Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/00774

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/00774

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 212.561.032,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ТӨХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 212.561.032,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Манай компани Ш ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ************ дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр нийт 50 ширхэг ачааны вагоныг, нэг вагоныг хоногийн 160.000 төгрөг байхаар тохиролцож 10 хоногийн хугацаатай түрээсэлсэн бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 40 ширхэг вагон, 22-ны өдөр 10 ширхэг вагоныг тус тус хүлээлгэн өгсөн. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ш ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу гэрээний хугацааг дуусгавар болгосон. 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх түрээсийн вагон хоног нь нийт 1440 хоног (40 ширхэг ачааны вагоныг 29 хоног нийт 1160 хоног, 10 ширхэг ачааны вагоныг 28 хоног нийт 280 хоног тус тус түрээсэлсэн), түрээсийн гэрээний төлбөр нь 230.400.000 төгрөг, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эзэмшлийн төмөр замаар явсан тээврийн хөлс 1.973.500 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 232.373.500 төгрөг болсноос гэрээний дэнчингийн төлбөр болох 80.000.000 төгрөгийг хасаж, 152.373.500 төгрөгийн түрээсийн төлбөрийн авлагатай байна. Иймд М ТӨХК болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан ************* дугаартай түрээсийн гэрээний төлбөрийн үүрэгт 152.373.500 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг үндэслэн алданги 60.187.532,5 төгрөг, нийт 212.561.032,5 төгрөгийг хуулийн дагуу Ш ХХК-иас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа М ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Ш ХХК-д холбогдох 212.561.032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Манай компаниийн зүгээс У ХК-иас ачилтын зөвшөөрөл хугацаандаа гараагүйн улмаас вагонын зориулалтыг огт ашиглаагүй. Энэ талаар тухайн үед М ТӨХК-д мэдэгдэж байсан. Бидний зүгээс түрээсийн гэрээний дагуу 10 хоногийн 50 ширхэг вагоны түрээсийн төлбөрийг алдангийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Учир нь гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг сунгаагүй, мөн энэ хугацаанд огт ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 1.220.756 төгрөг төлсөн баримт, М ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ТӨХК болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *********** дугаар Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ-ний хуулбар, вагон хүлээлцэх актын хуулбар, М ТӨХК-иас С.Х-д олгосон итгэмжлэл, М ТӨХК-иас Г.Т-т олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагчаас Ш ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ш ХХК-иас Б.О-д олгосон итгэмжлэл, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ********* дүгээр албан бичиг зэргийг ирүүлсэн.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар төмөр замын хууль зүйн албаны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн  дугаар албан бичиг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар албан бичиг, Улаанбаатар төмөр замын хууль зүйн албаны 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ********* дүгээр албан бичиг зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч М ТӨХК болон Ш ХХК-ийн хооронд 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ************* дугаар Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн нийт 50 ширхэг ачааны вагоныг хүлээн авсан нь хэрэгт авагдсан гэрээний болон вагон хүлээлцсэн актаар тогтоогдов.

Хариуцагч эхний 40 ширхэг вагоныг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, дараагийн 10 ширхэг вагоныг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус тус хүлээн авсан ба буцаан 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй.

Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөр 230.400.000 төгрөгөөс барьцааны 80.000.000 төгрөгийг хасаад үлдэх 150.400.000 төгрөг болон вагонуудыг У ХНН-ийн эзэмшлийн төмөр замаар явуулсны тээврийн хөлс 1.973.500 төгрөг, нийт 152.373.500 төгрөгийг алданги 60.187.532,5 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсан.

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй.

Түүнчлэн 50 ширхэг вагоныг Зүүнбаян өртөөнөөс Чойр өртөө хүртэл тээвэрлэж, У ХНН-ийн эзэмшлийн төмөр замыг ашигласан, нэхэмжлэгч нь 1.973.500 төгрөгийг У ХНН-д төлсөн болох нь тогтоогдсон тул уг тээврийн хөлсийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

4. Хариуцагч Ш ХХК нь тээвэр хийх зөвшөөрлийг холбогдох байгууллагаас өгөөгүйн улмаас дээрх 50 ширхэг вагоныг ашиглаж чадаагүй хэмээн маргаж, алданги 60.187.532,5 төгрөгийг төлөхөөс татгалзаж, маргасан нь үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

Учир нь Монгол Улсын Зам, тээвэр хөгжлийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ****** дүгээр албан бичигт дурдсанаар ... коронавируст халдварын улмаас Хятад улсын талаас авсан арга хэмжээний дагуу Монгол-Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор зөвхөн чингэлэгт ачсан ачааг тээвэрлэх ажиллагаа хийдэж байсан ба хилийн Замын-Үүд, Эрээн өртөөний удирдлагууд тохиролцож, задгай вагонд ачсан нүүрстэй галт тэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн туршилтаар хүлээлгэн өгч, эхэлсэн тухай У ХНН-ээс мэдэгдсэн гэжээ.

Мөн У ХНН-ийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн **** дүгээр албан бичигт Ш ХХК-иар 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Чойр өртөөнөөс ачилт хийгээгүй ба ачилтын захиалга ирүүлээгүй гэжээ.

Тодруулбал, хариуцагч Ш ХХК-ийн үйл ажиллагаанаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас нүүрс тээвэрлэлт явагдаагүй буюу хариуцагчийг хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчаас алданги 60.187.532,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

5. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Ш ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг болон гэрээнээс учирсан хохирол 152.373.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 60.187.532,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.220.756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-иас 919.817 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ТӨХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Ш ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг болон гэрээнээс учирсан хохирол 152.373.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 60.187.532,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.220.756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-иас 919.817 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ТӨХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА