Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2024/00341

 

 

 

 

 

2024 04 19 151/ШШ2024/00341

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн Төв салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.А,

Хариуцагч: Т.Э нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 21.861.470,74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбар нь хариуцагч Н.А, Т.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21.861.470,74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Н.А, Т.Э нар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Т банкны Төв салбарын Сэргэлэн тооцооны төвөөс ************** тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг сарын 1,5 хувь (жилийн 18 хувь)-ийн хүүтэй, 21 сар (1 жил 9 сар)-ын хугацаагаар, байрны урьдчилгаа зориулалтаар малчны зээл авсан. Зээлийн барьцаанд мал, гэр, гэрийн хөдлөх хөрөнгө барьцаалсан байна. Зээлийг зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ************** тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 24 сарын хугацаагаар, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ************** тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 24 сарын хугацаагаар, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ***************** тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хугацааг 24 сарын болгож, зээлийн хэмжээг 10.300.000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт зээлийн хэмжээ 20.000.000 төгрөг болж 3 удаа төлөлтийг сунгаж байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. Банкны зүгээс зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч харилцагч янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, зээлээ төлөхгүй байна. Зээлийн гэрээний дагуу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дээр дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Н.А, Т.Э нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 19.800.264,28 төгрөг, зээлийн хүүгийн өр 1.747.723,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.055,71 төгрөг, нотариатын зардал 28.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 265.927,73 төгрөг, нийт 21.861.470,74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н.А, Т.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр Т банк ХК-ийн нэхэмжилж байгаа 21.861.470,74 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тиймээс энэ үнийн дүнг дараах байдлаар хуваан төлж барагдуулна. Үүнд: 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 7.000.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 6.000.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл 7.861.470 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Т банк ХК-иас М.А-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т банк ХК болон Н.А, Т.Э нарын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ************** дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Н.А, Т.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Т банк ХК болон Н.А, Т.Э нарын хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ************ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *************** дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, мөн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ************** дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-малчны нэмэлт зээлийн хуулбар, Т банк ХК-ийн зээлийн дансны харилцагчийн хуулганы хуулбар, Н.А-ийн Төрийн банкинд гаргасан өргөдөл, Н.А, Т.Э нарын анкетын хуулбар, Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн **/** дугаар албан бичгийн хуулбар, мөн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн **/** дугаар албан бичгийн хуулбар зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын Сүмбэр тооцооны төв болон Н.А, Т.Э нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ************* дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ************ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ************ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулагдаж, хариуцагч нар 30.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 21 сарын хугацаатай зээлж авсан байх боловч хариуцагч нар уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21.861.470,74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.А, Т.Э нар нэхэмжлэлийн шаардлага болох 21.861.470,74 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 хуваан нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарт төлөхөө илэрхийлсэн.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Зээлийн гэрээний үүрэгт нийт 21.861.470,74 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн байх ба үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 267.257 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулж, улмаар хариуцагч уг улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлийн гэрээний үүргийг хангахаар зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Н.А, Т.Э нар зээлийн гэрээний үүрэгт 21.861.470,74 төгрөгийг 4 хувааж буюу 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 7.000.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 6.000.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл 7.861.470 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА