Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ДШМ/1293

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

   2020            10              6                                        2020/ДШМ/1293               

 

 

   А.Э-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөрийн 2020/ШЦТ/696 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2005020451128 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөх хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн А.Э, 19........ оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Барс” худалдааны төвд ......... ажилтай, .............хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............../;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 816 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

А.Э- нь 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” худалдааны төв дотор хохирогч Д.Б-ийг нүүр хэсэгт цохиж биед нь хамар ясны хугарал, хоёр зовхины дотор булан, цээжний зүүн хэсгийн цус хуралт, баруун зулай, духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Э- гаргасан давж заалдах гомдолдоо: “... 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр миний бие “Барс” худалдааны төвд бараа оруулах гээд зогсож байхад манай машины урд “Prius 30” маркийн машинтай хүн манай зогсоол руу орох гэхээр нь “манай том машины наад талаар нь орчих” гэхэд тэр хүн “чи юу гээд байгаа юм бэ, би ормоор байна” гээд хэл амаар доромжлоод байсан. Гэтэл тэдний грушик залуу “манайх машинаа оруулна” гэхээр нь “танайх жижиг машин юм чинь наад талаар нь орчих” гээд бид 2 яриад зогсож байхад “Prius 30” маркийн машины жолооч машинаасаа бууж ирээд “манайх орно, би орно, чи муу халтар бацаан замаас зайл” гэхээр нь цуг ажилладаг Нямдэлгэр “наадхаа хаяаа, өөр газраар оруулчихъя” гэхээр нь би болиод цаашаа явж байтал миний араас хохирогч Бат-Итгэл өшиглөөд, шилэн хүзүү рүү алгадаад “гөлөг минь аятайхан байгаарай” гээд бид 2 заамдалцаж авсан. Хохирогч над руу 2-3 дугаар зүүн талын шанаа руу цохьсон, би зөрүүлээд цохиход надаас их өндөр хүн учраас би цохиж чадаагүй бөгөөд миний гар хүрээгүй. Би түүний заамдсан гарыг нь тавиулаад хохирогч тонгойход нь шанаа руу 2 удаа цохьсон. Гэтэл тэдний грушик Түдэв ирээд миний гарыг бариад толгой руу хэд хэдэн удаа цохиж, нүүр, ам хацар тухайн үед хавдаж бамбайсан бөгөөд өмсөж явсан майкыг Бат-Итгэл заамдаж авахдаа урсан. Энэ асуудлыг үнэн зөвөөр нарийвчлан шалгаагүй. Бат-Итгэл, Түдэв 2 намайг зодсон, би ч адил хохирсон байхад зөвхөн нэг талыг барьж хэргийг шалгасан. Тухайн үед цохиулснаас болж чих хавдаж улайсан, зүүн хацар хавдаж, олон удаа цохиулснаас болж нүүр цайрсан байсныг гэрч Нямдэлгэр болон зооринд байсан Хатанбаатар нар мэдэж байгаа бөгөөд, адилхан цагдаад өгч, эмчид үзүүлээчээ гэж хэлсэн. Би өөрөө ажил ихтэй байсан, адилхан ажил хийдэг хүнийг хэрэгт татаад яах вэ гэж бодсон ч хүмүүс намайг гүтгэж гэмт хэрэгтэн болгож, өөрсдөө хохирсон юм шиг мэдүүлэг өгсөнд  гомдолтой байна. Би хэдийгээр  шүүх эмнэлэгт үзүүлээгүй ч хуулийн байгууллага үнэн зөвийг нь олж өгнө гэсэн итгэлдээ хөтлөгдсөн ч шүүх шударгаар шийдвэрлээгүй тул дээрхи асуудлыг нарийвчлан шалгаж, хэргийг дахин шалгаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Тухайн асуудал болсноос 1 цагийн дараа цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиход Бат-Итгэл нь хамар хугарчихлаа гэж хэлээгүй, зүгээр л сууж байсан. Цагдаагийн албан хаагч надаас мэдүүлэг авахад би болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлж, өөрийн биеийн байдлаа хэлсэн, намайг харсан учраас мэдэж байгаа болно. ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

А.Э- нь 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” худалдааны төв дотор хохирогч Д.Б-ийг нүүр хэсэгт цохиж биед нь хамар ясны хугарал, хоёр зовхины дотор булан, цээжний зүүн хэсгийн цус хуралт, баруун зулай, духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б-ийн “...тэгээд би бууж ирээд “чи адилхан грушик байж нэгэндээ яасан дээрэлхүү юм” гэхэд “чамайг ч гэсэн ална шүү” гээд над руу дайраад шууд нүүр рүү 2, 3 цохиод авсан. Тухайн үед миний хамраас цус гараад би цусаа угаахад хамар угаараа хөндүүр болсон байсан” /хх 11/,

гэрч Б.Түдэвдоржийн “...тэгээд хажуунаас Булгаа гэх грушик ирээд наана чинь машин оруулах гээд байна, холд гэхээр нь би жоохон юм ачаад гарлаа гэхэд намайг заамдаж аваад түлхсэн. Тэгэхэд Итгэл ах машинаас бууж ирээд яагаад манай грушикийг дээрэлхээд байгаа юм гээд тэр 2 маргалдаад заамдалцсан. Тэгээд Булгаа Итгэл ахын нүүр рүү цохиход Итгэл ахын хамраас цус гарсан. Итгэл ах Булгаатай зууралдаж байгаад майкыг нь урсан байсан. Миний харснаар Итгэл ах цохиогүй” /хх 15/,

гэрч Г.Гантөгсийн “...тэгсэн өндөр хар майктай эрэгтэй “Приус 30” маркийн машинаас бууж ирсэн халзан эрэгтэйн нүүр рүү 1, 2 удаа гараараа цохисон. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод байсан. Тэгсэн халзан толгойтой ахын хамраас нь цус гараадд машиндаа суугаад явсан” /хх 18/,

гэрч Н.Батболдын “...тэгээд “Приус 30” маркийн автомашинаас өндөр нуруутай ах гарч ирээд өндөр нуруутай ачаа зөөгчийг нь чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм гэхэд өндөр нуруутай ачаа зөөгч “Приус 30” маркийн автомашинаас бууж ирсэн эрэгтэйн нүүр хэсэг рүү 1 удаа цохисон” /хх 19/ гэх мэдүүлгүүд болон

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Б-ийн биед хамар ясны хугарал, хамар, хоёр зовхины дотор булан, цээжний зүүн хэсгийн цус хуралт, баруун зулай, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх 27/ гэх 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6689 дугаартай дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч А.Э-ы хохирогч Д.Б-ийн нүүр хэсэгт цохиж биед нь хамар ясны хугарал, хоёр зовхины дотор булан, цээжний зүүн хэсгийн цус хуралт, баруун зулай, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй шүүхээс уг зүйл, хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч А.Э- нь “шүүх шударгаар шийдвэрлээгүй тул дээрхи асуудлыг нарийвчлан шалгаж, хэргийг дахин шалгаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч А.Э-ы хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт зэргийг үндэслэн тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн түүнчлэн А.Э-ы эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон /хх 24-26/ боловч А.Э- нь “би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэж өөрөө татгалзсан болох нь хэрэгт авагджээ.

Иймд шүүгдэгч А.Э-ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг дахин мөрдөн шалгуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/696 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ