Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 159/ШШ2024/0002

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                 

Хэргийн индекс: 159/2023/0066/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Сэлэнгэ моностой” ХХК, “Алтайдайхан холдингс” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/155 дугаар газар ашиглах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, *******,*******, *******,*******, *******,17 га, *******, га нийт 810,98 га газрын газар ашиглах эрхийг “Алтайдайхан холдингс” ХХК-нд олгохыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Сэлэнгэ моностой” ХХК-ийн захирал Ц.Мөнхжаргал, “Алтайдайхан холдингс” ХХК-ийн захирал , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч , хариуцагч , орчуулагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Сэлэнгэ моностой” ХХК, “Алтайдайхан холдингс” ХХК нар
 шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... “Сэлэнгэ моностой” ХХК нь Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт Үр тарианы усалгаагүй тариалангийн 4 нэгж бүхий 804,55 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшиж байсан. сумын Засаг дарга асан газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг.

“Алтайдайхан холдингс” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд “Сэлэнгэ моностой” ХХК-ийн 100-н хувийн хувьцаа эзэмшигч болно. Тариалангийн талбайд оруулсан бүхий л хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Тиймээс өөрсдийн хөрөнгө оруулалтыг хамгаалах, өмнө нь эзэмших эрхтэй байсан газраа газар ашиглах эрхээр буцаан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газарт гомдол гаргасан.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 413 дугаар тогтоолоор Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор “Алтайдайхан холдингс” ХХК-ийн газрын тусгай зөвшөөрлийг орон нутгаас хүчингүй болгосонтой холбоотой үүссэн гомдлыг судалж, хуулийн дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын сайд,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга , Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газраас чиглэл өгөгдсөн бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг дарга ийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01/955 дугаар “Үүрэг даалгавар өгөх тухай” шийдвэрээр “... Мөн хуулийн 44 дүгээр зүйл заасан “Газар ашиглах” гэсэн хуулийн зохицуулалтаар “Алтайдайхан холдингс” ХХК-нд сумын нутаг дэвсгэрт буюу урьд ашиглаж байсан тариалангийн газрыг ашиглуулах боломжтой байна гэж санал ирүүлсэн туп тариалангийн газрыг ашиглахгай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн актыг сайтар судалж, уг асуудлыг шийдвэрлэж, мэдээллийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү.” гэж шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал өмнө нь тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан газрыг ашиглах зориулалтаар олгохоор Сэлэнгэ аймгийн Засаг дарга шийдвэрлэсэн бөгөөд “Алтайдайхан холдингс” ХХК-иас өмнө “Сэлэнгэ моностой” ХХК-ийн эзэмших эрхтэй байсан тариалангийн газраа газар ашиглах эрхээр авахаар хүсэлт гаргасан.

Гэтэл Сэлэнгэ аймгийн сумын Засаг дарга 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/155 дугаар шийдвэрээр “Тус сумын үр тарианы чиглэлээр эргэлтэд орж буй газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх тухай” 07 тоот тогтоолоор давуу эрхийн тариаланч өрхүүдэд опгохоор шийдвэрлэсэн. Иймд танай ирүүлсэн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно.” хэмээн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Үүнээс үзэхэд Сэлэнгэ аймгийн сумын Засаг дарга нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 413 дугаар “Гадаадьн хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэмж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга ийн 2023 оны 06 дугаар сарьн 07-ны өдрийн 01/955 дугаар “Үүрэг даалгавар өгөх тухай” шийдвэрийг зөрчсөн. Тус шийдвэрийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдол гаргахад 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/1725 дугаар албан бичгээр хариу өгсөн боловч гомдлын дагуу шийдвэрлээгүй болно. Хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийн улмаас “Сэлэнгэ моностой” ХХК, “Алтайдайхан холдингс” ХХК-ийн газар ашиглах эрх, хөрөнгө оруулагчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/155 дугаар газар ашиглах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, Үр тарианы усалгаагүй тариалангийн 4 нэгж бүхий 804,55 га газар ашиглах эрхийг “Алтайдайхан холдингс” ХХК-нд олгохыг даалгахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “... “Сэлэнгэ моностой” ХХК, “Алтайдайхан холдингс” ХХК нар нь Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргад холбогдуулан Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/155 дугаар газар ашиглах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрх “Алтайдайхан холдингс” ХХК-нд олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Баримттай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/155 дугаар газар ашиглах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, *******,*******, *******,*******, *******,*******, *******, га нийт 810,98 га газрын газар ашиглах эрхийг “Алтайдайхан холдингс” ХХК-нд олгохыг даалгах тухай” гэжээ.

   Нэхэмжлэгч “Алтайдайхан холдингс” ХХК-ийн захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас манай хохирлыг барагдуулах талаар тогтоол гаргасанд баяртай байдаг. Хуулийнхаа хүрээнд эзэмших эрх хүсээгүй, ашиглах эрх өгөөч гэж хүсэж байна. Сэлэнгэ аймгаас ажлын баг гаргаад манай газар дээр 4-5 удаа ажилласан. Орон нутагт үнэхээр хөрөнгө оруулалт орсон гэдгийг харсан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг нотолсон. Энэ судалгааны дагуу аймгийн Засаг дарга газар олгож болох юм байна гэсэн дүгнэлт хийж өгсөн. сумын Засаг дарга 400 га газрыг орон нутагт хувааж өгөх байгаа гэж ойлгосон. Хувийн зүгээс хүсэхэд Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тогтоол, аймгийн Засаг даргаас бидэнд ашиглах эрх олгох боломжтой гэж дүгнэсэн хариу зэргийг үндэслээд эрхийг олгож өгнө үү. Шүүхийн байгууллагаас бидний хөрөнгө оруулалт хийгдсэн газраа ашиглах боломжгүй байгааг харгалзан үзэж шийдвэрээ гаргана уу газар ашиглах эрх боломжийг гаргаж өгөөч гэж хүсэж байна.” гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Газрын харилцааны хувьд Гарын тухай хуулийг нэг мөр баримтлан хэрэглэнэ. Хариуцагчийн зүгээс Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримталсан гэж тайлбарлаж байна. Миний зүгээс дурдаад байгаа аймгийн Засаг даргын зүгээс чиглэл өгсөн. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 413 дугаар тогтоол бол сумын Засаг даргад бус Сэлэнгэ аймгийн Засаг даргад чиглэсэн зөвлөмж юм. Сэлэнгэ аймгийн Засаг даргад чиглэл хүргүүлэх байдлаар Засгийн газрын тогтоол хүргүүлсэн. Энэ чиглэлийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.4-т заасны дагуу чиглэлийг өгсөн.

            Энэхүү чиглэлийг ямар байдлаар тусгах вэ гэхээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.1-т зааснаар аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд санал өгөөд, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийн тухайн жилд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг бэлдээд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлдэг. Төлөвлөгөөний төслийг батлах эсэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэдэг. Өгсөн үүрэг чиглэлийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө саналыг оруулаад, төслийг өргөн мэдүүлнэ гэж сумын Засаг дарга албан бичгээр хийгээд, шүүх хуралдаанд өгсөн тайлбараа өгч байна. Энэ бол Газрын тухай хуульд дурдсан заалтуудыг зөрчөөд байна. Өөрөөр хэлбэл дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг зөрчиж байгаа хэлбэр юм. Иймд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-т заасны дагуу газар эзэмшүүлэх асуудлаар хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд дээд шатны Засаг дарга нь хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Тэгэхээр сумын Засаг даргын татгалзаад байгаа эс үйлдэхүй нь хууль зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.4-т заасан дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг бүхэлд нь зөрчсөн хууль бус шийдвэр байна. “Алтайдайхан холдингс” ХХК-ийн зүгээс маргаан бүхий 810.98 га газрын ашиглах эрхийг тус компанид олгооч гэж хүсэлтийг албан ёсоор өгсөн. Хүсэлтийн хариуг хууль ёсны дагуу өгөөгүй.

            Тухайн өгсөн хүсэлт нь баримтын болон бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй бол бүрдүүлбэр хангуулах нь нээлттэй. Гэтэл энэ хүсэлтээс шууд татгалзсан хариу өгч байгаа нь газар ашиглах хүсэлт өгөх аж ахуйн нэгжийн эрхийг нь зөрчсөн шийдвэр гэж харж байна. Үүнтэй холбоотой шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 810.98 га газрыг “Алтайдайхан холдингс” ХХК-нд ашиглах эрхээр хангаж өгнө үү. Харин баримтуудын тухайд гэвэл шүүхээс ямар ч шийдвэр гарч болно. Шүүгч дотоод итгэлээр үнэлэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа бол давж заалдах шатны шүүх дээр яригдана. Иймд захирамжийн биелэлт хангагдаагүй, бусад бүрдүүлвэл зохих нотлох баримтууд хангагдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гарна гэж үзэж байна.” гэв.

            Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Сэлэнгэ моностой” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлд Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/155 дугаар газар ашиглах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, Үр тарианы усалгаагүй тариалангийн 4 нэгж бүхий 804.55 гар газар ашиглах эрхийг “Алтайдайхан холдингс” ХХК-нд олгохыг даалгах тухай тусгасан байна.

            1. “Сэлэнгэ моностой” ХХК нь сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжаар эзэмшиж байсан 4 нэгж талбарыг хүчингүй болгосон шийдвэр нь шүүхийн магадлалаар баталгаажсан. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган шийдвэрлүүлэх тухай албан тоотоор хариуг хүргүүлж байсан. Дээрх “Алтайдайхан холдингс” ХХК-нд эсвэл “Сэлэнгэ моностой” ХХК-нд шууд ашиглах захирамж гаргуулах тухай албан тоот ирүүлсэн. Газрын тухай хуульд өмнө эзэмшиж байсан аж ахуйн нэгжид шууд ашиглуулах болон эзэмших давуу эрх тусгагдаагүй болно. Цаашид Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 /гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах/ болон бусад хуулийн заалтад нийцүүлэн шийдвэр гаргах болно.

            2. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Сэлэнгэ аймгийн Засаг даргаас ирүүлсэн чиглэлд хуулийн дагуу судалж шийдвэрлэх тухай албан тоот ирсэн. Хуульд өөрөөр заагаагүй бол Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу шийдвэр гарсан нөхцөлд бусад хуулийн заалтад нийцүүлэн ашиглах, сонгон шалгаруулалтад оролцох эрх нь тухайн аж ахуйн нэгжид нээлттэй байгаа тухай албан тоотыг хүргүүлж байсан. Цаашид 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал оруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан тохиолдолд дээрх 4 талбар бүхий үр тарианы газрыг эргэлтэд оруулж иргэн болон аж ахуйн нэгжид эзэмшүүлж, ашиглуулна.

            3. Иймд “Сэлэнгэ моностой” ХХК-нд 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/155 дугаартай албан тоотын хариу нь хууль зөрчөөгүй, дээд шатны Засаг даргын үүрэг чиглэлийг биелүүлээгүй гэх үндэслэл байхгүй болно. Мөн “Алтайдайхан холдингс” ХХК-нд үр тарианы усалгаагүй тариалангийн 4 нэгж бүхий газрыг ашиглах эрх үүсэх хуулийн заалт байхгүй заалт байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Сэлэнгэ моностой” ХХК болон түүний 100 хувийн хувьцаа эзэмшигч “Алтайдайхан холдингс” ХХК нь шүүхэд “Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/155 дугаар газар ашиглах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, үр тарианы усалгаагүй тариалангийн 4 нэгж бүхий 804.55 га газар ашиглах эрхийг “Алтайдайхан Холдингс” ХХК-нд олгохыг даалгах” нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/155 дугаар газар ашиглах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, *******.*******, *******.*******, *******.*******, *******. га нийт 810.98 га газрын газар ашиглах эрхийг “Алтайдайхан холдингс” ХХК-нд олгохыг даалгах” тухай гэж шаардлагаа тодруулжээ.

            Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 413 дугаартай “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 2.7-д “... “Алтайдайхан холдингс” ХХК-ийн газрын тусгай зөвшөөрлийг орон нутгаас хүчингүй болгосонтой холбоотой үүссэн гомдлыг судалж, хуулийн дагуу шийдвэрлэхийг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга , Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт” даалгажээ.

            Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01/955 дугаартай “Үүрэг даалгавар өгөх тухай” албан бичгээр “ ... тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Алтайдайхан холдингс” ХХК-ийн газар эзэмших тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон асуудлыг судалж, сумын Засаг даргын 2020 оны А/82 дугаартай шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий шийдвэр байна. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснар шийдвэрлэнэ. Мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан “Газар ашиглах” гэсэн хуулийн зохицуулалтаар “Алтайдайхан холдингс” ХХК-нд суманд урьд нь эзэмшиж байсан тариалангийн зориулалттай газрыг ашиглуулах боломжтой гэж санал ирүүлсэн тул тариалангийн газрыг ашиглахтай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн актыг сайтар судалж, уг асуудлыг шийдвэрлэж, мэдээллийг .... дотор ирүүлнэ үү” гэжээ.

            Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/155 дугаартай албан бичгээр “тус сумын үр тарианы чиглэлээр эргэлтэд орж буй газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн сумын 2023 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх тухай” 07 дугаартай тогтоолоор давуу эрхийн тариаланч өрхүүдэд олгохоор шийдвэрлэсэн ... газрын удирдлагын нэгдсэн системд шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн төрлөөр өргөдөл бүртгэх болон тус төрлүүдээр шийдвэрийн төсөл үүсгэх үйл ажиллагааг түр зогсоосон. Иймд танай ирүүлсэн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг “Алтайдайхан холдингс” ХХК-нд хүргүүлжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар нэхэмжлэгч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, сумын Засаг даргын 01/155 дугаартай албан бичгийн талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 01/1725 дугаартай албан бичгээр “... уг газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд баталсанаар Газрын тухай хуулийн 29, 30, 31, 32, 33, 44-т зааснаар хуулийн дагуу шийдвэрлэгдэхээр заагдсан байна” гэх хариуг “Алтайдайхан холдингс” ХХК-ийн захирал -д хүргүүлжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг үнэлээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэг: Нэхэмжлэгч нарын ашиглахыг хүссэн 810.98 га газрын тухайд

            Нэхэмжлэлд дурдсан “Сэлэнгэ моностой” ХХК, “Алтайдайхан холдингс” ХХК-ийн ашиглахыг хүссэн Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлалтай тариалангийн зориулалттай 810.98 га тариалангийн зориулалттай талбайг өмнө нь “Сэлэнгэ моностой” ХХК эзэмшиж байсан бөгөөд сумын Засаг даргын 2020 оны А/82 дугаартай захирамжаар хүчингүй болгосныг “Сэлэнгэ моностой” ХХК эс зөвшөөрч Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 216 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

            Сэлэнгэ аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай “Сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх тухай” тогтоолоор нэхэмжлэгч нарын ашиглахыг хүссэн 810.98 га газрыг давуу эрхийн тариаланч өрхүүдэд эзэмшүүлэх, дуудлага худалдаа зохион байгуулж бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

            Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ.”, 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална.” 54 дүгээр зүйлийн 54.4-т “Тариалангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна.” гэж тус тус заажээ.

            Үүнээс дүгнэж үзэхэд Газрын тухай хуулиар нэхэмжлэгч нарын ашиглахыг хүссэн 810.98 га газрыг өмнө нь нэхэмжлэгч буюу “Сэлэнгэ моностой” ХХК эзэмшиж байсан гэх үндэслэлээр “Сэлэнгэ моностой” ХХК болон “Алтайдайхан холдингс” ХХК  ашиглах давуу эрхтэй гэх хуулийн зохицуулалт байхгүй байна.

            Нэгэнт хуулиар ямар нэг давуу эрх олгох талаар зохицуулаагүй бол хуульд заасан журмаар буюу Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасны дагуу нэхэмжлэгч нар нь Сэлэнгэ аймгийн сумын тухайн тариалангийн талбай байрлах багийн иргэдийн Нийтийн Хуралд хүсэлтээ гаргах, уг хүсэлтийг шийдвэрлэсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлтийн хамт гаргах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ашиглуулах талаар шийдвэр гаргасан тохиолдолд сумын Засаг даргад 44 дүгээр зүйлийн 44.8-д зааснаар газар ашиглах хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргаснаар сумын Засаг дарга газар ашиглуулах захирамж гаргах түүнчлэн газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахаар хуульд заасан байна.

            Нөгөө талаас нэхэмжлэгч нар нь Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэхэмжлэгч нарт газар ашиглуулахыг даалгасан, Сэлэнгэ аймгийн Засаг дарга  сумын Засаг даргад нэхэмжлэгч нарт газар ашиглуулах талаар үүрэг болгсон талаар нэхэмжлэл болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа дурдсан бөгөөд Засгийн газрын тогтоол болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын албан бичигт зөвхөн тухайн газрыг ашиглуулах боломжтой эсэхийг судалж үзэх, хуульд заасан журмаар шийдвэрлэх талаар үүрэг болгосон  байх бөгөөд хариуцагч сумын Засаг даргад газар ашиглуулах талаар ямар нэг шийдвэр гаргахыг үүрэг болгоогүйгээс гадна Газрын тухай хуулиар тийм бүрэн эрхгүй байна.

            Мөн нэхэмжлэгч нарын ашиглахыг хүссэн газар нь сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлэхээр тусгагдсан болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Сэлэнгэ моностой” ХХК болон “Алтайдайхан Холдингс” ХХК-иас гаргасан “Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/155 дугаар газар ашиглах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, *******.*******, *******.*******, *******.*******, *******. га нийт 810.98 га газрын газар ашиглах эрхийг “Алтайдайхан Холдингс” ХХК-нд олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч , тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.ОДБААТАР