Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/00696

 

Д.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 430 дугаар шийдвэр,         

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр магадлалтай,

Д.Энхтүвшингийн  нэхэмжлэлтэй

“АБЦО” ХХК-д холбогдох,

Түрээсийн төлбөр 16.566.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “АБЦО” ХХК-ийн захирал Э.Бямбасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “АБЦО” ХХК-ийн захирал Э.Бямбасүрэнгийн хүсэлтээр түүнд өөрийн эзэмшлийн 40-92 УБ улсын дугаартай “LOVOL” маркийн 50 ковш авто машиныг хайрга ачих зориулалтаар түрээсэлсэн юм. Бид хоорондоо “Автомашин түрээслэх тухай” гэрээг бичгээр байгуулсан бөгөөд машинаа жолоочийн хамт 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сарын 7.000.000 төгрөгийн төлбөртэй 3 сарын хугацаатай түрээсээр ашиглуулах, “АБЦО” ХХК нь төлбөрийг сар бүрийн 15-ны дотор төлж байхаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Гэтэл Э.Бямбасүрэн нь машиныг дээр дурьдсан хугацаагаар ажиллуулж өөрийн ажлыг хийчихээд түрээсийн төлбөрөө бүрэн төлөхгүй өдий хүрлээ. Бид хоорондоо тооцоо нийлэхэд Э.Бямбасүрэн нь 16.566.000 төгрөгийг төлөхөөр болж тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсгээ зурж компанийн тамга тэмдгээ дарж гэрээнд заасны дагуу дансаар төлбөрийг шилжүүлэхээр тохирсон боловч төлбөрөө төлөөгүй.  Иймд 16.566.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “АБЦО” ХХК-ийн захирал Э.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсан тооцоо нийлсэн гэх асуудал албан ёсоор бидний хооронд хийгдээгүй. Учир нь Д.Энхтүвшин Улаанбаатар хотоос 3-4 залуугийн хамт ирчихсэн бид нар архи ууцгаасан. Тухайн үед бэлдэж ирсэн цаасан дээрээ гарын үсэг зур гээд хэдэн талаас загнаад уурлаад байхаар нь би айсандаа халамцуу байсан учраас учрыг сайн ойлгоогүй гарын үсэг зурсан. Мөн 2 талын нягтлангийн хийсэн албан ёсны тооцоо нийлж гарын үсэг зурсан акт биш учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч “АБЦО” ХХК-иас түрээсийн төлбөр 16.566.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхтүвшинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.780 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 240.780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Бямбасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 44.780 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “АБЦО” ХХК-ийн захирал Э.Бямбасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 79 дугаартай магадлал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2. 40.3-д заасан нотлох баримт үнэлэх зарчмыг баримтлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж хэргийг шийдвэрлэсэнгүй.

2015.07.04-ний өдөр талууд Автомашин түрээслэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.4-т тухайн ажлын талбайн цагийн хуваарийн дагуу ажиллахаар харилцан тохиролцсон. Харин сул зогсолттой үед түрээсийн төлбөр бүтнээр бодогдохоор заажээ. Өөрөөр хэлбэл “АБЦО” ХХК нь өөрийн ажлын талбайн цагийн хуваарийн дагуу түрээсэлсэн ковшийг ажиллуулахаар эрх олгосон заалт байна. “АБЦО” ХХК-ий хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан компанийнхаа ажилчдыг ажиллуулдаг учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.5-д заасан Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар буюу 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдөр бүх ажилчдаа 3 хоног амраахад ковш мөн ажиллаагүй амарсан. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сул зогсолт гэж үзэхгүй.

Гэрээний хугацаанд “АБЦО” ХХК-аас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу ковш эвдэрснээс урсгал засвар хийх, сэлбэг хэрэгсэл авч засч сэлбэх зэргээр нийт 5 өдөр ажиллаагүй. Энэ талаар нэхэмжлэгч Д.Энхтүвшинд тухай бүр нь мэдэгдэж, Д.Энхтүвшин гэрээний дагуу сэлбэг хэрэгслийг өөрөө хариуцдаг байсан. Ковшийн нэг өдөр ажиллах ажлын хөлс 233.000 төгрөг, 3 хоног Хөдөлмөрийн хуулийн дагуу амарсан, 5 хоног эвдэрсэн, нийт 8 хоног ажиллаагүй учраас 233.000*8=1.864.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний заалтыг анхаарч үзэлгүй, ажлын хөлсийг бүх өдөр ажилласан мэтээр шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хариуцагч “АБЦО” ХХК-иас гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Зохигчдын хооронд 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдсан “Автомашин түрээслэх тухай гэрээ”-гээр хариуцагч нь нэхэмжлэгч Д.Энхтүвшингийн 40-92 УБ дугаартай ковшийг хайрга ачих зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаагаар, сарын 7.000.000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон, түрээсийн төлбөрт 16.566.000 төгрөг төлөөгүй болох нь тогтоогджээ /хавтаст хэргийн 6-10 дугаар тал/.

Талуудын хооронд эд хөрөнгө түрээслэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т нийцжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа “...бэлдэж ирсэн цаасан дээр гарын үсэг зуруулсан, тухайн үед халамцуу байсан хэдэн талаас загнаад уурлаад байсан тул айсандаа гарын үсэг зурсан, тооцооны үлдэгдлийн баталгаа нь 2 талын нягтлангийн хийсэн албан ёсны акт биш...” гэх үндэслэлүүдийг дурдсан боловч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

Сул зогсолтын үед төлбөрийг хэрхэх талаар талууд гэрээнд заагаагүй тул “...ажиллаагүй 8 хоногийн түрээсийн төлбөр 1.864.000 төгрөгийг нэхэмжлэлийг шаардлагаас хасах...” талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 430 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Э.Бямбасүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 44.780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ