| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00196/И |
| Дугаар | 151/ШШ2024/00312 |
| Огноо | 2024-04-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2024/00312
| 2024 04 05 | 151/ШШ2024/00312 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 32.900.460 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,
Хариуцагчийн төлөөлөгч: П.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 32.900.460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1. Манай компани нь "Ш" ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ****** дугаар Зээлээр ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээгээр ургамал хамгааллын феноксоп 100, КЭ гербицид 380 л, Дива, СЭ гербицид 110 л, Трибинистар, ВДГ, гербицид 5,5 кг тус тус 28.265.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож, бодисоо хүлээн авч, ашиглачихаад төлбөрөө төлөөгүй байна. Бид төлбөр төлөх нөхцөлөө урьдчилгаа 5.653.000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр, үлдэгдэл 22.612.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр тохиролцсон байсан. Тус гэрээний 4.3-т "... Хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө" гэж заасан байдаг. Иймд алданги, үлдэгдэл төлбөр, нийт 32.900.460 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Гэрээний 5.1-д маргаан гарвал тус шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрээгээр маргаан шийдвэрлэх шүүхээ сонгож болохоор заасны дагуу нэхэмжлэл гаргасан болно гэжээ.
2. Хариуцагч Ш ХХК-ийн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбар гаргаж байна. Тус хоёр компани нь олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн ба бид ****** тоот гэрээг байгуулсан нь үнэн. Гэвч дараах хэд хэдэн нөхцөл байдлын улмаас өнөөдрийг хүртэл гэрээний биелэлтийг хангаж чадаагүй. Үүнд: 1. Монгол Улсын нэлээдгүй хэсгийг хамарсан зудны гамшиг нүүрлэж, мал аж ахуйн салбарт маш их хохирол учраад байгаагийн нэгэн адил 2023 оны ургацын жил олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас ургац алдаж, хохирол амссан. 2. Монгол Улсын Засгийн газраас олон мянган тонн улаан буудайг импортын татварыг нь тэглэн оруулж ирснээс болж улаан буудай болон тэжээлийн борлуулалтад их сөрөг нөлөө үзүүлсэн. 3. Хураан авсан ургацыг борлуулахаар хөөцөлдөж байгаа ч үнэтэй импортын будаа, тэжээлийн нийлүүлэлтийн улмаас борлуулалтын хүндрэл гарсан. 4. Газар тариалангийн салбарт хамтран ажилладаг компаниудын нэгэн адил тухайн жилийн ургацын үр дүнгээр төлбөр барагдуулах нөхцөлтэйгээр урьдчилгаа мөнгө төлөн, хөрөнгийн барьцаа ханган борлуулагч талын үйл ажиллагааг дэмжин ирүүлсэн гэрээг батламжилсан. Манай компани гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр 22.612.000 төгрөгийг 2024 оны 2 дугаар улиралд багтаан төлж барагдуулах ба харин алдангийн хэмжээг дээрх шалтгаанаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б болон хариуцагчийн төлөөлөгч П.Э нарын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш ХХК-д холбогдох иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрч байна. 1. Хариуцагч Ш ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болон тохиролцсон алданги /өмгөөллийн хөлс, тэмдэгтийн хураамж/ нэмээд 25.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлнө. 2. Хэрэв 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлөхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр өдөр бүр 0,5 хувийн алдангийг тооцож Д ХХК-д Ш ХХК нь төлнө. 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 7.960.460 төгрөгөөс татгалзаж байгаа болно гэжээ.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 322.453 төгрөг төлсөн баримт, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас Э.Б-д олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ****** дугаар Зээлээр ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, Ш ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, урьдчилгаа төлсөн тухай дансны хуулга зэргийг ирүүлсэн.
6. Хариуцагчаас иргэн Э.Э-д олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ***** тоот албан бичиг зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д ХХК болон хариуцагч Ш ХХК-ийн хооронд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ****** дугаар Зээлээр ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагч нь 28.265.000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын феноксоп 100, КЭ гербицид 380 л, Дива, СЭ гербицид 110 л, Трибинистар, ВДГ, гербицид 5,5 кг-ийг тус тус худалдан авсан, урьдчилгаа 5.653.000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн талаар маргаагүй.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээний үүрэг буюу үндсэн төлбөр 22.612.000 төгрөг, алданги 10.288.460 төгрөг, нийт 32.900.460 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээ байгуулсан.
Уг гэрээнд зааснаар нэхэмжлэгч алданги 7.900.460 /7.960.460 гэж буруу бичигдсэн/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 25.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч Ш ХХК нь 25.000.000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлөх, хэрэв уг хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр өдөр бүр 0,5 хувийн алдангийг тооцож нэхэмжлэгч Д ХХК-д төлөхөөр тус тус тохиролцжээ.
4. Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг тооцон нийт 25.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд тохиролцож, хураамжийг урьдчилан хуваарилсан тул нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322.453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 7.900.460 төгрөгөөс татгалзаж, үлдэх 25.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч Ш ХХК нь 25.000.000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлөх, хэрэв уг хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр өдөр бүр 0,5 хувийн алдангийг тооцож нэхэмжлэгч Д ХХК-д төлөхөөр тус тус зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322.453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА