Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03147 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч Д.Л-ид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 183 843 948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б-, хариуцагч Д.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Л- нь манай байгууллагатай нийт 4 удаагийн буюу 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр D/500/160413 дугаартай зээлийн гэрээ байгуулж сарын 5 хувийн хүүтэй 40 550 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр А/443/170205 дугаартай зээлийн гэрээ байгуулж, сарын 5.4 хувийн хүүтэйгээр 6 785 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр А/549/171105 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5 хувийн хүүтэй, 4 058 300 төгрөгийг 15 сарын хугацаатай, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр А/539/180412 дугаартай зээлийн гэрээ байгуулж, сарын 5.3 хувийн хүүтэй, 8 763 700 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаанд 2011 онд үйлдвэрлэгдсэн 97-55 УНР улсын дугаартай Ниссан патрол загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан. Хариуцагч Д.Л- нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй манай байгууллагыг хохироож байна. Иймд Д.Л-аас зээлийн гэрээнүүдийн үүрэгт 183 843 948 төгрөг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд гэрээнүүдийг тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хамгийн анх хариуцагч Д.Л- нь 2015 оны 10 дугаар сарын 13-нд D/500/151013 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар авсан, энэ зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй гэрээний хугацаа дууссан тул бид хүү, алдангийг тооцож дахин 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр D/500/160413 дугаартай зээлийн гэрээ байгуулж сарын 5 хувийн хүүтэй 40 550 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, мөн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 5 000 000 төгрөгийг 5.4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай А443/160805 дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан, мөн энэ гэрээний хугацаанд нэг төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги төлөөгүй гэрээний хугацаа дууссан тул хүү, алдангийг тооцож 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр А/443/170205 дугаартай зээлийн гэрээ байгуулж, сарын 5.4 хувийн хүүтэйгээр 6 785 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, мөн 2017 оны 4 дүгээр сарын 12-нд мөн 5 000 000 төгрөгийг 5.3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай А539/170412 дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан, мөн энэ гэрээний хугацаанд нэг ч төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги төлөөгүй гэрээний хугацаа дууссан тул хүү, алдангийг тооцож 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр А/539/180412 дугаартай зээлийн гэрээ дахин байгуулж, сарын 5.3 хувийн хүүтэй, 8 763 700 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, мөн 2017 оны 5 дугаар сарын 5-нд 3 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай А549/170505 дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан, мөн энэ гэрээний хугацаанд нэг ч төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги төлөөгүй гэрээний хугацаа дууссан тул хүү, алдангийг тооцож 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А/549/171105 дугаартай зээлийн гэрээ дахин байгуулж, 5 хувийн хүүтэй, 4 058 300 төгрөгийг 15 сарын хугацаатай зээлийн гэрээг тус тус байгуулсан. Нийтдээ 4 удаагийн үйлдлээр 43 000 000 төгрөгийн зээл олгосон. Анхны хийгдсэн гэрээнүүдийн үүрэг хангагдаагүй, хугацаа нь дууссан. Гэрээний хугацаа дууссан өдөр нь Д.Л- гэдэг хүнтэй уулзаад, тооцоо нийлээд гэрээг сунгасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нэг ч төгрөг аваагүй. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлтэй холбоотойгоор би өмнөх шүүх хурал дээр нотлох баримт гаргаж өгөхийг хүссэн. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 13-ны гэрээтэй холбоотой 40 500 000 төгрөгийн баримт гаргаагүй, мөн 6 785 000 төгрөг авсан гэсэн баримт байхгүй, мөн 2017 оны 11 дүгээр сарын 05-ны 4 050 000 төгрөг авсан гэсэн баримт бас байхгүй. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мөнгө авсан гэсэн баримт гаргаж өгөөгүй. Зээлийн гэрээ гэдэг бол зээлдэгч зээлийг хүлээн авснаас хойш зээлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн заалттай. Нэхэмжлэгч талаас өмнөх 2015 оны гэрээний талаар ярьж байна. 2015 оны гэрээний тухай шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл дээр ямар нэгэн тогтсон зүйл байхгүй. Би энэ талаар одоохондоо нэхэмжлэл дээр дурдаагүй тул тайлбарлах боломжгүй. Иймд нэхэмжилж байгаа 4 гэрээнүүд хүчин төгөлдөр биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Д.Л-аас 183 843 948 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 077 169.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 077 169.74 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Д.Л- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн D/500/151013 дугаартай, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А443/160805 дугаартай, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А539/170412 дугаартай, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А549/170505 зээлийн гэрээний талаар нотлох баримт болон тайлбарыг шүүх хуралдаанд дээр тайлбарлах боломжгүй гэж мэдүүлсээр байтал дээрх гэрээг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 6 дугаар зүйл 6.1 дэх хэсэгт дурдсан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэдэг заалтын зөрчсөн.

Нэхэмжлэгч хариуцагчид 4 удаагийн зээлийн гэрээгээр 43 000 000 төгрөг олгосон болох нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн D/500/151013 дугаартай, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн А443/160805 дугаартай, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А539/170412 дугаартай, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А549/170505 зээлийн гэрээнүүд “А” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар тогтоогдож байна гэснээс 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн О/500/151013 дугаартай, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн А443/160805 дугаартай зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 10 дугаар сарын 13, 2019 оны 8 дугаар сарын 5-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны байсныг харгалзан үзээгүй шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэснийг зөрчсөн.

Нэхэмжлэлд дурдсан 4 зээлийн гэрээг урд байгуулсан гэрээний сунгалт гэж үзсэн нь шүүх хөндлөнгөөс ажиглан, эрх тэгш байдлаар хэргийг шийдвэрлэх үндсэн зарчмыг зөрчсөн. Тухайлбал нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээг “Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгөх Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгах зорилгоор эдгээр зээлийн гэрээнд нэг өдөр бөөнд нь гарын үсэг зуруулсан” гэж мэдүүлсээр байхад түүнийг үл хайхарсан, мөн нэхэмжлэгч тал “хариуцагч Д.Л-тай 2018 оны 8 дугаар сард      61-н гарам дахь ногооны талбай дээр нь 2 удаа очоод нэг удаа олж уулзсан. 2019 оны хавар нэг удаа манай байгууллага дээр нэг удаа ирж уулзсан” гэдэг ач холбогдол бүхий мэдүүлгийг шүүх хурлын тэмдэглэлд оруулалгүй орхигдуулсан нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх үндэслэл байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Д.Л-ид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 183 843 948 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлд заасан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Д.Л-ид 4 удаагийн зээлийн гэрээгээр тухайлбал, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн D/500/151013 дугаартай, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А443/160805 дугаартай, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А539/170412 дугаартай, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А549/170505 дугаартай гэрээгээр нийт 43 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээ тус бүрийг нэхэмжлэлд бичсэн гэрээгээр сунгасан гэжээ.

 

            Хариуцагч Д.Л- нэхэмжлэгчээс шүүхэд сүүлд гаргасан дээр дурдсан гэрээний дагуу мөнгө авснаа үгүйсгээгүй, харин тодорхой төлөлт хийсэн, гэрээг сунгах хүсэлт гаргаагүй, банк бус санхүүгийн байгууллага зээлийн зөрчилгүй гэж баримт бүрдүүлэх зорилгоор нэхэмжлэлд дурдсан гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, кассын зарлагын ордер, зээлийн тооцооллоор нэхэмжлэгч нь анх байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу хүлээн авсан мөнгөнөөс хэдэн төгрөгийн төлөлт хийсэн нь тодорхойгүй, мөн сунгасан гэх зээлийн гэрээнд заасан зээлийн мөнгөн дүн хэрхэн яагаад өөрчлөгдсөн нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу нэхэмжилж байгаа төлбөр хэрхэн гарсныг тодруулж, талуудыг тухайн шаардлагын хэмжээнд мэтгэлцүүлэх шаардлагатай, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03147 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 077 435 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ТУЯА

 

     ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

     А.ОТГОНЦЭЦЭГ