Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэчимэг

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч Э.Отгонмягмар нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Энхболдын Отгонмягмарт холбогдох 1721000000091 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1990 оны 04 сарын 03-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвд галч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг, Сансарын 1-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Харгана овогт Энхболдын Отгонмягмар. / РД: ЖБ90040377/

Шүүгдэгч Харгана овогт Энхболдын Отгонмягмар нь согтуугаар 2017 оны 09 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Хивсний 5б-8 тоот хашаанд хохирогч Б.Одхүүгийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж улмаар бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Энхболдын Отгонмягмар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 09 сарын 22-нд “Хивс”-нд Зоригоо гээд  ахындаа шил архи бариад очиход Шинээ, Отгоо, Зоригоо ах тэр хэд ууж байсан. Тэгээд хамт уугаад нэг мэдэхэд Одхүү гэх залуутай маргалдаад эрүүлжүүлэхэд орсон. Өөр зүйл санахгүй байна. Миний үйлдлийн улмаас хохирогч Одхүүгийн биед хөнгөн гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардалд 400000 төгрөг бэлнээр өгч хохирол, төлбөргүй болсон” гэв.      

 Хохирогч Баатарсүхийн Одхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Ууганжаргал ах 3 хүнтэй хамт гэрт нь орж архи ууж байхад гаднаас Отгонмягмар ирээд гэр рүү орж тэр хэдтэй хамт архи уусан. Тэгээд хонио гаргаад дуусаж байхад Отгонмягмар нэг залуутай нь маргалдаад зодолдох гээд байхаар нь Шинээ залууг нь салгаад дагуулаад хашаагаар гараад явахад Отгонмягмар над руу гүйж ирээд шууд нүд рүү маань мөргөсөн. Отгонмягмар миний толгой руу 2-3 удаа хөлөөрөө өшиглөхөөр нь би боссон тэгэхэд намайг дахин нүүр рүү маань нэг удаа Отгонмягмар мөргөхөөр нь Ууганжаргал ах салгах гэхэд өөдөөс нь дайрч байгаад Отгонмягмар авто машиндаа суугаад хөдлөхөөр нь би ахыгаа дуудаад цагдаад мэдэгдсэн. Би бариачид хувиараа 5 хоног бариулж 50000 төгрөг өгсөн, толгой хүзүүний зураг авахуулж 40000 төгрөг шинжилгээ хийлгэх гэж 8000 төгрөг тушаасан дээрх зардлаа төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 19/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 581 тоот актын дүгнэлтэд

            1. Б.Одхүүгийн биед баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр  үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 29/ 

     Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай /хх-ийн 1-2/

     Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 12-13/

     Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/

     Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16/

     Гэрч Б.Одхүүгийн мэдүүлэг /хх-ийн 20/

     Гэрч Э.Отгонбаатарын мэдүүлэг /хх-ийн 21/

     Гэрч Ш.Баяраагийн мэдүүлэг /хх-ийн 22/

     Гэрч Б.Шинэбаатарын мэдүүлэг /хх-ийн 23/

     Гэрч Ж.Ууганжаргалын мэдүүлэг /хх-ийн 24/

     Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 36/

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Э.Отгонмягмарын ам бүлыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 34/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтууд болно.

     Шүүгдэгч Харгана овогт Энхболдын Отгонмягмар нь согтуугаар 2017 оны 09 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Хивсний 5б-8 тоот хашаанд хохирогч Б.Одхүүгийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж улмаар бие махбодид нь баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Одхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 561 тоот актын дүгнэлт, гэрч Ш.Баяраа, Б.Шинэбаатар, Ж.Ууганжаргал нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Шүүгдэгч Э.Отгонмягмар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Отгонмягмар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт “өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй“ гэж заасны дагуу шүүгдэгчийн хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Б.Одхүү нь эмчилгээний төлбөрт 400000 төгрөг авсан тул шүүгдэгч Э.Отгонмягмарт гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Э.Отгонмягмарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Э.Отгонмягмарын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 230000 төгрөгний үнэ бүхий Самсунг маркийн гар утасыг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 05-ны өдрийн Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Отгонмягмар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн ЖК69020718 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч Э.Отгонмягмар нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Шүүгдэгч Э.Отгонмягмар нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал,  эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг байдлуудыг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж, түүний орлогын боломжийг харгалзан торгох ялыг нэг сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.    

Шүүгдэгч Э.Отгонмягмар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан ял хөнгөрүүлэх  нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

             Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч  Харгана овогт Энхболдын Отгонмягмарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Энхболдын Отгонмягмарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Э.Отгонмягмарын орлогын боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч Э.Отгонмягмар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний ЖБ 90040377 тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгонмягмарын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 230000 төгрөгний үнэ бүхий Самсунг маркийн гар утасыг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 05-ны өдрийн Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Отгонмягмарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхаан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ