Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 342

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Ц.Гэрэлбаатар, түүний өмгөөлөгч О.Амарбаясгалан / ҮД: ¹1344/

Хохирогч Г.Энхбаярын өмгөөлөгч Т.Булган /ҮД: ¹1021/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалиар овогт Цэрэнжавын Гэрэлбаатарт холбогдох эрүүгийн 201725021175 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, зурагчин дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 охин, зээгийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат Хан талстын 12 дугаар байрны 11 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Жалиар овогт Цэрэнжавын Гэрэлбаатар /РД:УС67070331/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Гэрэлбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вөөрлд Дрийм” бааранд хохирогч Г.Энхбаярын далан тус газарт хутгаар хатгаж бие мах бодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Гэрэлбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв.

Эрүүгийн 201725021175 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ц.Гэрэлбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…World dream  бааранд 2017.05.07-ны өдрийн 17:00 цагийн үед Энхбаяр, Эма, Байгалаа нартай хамт гаднаас 1 шил архи, ус ундаа, самар, чипс, зэрэг зүйл аваад орсон. Гаднаас авсан шалтгаан нь уг баар нь үйл ажиллагаа явуулаагүй жил шахам болж байгаа бөгөөд түлхүүр нь надад байдаг юмаа. Би хааяа хүмүүстэй уулзах далимаар орж кофе уугаад гардаг юмаа. Бид авч орсон идэж уух юмаа хэрэглэсэн ба архи жаахан үлдсэн байсан. Бүгд л тодорхой хэмжээний согтолттой байсан, гэхдээ ухаанаа алдталаа согтсон хүн байгаагүй. Тэд замын ажлын талаар ярьж байсан, тэр яриа нь надад хамаагүй учир би уурлаагүй, Эма гэдэг хүүхэнд Энхбаяр  “би чамд Ланд круйзер машин аваад өгий, миний хүүхдийг гаргачих, би эхнэртэй байя” гэхээр нь би уурлаад “чи яахаараа хүнд юм л бол машин тэрэг өгнө гэдийн өгч чадахгүй байж боль л доо дуугай сууж байлдаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө  эмэгтэй гараад явсан. Тэгэхээр нь би “чи шар сэмжилчээд дандаа яах гэж ингэж байдаг юм бэ?” гэсэн чинь “чи хүүхнээс болж надтай маргаад гуйлгачин, надад дандаа атаархаж байдаг муу пизда” гэхээр нь би “чи юу гээд байгаа юм бэ?” гээд би текэн дээр байсан хутга аваад Энхбаярын өөдөөс гүйгээд ирэхээр нь хутгатай гарынхаа тохойгоор тохойлдох гэсэн боловч ирэхгүй удаад байсан, манай сувилагч эгч “хүүгийнхээ хамт ирээд гэмтлийн эмнэлэг явъя цус алдаж байна” гэсэн чинь “би явахгүй” гээд хэвтээд байсан. Энхбаяр “эндээ үхчихье” гээд шалан дээр хэвтээд байсан. “Чи ёстой тэнэг юм даа би чамайг чаднаа” гээд байсан. Түргэн ирээгүй, өөрөө зүв зүгээр босоод яваад өгсөн, араас нь манай эгчийн хүү яваад хамт гэмтлийн эмнэлэг орсон. Гэр бүлийнх нь хүнд хэл өгсөн, гэмтэл дээр манай эхнэр болон Энхбаярын эхнэр бас ирсэн. Өшиглөөгүй, гэнэт босож ирээд намайг барьж аваад надтай ноцолдож байснаа буцаад хэвтчихсэн. Тухайн үедээ уур хүрээд цочролд ороод хутга барьж дайрсан. Амь насыг нь хохирооё гэж бодоогүй. Би хутгаа баруун гартаа барьсан. Энхбаярын зүүн даланд хутгалсан. Миний нүдэнд харагдаагүй. Энхмэнд, Байгалиа 2 байсан байгаагүйг мэдэхгүй байна. Би их цочирдсон байсан. Өөрөө босохгүй хэвтээд байсан, 2 эмэгтэйн 1 нь түргэн дуудсан боловч түргэн ирэхгүй удаад байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31, 52-53 дугаар хуудас/,

Хохирогч Г.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз Гэрэлбаатарын хамт Голомт хотхоны хажууд байрлах “Ворлд дреам” бааранд архи ууцгааж суусан. Бид 2-той хамт Байгалиа, Эма гэх 2 эмэгтэй байсан. 4-лээ байж байхад Дорждагва гэдэг хүнийг дуудахаар болсон. Байгалиа дуудах шийдвэр гаргасан юм. Гэтэл Гэрэлбаатар хүн нэмж дуудахаас дургүйцэж “тэрүүгээр яах гээд байгаа юм бэ” гэсэн. Би дуудчих гэж хэлсэн. Миний бааранд хүн авч ирж архиа уунгаа ажлаа бүтээх гэлээ гэсэн атгаг санааны улмаас уурласан. Гэрэлбаатарын байр байдлыг хараад Эма, Байгалиа 2 гурвуулаа хамт өөр тийшээ явъя гээд намайг ятгаад байхаар нь би хамт явахаар болоод хувцасаа өмсөх зуураа нөгөө 2 эмэгтэйтэйгээ шивнээд ярилцах гэтэл Гэрэлбаатар “ чи муу ер нь яахаараа ингэж дүргүй хүргэж байдаг юм бэ” гээд үсрээд босоод ирсэн. Бид ер нь согтуу байсан. Босож ирэхээр нь бариад авъя гэж бодох зуур хутга барьсан байгаа нь харагдсан, юу билээ гэж бодох зуур далайж байгаад дал руу хутгатай гараараа цохиод авсан. Нөгөө 2 эмэгтэй “хүүеээ хүн хутгалчихлаа шүү дээ” гээд орилсон, нуруу руу халуу дүүгээд эхэлсэн…” гэсэн мэдүүлэг /xx-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч М.Энхмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “…Гэрэлбаатар ах дундуур маш хурдан гарахад Байгалиа шууд л текний цаана буюу 00 орохын наана Энхбаяр ах өөдөөс харсан байдалтай нэг хөл нь сойлттой, нөгөө хөл нь жийгээстэй гулсаад унаж байсан. Хана цус болсон байсан. Би цус хараад шоконд ороод ойртоогүй. Миний нүдэн дээр лав маргалдаагүй, нэг ч удаа өндөр дуугаар бие биерүүгээ дуугараагүй. Ямар ч маргаан болоогүй. Энхбаяр ах шууд босч ирээд гарах гэхэд Гэрэлбаатар ах шууд гүйж очоод хутгалчих шиг болсон. Тухайн үед ямар ч хутга хараагүй. Хутгалсаных нь дараа л би харсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 57-58 дугаар хуудас/,

Гэрч Т.Байгальмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Энхбаяр ах шууд л босоод текний урдуур явж байхад Гэрэлбаатар араас нь маш хурдан гарч ирээд текний орчмоос хутга авсан түчигнэх чимээ гарах төдийд Энхбаяр ах “хутгалчихлаа шүү дээ” гээд гар нь цус болчихсон зогсож байсан. Би хараад айгаад Энхмөнхөд “түргэн дуудаачээ” гэж хэлсэн. Тэр хооронд Гэрэлбаатар пизда чинь лалартаад гээд хараагаад байсан. ...Энхбаяр ах Гэрэлбаатарыг доромжилсон зүйлгүй байхгүй  надтай л юм яриад суугаад байсан, 10 сая төгрөг өгье охинтойгоо унтуулчих гэх мэт маргаан огт болоогүй. Энхмэнд бид 2 түргэн тусламж дуудаж өгөөгүй, Гэрэлбаатар ах өөрөө дуудчихъя гээд байсан. Яаж хутгалсныг би хараагүй. Бид хоёрын хажууд огт маргалдаагүй. Энхмөнх бид 2 тэндээсээ гараад үүдэнд байж байх үед л хутгалчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 59-60 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹6159 тоот дүгнэлтэнд:

  1. Г.Энхбаярын биед даланд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна....” гэжээ /хх-ийн 18 дугаар хуудас/

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “…бор өнгөтэй модон иштэй, ажлын хэсэг “made in japan” гэсэн бичигтэй, ажлын хэсгийн урт 10 см, ишний урт 10,5 см, нийт урт 20,5 см хэмжээтэй, ишний бор модон хэсэгт цагаан өнгийн металл хадаастай, ажлын хэсгийн ир хэсэг нь арзгар, хөрөө шиг, үзүүр хэсэг нь шовх хутга 1 ширхэгийг хураан авсан болно. /ажлын хэсэг нь бохир/…” гэжээ / хх-ийн 7 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол “......хохирогч Г.Энхбаярын гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан гэх эрэгтэй хүний хар хөх өнгийн куртка 1 ш, хар ногоон өнгийн судалтай цамц 1ш, цагаан өнгийн майк 1ш-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ /хх-ийн 57 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авах тогтоол / хх-ийн 6/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 7/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 37/, Ц.Гэрэлбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Гэрэлбаатар нь 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World dream” /Ворлд дрийм/ бааранд өөрийн танил хохирогч Г.Энхбаяр болон М.Энхмөнх, Т.Байгальмаа нарын хамт согтууруулах ундаа хэрэглэж, хоорондоо ярилцан сууж байх явцад хохирогч Г.Энхбаярын үг, үйлдэл болон урьдын таагүй харьцаа зэрэгт эгдүүцэн уурлаж улмаар хутгаар зүсч хохирогчийн даланд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Энхбаярын мэдүүлэг, гэрч М.Энхмөнхийн мэдүүлэг, гэрч Т.Байгалмаагийн мэдүүлэг, шинжээчийн ¹6159 тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд онцын зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж зохицуулжээ.

 

Шүүгдэгч Ц.Гэрэлбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн боловч прокуророос шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн ял сонсгон яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болохыг тэмдэглэв.  

Иймд шүүх шүүгдэгч Ц.Гэрэлбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Ц.Гэрэлбаатарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан шүүхээс торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Хохирогч Г.Энхбаяраас гэм хорын хохирол нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй ба шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогчийн өмсөж явсан куртикны 400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч энэ талаар баримт байхгүй тул гэм хор учруулсны төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон хохирогч нарын өмгөөлөгч нараас шүүгдэгчийн гэмт үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэлд  маргаагүй, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрэгтэй хүний хар хөх куртка 1 ширхэг, хар ногоон өнгийн судалтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, бор өнгийн модон иштэй ажлын хэсэг дээр “made in japan” гэсэн бичигтэй, ажлын хэсгийн урт 10 см, ишний урт 10.5 см, нийт урт 20.5 см хэмжээтэй, ишний бор модон хэсэгт цагаан өнгийн металл хадаастай, ажлын хэсгийн ир хэсэг нь арзгар, хөрөө шиг, үзүүр хэсэг нь шовх хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ц.Гэрэлбаатар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдлаа.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                                ТОГТООХ нь:

   1.Жалиар овогт Цэрэнжавын Гэрэлбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гэрэлбаатарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гэрэлбаатарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

   4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн хохирогч Г.Энхбаярын өмсөж явсан эрэгтэй хүний хар хөх куртка 1 ширхэг, хар ногоон өнгийн судалтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, бор өнгийн модон иштэй ажлын хэсэг дээр “made in japan” гэсэн бичигтэй, ажлын хэсгийн урт 10 см, ишний урт 10.5 см, нийт урт 20.5 см хэмжээтэй, ишний бор модон хэсэгт цагаан өнгийн металл хадаастай, ажлын хэсгийн ир хэсэг нь арзгар, хөрөө шиг, үзүүр хэсэг нь шовх хутга 1 ширхэг хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

   5. Шүүгдэгч Ц.Гэрэлбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад нэхэмжилсэн баримтаар төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гэрэлбаатарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож солих болохыг анхааруулсугай.

 

   7. Хохирогч Б.Энхбаяр нь шүүгдэгч Ц.Гэрэлбаатараас өөрт учирсан гэм хорын төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

   9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гэрэлбаатарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН