| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0348/э |
| Дугаар | 351 |
| Огноо | 2017-10-18 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Тунамал,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч А.Түмэннаст, түүний өмгөөлөгч Н.Оюунбилиг /ҮД: 0128/, шүүгдэгч Б.Мягмарсамдан, түүний өмгөөлөгч Майбаяр /ҮД: 2154/, шүүгдэгч Б.Даш-Өлзий, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД: 0157/, өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулга, түүний өмгөөлөгч Ганбат /ҮД: 0216/, Г.Алтантулгын хууль ёсны төлөөлөгч эгч Г.Ууганзаяа, Б.Даш-Өлзийгийн хууль ёсны төлөөлөгч эх Н.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ицэн Самдан овогт Анхныбаярын Түмэннаст, Шарайд овогт Баярсайханы Мягмарсамдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гантулгын Алтантулга, Баяжих овогт Бямбажавын Даш-Өлзий нарт холбогдох 201725020783 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ундармал булаг” цехэд гурил машиндагч ажилтай, ам бүл 2, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Дэнжийн 2 дугаар гудамжны 6 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овгийн Гантулгын Алтантулга, /РД: НЩ01271915/, /№0000935610 Г-57 дугаарын төрсний гэрчилгээтэй/
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Завхан
аймгийн Улиастай суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
барилгын мужаан мэргэжилтэй, “Жаргалан” үндэсний бөхийн цогцолбор сургуульд үндэсний бөхөөр хичээллэдэг, ам бүл 4 эцэг, эх, эгч нарын хамт, Сонгинохайрхан
дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 103 дугаар гудамжны 10 тоотод оршин суудаг,
урьд ял шийтгэгдэж байгаагүй, Баяжих овгийн Бямбажавын
Даш-Өлзий, /РД:ИЭ99080710/
3. Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар
аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дөлгөөн дон” караокед зөөгч ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Мон лаа 14 дүгээр гудамжны 38 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 9 дүгээр гудамжны 02 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ицэн Самдан овгийн Анхныбаярын Түмэннаст /РД: ЛЮ97100211/
4. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн Баян Улаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Батгүрэн” ХХК-д бетон арматурчин ажилтай, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт, Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн 7 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь Эхийн 2 дугаар гудамжны 1544 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Шарайд овгийн Баярсайханы Мягмарсамдан /РД: СЧ92012431/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулга нь А.Түмэннаст, Б.Мягмарсамдан, насанд хүрээгүй Б.Даш-Өлзий нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 18-наас 03 дугаар сарын 19-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дашчойлон хийдийн зүүн талд явж байсан хохирогч А.Гомбодоржийн эд хөрөнгийг авах зорилгоор биед хүч хэрэглэн 60.000 төгрөг, 20.000 төгрөгний үнэтэй түрийвч, “Анукэл” маркийн 50.000 үнэтэй гар утас зэргийг дээрэмдсэн,
Өсвөр насны шүүгдэгч Б.Даш-Өлзий нь А.Түмэннаст, Б.Мягмарсамдан насанд хүрээгүй Г.Алтантулга нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 18-наас 03 дугаар сарын 19-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дашчойлон хийдийн зүүн талд явж байсан хохирогч А.Гомбодоржийн эд хөрөнгийг авах зорилгоор биед хүч хэрэглэн 60.000 төгрөг, түрийвч, “Анукэл” маркийн гар утас зэргийг дээрэмдсэн,
Шүүгдэгч А.Түмэннаст нь Б.Мягмарсамдан, насанд хүрээгүй Г.Алтантулга, Б.Даш-Өлзий нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 18-наас 03 дугаар сарын 19-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дашчойлон хийдийн зүүн талд явж байсан хохирогч А.Гомбодоржийн эд хөрөнгийг авах зорилгоор биед хүч хэрэглэн 60.000 төгрөг, түрийвч, “Анукэл” маркийн гар утас зэргийг дээрэмдсэн, мөн насанд хүрээгүй Г.Алтантулга, Б.Даш-Өлзий нарыг дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,
Шүүгдэгч Б.Мягмарсамдан нь А.Түмэннаст, насанд хүрээгүй Г.Алтантулга, Б.Даш-Өлзий нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 18-наас 03 дугаар сарын 19-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дашчойлон хийдийн зүүн талд явж байсан хохирогч А.Гомбодоржийн эд хөрөнгийг авах зорилгоор биед хүч хэрэглэн 60.000 төгрөг, түрийвч, “Анукэл” маркийн гар утас зэргийг дээрэмдсэн, насанд хүрээгүй Г.Алтантулга, Б.Даш-Өлзий нарыг дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Мягмарсамдан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн үед бид нар Сансарын колонкийн орчим засал чимэглэлийн ажил хийж байсан. 2017 оны 3 дугаар сарын 18-ны орой бид нар байдаг ажлаасаа тараад Дарь Эх рүү харихаар явж байсан. Тэгээд Дашчойлин хийдийн хажуугаар явж байхад Алтантулга бид хоёр түрүүлээд урагшаа зам гарахаар алхаж явтал хойноос нэг хүн “бариад аваарай” гэж орилох шиг болсон. Тэгэхээр нь би гүйж очоод тонгойлгоод толгойг нь дарсан. Алтантулгыг заамдчихсан байх шиг байсан. Ноцолдож байсан. Хохирогчийг яг хэн нь өшиглөсөн гэдгийг мэдэхгүй харж чадаагүй. Тэгээд бид нар зугтааж байгаад нэг байрны хажуу талд доошоо орсон подвол руу ороход Түмэннаст нэг түрийвч гаргаж ирсэн. Тухайн үед хойноос нэг хүн “бариад ав” гэж орилоход би зодоон болох гэж байна гэж ойлгосон. Гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж байна…” гэв.
Шүүгдэгч А.Түмэннаст нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна …” гэв.
Шүүгдэгч Б.Даш-Өлзий нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна …” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Хууль ёсны төлөөлөгч Ш.Ууганзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Г.Алтантулгын төрсөн эгч нь юм. Зан байдлын хувьд хүний үгэнд оромтгой. Манай аав 1 жилийн өмнө нас барсан. Ээж маань бие муутай. Манай дүү Алтантулга нь Түмэннасттай танилцсанаас хойш байнга гадуур явдаг болсон. Би ээжийгээ асардаг учраас анхаарал халамж сайн хандуулж чадахгүй байгаа байх. Одоогоор надтай хамт нарийн боовны цехэд ажил хийж байгаа. Цаашид анагаахын чиглэлээр суралцах гэж байгаа…” гэв.
Хууль ёсны төлөөлөгч Ч.Бурмаа мөрлөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Миний хүү зан байдлын хувьд төлөв даруу. Ээж аавдаа тусархуу. Мужаан мэргэжилтэй. Удахгүй цэрэгт явах гэж байгаа. Цаашид анхаарал хандуулах болно…” гэв.
Эрүүгийн 201725021092 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Мягмарсамдан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Алтантулга бид хоёр түрүүлээд алхаж байтал хэн нэг нь наадхаа бариад ав гэсэн /тэгж орилсон нь нь Алтантулга байх/ би гүйж очоод урд явж байсан залуугийн хойноос тэврээд уургалаад доош нь дарсан, Алтантулга гүйж ирээд тэр залуугийн баруун гартай нь ноцолдоод байсан, тэгээд Даш-Өлзий, Түмэннаст хоёр гүйж ирээд нөгөө залууг өшиглөж байх шиг байсан, хэн өшиглөж байгааг хараагүй, надад өшиглөж байгаа нь сонсогдож байсан, тэгээд Даш-Өлзий, Түмэннаст хоёр ирсэн зүг рүүгээ гүйгээд араас нь Алтантулга гүйгээд тэр гурвын араас би гүйсэн, тэгээд подволын шат руу ороод суусан, Түмэннаст түрийвч шиг зүйл гаргаж ирээд дотроос нь картууд гаргаж шидээд байсан, тэр залуугийн гар утсыг Алтантулга, түрийвчийг нь Түмэннаст авсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 129-130 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Түмэннаст нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...тухайн үед Алтантулга, Мягмарсамдан хоёр түрүүлж яваад Алтантулга Мягмарсамданд хандан "бариад ав" гэж орилсон. Мягмарсамдан зам хөндлөн гүйж гараад залууг хүзүүгээр нь уургалж бариад доош нь дараад Алтантулга очоод тэр залуугийн баруун гартай нь ноцолдоод байсан, би гүйж очоод тэр залуугийн бөгсөн хэсэг рүү нь өшиглөсөн, Даш-Өлзий миний хажуугаар орж ирээд тэр залууг 4-5 удаа бөгс рүү нь өшиглөсөн, тэгээд Алтантулга эхлээд гүйсэн, ардаас нь Даш-Өлзий гүйсэн, би гүйх гэсэн чинь нөгөө залуу Мягмарсамданг тавихгүй болхоор нь үүрч явсан цүнх рүү нь өшиглөсөн, тэгээд бид дөрөв зугтаасан, Даш-Өлзий, Алтантулга нар түрийвч шиг зүйлээс бичиг баримт гаргаж шидсэн, Алтантулга надад дээд талын мэдрэгч нь ажилдаггүй хар өнгийн "анукал" нэртэй гар утас өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Даш-Өлзий нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...тэр үед Б.Мягмарсамдан, Г.Алтантулга, А.Түмэннаст нарын хамт явж байгаад Дашчойлон хийдийн хажууд бид нарын хажуугаар нэгэн залуу зөрөөд алхсан, ... Мягмарсамдан тэр залуугийн толгойг нь уургалан доош дараад зогсчихсон, Алтантулга нь тэр залуугийн гартай нь ноцолдож байхаар нь Түмэннаст бид хоёр гүйж очоод Түмэннаст залуугийн өмдний халааснаас хар өнгийн жижиг түрийвч аваад зугтаасан, би тэр залуугийн зүүн талын хөл рүү 1-2 удаа өшиглөсөн, гар утсыг нь Алтантулга, түрийвчийг нь Түмэннаст авсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулга нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Мягмарсамдан бид 2 нөгөө хоёроосоо түрүүлээд алхаж байтал бид хоёрын хажуугаар нэг намхан залуу өнгөрөөд явсан, Мягмарсамдан замын цаад талд явж байсан залуу руу гүйж очоод ар талаас нь толгойг нь уургалаад доош нь дараад зогссон, намайг Түмэннаст, Даш-Өлзий хоёрын нэг нь “наад залуугийнхаа гар утсыг авчих” гэж хэлсэн тэгэхээр нь би тэр залуугийн баруун гартаа барьж байсан гар утсыг нь авах гээд ноцолдож эхэлсэн, тэгтэл Түмэннаст, Даш-Өлзий хоёр араас гүйж ирээд Түмэннаст тэр залуугийн өмдний арын халааснаас жижигхэн хар өнгийн түрийвчийг аваад би тэр залуугийн гар утсыг авсан, тэгээд гүйсэн, бид 4 байрны доошоо уруудаад орсон шат байхаар нь тийшээ ороод нуугдаж суусан. Түмэннаст түрийвчинд юу ч алга гээд дотор нь байсан бичиг баримтуудыг гаргаж хаяад байсан, би тэр залуугаас авсан гар утсаа Түмэннастад өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулгын хууль ёсны төлөөлөгч Ш.Ууганзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Миний дүү Г.Алтантулга нь 9 дүгээр ангиа төгсөөд том машин механизмын тоног төхөөрөмж коллежод орох байсан боловч төлбөрийн асуудлаас болоод энэ жил завсардсан. Манай дүү өвчтэй ээжийгээ асардаг, ер нь гэрээсээ гардаггүй, жудо бөхөөр хичээллэдэг байсан…” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 18 дугаар хуудас/,
Хохирогч А.Гомбодорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...манай найзууд баяр тэмдэглэж бага зэрэг согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн би тэмцээний бэлтгэлтэй байсан учраас огт хэрэглээгүй, би найз Амарыг гэрт нь хүргэж өгөөд буцаад гэртээ харих гээд Дашчойлон хийдийн зүүн талын явган хүний замаар утсаар яриад явж байтал миний ардаас нэг залуу хүзүүнээс уургалж барьж аваад малгайтай цамцны малгайгаар доош нь дараад өшиглөөд нэг хүн нь миний халаасыг нэгжээд нэг нь миний утсаа барьж байсан гар руу ямар нэгэн зүйлээр цохиод миний утсыг мөн өмдний хойд халаасанд байсан түрийвчтэй бичиг баримт болон 60.000 төгрөгийг аваад явсан, би араас нь хөөхөд 4 залуу зугтаагаад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр: “… Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дашчойлон хийдийн замын эсрэг талд байрлуулан тавьсан хяналтын камерын бичлэг байх бөгөөд хяналтын камерын бичлэгээр 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03 цаг 45 минут 41 секундэд камерын бичлэгийн үзэгдэх орчинд 3 этгээд гарч ирэх бөгөөд замын баруун талд хохирогч А.Гомбодорж явж, араас нь Мягмарсамдан дагаад харин замын нөгөө талд Алтантулга явж байх бөгөөд Гомбодоржийн араас Мягмарсамдан барьж авах үед замын нөгөө талд явж байсан Алтантулга гүйж очин Гомбодоржийн баруун гартай ноцолдож эхлэх бөгөөд араас нь Түмэннаст, Даш-Өлзий 2 гүйж ирээд Даш-Өлзий Гомбодоржийн хөл рүү нь 2, 3 удаа өшиглөх бөгөөд үүний дараа Алтантулга цаашаа явах бөгөөд араас нь машин замаар машин ирэх үед Түмэннаст, Мягмарсамдан, Даш-Өлзий нар зугтаах бөгөөд Гомбодорж араас нь хөөж гүйгээд хяналтын камерын бичлэгт үзэгдэх орчноос гарав …” гэжээ /1 хх-ийн 10 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол: “…1 ширхэг цагаан өнгийн сидиг хэрэгт хавсаргахаар тогтов…” гэжээ /1 хх-ийн 9 дүгээр хуудас/
Эд зүйлийн үнэлгээ:
- Түрийвч – 20.000 төгрөг гэжээ…” /1 хх-ийн 177 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...сэжигтэн Б.Даш-Өлзийгөөс Самсунг брэндийн Анукел гэх хар өнгийн утсыг хураан авч хохирогч А.Гомбодоржид хүлээлгэн өгөв...” /1 хх-ийн 173/,
Б.Мягмарсамдангийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 136/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 134/, оршин суугаа газрын тодорхойлолт /1 хх-ийн 135/, хувийн байдал тогтоосон баримт /1 хх-ийн 141-144/, А.Түмэннастын иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 83/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 221/, хувийн байдал тогтоосон баримт /1 хх-ийн 84-101/, Б.Даш-Өлзийгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 65/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 222/, оршин суугаа газрын тодорхойлолт /1 хх-ийн 66 /, хувийн байдал тогтоосон баримт /1 хх-ийн 67-73/, Г.Алтантулгын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 116/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 113 /, оршин суугаа газрын тодорхойлолт /1 хх-ийн 115/, хувийн байдал тогтоосон баримт /1 хх-ийн 119-121/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Түмэннаст, шүүгдэгч Б.Мягмарсамдан, шүүгдэгч Б.Даш-Өлзий, өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулга нар бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 19-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дашчойлон” хийдийн зүүн талд явж байсан хохирогч А.Гомбодоржийн эд хөрөнгийн авах зорилгоор А.Түмэннаст нь “хохирогчийг барьж ав, гар утсыг ав” гэх зэргээр гудамжинд орилж, хохирогчийг Б.Мягмарсамдан нь толгойг доош дарж цохиж, Г.Алтантулга баруун гарыг цохиж утсыг авч, Б.Даш-Өлзий хөл рүү нь өшиглөж, А.Түмэннаст өмдний халаасыг нь нэгжиж түрийвчтэй эд зүйлийг нь авч буюу хохирогч А.Гомбодоржид хүч хэрэглэн 60.000 төгрөг, түрийвч, “Анукэл” маркийн гар утас зэргийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Түмэннаст, Б.Мягмарсамдан, Б.Даш-Өлзий, өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулга нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Гомбодоржийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгч А.Түмэннаст, Б.Мягмарсамдан нарыг насанд хүрээгүй Г.Алтантулга, Б.Даш-Өлзий нарыг дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч тэдгээрийн үйлдлийг нотлосон баримт хангалтгүй, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдлийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрмийн гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн боловч шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасныг прокуророос баримтлан шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгосныг өөрчилж, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд ялласан нь хууль зүйн үндэслэлтэй болохыг тэмдэглэв.
Шүүх шүүгдэгч А.Түмэннаст, шүүгдэгч Б.Мягмарсамдан, шүүгдэгч Б.Даш-Өлзий, өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулга нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор бусдад нь хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан хохирогч А.Гомбодоржийн хүсэлтэд: “Би хохиролд 1.500.000 төгрөг авсан. Иймд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч нараас хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хоёроос найман жилийн хугацаатай хорих ял шийтгэж болох хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулга, шүүгдэгч Б.Даш-Өлзий нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан тул тэдгээрт Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж...шийдвэрлэж болно...” гэж тусгасны дагуу хорин нэгэн насанд хүрээгүй шүүгдэгч А.Түмэннастад өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай тухайн бүлэгт заасны дагуу тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар заахдаа гэмт хэргийн хүнд, хөнгөн ангиллыг тусгайлан заагаагүй тул шүүгдэгчийн нас биед тохирсон, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах боловсрол эзэмшүүлэх, зөв ёс суртахууныг төлөвшүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, хорин нэгэн насанд хүрээгүй хүнийг хорьж хүмүүжүүлэх шаардлагагүй гэж үзэж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Мягмарсамдангийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон тэдгээрийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин шүүгдэгч нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Мягмарсамдангийн 14 хоног цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч А.Түмэннаст, Б.Даш-Өлзий, өсвөр насны шүүгдэгч, Г.Алтантулга нарт тус бүр 14 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цаг (14хоног х 8 цаг =112)-аар тооцож, эдлэх ялаас хасаж тооцов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдаж ирсэнийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ицэн Самдан овогт Анхныбаярын Түмэннаст, Шарайд овогт Баярсайханы Мягмарсамдан нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн 1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч А.Түмэннаст, Б.Мягмарсамдан, Б.Даш-Өлзий, өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулга нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулгад 150 /нэг зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Даш-Өлзийд 200 /хоёр зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.Түмэннастыг 200 /хоёр зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсамданг 01 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсамданд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсамдангийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Түмэннаст 14 /арван дөрөв/ хоног, Б.Даш-Өлзий 14 /арван дөрөв/ хоног, өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулга 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсон нэг хоногийг тэдгээрт дээр тогтоосноор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 112 /нэг зуун арван хоёр/ /14*8=112/ цагийг эдлэх ялаас хасч, шүүгдэгч А.Түмэннаст, Б.Даш-Өлзий нарт 88 /наян найм/ цагийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулга 38 /гучин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлэхийг тогтоосугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Б.Мягмарсамданд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Түмэннаст, Б.Даш-Өлзий, өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулга нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Түмэннаст, Г.Алтантулга, Б.Даш-Өлзий нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Мягмарсамданд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН