Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 118/ШШ2024/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.

Хариуцагч: Завхан аймгийн сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын /комисс/ хороо, түүний дарга Н.

Гуравдагч этгээд: гийн нарын хоорондын хурдан морины уралдаантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: сумын 100 жилийн ойн үндэсний их баяр наадмын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн азарган насны морины уралдаанд барианы зурхайгаар 2-р байранд орсон М.ийн хар азаргыг 2-р байранд орсноор цоллож баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, М.ийн хар азаргыг тус уралдаанд аман хүзүү буюу 2-р байранд орсон шийдвэр гаргахыг даалгах, тус хурдан азарганы уралдааны 2-р байрны бай шагнал болох мотоциклийн үнэ болох 3,000,000 төгрөг, бэлэн мөнгө 1000000 төгрөгийн шагнал нийт 4000000 төгрөгийг гаргуулах

2.  Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн сумын 100 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр болсон байна. Нэхэмжлэгч өөрийн нэр дээр Завхан аймгийн Яруу сумын иргэн Б.ын хар азаргыг бүртгүүлж уралдуулжээ. Тус хар азарга нь 2-р байранд буюу аман хүзүүнд уралдаж орж ирсэн бөгөөд хурдан морины комисс азарганы сэрвээний өндрийг хэмжихэд журамд заасан 140 см хэмжээнээс хэтэрсэн  байсан гэж үзэн тус хар азаргыг барианд оруулаагүй хассан байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие Завхан аймгийн сумын 100 жилийн ойн баяр наадамд хар зүсмийн азарган насны морио албан ёсоор бүртгүүлэн хэмжүүлж ямар нэгэн зөрчилгүй гэж үзэж бусад бүртгүүлсэн морьдын адил уралдуулсан. Азарган насны морины уралдаан ямар ч маргаангүй бүх хүний нүдэн дээр орон даяар шууд дамжуулж цацагдсан ба миний морь барианы зурхайд аман хүзүү буюу 2-р байранд орсныг орон даяар мэдсэн, мэдэгдсэн. Ингээд аман хүзүү буюу 2 дугаар байранд орсныг баталгаажуулж зохион байгуулах комиссоос морьдыг барьж, байр эзлүүлж тус хорооны шийдвэрээр 2 дугаар байранд орсныг баталж аман хүзүү гэсэн пайз олгосон. Гэтэл морь цоллох үеэр манай морийг ямар нэгэн шалтгаангүйгээр хассан эсэх нь тодорхойгүй тухайн комиссоос шууд миний морины дараагийн байранд орсон морьдыг цоллож бай шагналыг нь өгөөд явуулсанд гомдолтой байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн морь сумын баяр наадмын хурдан морины уралдаанд уралдаж 2 дугаар байранд ирсэн. Баяр наадмын комиссоос хасах шийдвэр гаргаад 3 дугаар байранд хурдалсан морийг 2 дугаар байр эзэлсэн, 4 дүгээр байранд орж ирсэн морийг 3 дугаар байр эзэлсэн, 6 дугаар байранд хурдалсан морийг 5 дугаар байранд хурдалсан гэх байдлаар урагш нь гүйлгэж шагнасан. Энэ шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах боломжгүй. Нэгэнтээ шийдвэр гараад уяачид нь бай шагналаа авсан тул 2 дугаар байранд ирснийг нь баталгаажуулж өгөөд шагналыг олгуулж өгөхийг шаардаж байна. Хар азаргыг өмнө нь Ховд аймгийн баруун бүсийн уралдаанд хасагдсан, Завхан аймгийн баяр наадамд хасагдаж байсан гэх шалтгаанаар хассан. Ховд аймгийн баруун бүсийн уралдаанд хар азарганы хөл доголсон учраас уралдаж чадаагүй. Би өөрөө энэ хар азаргыг авч явсан. 2022 оны Завхан аймгийн баяр наадамд уралдаад түрүүлж ирсэн. Түрүүлж ирээд яг цоллуулахын өмнө хассан. Хар азаргыг сэрвээний өндөр нь 140 сантиметрээс өндөр байна гээд хассан байдаг. Тухайн үед би байгаагүй манай хүргэн ах маань өөрөө байсан. Дахин хэмжүүлэх хүсэлт гаргасан. Дахин хэмжээд энэ азарга хэмжээндээ байна гэсэн дүгнэлт гаргасан боловч аймгийн Засаг даргын шийдвэрээр хассан. Баяр наадмын комиссын дарга нь хасах шийдвэр гаргаагүй. Хөдөөний хүмүүс учир байдлыг мэдэхгүй, хууль хяналтын байгууллагад хандалгүй орхисон байдаг. 2022 онд Идэр сумын ойд уралдах гэсэн чинь хар азаргыг огт хэмжээгүй, уралдуулаагүй. Танай азарга чинь аймгийн баяр наадамд хасагдсан азарга гээд явуулахгүй болохоор нь их насны морьдтой уралдуулаад долоодугаар байранд ирж байсан. 2022 онд Тэлмэн сумын ойд хэмжээндээ орж уралдаад хүүхэд нь унаад хасагдаж байсан. 2023 онд Яруу сумынхаа баяр наадамд түрүүлсэн. 2023 онд сумын ойд очиж, хэмжээндээ ороод уралдаад аман хүзүүнд хурдалсан боловч хасагдсан. Завхан аймгийн 100 жилийн ойд хэмжээндээ орж уралдсан. Б., Б. хоёр нь төрсөн ах дүү хүмүүс. Б. гэдэг нь манай хүргэн ах юм. Завхан аймгийн баяр наадамд уралдуулахдаа ын гэж уралдуулсан байгаа. нь  Б., Б. нарын аав. Хар азарга Б.ын эзэмшлийн азарга. Баяр наадамд өөр өөр хүний нэр дээр тавих нь Монгол улсад байдаг зүйл. Б. нь аймгийн алдарт уяач болсон тул дүүгийнхээ цолыг ахиулахын тулд дүүгийнхээ нэр дээр уралдуулсан гэв.

5. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2023 оны 07 сарын 20-ны өглөө сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой хурдан азарганы уралдаанаар эхэлж, 08:00 цагт азарга төв талбайг тойрч нийт 69 азарга бүртгүүлж, шүдэлгээний хашаа болон сэрвээ хэмжих газарт очиж бүртгэгдсэн номерын дагуу дуудагдаж сэрвээ хэмжилтэд орсон. Сэрвээний өндөр азарга насанд Засгийн газрын тогтоол болон ММСУХ тогтоосон дүрмэн дээр 140 см байна гэж заасан байдаг. Уг дүрэм журмыг баримтлан хэмжилт хийхэд нийт 69 азарганаас сумын уяач М.ийн нэр дээрээ бүртгүүлсэн 159 дугаартай /жинхэнэ эзэн нь Яруу сумын аймгийн алдарт уяач Б. гэдэг хүний буйлан тамгатай хар азарга/ хар азарганы сэрвээний өндөр 142 см буюу 2 см хэтэрсэн. ...Нийт 5 азарга сэрвээний өндрөөр тэнцээгүй тул бүх комиссын гишүүдийн шийдвэрээр хасаж азаргануудыг хашаанд үлдээж хүүхдүүдийг буулган авч баярын талбай руу буцаасан. 64 азарга насны морьдыг 1 км гаруй туугаад Бэлчирийн голоор гараад явж байхад 159 дугаартай М.ийн нэр дээрээ мордуулсан Яруу сумын уяач М.ын хар азарга араас давхин ирж азарга насны морьд руу шууд орсон. Комиссын гишүүд барьж авах гэсэн боловч явган гүйцээгүй, мөн унаач хүүхдэд анхааруулга өгч хасагдсан байж араас ирлээ, хэрвээ айрагдах болон цулбуурт орвол барихгүй хасах болно шүү гэдэг шаардлага тавьсан боловч үл сонсон зугтаж гарааны зурхай руу явж байсан азарганууд дунд орж нийлээд явсан. Азарга насны морьд гарааны зурхайд хүрч төхөөрөмжийн араас нэгэн зэрэг эргэж, нийт 20 км зайд уралдаж барианы газар очиход М.ийн нэр дээрээ уралдуулсан Яруу сумын уяач Б.ын 159 дугаартай хар азарга нь аман хүзүүнд давхисан байсан. Тухайн үед морь бариач 5 хүн 159 дугаартай хар азаргыг хасагдсаныг мэдэлгүй барьж пайзыг эзэн уяач Б.д олгосон байсан. Аман хүзүүний пайзыг авах гэсэн боловч өгөөгүй гэжээ.

6. Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тус сумын 100 жилийн ойн баярын морины комисст малын эмчээр ажилласан. Би баярын өмнөх орой бэлтгэл ажлаа хангаж, морины комиссынхоны цутгасан морь хэмжих  талбайг тэгш бус тавьж шалгасан. Шалгахад уг зогсоол нь тал дундаасаа гуравны нэг баруун тийш чигчий хуруу орох хэмжээний хазгай байсан. Маргааш нь азарга уралдахаар хэмжилтийн хашаанд орж ирж хэмжилт хийгээд 4-н азарга 142-145 см сээрийн өндөртэй байсныг үлдээгээд бусад дуудагдан орсон азаргууд хэмжилтэд ороод гарсан. М.ийн 159 дугаартай азарга хэмжилтэд ороод уралдахаар гаргасан байсан. Гэтэл морины комиссын дарга нь хөтөлж үлдсэн азарганууд дээр нэмж оруулж ирснийг харсан. Чухам ямар учиртайг ойлгоогүй. Морийг хэмжихэд гадны хүчин зүйлүүд бас нөлөөлдөг. Талбай тэгш байх, морины зогсолт, тухайн азарга морины дэл гээд. Уг 159 дугаартай азаргыг хэмжихэд гар палкметр ашигласан. Талбайд зогсоход 140 см тааруулсан палкметрийг тэгш нь бага зэрэг хазайлттай байсныг хазаараас нь бариад хөдөлгөтөл зогсолтоо өөрчлөн палкметр доогуур ороод гарсан. Хэмжилтийг хийх үед мал эмнэлгийн тасгийн дарга, морины комиссын нарийн бичгийн дарга П.******* хамт хараад бас зөвшөөрөөд явуулсан. Харин уралдаж ирээд хасах шийдвэрт оролцоогүй. Тус сумын 100-н жилийн ойн баярын дараа аймгийн 100-н жилд уг азарга электрон хэмжилт хийлгээд уралдсан болохыг холбогдох хүмүүсээс сонссон болно. Би Улаанбаатар хотод амьдардаг уг шүүх хуралдаанд төлөөлөгчөөр оролцох боломжгүй байна гэжээ.

7. Гуравдагч этгээд Н. шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие сумын түүхт 100 жилийн ойн наадамд өөрийн биеэр морио уралдуулсан. Уг наадмын азарга барианд ирэхэд миний азарга 3-р байранд орж ирсэн. Мориныхоо хөлсийг хусаад байж байтал морины комиссын дарга Н. ирж “чиний азарга 2-р байранд орсон шүү, энэ 159 дугаартай хар азарга хэмжилтэн дээр хасагдаад уралдаад ирсэн, үүнийг барихгүй” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2023 оны 07 сарын 21-ны өдөр морио цоллуулах гээд наадмын талбайд азаргаа аваад очтол 6-н азарга ороод ирсэн байсан. Хасагдсан гээд байсан хар азаргыг цоллуулах гээд авчирсан байсан. Би нарийн учрыг нь сайн мэдэхгүй. Тэгээд 2-р байрны шагнал гээд миний нэрийг бичсэн өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал 1 000 000 төгрөг, мотоцикль өгснийг би аваад явсан. М.ийн талд шүүхийн шийдвэр хэрэв гарвал энд үүссэн хохирлыг тухайн морины комисс болон сумын Засаг даргын Тамгын газар хариуцна гэж итгэж байна. Миний бие шүүхийн ажиллагаанд болон шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанд хариуцагч нарын төлөөлөл болох Н., П.*******, П.*******, Н.******* нар хүрэлцэн ирээгүй ба шүүх хуралдаанд ирээгүй шалтгаанаа тайлбарлаагүй, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй байх тул тэднийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх үндэслэлтэй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт “хариуцагч, ... тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Завхан аймгийн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/36 дугаар захирамжаар сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг 2023 оны 07 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд тэмдэглэхээр, баяр наадмыг зохион байгуулах үүрэг бүхий дэд хороод болон бүрэлдэхүүнийг баталж, хурдан морины дэд хороог  тус сумын Засаг даргын орлогч Г. нарын 23 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. /хавтаст хэргийн 21, 22-р хуудас/

 3. сумын баяр наадмын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр  зохион байгуулагдсан азарга насны морьдын уралдаанд нийт 69 азарга бүртгүүлснээс, сэрвээг хэмжихэд нийт 5 азарга  сэрвээний өндрөөр тэнцээгүй гэж хасагдсаны дотор нэхэмжлэгчийн нэр дээрээ уралдуулсан хар азарга орсон байна. Нэхэмжлэгчээс уг хар азаргыг уралдуулж, азарга нь 2-р байр буюу аман хүзүүнд орсныг хурдан морины комисс сэрвээний өндрөөр тэнцээгүй гэж үзэн цоллохоос татгалзаж, 3-р байранд орсон азаргыг 2-р байранд орсноор, 4-р байранд орсон азаргыг 3-р байранд орсноор, 5-р байранд орсон азаргыг 4-р байранд орсноор, 6-р байранд орсныг 5-р байранд орсноор тус тус нэг байр урагшлуулж цоллосон болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 17, 23-28-р хуудас,

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ” гэж заасан тул азарга насанд 2-р байранд орсон гэж тооцогдсон 050 дугаартай морины эзэн болох Э.******* энэ хэрэгт гуравдагч этгээдээр татсан бөгөөд нэхэмжлэгчийн хар азаргыг аман хүзүүнд орсон болохыг тогтоох эсэхээс хамаарч айргийн гурав цаашлаад нэг, нэг байр ухрах үр дагаварт хүргэх магадлалтай гэж үзэн уралдсан бүх азарга насны морьдын эздийг гуравдагч этгээдээр татах боломжгүй юм.

5. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 15.1.1-д “..., үндэсний хурдан морины уралдааны ... дүрмийг батлах” гэж заажээ. Тодруулбал; Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй нарийвчилсан харилцааг зохицуулах дүрэм, журмыг Засгийн газар батлахаар заасан дээрх заалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны  6 дугаар сарын 29-ний өдрийн “Дүрэм батлах тухай” 257 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийг баталсан байна.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 1.1-д “Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль, холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмийг дагаж мөрдөнө” гэжээ.

6. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 5.3-д “Баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь нас тус бүрд дараахь хэмжээтэй байна”, 5.3.1-д “Азарга, соёолон - 140 см”, 5.5-д “Сэрвээний өндрийг автомат төхөөрөмж (лазер хэмжигч)-өөр хэмжих бөгөөд төхөөрөмжийг Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан байна” гэжээ. Т.*******ы шүүхэд гаргасан тайлбараар сумын 100 жилийн ойн баяр наадамд уралдах азарга насны морьдын сэрвээг гар палкметр ашиглаж хэмжсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нараас хэмжилт хийхэд хар азарганы сэрвээний өндөр 142 см байсан гэж нэхэмжлэгчээс 140 см-ээс илүү гараагүй хэмжээндээ байсан гэж маргаж байна.

Хариуцагчаас хар азарганы сэрвээний өндрийг хэмжихэд Д.*******, Э.******* нар харж байсан тул сэрвээний өндрөөр тэнцээгүй гэдгийг эдгээр хүмүүс гэрчилнэ гэх боловч дээрх гэрчүүд нь “яг хэмжилтийг очиж хараагүй” гэсэн мэдүүлэг өгч байх ба эдгээр гэрчийн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолгүй байх тул шүүх үнэлэх шаардлагагүй байна.

Гэрч Ц.******* “Хэмжилт хийгээд яах аргагүй тэнцэхгүй байна хаслаа гэж байсан, тэнд байсан хүмүүс энэ арай дэндэнэ ээ, 142 байна гэж байсан” гэж мэдүүлж байх ба энэ нь дээрх дүрэмд зааснаар сэрвээний өндрийг автомат төхөөрөмж /лазер хэмжигч/-өөр хэмжээгүй, гар хэмжилтийн багаж ашигласантай холбоотой гэж үзэхээр байна.

7. Шүүхээс хар азарганы сэрвээний өндрийг тусгай багажаар, мэргэжлийн хүнээр хэмжүүлэх шаардлагатай гэж үзэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 156, 2023 оны 11  дүгээр сарын 17-ны өдрийн 198 дугаар захирамжаар Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны холбогдох мэргэжилтнүүдийг шинжээчээр томилж 2 удаа шинжилгээ хийлгэсэн байна. /хавтаст хэргийн 80, 100-р хуудас/

Шинжээч нар нь Завхан аймгийн Алдархаан сумын Донойн хөндийд байрлах аймгийн хурдан морь хэмжилтийн талбайд зориулалтын багажаар хэмжилт хийсэн гэх бөгөөд шинжээч нарын эхний дүгнэлтээр буйлан тамгатай хар азарганы сэрвээний өндрийг 139,6 см болохыг тогтоосон байна. Хариуцагч нараас шинжилгээ хийхэд өөрсдөө байлцана, шинжлүүлэхээр ирүүлсэн азарга нь уралдсан хар азарга мөн эсэх нь эргэлзээтэй гэж маргасан тул шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 198 дугаар захирамжаар нэмэлт шинжилгээ хийлгүүлэхээр өмнөх шинжээч нарыг томилсон байна. Нэмэлт шинжилгээ хийхдээ хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулан хэмжилтийг 3 удаа хийсэн байх ба хар азарганы сэрвээний өндрийг 138,9 см, 139,4 см, 139,2 см байна гэсэн дүгнэлт ирүүлжээ. /хавтаст хэргийн 87-90, 105-107-р хуудас/

8. Түүнчлэн Завхан аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам, “Очирваанийн хурд-2023” баруун бүсийн хурдан морины азарга насны морьдын уралдаан 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болсон байх ба тус уралдаанд нийт 689 азарга бүртгүүлснээс нэхэмжлэгчийн нэр дээрээ уралдуулсан хар азарга Яруу сумын харьяат улсын алдарт уяач Ж.ын нэрээр 333 дээр бүртгэгдэж, 24 дээр уралдан ирж 100000 төгрөгний бай шагнал авсан болох нь бүртгэл, айргийн морьдын цувааны бүртгэлээр тус тус тогтоогдож байна./хавтаст хэргийн 53-64-р хуудас/

9. Ийнхүү шинжээч нарын дүгнэлт болон бусад уралдаанд бүртгүүлж, оролцож байснаас үзэхэд хар азарганы сэрвээний өндөр нь Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 5.3.1-д заасан 140 см байх хэмжээнээс илүү гараагүй байх тул сумын 100 жилийн ойн баяр наадмын азарга насны морьдын уралдаанд аман хүзүүнд орсныг цоллож баталгаажуулах үндэслэлтэй байна.

10. сумын баяр наадмын азарга насны морины уралдаанд хар азарга аман хүзүүнд орж ирсэн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргахгүй байх тул  уяачийн цоллуулах, бай шагнал авах эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ. Гуравдагч этгээд Э.******* тайлбараар аман хүзүүнд орсон азарганы бай шагналд мотоцикль, 1 сая төгрөг олгосон болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс мотоциклийн үнийг 3 сая төгрөгөөр тооцож нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нараас энэхүү үнийн дүн дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

11. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Үндэсний их баяр наадмыг уламжлалт ёс заншил, өв соёлд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хороо, аймаг, сумын хороо хариуцна” 16.5-д “Зохион байгуулах хороо нь улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.6-д “бөх, уяач, сурын болон шагайн харваачид бай, шагнал олгох”, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 10.1-д “Баяр наадамд түрүүлсэн, айрагдсан морьдыг эзэн, уяач уралдаанч хүүхдийн нэрээр цоллон алдаршуулж, бай шагналыг наадамчдын өмнө олгоно” гэж тус тус заасны дагуу сумын баяр наадмын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн азарга насны морины уралдаанд барианы зурхайгаар 2 дугаар байранд /аман хүзүүнд/ орсон аймгийн алдарт уяач Б.ын хар азаргыг аман хүзүүнд орсныг цоллож баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоож, хар азаргыг тус уралдаанд аман хүзүү буюу 2 дугаар байранд орсон шийдвэр гаргаж, тус хурдан азарганы уралдааны 2 дугаар байрны шагнал болох мотоциклийн үнэ болох 3,000,000 төгрөг, бэлэн мөнгө 1,000,000 төгрөгийн шагнал нийт 4,000,000 төгрөгийг олгохыг сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хороонд даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.5, 16.5.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Завхан аймгийн сумын 100 жилийн ойн баяр наадмын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн азарга насны морины уралдаанд 2 дугаар байранд орсон М.ийн нэр дээрээ уралдуулсан хар азаргыг 2 дугаар байранд орсоныг цоллож баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хар азаргыг тус уралдаанд аман хүзүү буюу 2-р байранд орсон шийдвэр гаргахыг сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хороонд даалгаж, тус азарганы уралдааны 2 дугаар байрны бай шагнал болох мотоциклийн үнэ болох 3,000,000 төгрөг, бэлэн мөнгөний шагнал 1000000 төгрөг, нийт 4000000 төгрөгийг сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хорооноос гаргуулж, М.т олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.АМАРЗАЯА