Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 0764

 

                                                           Ш.Ш-ын нэхэмжлэлтэй

                                                       захиргааны хэргийн тухай

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2017/0060 дугаар шийдвэртэй, Ш.Ш-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2017/0060 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3, 26.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ш-аас Алтанцөгц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас халах тухай” 28, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 71 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7.928.797 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Ш давж заалдах гомдолдоо: “миний бие ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн буруутай гэсэн зөрчилтэй байсан ч хариуцагч болон шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэх байлаа.

Анхан шатны шүүх “Ажлаас халах тухай” 28 дугаар захирамж нь хэлбэрийн хувьд буруу, Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн мөртлөө эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны актыг дэмжиж шийдвэрлэсэн нь шударга бус байна. Иймд захирамж хууль бус захиргааны актад тооцогдож, хүчингүй болох учиртай. Нөгөөтэйгүүр энэхүү 28 дугаар захирамж нь миний эрхийг дордуулсан байгаа нь тодорхой харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу 28 дугаар захирамж нь өөрөө эрх зүйн чадваргүй захиргааны акт гэж мөн ойлгохоор байна.

Иймд миний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдол болон энэхүү гомдлын дагуу хэргийг хууль зүйн хүрээнд магадлан хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “Хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/23 дугаар захирамж тухайн үед хүчин төгөлдөр байсан гэдгийг шүүх хуралдаанд өөрөө хүлээн зөвшөөрөөд тайлбарласаар байхад 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 28 дугаар захирамжийг хууль ёсны гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь Ш.Ш-ын ажлын цагаар архи уусан гэх зөрчилд нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр арга хэмжээ тооцсон мөртлөө мөн зөрчлөөр дахин арга хэмжээ авсан нь буруу байна.

Хариуцагчийн 1/132 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт “энэ захирамж гарсныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мэдэгдэж, хүргүүлсүгэй” гэснийг бодвол энэ захирамжийг шүүгчийн захиалгаар гаргаж, нотлох баримтаар ирүүлсэн гэж үзэхээр байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Ш.Ш ажлын байранд архи ууссан, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж гэж хоёрдмол утгаар зөрчилд нь дүгнэлт хийж холбогдох хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэсгийн төлөөлөгч 21 дүгээр мэдэгдэлд “Зөвхөн ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн” гэж тодорхойлсон  байдаг. Шүүгч үүгээр зөвхөн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/23 дугаар захирамжид дүгнэлт хийх байсан. Тийм учраас шүүх сүүлд гарсан 28 дугаар захирамжид дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн эрхийг дордуулсан байна.

Хариуцагч Б/23 дугаар захирамжийг гаргах үед сумын Засаг даргын Тамгын газрын нийт ажилчдын хурлаар оруулан хэлэлцэж, хамтын зарчмаар шийдвэрлэсэн мөртлөө дараа нь хамт олны шийдвэрийг хөсөрдүүлэн ашиг сонирхлоор 28 дугаар захирамж гаргасан асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулиар тогтоож өгсөн хэм хэмжээнээс хэтрүүлэн эсрэгээр дүгнэлт хийж, хариуцагчийн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг буруу хэрэглэснийг дэмжиж нэхэмжлэгчийн эрх, ашгийг дордуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийг насан туршид ажил, амьдралгүй болгож, төрийн албанаас бүр мөсөн халсан мэтээр утга, агуулгын алдаатай захирамж гаргажээ.

Шүүгч “Ш.Ш-т “Сахилгын шийтгэл ногдуулсан” Б/23 дугаар захирамж нь анхнаасаа биелэгдээгүй, Ш.Ш нь уг захирамжаар ногдуулсан сахилгын шийтгэлийг биечлэн эдлээгүй болох нь тогтоогдсон гэж Ш.Ш-ыг хорих ялтай мэтээр тайлбарласан байна. Ш.Ш нь 2017 оны 02 дугаар сарын цалинг мөн сарын 21-нээс урьд бүрэн авсан, 3 сард цалин бодогдоогүй байдлаас болж энэ захирамж биелэгдээгүй болохоос Б/23 дугаар захирамж хүчин төгөлдөр, уг захирамжийг тухай үед Засаг даргын Тамгын газрын санхүүд хүргүүлсэн байсныг Ня-Бо Гүлдаурен гэрчилж байна.

Шүүх хэргийн нийт оролцогч нарт эрх, үүргийг нь тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан мөртлөө зөвхөн нэхэмжлэгчид гарыг үсэг зуруулан эрх, үүргийг нь тайлбарлаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчигдсөн байна. Хэргийн оролцогч Ш.Ш-ыг бусад байдлаар, эрх хэмжээгээр нь ялгаварлан гадуурхсан гэж ойлгохоор байна. Тийм учраас энэ зарчим алдагдсан байна.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх гомдлын тус бүрийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хуулийн хүрээнд магадлан хянаж анхан шатны шүүхийн 60 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С давж заалдах гомдолдоо: “...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-д зааснаар ажил олгогчийн ажилтныг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн захирамж нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн захирамжид баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, холбогдох хуульд нийцсэн байх учиртай.

Хариуцагч төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд, үндэслэл тус бүрийг шалгаж, нотлох баримтаар тогтоон, энэ тухай зөрчил гаргасан албан хаагчид танилцуулсан байх шаардлагатай. Гэвч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч Засаг даргын захирамж нь хуульд заасан үндэслэлүүдэд нийцээгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчилд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/23 дугаар захирамжаар албан тушаалын цалинг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан байдаг. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Харин нэхэмжлэгч дээрх нэг төрлийн зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан ажил олгогчийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан зөрчлийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тогтоосон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог боловч 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 28 дугаар шийдвэр гаргахдаа энэ үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдоно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Засаг дарга нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гаргахдаа “ажлын байранд ажлын цагаар архи уусан” гэх зөрчлийг нотлох баримтаар шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгчид энэ талаар танилцуулаагүй атлаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн явдал болсон. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй юм.

Алтанцөгц сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн 26 дугаар мэдэгдэл нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бус 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн, Засаг дарга уг мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр биш 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурж, тамга дарж хүлээ авсан тухай баримт байдаг. Хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан захирамжийг 71 гэж дугаарласан атлаа нэг гаруй сарын өмнө гаргасан захирамжийг буюу 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн захирамжийг 1/132 гэж дугаарласан байдаг. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Ш.Ш-т мэдэгдэж байгаа нь нэхэмжлэгч Ш.Ш-ыг ажлаас чөлөөлсний дараа гаргасан ат байх тул тус захиргааны хэрэгт ямар ч хамааралгүй, ач холбогдолгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримт бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Засаг дарга нь хуульд заасан эрхээ хэзээ ч хэрэгжүүлж болно гэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг доордуулсан үндэслэл муутай дүгнэлт хийсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 18-д заасныг үзэхэд хариуцагч Засаг дарга нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гаргасан шийдвэрээ өөрөө хүчингүй болгох эрхгүй байна. Анхан шатны шүүхээс тус захиргааны хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн үндэслэлээ “...нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “С.Бердимуратыг ажилд авсан” гэсэн зөрчлийн талаар гаргасан санал нь үндэслэлтэй байна” гэж тайлбарласан атлаа бичгэн хэлбэрээр гаргасан шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт энэ тухай огт бичигдээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.Ш нь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа төрсөн дүү нь болох С.Бердимутарыг ажилд авч сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн маргааны талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй орхисон нь ойлгомжгүй болсон юм.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Ш-т нөлөөллийн мэдүүлгийн ач холбогдлыг тайлбарлаж, хууль сануулж гарын үсэг зуруулаагүй. Ингэснээр анхан шатны шүүх тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дүгнэж хэлэхэд, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар үнэлээгүй, хоёр дахь маргааны үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, мөн холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2017/0060 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ш.Ш-ыг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, иргэн С.Авдикадыртай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчилд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б/23 дугаар захирамжаар албан тушаалын цалинг уг өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах арга хэмжээ авчээ.

Мөн Засаг дарга нэхэмжлэгчийн уг зөрчилд 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 28 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.3, 5.4.5 дахь заалтыг тус тус баримтлан 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Ш.Ш-ыг албан тушаалаас халж, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/132 дугаар захирамжаар өмнөх 2017 оны “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Ш нь ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, бусадтай маргасан гэдэг нь тус сумын хэсгийн төлөөлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ногдуулсан шийтгэврийн хуудас, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Шийтгэвэр баталгаажуулах тухай” 787 дугаар захирамж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Ш.Ш нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б/23 дугаар захирамжаар албан тушаалын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан байдаг ба үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа” гэх тайлбараар тус тус тогтоогдож байхын зэрэгцээ хариуцагчийн 2017 оны 1/132 дугаар захирамжаар 2017 оны Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй байх тул нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Ш.Ш-ын ажлын цагаар архи уусан гэх зөрчилд нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр арга хэмжээ тооцсон мөртлөө мөн зөрчлөөр дахин арга хэмжээ авсан нь буруу байна” гэж дурдсаныг хүлээн авах боломжгүй юм.

Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг тухайн ажил албан тушаал эрхэлж байх хугацаанд мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй гэж үзвэл, уг зөрчлийг шалган тогтоосны үндсэн дээр зөрчлийн шинж байдлыг харгалзан шийдвэрлэхээр заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчилд 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 28 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Ш-ыг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргаан бүхий 28 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.2-т заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүх үүнийг хүлээн аваагүй”,  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хариуцагч 28 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй” гэх гомдлуудын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах хууль зүйн зохицуулалтын зорилго нь зөрчлийн шинж байдлыг тогтоох, холбогдсон этгээд уг зөрчлийг няцаах баримт, үндэслэлээ гаргах боломж олгоход орших юм. Гэтэл нэхэмжлэгч Ш.Ш-ын гаргасан зөрчлийг холбогдох байгууллага, албан тушаалтан тогтоосон, зөрчил гаргаснаа нэхэмжлэгч үгүйсгээгүй төдийгүй энэ нь нэгэнт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулаагүй нь нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар захирамжийг гаргахдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасныг баримталсан, “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг “Ажлаас халах тухай” гэж гарчигласныг дээрх хуулийн заалтад хамруулж илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй ба энэ талаарх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна”, 30 дугаар зүйлийн 30.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын бичгээр гаргасан хүсэлт, эсхүл тэдний хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр А.С нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүгч эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан байх тул нэхэмжлэгчид эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/132 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн уг захирамж хууль бус байсан талаарх давж заалдах гомдлыг хүлээн авч, хянах шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2017/0060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                   

                                                     

 

ШҮҮГЧ                                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА