Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2024/00288

 

 

 

 

 

 

 

2024 03 29

151/ШШ2024/00288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Б-т холбогдрх,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С,

Хариуцагч П.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч П.Б-т холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Д.М миний бие П.Б-тэй харилцан тохиролцож 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хээр зүсмийн хурдан морийг Эрүүл, уралдах чадвар өндөр, ямар нэгэн асуудал байхгүй гэж баталгаа гаргасан тул 60.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээний үнэ болох 30.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдсэн 30.000.000 төгрөгийг машин оролцуулан бартераар төлөхөөр тохиролцож, хурдан морь худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан. 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрөө 30.000.000 төгрөгийг О.Х-ын Хаан банкны ******** тоот данснаас П.Б-ийн Хаан банкны ******** тоот дансанд ******** гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Үлдэгдэл 30.000.000 төгрөгийн машиныг шилжүүлээгүй болно. Хээр зүсмийн хурдан морио авсны маргааш нь буюу 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдаанд оролцуулахад 9 дээр давхиж ирсэн. Тус уралдаанд П.Б өөрөө ч ирсэн байсан. Барианд орж ирснийхээ дараа хээр морь цустай шээсэн. Шинжилгээнд оруулахад зүрх, элэг, бөөр өөрчлөлттэй үрэвсэлтэй байснаас цусаар шээсэн гэсэн. Эмчилгээ хийлгэх шаардлагатай тул 500.000 төгрөгийн эмчилгээг тухайн өдөр хийлгэсэн. Үүний дараа П.Б-тэй холбогдож Надад зүрх, элэг, бөөр өөрчлөлттэй үрэвсэлтэй морийг эрүүл, уралдах чадвартай гэж зарсан байна, наймаагаа буцаая гэхэд уурлаж хэл амаар доромжилж байсан. Хээр морио буцааж авна гэж байсан тул 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр аваачиж өгөхөд хүлээгээд авсан. Гэтэл одоог хүртэл миний төлсөн 30.000.000 төгрөгийг буцаан өгөөгүй байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Иймд Д.М би хариуцагчтай 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хээр зүсмийн хурдан морь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул уг гэрээний үр дагавар 30.000.000 төгрөгийг хариуцагч П.Б-ээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ... Хариуцагч хээр морио буцаан авсан тул гэрээний дагуу 35.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2. Хариуцагчийн П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.М-д зарсан хээр морь маань их хурдан байсан. 20 хоногийн дотор 3 түрүүлж, 2 аман хүзүүдсэн байсан. Хурдалж байхад нь маш орон хүн морийг маань худалдан авах санал тавьж байсан. Манай нэг танил хээр морийг маань 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр болох уралдаанд түрүүлчих юм бол 60.000.000 төгрөгөөр бүү хэл 100.000.000 төгрөгөөр авна гэж хэлж байсан. Гэтэл уралдаан болохоос 2 хоногийн өмнө Д.М гэх хүн, уяач гэх хүнтэй, бас нэг үл таних хүн 3-лаа ирж, миний морийг Худалдан авъя, бид том наадамд уралдуулна, жижиг наадамд бүү уралд гэх зүйл ярьсан. Тэгэхээр нь Та бүхэн сайн үзэж хараарай, таалагдаж байвал ав, миний морийг улс бүсийн наадамд сайн давхиулаарай, би өөрөө дээшээ уралдуулж чадахгүй байх, тийм учраас 70.000.000 төгрөгөөр зарна гэдгээ хэлсэн. Гэтэл Д.М Наймаа юм чинь ярих байлгүй гэж хэлээд 30.000.000 төгрөгийг миний данс руу хийсэн. Үлдэгдэл төлбөрт машин /мосттой Бонго/ оролцуулахаар харилцан тохиролцсон. Ингээд мөнгө нь орчихсон тул хээр морио хүргээд өгсөн. Морио аваад очиход Д.М ...Хурдан морь авсан баяраа тэмдэглээд Улаанбаатар хотод шоудаад явж байна, хашаанд үлдээчих... гэж хэлсэн. Би морио үлдээгээд явсан. Тухайн үед би Морь надад байж байг, уралдах болбол та бүхний нэр дээр уралдаг гэж хэлсэн боловч Д.М Том наадамд уралдуулна, тэгэх шаардлагагүй гэж хэлсэн. Улмаар 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр болох уралдаанд уралдуулахын тулд 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хээр морийг Морьтон эмнэлэгт шинжилгээнд оруулахын тулд нойрсуулах тариа хийсэн байсан. Шинжилгээний дараа Д.М надад ...Морийг шинжилгээнд хамруулсан, ямар ч асуудалгүй байна. Маргаашийн наадамд уралдуулна.. гэх зүйл ярьсан. Би маргааш нь наадам дээр очиж морио хэрхэн уралдаж байгаа талаар харсан. Хээр морь тархинд уралдаж байсан ба тухайн уралдаанд 8 билүү 9 дүгээр байрт орсон ба Д.М-ээс Хээр морийг яагаад хойгуур уралдчихав аа? гэж асуухад Д.М ...Морь хэдэд орох нь хамаагүй, энд чи, бидний буруу байхгүй, Монгол хүн наймаа хийсэн тул би үлдэгдэл тооцоог нь хийнэ, чи гэртээ хариад байж бай... гэж хэлсэн. Ингээд би гэртээ харьсан. Үүний маргааш өдөр нь Морь цусаар шээгээд байна, Морьтон эмнэлэг дээр тариа хийлгээд байж байна гээд зургийг нь над руу явуулсан. Уг морь маань 3 дугаар сарын 09-ний уралдаан болохоос хэдхэн хоногийн өмнө хол түрүүлчихсэн, маш хурдан байсан. Яагаад ийм зүйл болсныг мэдэхгүй, учир битүүлэг л зүйл болчихсон. Би морио авъя, чи 30.000.000 төгрөгөө эргүүлэн ав гэж хэлээгүй, наймаа нэгэнт хийгдсэн, морь маань янз бүр болчихсон байвал яах юм бэ? Тэрнээс үнэтэй зарах байсан морь, би үлдэгдэл мөнгөө авахын тулд морийг Д.М-ээс хүлээн авсан. Ийм л зүйл болсон. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин гэрээний дагуу нэхэмжлэгчээс 35.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж 308.000 төгрөг төлсөн баримт, О.Х-ын Хаан банк дахь дансны хуулга, Морьтон үндэсний адууны эмнэлгийн шинжилгээний хариу, үзлэгийн хуудас, талуудын хооронд харилцаж байсан чатны хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, өмгөөлөгч Ө.С-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагчаас өмгөөлөгч Ц.Э-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хурдан морины үнэмлэх, өргөмжлөлийн хуулбарууд, улсын тэмдэгтийн хураамж 332.950 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Шинжээч эмчийн дүгнэлт авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.М хариуцагч П.Б-т холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч П.Б нэхэмжлэгч Д.М-д холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан ба нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус эс зөвшөөрч маргасан.

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Д.М, хариуцагч П.Б-ээс уралдах чадвар бүхий хээр зүсмийн морийг худалдан авахаар тохиролцож, тухайн өдрөө хариуцагчид 30.000.000 төгрөгийг шилжүүлж, морийг 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан үйл баримт тогтоогдов.

Талууд худалдах-худалдан авах гэрээний үнийг 60.000.000 төгрөг болон 65.000.000 төгрөг хэмээн зөрүүтэй тайлбарлах боловч нэхэмжлэгчээс Үлдэгдэл мөнгөнд Бонго маркийн автомашин тооцон шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд түүний ханш тухайн үедээ 30.000.000-35.000.000 төгрөгийн үнэтэй байсан. Би 30.000.000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцсон гэж тайлбарласан тул тэднийг 60.000.000 төгрөгөөр гэрээний үнээ тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хариуцагч гэрээний үнийг 65.000.000 төгрөгөөр тохиролцсон гэх боловч үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

4. Мөн талууд морийг 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүлээлцсэн, буцаагаад 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч П.Б-т хүлээлгэн өгсөн талаар маргаагүй.

Гагцхүү нэхэмжлэгч Морийг хүлээн авсны маргааш буюу 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд болсон уралдаанд уралдуулсан, ингэж уралдахдаа 9 дүгээр байрт орсон, мөн уралдаж ирсний дараа цустай шээж, шинжлүүлэхэд элэг, бөөрний үрэвсэлтэй, зүрхний өөрчлөлттэй болох нь шинжилгээгээр тогтоогдсон тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, морийг буцаан хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж, морийг буцаан өгсөн нь энэхүү хуульд нийцсэн байна.

Харин гэрээний дагуу шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг бүхэлд нэхэмжлэгчид хариуцагчаас гаргуулж олгох боломжгүй гэж үзсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Морьтон үндэсний адууны эмнэлгийн шинжилгээний хариу болон 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тус эмнэлгийн үзлэгийн хуудаст Шингэн алдалттай, бөөрний үрэвсэлтэй, ясны бүтцэд өөрчлөлттэй, элэг, давсаг, бодис солилцооны өөрчлөлттэй, үйл ажиллагаа алдагдсан, зүрхний булчин өөрчлөлттэй, булчингийн хатинхайралттай гэмээн оношлогдсон байна.

Үүнийг нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө мэдэх боломжтой буюу тэрээр шалгаж авах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн өөрийн зорилгод нийцүүлэн морийг уралдуулж ашигласан, уралдаанд оролцуулахаас өмнө нойрсуулах үйлчилгээтэй тариа тарьсан зэргээс дүгнээд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохирол учирсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлага 30.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 25.000.000 төгрөгийг хариуцагч П.Б-ээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

5. Хариуцагч П.Б нь нэхэмжлэгч Д.М-ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасан бөгөөд нэгдүгээрт, гэрээний үнийг 65.000.000 төгрөг болохыг баримтаар нотлоогүй, хоёрдугаарт, гэрээний зүйл болох хээр зүсмийн морийг буцаан хүлээн авсан тул тэрээр нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсаныг үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгч Д.М-ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35.000.000 төгрөгийг гаргуулж хариуцагч П.Б-т олгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.000 төгрөг, хариуцагч П.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-ээс 282.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгоно.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Шинжээч эмчийн дүгнэлт гэх баримтыг шүүх баримтаар үнэлээгүй бөгөөд энэхүү баримт нь хэрэгт ач холбогдолгүй байгааг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч П.Б-ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 25.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.000.000 төгрөгийг болон нэхэмжлэгч Д.М-д холбогдох Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч П.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.000 төгрөг, хариуцагч П.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-ээс 282.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА