2.283.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И газарт олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар И газар болон Г дээд сургуулийн хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ************ дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Г дээд сургуулиас гэрээний үүрэгт шилжүүлсэн 411.100.000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч И газарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч И газраас гэрээний үүрэгт 128.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч Г дээд сургууль татгалзсаныг баталсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.717.950 төгрөг, хариуцагч Г дээд сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 797.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г дээд сургуулиас 2.283.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И газарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА