Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 151/2024/00096/И |
Дугаар | 151/ШШ2024/00284 |
Огноо | 2024-03-28 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 151/ШШ2024/00284
2024 03 28 | 151/ШШ2024/00284 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Алтантуул, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Д-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 880.520 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ч.О,
Иргэдийн төлөөлөгч: Д.Н,
Шүүх хуралдааны нарын бичгийн дарга: Г.Бадам
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.О хариуцагч Ч.Д-д холбогдуулан гэм хорын хохирол 880.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Миний бие 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдээ төрүүлсэн. Намайг Ч.Д эмч эмчилж байсан. 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баасан гараг байсан ба эмч Ч.Д нь Ням гарагт надад үзлэг хийж, эмнэлгээс гаргах болсон. Төрөхийн өмнө ба дараах декретийн мөнгийг эмч өөрөө хуульд зааснаар нийгмийн даатгалын байгууллагад илгээх ёстой юм байна лээ. Миний декретийн мөнгө орохгүй байхаар нь энэ талаар тодруулахаар 2023 оны 8 дугаар сард Ч.Д эмчтэй уулзахаар Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг орсон ч тэрээр байгаагүй. Хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сард Ч.Д эмчтэй уулзахаар очиход Ч.Д эмч байгаагүй тул н.Т гэх эмчтэй уулзсан. н.Т эмч ...эмчлэгч эмч нь хэн байсан бэ? Яагаад холбогдох материалыг нь илгээгээгүй юм бол... гээд намайг бүртгэл, мэдээллээс харахад миний нэр, хувийн мэдээлэл гарч ирж байна лээ. Ингээд би н.Т гэх эмчээс Нийгмийн даатгал руу миний декретийн мөнгө авах хүсэлтийг илгээж өгөхийг хүссэн. н.Т эмч хүсэлт илгээсэн ч Нийгмийн даатгалаас хүсэлтийг хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр татгалзсан. Миний бие энэ талаар Нийгмийн даатгалын хэлтэст очиж уулзахад хуулийнхаа дагуу эмч хүсэлт илгээх ч, би бас өөрөө давхар илгээх ёстой байсан юм байна лээ. Одоо бол хугацаа хэтэрсэн тул декретийн мөнгө олгогдохгүй. Тийм учраас эмч чинь чамд 880.520 төгрөгийг олгох ёстой гэж хэлсэн. Улмаар би Нэгдсэн эмнэлгийн захиргаанд өргөдөл гаргасан ба эмнэлгийн захиргаа хуралдаад, Ч.Д эмч хариу тайлбар гаргасан байсан. Түүн дээрээ ..би ажлаасаа гарсан, надад декретийн мөнгө хэрэггүй гэсэн... байсан. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр ажлаасаа ирээд Ч.Д эмчтэй уулзахад Би наад хүнийг чинь эмнэлгээс гаргасан эсэхээ мэдэхгүй байна, ямар хүн байсныг санахгүй байна, та нар шүүхэд ханд гэсэн байсан. Тийм учраас түүнийг тайлбарыг үндэслээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.
2. Хариуцагч Ч.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн иргэн амаржсаны тэтгэмж 880.520 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Шалтгаан нь тухайн эхийн амаржсаны дараах эмнэлгийн хуудас буюу листийг эрүүл мэндийн байгууллага болон холбогдох эмч намайг бичиж өгөөгүйн улмаас болсон гэж байна. Уг нь тухайн эх амаржсаны дараах тэтгэмжийн хуудсаа бичүүлж авах тухайгаа өөрөө санал, хүсэлт гаргах ёстой. Гэвч тухайн эх 2023 оны 5 дугаар сарын 14-нд ажлын бус өдрөөр эмнэлгээс гарсан. Мөн лист бичүүлэх тухайгаа огт хэлээгүй. Ийм л зүйлээс болж тухайн эх амаржсаны дараах тэтгэмжийн хуудсаа аваагүй. Энэ нь миний буруутай байдлаас огт болоогүй болохыг мэдэгдэж байна. Тиймээс тухайн эхийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3 тал/, иргэний үнэмлэхний болон хүү У.М-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 4 тал/, хүүхэд эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 5 тал/, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 605 дугаар албан бичиг /хх-ийн 6 тал/, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр албан бичиг /хх-ийн 7 тал/, Эмнэлгийн хуудас /хх-ийн 8-9 тал/, Акадоо мандал ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 10 тал/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Иргэдийн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч мэдээлэл дутуу учраас төрсний дараах тэтгэмжийн мөнгөө аваагүй юм байна. Эмч нь листийг нь илгээгээд л мөнгө нь орж ирэх байх гээд хүлээгээд сууж байсан байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн өөрийн үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж хугацаа нь хэтэрсэн болов уу гэж харж байна. Төрсөн эх маань эмнэлгээс гарахдаа эмчлэгч эмчдээ листээ бичүүлье гээд хэлчихсэн бол бичээд өгөх байсан байх гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Ч.Д-д холбогдуулан гэм хорын хохиролд 880.520 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны А/38 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох журам-ын 3.7.3-т Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг даатгуулагч /иргэн/-ийн жирэмсний чөлөө эхэлсэн болон амаржсан өдрөөс 30 хоногийн дотор тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллага олгоно гэж, мөн журмын 3.8-д Хүндэтгэн үзэх шалтгаанаар энэ журмын 3.7 дахь хэсэгт заасан эмнэлгийн хуудас бичих хугацаа хэтэрсэн тохиолдолд эмнэлгийн хуудсыг 30 хоногийн дотор нөхөн олгоно гэж, мөн журмын 4.3-т Иргэн (даатгуулагч) эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байх хугацаандаа эмнэлгийн хуудас авах эсэх талаар эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ. Иргэн (даатгуулагч)-ий мэдэгдсэний дагуу эрүүл мэндийн байгууллагаас дараах байдлаар эмнэлгийн хуудас бичиж олгоно гэж заажээ.
Мөн тус журамд заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 28 дугаар зүйлд заасны дагуу ойлгоно гэж тодруулсан байх ба уг тайлбарын 28 дугаарт ... Энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно гэж дурдсан байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.О нь хүүхдээ төрүүлсэн хугацаа буюу 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор эмчлэгч эмчдээ хандаж эмнэлгийн хуудас авахаа илэрхийлэх, хэрэв уг хугацааг дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн бол үүнийгээ баримтаар нотлоод эмнэлгийн байгууллагадаа дахин 30 хоногийн дотор хандах боломжтой байсан боловч энэхүү 60 хоногийн хугацааг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлжээ.
Нөгөө талаар, тэрээр Энэ тухайг 2023 оны 8 дугаар сард мэдсэн, мөн 11 сард Нэгдсэн эмнэлэгт хандаж хариу авсан гэх боловч хэрэгт авагдсан Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан бичгийн агуулгаас үзэхэд Ч.О эмнэлгийн байгууллагад 2023 оны 12 дугаар сард хандаж, уг хүсэлтийнх нь дагуу Нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтан шалгалтын ажиллагаа хийсэн, түүнчлэн Төв аймгийн Нийгмийн даатгалын газар 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчид хариу мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон.
Тэгэхээр дээрх журамд зааснаар нэхэмжлэгч Ч.О нь өөрөө эмнэлгийн хуудас авах эсэхээ эмчлэгч эмчдээ мэдэгдэх үүрэгтэй байх бөгөөд мэдэгдэх 60 хоногийн хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.
Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 7 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаа буюу 60 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн болохоо нотолсон нотлох баримтыг ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч Ч.Д-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй энэхүү амаржсаны тэтгэмж авах боломжийг олгоогүй гэх үндэслэл болон хариуцагчийн гэм буруу болон учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо тогтоогдсонгүй.
Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан бөгөөд энэхүү гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээд иргэн Ч.Д биш байна.
Иймд нэхэмжлэгч Ч.О нь холбогдох журамд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Ч.Д иргэний хувиар энэхүү нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд биш хэмээн тус тус дүгнэж, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Даваадоржид холбогдох гэм хорын хохиролд 880.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Д-дох гэм хорын хохиролд 880.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУУЛ
Д.МӨНХБҮРЭН