Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ДШМ/1294

 

 

 

 

 

 

   2020           10             6                                          2020/ДШМ/1294

 

 

Б.А-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2020/ШЦТ/710 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2008015430933 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т............ овгийн Б.А, 19........ оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............ хамт .............. дүүргийн 28 дугаар хорооны .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. дүүргийн .............. оршин суух, /РД: ............./;

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Б.А- нь 2020 оны 1 дүгээр сарын 9-ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань” зочид буудлаас иргэн А.Н-ыг унтаж байхад нь “Samsung A50” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 23-ны өглөө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны ард такси дотор явж байхдаа иргэн Г.Энхжингийн “Samsung A50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Туулын 9 дүгээр гудамжны 6-179 тоотод иргэн Б.Г-той хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний хамар хэсэгт духаараа мөргөж биед тархи доргилт, хамарт хаван цус хуралт, шалбаралт, хоолойд шалбаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гээс нийт 1.100.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Энхжинд 550.000 төгрөг, хохирогч А.Н-т 550.000 төгрөгийг олгож, хохирогч Б.Г- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А- гаргасан давж заалдах гомдол болон тус  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Баянзүрх дүүрэгт тодорхой оршин суух хаягтай бөгөөд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань эрхэлсэн тодорхой ажилгүй, 4 настай хүүхдээ харан гэртээ байдаг. Би “Эгис” ХХК-д арматур, гагнуурчингаар ажиллаж ар гэрээ тэжээдэг байсан. Хэрэгт холбогдсон үеэс хойш ар гэрт маань тус дэм болох хүн байхгүй бөгөөд эхнэр, хүүхэд маань түлээ, түлшээ бэлдэж чадахгүй байгаа билээ. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, хохирол төлбөр болох 1.100.000 төгрөгийг төлж надад холбогдох хэргийг дахин хянан шийдвэрлэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.А- нь давж заалдах гомдолдоо өөрийн ар гэрийн байдлаа тодорхой дурдсан байна. Б.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа шүүхэд илэрхийлсэн байна. Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсныг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайн гэмт хэрэг нь үргэлжилсэн  гэмт хэрэг боловч хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Иймд шүүгдэгч Б.А-гийн ажил хөдөлмөр эрхэлдэг болон хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан. Мөн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1.100.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан. Хохирол, төлбөр төлөгдөөгүй. Б.А-гийн хувийн байдлын тухайд 2016 онд бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулж 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхээс Б.А-д 1 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигт тохирч байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.А- 2020 оны 1 дүгээр сарын 9-ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань” зочид буудлаас иргэн А.Н-ыг унтаж байхад нь “Samsung A50” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Н-ын “Б.А-, Н.Шинэсар нар нь тухайн өдөр надтай хамт буудалд цуг архи уусан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагт сэрээд буцаж унтаад 11 цаг өнгөрч байхад сэрсэн. Буудлын ресепшнээс хамт байсан хүмүүсээ асуухад эрэгтэй нь 2 ширхэг гар утас барьчихсан “нэгийг нь ломбарданд тавиад буудлын мөнгийг нь буцаж ирээд өгье” гэж хэлээд гараад явсан гэсэн. Би очоод Б.А-гээс “гар утсаа авъя” гэхэд мэдэхгүй гээд байсан. Ботаникийн тэнд ломбарданд 140.000 төгрөгөөр тавьсан, 2  хоногийн дараа авч өгнө гэж хэлсэн” /хх 105/, тухайн алдагдсан “Samsung A-50” загварын гар утсыг 550.000 төгрөгөөр үнэлсэн Тод үнэлгээ ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ /хх 120/, шүүгдэгч Б.А-гийн мөрдөн шалгах явцад яллагдагчийн хувиар өгсөн “архины мөнгө олох гээд гар утсыг нь хулгайлсан. Насанбаярын утсыг авч байхад харсан хүн байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг зэргээр,

мөн тэрээр үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 3 дугаар сарын 23-ны үүрийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны ард такси дотор явж байхдаа хохирогч, жолооч Г.Энхжингийн “Samsung A50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Энхжингийн “Би 2020 оны 3 дугаар сарын 23-ны өглөө 4 цагийн үед өөрийн автомашинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр байрны хойд талаар явж байхад нэг залуу гар өргөхөөр нь авсан. Тэгээд замдаа юм яриад танилцахад өөрийгөө Азхүү гэдэг, 1992 онд төрсөн гэж байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн орчим явж байхад миний хажуугаар нэг машин шахаж орж ирээд би цонхоо онгойлгоод хэрүүл хийж байгаад цонхоо хаасан. Тэгтэл миний хажууд сууж явсан залуу “би буулаа” гээд 1.000 төгрөг өгөөд буусан. Би цаашаа жаахан явж байгаад харахад миний машины голын хайрцагт байсан “Samsung A50”  маркийн гар утас алга болсон байсан” /хх 9/, хохирогч Г.Энхжингээр Б.А-г зургаар таньж олуулсан ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-25/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 13/, яллагдагч Б.А-гийн “...такси барьж явж байгаад Цамбагаравын орчим Замын цагдаагийн тэнд 1.000 төгрөг өгөөд буухдаа машины голын хайрцагийн хажууд байсан “Samsung A50” маркийн гар утсыг аваад буусан” /хх 38/ гэсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-гийн дээрх үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

Мөн шүүгдэгч Б.А- нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Туулын 9 дүгээр гудамжны 6-179 тоотод хохирогч Б.Г-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хамар хэсэгт духаараа мөргөж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамарт хаван цус хуралт, шалбаралт, хоолойд шалбаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Г-ын “2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр би гэртээ эхнэрийн хамт сууж байтал 17 цаг өнгөрч байх үед Азхүү нэг эрэгтэйн хамт манайд 0.5 литрийн хоёр шил архи барьж орж ирсэн. Тэгээд нэг шил архийг нь Азхүү бид хоёр хувааж уугаад би “боллоо” гээд хэвтсэн. Азхүү “босоод ир” гээд миний цамцны хоолойгоор хоолой боогоод босож ирээд намайг духаараа 2-3 удаа мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан юм шиг байна лээ, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна” /хх 50/, гэрч Б.Цэвэлмаагийн “2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Гэрэлт-Од гэртээ байж байхад Азхүү хоёр шил “Хараа” нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тэгээд манай нөхөртэй хувааж уусан. Өмнө нь Азхүү цагдаад шалгагдаж байсан юм байна лээ, тэрийг нь бид хоёр мэдээд нэг удаа ирэхэд нь “яв” гээд хөөж байсан юм. Тэрийн Азхүү яриад эхний архиа ууж дуусгаад “өмнө намайг гэрээсээ хөөж байсан биз дээ” гээд манай нөхөрт агсам тавьсан. Эхлээд Азхүү манай нөхрийг багалзуурдаад духаараа мөргөөд дээр нь гарч суучихаад балбаад байсан. Тэгээд би дундуур нь орж салгаж авсан” /хх 54/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн “Б.Г-ын биед тархи доргилт, хамарт хаван цус хуралт, шалбаралт, хоолойд шалбаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5036 дугаартай дүгнэлт /хх 57/, яллагдагч Б.А-гийн “би ажлаа тараад Гэрэлт-Од ахын гэрт очоод нэг шил архи хувааж уусан. Би ор руу түлхээд унагаасан” /хх 65/ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэм буруутай талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгээд ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, бусдад учруулсан хохирол болон хувийн байдалд нь тохирсон байх тул шүүгдэгч Б.А-гийн “ар гэрийн хүнд байдлыг харгалзаж ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол 450 нэгжээс 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 240 цагаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч Б.А-д анхан шатны шүүхээс оногдуулсан нийт 1 жил 1 сар хорих ял нь түүний үйлдсэн үргэлжилсэн үйлдлээр хоёр удаагийн хулгайлах гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт нь тохирсон, хүнд биш ял байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/710 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ