| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 201525020503 |
| Дугаар | 2020/ДШМ/1291 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 21.1.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2020/ДШМ/1291
2020 10 6 2020/ДШМ/1291
Ц.Б-, Г.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч Ц.Б-ы өмгөөлөгч Р.Пүрэвлхам, З.Хүрэлсүх, С.Чинзориг,
хохирогч Ж.Э-ын өмгөөлөгч С.Оюунцэцэг,
хохирогч М.Б-ийн өмгөөлөгч К.Манлай,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/662 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Б-ийн өмгөөлөгч К.Манлайн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Б-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн 201525020503 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. З........... овгийн Ц.Б, 19...... оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ................... суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .................... мэргэжилтэй, ам бүл .............. хамт ................. дүүргийн 4 дүгээр хороо, ........... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ..............тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...................../;
2. О............ овгийн Г.Б, 19....... оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, дээд боловсролтой, .................... мэргэжилтэй, ам бүл ........... хамт ............ дүүргийн 15 дугаар хороо, .............тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ............ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................./;
Ц.Б- нь үргэлжилсэн үйлдлээр:
2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 31 дүгээр байрны 24 тоотод “Max импекс” ХК, ШШГЕГ-ын хооронд байгуулсан хуурамч гэрээг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон “Хамтран ажиллаж ашиг өгнө” гэж бодит байдлыг нуух замаар Т.А-г төөрөгдөлд оруулж Т.А-н хүргэн А.Б-р дамжуулан 500.000.000 төгрөгийг залилан авсан,
2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ны орон сууцны гадна “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон М.Ц-с 15.000.000 төгрөгийг залилан авсан,
3, 4 дүгээр цахилгаан станцын ажилчдын 196 айлын орон сууцны барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд ар хорооллын 26 байрны гадна “Квом” ХХК-ний захирал М.Ж-с 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөгийг залилан авсан,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Т.Б-с 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 160.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 29.000.000 төгрөг нийт 209.000.000 төгрөгийг залилан авсан,
“Max импекс” ХК-тай мах нийлүүлэх гэрээтэй гэж хуурч “Хамтарч ажиллана, ашиг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон М.Б-с 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын хугацаанд нийт 200.000.000 төгрөгийг залилан авсан,
2015 оны 11 дүгээр сарын 24, 26-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Max импекс” болон ШШГЕГ-ын хооронд байгуулсан гэрээг үзүүлэн найз нь энэ дунд нь өөрийнхөө махыг оруулж хорих ангиудад тараалгаад “Max импекс” ХК-аар дамжуулан мөнгөө гаргуулаад авчихна” гэж хуурч, зохиомол байдлыг эориуд бий болгон, хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар Ч.Э-г төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 200.000.000 төгрөгийг шилжүүлэн залилан авсан,
2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Зам барилгын ажил хийнэ, мөнгө эээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ж.Э-г төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 58.000.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 1.232.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,
Ц.Б- нь Г.Б-тай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах импекс” ХК-ний байранд Ц.Б-д холбогдох хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нь нотлох баримт болох “Мах импекс” ХК-ийн дэд захирал Ч.У, Онцгой байдлын хурандаа Ц.Б- нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн,
Г.Б- нь Ц.Б-тай бүлэглэн:
2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Max импекс” ХК-ны байранд Ц.Б-д холбогдох хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нь нотлох баримт болох “Max импекс” ХК-ийн дэд захирал Ч.Уламбаяр, Онцгой байдлын хурандаа Ц.Б- нарын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусадтай бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусадтай бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 3.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ы үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 18.000.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон 1 жил 6 сарын хугацаанд, шүүгдэгч Г.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- нь энэ хэрэгт 105 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 1.575.000 төгрөгийг эдлэх ялаас хасч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гэмтэлтэй сидиг хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 ширхэг 99-99 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00360154 дугаартай гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн гэх 99-99 УБР улсын дугаартай “Toyota Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б- нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-аас нийт 73.700.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч М.Б-т 61.700.000 төгрөг, хохирогч М.Цогтбаатарт 12.000.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Ц.Б- нь хохирогч Т.А, М.Ж, Т.Б, Ж.Э, Ч.Э нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогч М.Б-н 61.700.000 төгрөгийн, хохирогч М.Ц-н 12.000.000 төгрөгийн хохирлыг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч М.Б-ийн өмгөөлөгч К.Манлай гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц.Б- нь 4 жилийн хугацаанд 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдаас нийт 1.232.000.000 төгрөг залилан авсан байдаг. Энэ гэмт хэргийг шалгах явцад гэмт хэргийг үгүйсгэх боломжтой нотлох баримтыг хуурамчаар үйлдэн цагдаагийн байгууллагад гарган өгч хэрэгт хавсаргасан байна. Эрүүгийн хуульд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь хувийн байдлыг нь дээрдүүлэх чухал нөхцөл болдог боловч Ц.Б- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад гэм буруугаа үгүйсгэсэн байна. Ц.Б- өөрийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэж, хохирогчдын эрх, ашиг сонирхлыг үл тоомсорлож 5 жил боллоо. Тэрээр өөрт нь ял оногдуулах шүүх хурлын явцад ч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хохирлыг нөхөн төлсөнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас М.Б-н эрх зөрчигдөж, эдийн засгийн хүнд байдалд орсон боловч гэм буруутай этгээдийн зүгээс уучлалт гуйж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулинд эрүүгийн хариуцлагын зорилгыг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ. 4 жилийн хугацаанд 1.232.000.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан мэхэлж авах нь өөрийн орлогыг эх үүсвэрийг гэмт хэргээр хангаж буй хэрэг юм. Шүүгдэгч Ц.Б- нь энэ гэмт хэргийн ард хохирогч нарын амьдрал байгаа гэдгийг ойлгож, гэмшээгүй гэдэг нь хэргийн материал, шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Түүний бусдыг залилан мэхэлсэн үйлдэл нь шууд санаатай бусдад их хэмжээний хохирол учруулж, өөрөө ашиглах зорилготой байсан нь шинжлэн судалсан нотлох баримтаас харагддаг боловч шүүхээс торгох ял оногдуулсан нь гэм буруугийн хэлбэрт бүрэн тохироогүй байна. Шүүхээс 18.000.000 төгрөгөөр торгосон нь түүний залилан авсан 1.232.000.000 төгрөгийн өчүүхэн хэсэг байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг, хохирол нөхөн төлөгдсөн эсэх, хохирогч гомдол саналтай эсэхийг харгалзан үзээгүй нь илэрхий байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг нуун далдлах зорилгоор өөр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болдог. Шүүхээс хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилгыг хэрэгжүүлээгүй байх нөхцөл байдал бий болжээ. Ц.Б-д шүүхээс оногдуулсан 18.000.000 төгрөгөөр торгох ял нь үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Б-ы өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Б- нь энэ хэрэгт холбогдсоноос хойш 5-6 жил ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, ял эдэлсэнтэй адил нөхцөл байдалд байсан учраас хэргийг эцэслэн шийдвэрлүүлье гээд давж заалдах гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүх нь давж заалдах гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй тул дараах тайлбарыг гаргаж байна. М.Б- нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 200.000.000 төгрөгийг залилуулсан гэж гомдол гаргасан байсан. М.Б-н өмгөөлөгчийн зүгээс Ц.Б-ы ял хөнгөдсөн, өөр гэмт хэргүүдэд холбогдсон зэргээр түүний хувийн байдалтай холбоотойгоор давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. М.Б нь 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Б-ы 5022485879 дугаартай Хаан банкны данс руу 50.000.000 төгрөг, дараа нь 90.000.000 төгрөг шилжүүлж нийт 140.000.000 төгрөгийг зээлүүлсэн. Энэ мөнгөнөөс 135.300.000 төгрөгийг хүүгийнх нь хамт М.Б нь хүлээж авсан. 64.700.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх баримт байгаа /4 дүгээр хх-ийн 112-113 дахь тал/. Гэтэл үүн дээрээ дахин 200.000.000 төгрөг өгсөн мэтээр мэдүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Тэгэхээр дахин 200.000.000 төгрөг өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зээлсэн 50.000.000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр М.Б-н Хаан банкны 5128011138 дугаартай дансанд Б-с 99117199 гэх гүйлгээний утгатай 51.000.000 төгрөгийг шилжүүлсэн /4 дүгээр хх-ийн 185 дахь тал/. Мөн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зээлсэн 90.000.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 6.800.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 187 дахь тал/, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 190 дэх тал/, 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 4.000.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 191 дэх тал/, 2015 оны 9 дүгээр сарын 4-ний 9.500.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 193 дахь тал/, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 8.000.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 193 дахь тал/, 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 5.000.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 194 дэх тал/, 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 2.000.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 194 дэх тал/, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 195 дахь тал/, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 2.000.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 196 дахь тал/, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 196 дахь тал/, 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 6.000.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 197 дахь тал/, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 197 дахь тал/, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1.500.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 204 дэх тал/, 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг /4 дүгээр хх-ийн 206 дахь тал/ нийт 82.300.000 төгрөгийг М.Б-н Хаан банкны 5128011138 дугаартай дансанд “Ц.Б-аас” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-ээс нотлох баримтаар гаргасан дансны хуулгаар энэ нь нотлогдож тогтоогдсон. Түүнчлэн М.Б нь Ц.Б-аас 140.000.000 төгрөгийн хүү гэж 95.000.000 орчим төгрөгийг авсан болох нь гэрч Жаргалсайханы мэдүүлгээр нотлогддог /4 дүгээр хх-ийн 215-216 дахь тал/. Эдгээр баримтуудаас харахад М.Б нь Ц.Б-аас 228.300.000 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байхад дахин төлбөр төлөх ёстой юм шиг давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Ц.Б-ыг гэм буруутайд тооцсон учир яах аргагүй шийтгэх тогтоолд зааснаар М.Б-т 10.000.000 төгрөгийг төлсөн. Иймээс давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үндэслэж М.Б-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Б-ы өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн хэргийн тухайд одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг хэрэглэх ёстой. Энэ хэрэг нь 2015 оноос 2017 оны 4 дүгээр сарын хооронд буюу 2002 оны Эрүүгийн хуулийн үед үйлдэгдсэн гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 184.4 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж, хууль буцаан хэрэглэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Иймээс шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлага нь цээрлүүлэх зорилготой тул ял хөнгөдсөн байна гэж байна. Энэ хэргийг шалгаад 5 жил гаруй өнгөрсөн. Энэ хугацаанд хохирогч болгон санал, хүсэлтээ мөрдөгч, прокурор, шүүхэд гаргаж байсан. Энэ талаар ч анхан шатны шүүх хуралдаанд нэлээдгүй мэтгэлцсэн. Мөн шүүгдэгч Ц.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр 5 хоногийн завсарлага авч, санаачлага гаргаж байгаа нь өөрийн үйлдсэн хэрэг, хохиролд хэрхэн хандаж байгааг харуулж байна. Энэ хооронд М.Цогтбаатар, М.Б- нарт үлдэгдэл төлбөртэй байна. Үүнийг 12 дугаар сарын дотор төлөхийг шүүхээс үүрэг болгож даалгасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв
Шүүгдэгч Ц.Б-ы өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирол төлбөрийн талаар ярьсан. Ингэхэд хохирогч М.Б-ийн өмгөөлөгч К.Манлай шүүх хуралдаанд оролцоогүй, эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал, дүгнэлт бичгээр гаргаж өгөөгүй. Мөн өмгөөлөгч К.Манлай нь иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй. Гэтэл хохирогч, иргэний нэхэмжлэгч нь ямар нэгэн байдлаар гомдол саналтайгаа хэлээгүй, зөвхөн танилцсан гэж гарын үсэг зурсан байсан. М.Б- нь 140.000.000 төгрөгийг 2 хувааж Ц.Б-д зээлүүлсэн. Үүнийгээ зээлийн гэрээний дагуу хүүтэй нь буцааж төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Жаргалсайханы мэдүүлгээр тогтоогдсон. Иймээс М.Б-т холбогдох хэсэг нь иргэд хоорондын зээлийн гэрээний шинжтэй үйлдэл гэж дүгнэх боломжтой. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Хохирогч Ж.Энхболдын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй.” гэв.
Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-д торгох ял оногдуулсан талаар шийтгэх тогтоолд үндэслэлтэйгээр тайлбарласан. 1.232.000.000 төгрөгийн хохирол учруулсан боловч дийлэнх хохирлоо төлсөн. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой тул торгох ял оногдууллаа гэж шийтгэх тогтоолд тодорхой үндэслэлүүдийг дурдсан. Иймд хохирлын дийлэнх хувь төлөгдсөн тул торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Б-ы зүгээс М.Б-т холбогдох хэсэг нь гэм хэргийн шинжгүй гэж байна. Гэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй. Мөн эхлээд 64.700.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхэд хохирол төлөхөө илэрхийлж 5 хоногийн завсарлага аваад 61.700.000 төгрөгийн хохирол төлбөрийн үлдэгдэлтэй болж шийдвэрлэгдсэн. Үүнийг шүүгдэгч талаас хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй. Мөн М.Б-т “Мах импекс” ХХК-тай байгуулсан гэрээгээ үзүүлж хамтарч ажиллах санал тавьж 200.000.000 төгрөгийг авсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн анхнаасаа “Мах импекс” ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй болох нь тогтоогдсон. Иймд залилах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Г.Б- нарт холбогдох хэргийг хохирогч М.Б-ийн өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэлэлцэж байгаа боловч тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ц.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 18.000.000 төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан ““дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй бол” анхан шатны шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ““шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй“ бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн хэрэглэж, шүүгдэгч Ц.Б-ы эрх зүйн байдлыг хүндрүүлэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, “үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргүүдийг үйлдэж, нэр бүхий хохирогч нарт нийт 1.232.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай”-д тооцогдож, “73.700.000 төгрөгийг гаргуулан нэр бүхий хоёр хохирогчид олгох”-оор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдалд нь торгох ялыг сонгон хэрэглэсэн нь буруу болжээ гэж үзэхээр байна.
Иймд хохирогч М.Б-ийн өмгөөлөгч К.Манлайгийн “шүүгдэгч Ц.Б-д хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл болов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/662 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Ц.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт, шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ