Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0826

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О /РД:***/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ж*** нарыг оролцуулан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Сонгон шалгаруулалтын талаар *** дугаар албан бичгийг хүчингүй болгуулах

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Өмнөговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолоор /1х.х-10/ Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан Б.О***-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн.

2.2.Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар тушаалаар /1х.х-13/ Б.О***-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон.

2.4.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгээр ...Б.О нь албан тушаалын тодорхойлолтын Туршлага хэсэгт заасан Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй удирдах албан тушаалын нөөцөд бүртгэлгүй байхад сонгон шалгаруулалтад оруулж Төрийн албаны тухай хууль, журмыг зөрчсөн байна. Иймд Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Салбар зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгож, 2022 оны 5 дугаар сард багтаан сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлд мэдэгджээ.

2.5.Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2022/5338 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, Өмнөговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаар албан бичгээр маргаан бүхий актыг нэхэмжлэгчид хэзээ мэдэгдсэн талаар хариу ирж, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2023/5935 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.6.Нэхэмжлэгчийн зүгээс ...Маргаан бүхий захиргааны актад албан тушаалын тодорхойлолтын "Туршлага" хэсэгт заасан "Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх" гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй,

Зөвлөл нь хуульд заасан шийдвэрийн хэлбэрийг зөрчсөн албан бичиг болох маргаан бүхий актыг хууль зөрчин гаргаж, үүнд заавал биелүүлэх буюу захирамжилсан шинжтэй чиглэлийг Салбар зөвлөлд ирүүлсэн нь миний төрийн албанд сонгон шалгаруулалтын үндсэн дээр ажиллах хууль ёсны эрхийг зөрчихөд хүрч байна.... гэж маргажээ.

2.7.Хариуцагчаас ...Б.О нь төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй байсан хугацаанд буюу Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг зөрчин Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон,

Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын "Туршлага" хэсэгт "Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх" гэсэн шаардлагыг хангаагүй, удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлгүй байхад сонгон шалгаруулалтад оруулсан нь холбогдох хууль, журмыг зөрчсөн... гэж тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.О*** би Сангийн яамны "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төслийн нэгжийн Захиргаа, санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр тушаалаар тус газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд шилжин ажилласан бөгөөд 2021 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоо нөхөх тусгай /тухайн албан тушаалын/ шалгалтыг зохих журмын дагуу өгч хамгийн өндөр оноог авсан. Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолоор миний биеийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн юм.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгээр "намайг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн Салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг чиглэл болгосныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1.Маргаан бүхий захиргааны актад албан тушаалын тодорхойлолтын "Туршлага" хэсэгт заасан "Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх" гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, би Сангийн яамны "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц"-төслийн нэгжийн Захиргаа, санхүүгийн албаны даргаар ажилласан жилийг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцсоноор уг албан тушаалын тодорхойлолтод заасан дээрх шаардлагыг хангаж байгаа болохыг Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан "Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисс" нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд тогтоож, тусгай шалгалтад оролцуулсан нь үндэслэлтэй юм. Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүн хамаарах албан тушаалын жагсаалт"-ын "Ахлах түшмэл" гэсэн хэсэгт "Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллагын нэгжийн дарга" нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарахаар заасан бөгөөд миний эрхэлж байсан ажил болох Сангийн яамны Хөгжлийн хөтөч-дэд бүтэц"-төслийн нэгжийн Захиргаа, санхүүгийн алба нь Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан нэгж юм. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.16-д Засгийн газрын шугамаар авч байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн нэгжийн дарга нь төсвийн шууд захирагч байхаар заасан нь төрийн албаны төрийн захиргааны ангилалд хамаарахыг бататгасан эрх зүйн зохицуулалт тул маргаан бүхий актаар Салбар зөвлөлийн хууль ёсны тогтоолыг хүчингүй болгох эрх зүйн шууд үр дагавар үүсэхэд чиглэсэн чиглэлийг өгч, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөд хүрч байгаа нь үндэслэлгүй байна.

2. Зөвлөлийн эрх зүйн үр дагавар бий болгох шийдвэрийн хэлбэр нь тогтоол байдаг бөгөөд мараан бүхий акт нь хэлбэрийн хувьд тогтоол буюу захирамжлалын баримт бичиг биш байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасан "Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ" гэснийг Зөвлөл зөрчсөн гэж үзэж байна. Зөвлөл нь ийнхүү хуульд заасан шийдвэрийн хэлбэрийг зөрчсөн албан бичиг болох маргаан бүхий актыг хууль зөрчин гаргаж, үүнд заавал биелүүлэх буюу захирамжилсан шинжтэй чиглэлийг Салбар зөвлөлд ирүүлсэн нь миний төрийн албанд сонгон шалгаруулалтын үндсэн дээр ажиллах хууль ёсны эрхийг зөрчихөд хүрч байна. Иймд дээрх үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн "Сонгон шалгаруулалтын талаар" *** дугаартай, эрх зүйн шууд үр дагавар бий болгоход чиглэсэн албан бичиг /захиргааны акт/-ийг хүчингүй болгож, миний зөрчигдөхөд хүрч буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрийн албаны тусгай шалгалтад оролцсон. Энэ тусгай шалгалт нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд шалгалтад оролцсон байдаг. Ингээд оролцоод хамгийн өндөр оноо буюу *** оноо аваад, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолоор Б.О***-ийг хамгийн өндөр оноо авсныг үндэслээд санхүү, төрийн сангийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолыг гаргасан. Улмаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 01 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар тушаалаар тухайн сул байсан зарлагдсан албан тушаалд томилогдоод ажиллаад явж байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр *** дугаар албан бичгийг гаргаж Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлд ирүүлсэн. Энэхүү албан бичгийн утга учир нь Б.О***ийг тухайн тусгай шалгалтад оролцуулсан нь хууль бус байна. Ажилласан жилийн шаардлагыг хангаагүй байна, ийм учраас албан тушаалд нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолыг хүчингүй болгоод, сонгон шалгаруулалтыг дахин зарлах чиглэлийг ирүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 5 дугаар сарын 05-ны *** дугаар албан бичгийг хуульд заасан шаардлага хангаагүй, үндэслэлгүй албан бичиг гэж маргасан. Үүний нэг үндэслэл нь Б.О***-ийн ажилласан жил тухайн Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага буюу тухайн үед төрийн албанд 8-аас доошгүй жил, үүний дэс түшмэлийн албан тушаалд 4-оос доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэл ирсэн. Бид нар нэхэмжлэлийн шаардлагаа хоёр үндэслэлээр тодорхойлсон. Нэгдүгээрт бид Төрийн албаны тухай хуульд заасан ажилласан жилийн шаардлагыг хангасан юм, хангаж байгаагийн нэг илрэл нь Сангийн яамны төслийн нэгжид ажилласан жилийг оролцуулаад тайлбарлаж байсан. Гэвч төрийн захиргааны байгууллагаас Хөгжлийн хөтөч дэд бүтэц төслийн нэгжид Сангийн яамны бүтэц, зохион байгуулалтад байхгүй гэсэн. Энэ захиргааны байгууллагаас нотлох баримт ирсэн учраас бид үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэвч 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр оролцсон шалгалт авах комисс байгуулагдсан. Энэхүү комисс нь Б.О***-ийг ажилласан жилийн шаардлагын 50 хувийг хангаснаар Засаг даргын Тамгын газрын даргаас бичиг аваад 50 хувийн шаардлагыг хангасан байна. Ийм учраас шатлан дэвшүүлээд энэ үндэслэлээр шалгалтад оруулах боломжтой гэж шийдвэрлэсэн байдаг. Энэ төслийн нэгжид ажилласан жилийг төрийн албанд ажилласан хугацаанд орохгүй байгаа нь төдийлөн нэхэмжлэлд ач холбогдолгүй гэж үзэж байгаа. 50 хувийн шаардлагаа хангасан гэдэг үндэслэлээр тусгай шалгалтад орж өндөр оноо авсан. Хоёрдугаарт бид нар маргаан бүхий актыг хэлбэрийн шаардлага хангаагүйгээс гадна зөвлөлийн гишүүнд эрх олгогдоогүй асуудлаар ийм шийдвэрийг гаргасан гэж үздэг. Яагаад гэвэл Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөл, гишүүд, зөвлөлийн даргын эрх, үүргийг маш тодорхой хуульчилсан. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 65.6 дахь хэсэгт зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана, зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэсэн заалттай. Гэвч маргаан бүхий акт нь тогтоол хэлбэрээр гараагүй. 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичиг ирүүлж, албан хаагчийн ажил мэргэжилдээ ажиллаж байгаа эрхийг зөрчихөд хүргэж байгаа бичиг тогтоол байх хэлбэрийг зөрчиж ирсэн. Нөгөөтээгүүр Төрийн албаны зөвлөл хамтын удирдлагын зарчмаар ажиллана, зөвлөлийг гадаад, дотоод харилцаанд зөвлөлийн дарга төлөөлнө гэдэг нарийн зохицуулалттай. Гэвч тухайн үед н.Баатарсайхан зөвлөлийн гишүүнээс ийм бичиг ирүүлж байгаа нь үндэслэлгүй байна гэсэн хоёр үндэслэлээр маргадаг. Энэ хоёр үндэслэлээ дэмжиж байгаа. Сангийн яамнаас ирсэн бичгийг бид нар хүлээн зөвшөөрнө. Мэдэж төрийн албанд нэхэмжлэгч хууль, дүрмээ буруу үзсэн байж болно, үүнийг бид нар хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ нэхэмжлэгч 50 хувь гэдэг үндэслэлээр орсон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа ийм үндэслэлээр дэмжиж байна. гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сард зохион байгуулсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоо нөхөх тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-д иргэн Б.О*** хамгийн өндөр оноо авч, тус Салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолоор тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт "төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс" нөхөхөөр зохицуулсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт "Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна" гэж заасан. Б.О*** нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 362 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгджээ. Гэтэл Б.О*** нь төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй байсан хугацаанд буюу Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг зөрчин Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон. Нөгөөтээгүүр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын "Туршлага" хэсэгт "Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх" гэсэн шаардлагыг хангаагүй, удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлгүй байхад сонгон шалгаруулалтад оруулсан нь холбогдох хууль, журмыг зөрчсөн байна. Иймд Б.О***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сард аймгийн Засаг даргын Тамгын газарт Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоо нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулсан байдаг. Энэ тусгай шалгалтад Б.О*** хамгийн өндөр оноо аваад салбар зөвлөлийн тогтоолоор уг албан тушаалд нэр дэвшигдээд томилогдсон үйл баримт байдаг. Энэ тусгай шалгалт хууль бусаар зохион байгуулагдчихлаа гээд Төрийн албаны зөвлөлд гомдол, мэдээлэл ирүүлсэн. Үүний дагуу холбогдох баримтыг аваад үзэхэд Б.О***-ийн хувьд тухайн үед нөөцөд бүртгэлгүй, ажилласан жилийн шаардлага хангаагүй нөхцөл байдлууд тогтоогдоод шалгалтад оруулсан байдаг. Энэ хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан гомдол, маргааныг шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага гэж салбар зөвлөлийн харьяалах дээд шатны захиргааны байгууллага нь Төрийн албаны зөвлөл байдаг. Ингээд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу салбар зөвлөл энэ тусгай шалгалтыг зохион байгуулахдаа яалт ч үгүй хуульд заасан журмыг зөрчөөд зохион байгуулсан байна, болзол, шаардлага хангаагүй хүнийг шалгалтад оруулсан байна. Тийм учраас захиргааны байгууллагын гаргасан алдааг өөрөөр нь засуулах зорилготойгоор Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичиг байгаа. Энэ захиргааны хэрэгт маргаан бүхий актаар тооцогдсон. Маргаан бүхий актад Б.О***-ийн хувьд Сангийн яамны хажууд Хөгжлийн хөтөч, дэд бүтэц төсөлд ажиллаж байсан нь төрийн албанд ажилласан хугацаанд орохгүй, нөгөө талаар төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй байна. Яагаад нөөцөд бүртгэлгүй хүнийг шалгалтад оруулчхав. Ийм учраас үүнтэй холбоотойгоор дахиад салбар зөвлөлийн гаргасан тогтоолоо эргэж хараад, эргээд энэ асуудлаа дахиад сонгон шалгаруулалтыг зохион байгуул гэсэн бичгийг өгсөн. Гэтэл салбар зөвлөлөөс зохион байгуулсан тусгай шалгалт болох тэр хугацаанд Б.О***ийн хувьд төрийн албан хаагч статусгүй байсан. Яагаад гэвэл төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй, нөөц ч байхгүй байсан. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 26.3 гэдэг зохицуулалт ажиллаж байгаа албан хаагчийн хувьд хамааралтай байдаг. Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасны дагуу мерит зарчим буюу шатлан дэвших тогтолцооны дагуу удирдах албан тушаалд ажиллая гэхэд албан хаагчаас ажилласан жил хүрэхгүй байгаа тохиолдолд ажилласан жилийн 50 хувиар тогтоогоод, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг мэргэжил, туршлага, чадварыг харгалзаад гээд байгаа. Ингээд 50 хувиар шатлан дэвшүүлж болно гэдэг нь одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчид хамааралтай заалт болохоос биш тухайн үед төрийн жинхэнэ албаны нөөцөд ч байхгүй, төрийн албан хаагчийн статусыг алдсан байгаа Б.О***-ийн хувьд энэ заалт хамаарагдахгүй юм. Энэ шалгалт, шүүлэг зохион байгуулагдсаны дараа Б.О***-ийн хувьд төрийн албаны ерөнхий шалгалт өгөөд 2021 оны 11 дүгээр сарын 362 дугаар зөвлөлийн тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл нөөцгүй байх үедээ энэ шалгалтыг өгсөн байна. Б.О***-ийн шалгалт өгсөнтэй холбоотой энэ мэдээллийг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага буюу салбар зөвлөлөөс шалгалт зохион байгуулах комиссоос зохион байгуулсан үйл ажиллагаа чинь хуульд нийцээгүй байна, үүнийг зөвтгө гэж өөрөөр нь зөвтгүүлэх байдлаар энэ албан бичиг явсан юм. Энэ албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргах зохицуулалттай. Тэрнээс биш тогтоол гаргаад зөвлөлийн гишүүн тогтоолд дангаараа гарын үсэг зурсан ч юм уу хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй. Тийм учраас үүнийг тогтоол гаргах гэдэг байдлаар биш, салбар зөвлөл шалгалтын комиссыг танай хийсэн алдаа чинь ийм байна, хийсэн алдаагаа залруул гэж захиргааны хууль бус ажиллагааг өөрөөр нь залруулах байдлаар гаргасан албан бичиг юм. Б.О*** ажилласан жилийн 100 хувийн шаардлага хангаагүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, төрийн албан хаагч гэсэн статус байхгүй төсөлд ажиллаж байсан учраас 50 хувиа ч хангахгүй тул Төрийн албаны тухай хуулийн 26.3 дахь хэсгийг тухайн үед хэрэглэх боломж байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Оээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч Б.О*** дараах үндэслэлээр маргасан.

1.1.Маргаан бүхий захиргааны актад албан тушаалын тодорхойлолтын "Туршлага" хэсэгт заасан "Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх" гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй,

1.2.Сангийн яамны Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төслийн нэгж нь Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.16-д Засгийн газрын шугамаар авч байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн нэгжийн дарга нь төсвийн шууд захирагч байхаар заасан нь төрийн албаны төрийн захиргааны ангилалд хамаарахыг бататгасан эрх зүйн зохицуулалт юм.

2. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр тушаалаар Б.О***-ийг Сангийн яамны "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төслийн нэгжийн Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалаас тус аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар томилсон.

3. Б.О уг албан тушаалын орон тоонд 2021 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан тусгай шалгалтад оролцож хамгийн өндөр оноог авснаар Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолоор Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлжээ.

4.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгээр албан тушаалын тодорхойлолтын "Туршлага" хэсэгт заасан "Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй Б.О***-ийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг үүрэг болгожээ.

5.Б.О*** нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 362 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн /1х.х-40-41/ бөгөөд ийнхүү бүртгэгдэхээс өмнө Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр тушаалаар /1х.х-36/ Б.О***-ийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. гэснийг зөрчсөн гэж хариуцагч тайлбарлах боловч хэргийн оролцогчид уг тушаалтай маргаагүй.

6.Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлөөс Б.О***-ийн Сангийн яамны Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн нэгжийн Захиргаа, санхүүгийн албаны даргаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцсоноор уг албан тушаалын тодорхойлолтод заасан дээрх шаардлагыг хангасан гэж үзэн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоо нөхөх тусгай шалгалтад оролцуулсан байна.

7.Тус салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолоор Б.О***-ийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлснээр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар тушаалаар /1х.х-13/ томилогдсон.

8.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т "төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс" нөхөхөөр заасан бөгөөд Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын "Туршлага" хэсэгт "Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх" гэсэн шаардлагад Б.Оийн төрийн албанд ажилласан жил хүрээгүй.

9.Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 275 дугаар /2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор хүчингүй болсон/ тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтын Ахлах түшмэл ангиллын ТЗ-9 зэрэглэлд орсон "Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллагын нэгжийн дарга"-ын албан тушаал хамаарахгүй болох нь Сангийн яамны Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн нэгжийн Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаал хамаарахгүй талаар Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар /2 х.х-ийн 119/ албан бичгээр нотлогдож байна.

10.Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх;

мөн зүйлийн 26.3-т Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно. гэсэн зохицуулалт нь төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчид хамааралтай.

11.Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасны дагуу шатлан дэвших зарчмаар удирдах албан тушаалд ажиллах боломжтой төрийн албан хаагчийн хувьд үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг мэргэжил, туршлага, чадварыг харгалзан ажилласан жилийн шаардлагыг 50 хувиар тогтоож болохоор зохицуулсан зохицуулалт нь Б.О***-ийн хувьд хэрэглэгдэх боломжгүй.

12.Маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичиг нь нөөцөд бүртгэлгүй, ажилласан жилийн шаардлага хангаагүй иргэнийг сонгон шалгаруулалтад оруулсан талаарх гомдлыг шийдвэрлэх чиг үүргийн хүрээнд доод шатны байгууллагын гаргасан алдааг өөрөөр нь засуулах зорилготойгоор Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3.иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох; чиг үүргээ хэрэгжүүлж гарсан тул актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

13.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.О***-ээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 26.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О***-ээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН