| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/01733/И |
| Дугаар | 181/ШШ2024/02548 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02548
| 2024 06 24 | 181/ШШ2024/02548 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:................тоотод байранд байрлах, Ж ХХК /Регистрийн дугаар: ......../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ оршин суух, Д.И /Регистрийн дугаар: ./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 843.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. нар оролцов. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Д.И д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 843.500 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Д.И Ж.И ХХК-н үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээний хүрээнд худалдан авч зах зээлд зарж борлуулан ашиг олдог байсан. Хариуцагч Д.И д нийлүүлсэн барааний төлбөр 850.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тулган баталгаажуулж Тооцоо нийлсэн акт үйлдэж Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Талуудын дунд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний хувиар ёсоор төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба тус гэрээний 2.3-т төлбөр төлөх хугацаандаа төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Хариуцагч Д.И гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд төлбөрийн үлдэгдэл 700.000 төгрөгөнд хугацаа дууссан 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртлэх 41 хоногийн хугацаанд 143.500 төгрөгийн алданги үүсээд байна. Иймд актаар баталгаажсан Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлөгдөх төлбөрийн үлдэгдэл 700.000 төгрөг, алданги болох 143.500 төгрөг, нийт 843.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй байна.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдэх хуудас, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй лавлагаа зэргийг ирүүлжээ. /хх 3-10/
Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ж ХХК нь Д.И д холбогдуулан гэрээний үүрэгт 843.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.Хариуцагч Д.И шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гардан авч, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Түүнчлэн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр товлон зарлагдсан хуралдаанд мөн ирээгүй боловч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг хангаж хойшлуулж байсан. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Нэг талаас Д.И , нөгөө талаас Ж ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ-г байгуулжээ. Уг гэрээнд: бараа татан авалтын төлбөрийн үлдэгдэл 850.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 150.000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 700.000 төгрөгөөр төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөхөөр заажээ. /хх 7/
3.2.Энэ хэлцлийг хийхээс өмнө талууд 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар төлбөр тооцооны үлдэгдэл 910.350 төгрөг байгааг баталгаажуулж тооцооны үлдэгдлийн баталгааг үйлджээ.
4.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуульд харшлахгүйгээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийх, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлж гэрээний нөхцлийг тохиролцон эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцохоор Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заажээ.
Нэхэмжлэгч үндэслэлээ: Хариуцагч Д.И жижиг түц ажиллуулдаг, манайхаас ундаа ус гэх зэргээр бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан, хариуцагч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан эсэх, төлбөрийн үлдэгдэл зөв эсэх тооцоололд мэтгэлцээгүй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул шүүх тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах гэрээнд тулгуурлаж талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, улмаар нэхэмжлэгчийн шаардсан үндсэн төлбөрийн үлдэгдэл 700.000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэв.
5.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээнэ.
Түүнчлэн талуудын хооронд төлбөр барагдуулах гэрээний 2.3-т хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх-өөр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон хугацаа дууссан 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 41 хоногийн хугацаанд ногдох 143.500 төгрөгний алдангийг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-т нийцнэ. /700.000*0,5%=3.500*41 хоног/
Иймд шүүх үндсэн төлбөрийн үлдэгдэл 700.000 төгрөг, алданги 143.500 төгрөг, нийт 843.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Д.И гаас 843.500 /найман зуун дөчин гурван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, Ж ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 24.794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 24.794 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ