Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 00287

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-д холбогдох эрүүгийн 1738000000060 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.О. 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гар урлаач мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй.

Шүүгдэгч О.О нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Э.Н-ийн Samsung S-3 маркийн 80.000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон 1.500 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан мөн насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн Nokia маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.О нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Э.Н-ийн Samsung S-3 маркийн 80.000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон 1.500 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан мөн насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн Nokia маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 20 минутын үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаанд байх дадлагын байрыг ангийн хүүхэд болох Д, И, Ө нарын хамт цэвэрлэгээ хийчихээд байраа түгжээд байж байтал үл таних хоёр эрэгтэй хүүхэд бид дөрөв дээр хүрч ирсэн. Тэгснээ тэр хоёр залуугийн хөх цамцтай залуу “та хоёрыг дуудаад байхад ирэхгүй яагаад хэгжүүрхээд байгаа юм бэ” гээд И-ийн нүүр хэсэг рүү цохисон. Мөн миний цээж хэсэг рүү хөх цамцтай залуу гараараа цохисон. Мөн Ө-ийн цээж хэсэг рүү хөх цамцтай залуу цохисон. Хамт явсан эрэгтэй хүүхэд хүн цохиогүй. ...Тэгтэл хөх өнгийн цамцтай залуу бид нарыг кармаанд байгаа зүйлүүдээ бүгдийг нь гаргаад ир гэж хэлсэн. Тэгээд би айсандаа өмдний баруун халаасанд байсан Samsung S-3 маркийн гар утас, мөн зүүн халаасанд байсан 1.500 төгрөгийг авчихаад хамт явсан улаан цамцтай залууд өгсөн. ...Тэгээд би хөх цамцтай залуугаас утсаа авъя гэсэн чинь сургуулийн гадаа гарч ирээд ав гэсэн. Тэгээд би ганцаараа нөгөө хоёр залууг дагаад сургуулийн гадаа гарч ирсэн. ...Хөх цамцтай залуу чи ганцаараа хоцорсон юм байна чамайг хавчиг гудамж руу оруулж байгаад зодно гэж хэлээд утасныхаа кодыг тайл гэж хэлэхээр нь кодыг нь тайлж өгсөн. ...Тэгтэл хавчиг дотор манай сургуулийн сургалтын менежер П, нийгмийн ажилтан М, засварчин багш Э нар хүрч ирээд миний утсыг дээрэмдээд авч явж байсан хоёр хүүхдийг барьж аваад сургууль дээр авчраад сургалтын албаны өрөөнд оруулж байгаад тэр хоёр залуугаас энэ хүүхдүүдийн мөнгийг гаргаад ир гэж хэлсэн чинь улаан цамцтай залуу халааснаасаа миний 1.500 төгрөгийг гаргаж өгсөн. Миний утсыг хөх цамцтай залуу өөрөө гаргаж өгсөн. ...Тухайн үед гэдсэндээ цохиулснаас болж өвдөж байсан. Одоо ямар нэгэн өвдөлт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сангийн ангийн хүүхдүүдийг тэр хоёр танихгүй залуу мөн дуудсан юм шиг байсан. Сангийн ангийн дөрвөн хүүхдийн хамт дуудсан гэх залуу дээр очсон. Тэгсэн сангийн ангийн хүүхдүүдийг жижиг биетэй хөх цамцтай залуу нэг нэг цохиж аваад кармаанд байгаа  юмнуудаа гаргаад ир гэсэн чинь сангийн ангийн хүүхдүүд халаасаа ухаад гар утас, мөнгө гаргаж өгсөн. Тэгээд над дээр ирээд кармаанд байгаа юмаа гарга гэхээр нь өмдний баруун талын халаасанд байсан шар өнгийн Nokia маркийн утсыг гаргаад ирсэн чинь тэр жижиг биетэй залуу аваад сургуулийн хашааны үүдэн дээр очоод аваарай гэж хэлэхээр нь өгөх байх гэж бодоод араас нь сургуулийн хашааны үүдэнд очсон чинь тэр чигтээ цаашаа яваад өгсөн. ...би өөрийнхөө гар утсыг цагдаа дээрээс ирж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

Гэрч Е.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 13 цаг өнгөрч байхад сурагч И манай өрөөнд орж ирээд хүүхдүүд юм булаагаад аваад явчихлаа гэж хэлэхээр нь И-ийн хамт өрөөнөөсөө гараад замаараа сургалтын арга зүйч Ш.П багшийн өрөөгөөр шагайж хүүхдүүдийн юмыг булааж авсан байна гараад ирээрэй гэж хэлээд гүйгээд сургуулийн үүдэн дээр гарсан чинь Э багштай тааралдаад ... машинаар нь сургуулиас гараад сургуулийн хойд талын эхний хавчиг гудамжинд явж байхад нь хүүхдүүдийн эд зүйлийг авсан хоёр хүүхдийг барьж авсан. Тэр хоёр хүүхдийг утсаа булаалгасан хүүхдүүдээр заалгаж барьж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...надад ямар нэг санаачилсан зүйл байхгүй. О МСҮТ оръё гэж явж байгаад хүүхэдтэй уулзъя гээд уулзахдаа гар утсыг нь авсан. О яагаад хүүхдийн утас авах болсныг мэдэхгүй. Би О-г хүүхдийн утас авахыг харсан. Шар өнгийн утсыг О утсаа гаргаад ир гэхэд утсаа гаргаж ирсэн. ... хар өнгийн хавтгай утсыг О цээж хэсэг рүү нь цохиж байгаад утсаа гаргаад ир гэсэн чинь гаргаж өгөхөөр нь авсан. ...О намайг наад утсаа кармаандаа хийчих сургуулийн хашаанаас гараад өгье гэхээр нь кармаандаа хийчихсэн юм“ гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ө, И, Н бид хэд дадлагынхаа ангийг цэвэрлээд гарч явсан чинь хоёр хүүхэд дуудсан. Тэгээд намхан гэзэгтэй банди нь бид дөрвийг наашаа хүрээд ир дагаад яв гэж хэлэхээр нь бид хэд тэр хоёр бандийг дагаад барилгын дадлагын газар руу явсан. Тэгээд тэнд очоод та нар яагаад дуудаад байхад ирэхгүй пээдийгээд байгаа юм бэ гээд намхан нуруутай хөх цамцтай гэзэгтэй банди бид нарт хэлсэн. Тэгээд хэлэнгүүтээ бид хэдийг цохиж эхэлсэн. Эхлээд Н-ийн гэдэс рүү цохиод дараа нь И-ийн уруул руу, мөн Ө-ийн гэдэс рүү цохисон. Намайг цохих гэхэд нь гараас нь бариад авсан. Дахиад цохих гэхэд нь би бултсан. ...бид хэдийг халаасанд байгаа эд зүйлээ гаргаад ир гэж нөгөө намхан банди бид нарт хэлсэн. Тэгтэл Н халааснаасаа гар утсаа гаргаад ирсэн чинь нөгөө намхан залуу нь булааж аваад ширээн дээр сууж байсан өндөр нуруутай залуудаа өгсөн. ...Н-д сургуулийн хашаанаас гараад утсаа аваарай гээд яваад өгсөн. Бид гурав сургуулийн менежерт болсон явдлаа хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Ш.П-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч О.О нь насанд хүрээгүй хохирогч Э.Н, М.Э нарт гар утас болон эд зүйлийг буцааж өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.О-ын хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/  зэргээр, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 1738000000060 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдcан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч О.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-г 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн 1738000000060 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.АРИУНЖАРГАЛ