Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ДШМ/1292

 

 

 

 

 

 

   2020            10             6                                         2020/ДШМ/1292

 

 

Ц.Ж-ад холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Ц.Ж-ын өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг,    

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/506 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ж-, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, Х.Сэргэлэнбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Ж-ад холбогдох эрүүгийн 2010005420373 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Жаран овгийн Ц.Ж, 19....... оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “............” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл ............. хамт Сүхбаатар дүүргийн ............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................../;

Улаанбаатар хотын шүүхийн 1985 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар хувьд ногдох хөрөнгөнөөс 100 төгрөг хурааж, 2  сар жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Ц.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Нархан” хотхоны 61 дүгээр байрны 28 тоотод иргэн М.Ж-ын хоолойн тус газарт хутгаар түүний хүзүүний цагаан мөгөөрсөн хоолойн өмнөд ханыг гэмтээж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ж-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ж-ыг 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ж-ад оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Ж-ын цагдан хоригдсон 5 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж- нь хохирогч М.Ж-д гэм хорын хохиролд 1.630.000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч М.Ж- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Ж-аас нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, шүүгдэгч нь нэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Columbia tinlang company” гэсэн бичиг бүхий 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ж- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие өөрийн гэм буруугаа ойлгож, маш ихээр гэмшиж байна. Ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Ж-ын өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, Х.Сэргэлэнбат нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ц.Ж- нь хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд энэ гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Ц.Ж- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж хохирогчид учруулсан эмчилгээний бодит зардал болох 1.626.745 төгрөгийг төлсөн ба цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Ц.Ж-ын үйлдсэн гэмт хэргийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Ц.Ж- нь 54 настай бөгөөд түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ц.Ж-ын өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Ж- нь хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд энэ гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Ц.Ж- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж хохирогчид учруулсан эмчилгээний бодит зардал болох 1.626.745 төгрөгийг төлсөн ба цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Ц.Ж-ын үйлдсэн гэмт хэргийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Ц.Ж- нь 54 настай бөгөөд түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Ж- нь мөрдөн шалгах ажиллагаа явцад болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байсан. Анхан шүүхээс Ц.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцоход хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан. Иймд анхан шатны шүүхээс түүнд 7 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Ж- нь согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 61 дүгээр байрны 28 тоотод хохирогч М.Ж-ын хоолойн тус газарт хутгаар  зүсэж, хүзүүний цагаан мөгөөрсөн хоолойн өмнөд ханыг гэмтээсэн хүнд хохирол эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Ж-ын “...хоёр дахь шил архиа уугаад талдаа орж байхад би Ц.Ж-, Б.Ангараг хоёрыг “явъя” гээд дагуулаад явах гэтэл Ц.Ж- над руу “би явахгүй, чи яв, зайл гөлгөө” гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Би Ц.Ж-ыг орноос татаж буулгахад намайг хөлөөрөө тийрэхээр нь би гараараа 2-3 удаа цохиод чирээд явах гэж байхад Э.Батсайхан Ц.Ж-ыг байрныхаа хаалгаар гаргасан. Б.Ангараг бид хоёр “нимгэн хувцастай байгаа, хөлдөөд үхчихвэл яана” гээд буцаад оруулж ирсэн. Ц.Ж- орж ирээд над руу хэл амаар доромжлоод хэрэглээд дайраад байсан. Э.Батсайхан, Б.Ангараг хоёр Ц.Ж-ыг бариад байж байхад тайвшраад бид хоёр эвлэрсэн. Тэр үед Э.Батсайхан, Б.Ангараг хоёр цаад өрөө рүү яваад орсон. Тэрнээс цааш үйл явдлыг би санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр байсан. Тухайн үед миний биед Жаргалант гэмтэл учруулсан. Би гомдолтой байна” /хх 17-22/,

гэрч Б.Ангарагийн “...Бид нар Хараа архинаас 0.75 литрийн нэг шилийг ууж дуусгаад дараагийн шил архиа талд нь оруулаад ууж байхад М.Ж- ах гэнэт “Батсайханаа мөнгө өгчих явъя, харья” гээд явах гэтэл Ц.Ж- ах “унтаад явъя, та нар явж бай, би энд хононо” гэсэн. М.Ж- ах Ц.Ж- ахын хөлөөс нь татаад орноос унагасан. Ц.Ж- ах уурлаж М.Ж- ахын гар руу нь өшиглөхөд М.Ж- ах гараараа Ц.Ж-ын нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгэхэд М.Ж- ах Ц.Ж- ахын өмдний шуумгаас нь татаад хаалга хүртэл чирээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Тэгэхэд Э.Батсайхан ах Ц.Ж- ахын хувцаснаас нь барьж өргөөд байрныхаа хаалгыг онгойлгож коридорт гаргасан. Бид гурав ярилцаж байгаад Ц.Ж- ахыг буцаагаад оруулъя гээд оруулж ирээд том өрөөний буйдан дээр хэвтүүлсэн. Ц.Ж- ах уурлаад босож ирэхээр нь Э.Батсайхан ах бид хоёр салгаж холдуулаад 2-3 минут орчим болоход хоорондоо хэрэлдэхээ больсон. Ингээд Э.Батсайхан ах бид хоёр тал шил архиа аваад зурагттай өрөө рүү орсон. Би архиа хундагалаад Э.Батсайхан ахад өгч байхад том өрөөнд эрэгтэй хүний орилох чимээ гарахаар нь гүйж очоод харахад М.Ж- ах газар хэвтчихсэн, Ц.Ж- ах хажууд нь зогсож байснаа намайг анзаарснаа цааш гүйж нэг юм шидсэн. Тухайн өрөөнд харанхуй байсан учир би буцаж очоод Э.Батсайхан ахад “М.Ж-ын хоолойг Ц.Ж- ах хэрчсэн байна” гэж хэлээд цугтаа өрөөнөөс гарч очиход М.Ж- ах газар хэвтчихсэн, хоолойноос нь цус гарч байсан” /хх 24-25/,

гэрч Э.Батсайханы “...Хараа архи 0.75 литрийн нэг шилийг хувааж уугаад дуусаж хоёр дахь шил архиа ууж байхад М.Ж- гэнэт над руу хандаж “Батсайханаа мөнгө өгчих цуг явъя, харья” гэсэн. Би мөнгө олж өгөх гээд байж байтал Ц.Ж- гэх хүн унтаж байснаа “би хононо, та нар яв” гэсэн. Тэгэхэд М.Ж- “яв” гэж хэлээд хөлнөөс нь татаад орноос унагахад нөгөөх нь уурлаж хэрэлдээд байхаар нь “яв, зайл” гээд өргөөд хаалгаар гаргасан. Нөгөө хоёр “цааш явж байгаад хөлдөөд үхчихвэл хэцүү юм болно” гэхээр нь би буцаад оруулсан. Ц.Ж- гэх нөхрийг буйдан дээр дарж, түлхэж байгаад тайвширахаар нь Б.Ангараг бид хоёр тал шил архиа аваад зурагттай өрөө рүү ороод Б.Ангараг архиа хундагалаад надад өгөөд уух гэж байхад том өрөөнд эрэгтэй хүний орилох чимээ гарсан. Б.Ангараг гарч явснаа буцаж орж ирээд “М.Ж- хутгалуулчихсан байна” гэсэн. Би очиж үзэхэд хоолойноос нь цус гоожиж байсан” /хх 26-29/, 

гэрч Л.Оюунбилэгийн “2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүү Э.Батсайхантай уулзахаар гэрт нь очсон. Э.Батсайхан хаалга онгойлгож өгөөд өөрийнхөө өрөө рүү явж байх шиг байсан. Том өрөөний буйдан дээр нэг согтуу эрэгтэй хүн сууж байсан. Гэр доторх эд зүйлээ шалгахад Хараа нэртэй 0.75 литрийн 4 хоосон шил, 2 пивоны лааз байхаар нь хогийн саванд хийж хаясан. Цагдаа нар ирэхээр нь гэрт байсан хүмүүсийг эрүүлжүүлэхэд өгч явуулсан” /хх 31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3298 дугаартай дүгнэлтийн “М.Ж-ын биед хүзүүнд цагаан мөгөөрсөн хоолойн өмнөд ханыг гэмтээсэн нэвтэрсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх 47-49/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-14/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 76-77/, ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт /хх 63/, хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх 78/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ж-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, улмаар түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ж-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзаж, 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч Ц.Ж- болон түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, Х.Сэргэлэнбат нарын гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх” талаарх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ж-ын цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялаас нь хасч тооцсон атлаа Ц.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй гэж буруу дүгнэснийг зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/506 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын: “Шүүгдэгч Ц.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай” гэснийг “Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ж- болон түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, Х.Сэргэлэнбат нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ