| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0359/э |
| Дугаар | 352 |
| Огноо | 2017-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
Улсын яллагч З.Энхжаргал,
Шүүгдэгч Г.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоохор овогт Галбасамбын Ууганбаярт холбогдох эрүүгийн 201725020873 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 1-13 насны 5 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Тайваны сан гэр хотхонд оршин суудаг гэх, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 23 дугаар гудамж 513 тоотод оршин суух албан ёсны хаягтай, урд ял шийтгэлгүй, Цоохор овогт Галбасамбын Ууганбаяр /РД:НЫ84102970/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Ууганбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Цагдаагийн гудамжны 515 дугаар байрны 08 тоотод оршин суух Н.Жамбалдоржтой маргалдан хохирогч Д.Должмаагийн гэрийн хаалгыг өшиглөж эвдлэн бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед согтуу байсан тул болсон асуудлыг сайн санахгүй байна…” гэв.
Эрүүгийн 201725020873 дугаартай хэргээс:
Шүүгэдгч Г.Ууганбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би Шар хаданд зүс таних найзуудтайгаа хамт архи уусан. Би нилээн согтоод ямар ч байсан автобусанд суугаад явсан. Тэгээд нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Би тухайн үед болсон явдалыг сайн санахгүй байна. Манай эхнэр Г.Өнөрцэцэг надад хэлэхдээ хүүхдүүдтэйгээ уулзах гэж ирсэн тэгээд хаалга тайлахгүй байхаар нь агсам тавьж хаалгыг нь өшиглөсөн гэсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-39 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Должмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Цагдаагийн гудамжны 515 дугаар байрны 08 тоотод гэртээ байж байсан. Тухайн үед манай гэрт манай нөхөр, хүүхэд бас Өнөрцэцэг байсан. Манай хүргэн болох Ууганбаяр тухайн үед Өнөрцэцэгтэй уулзана гэж манайд согтуу ирээд хаалга цохиод байхаар нь манай нөхөр “чи эрүүл болоод ир” гээд оруулахгүй байсан чинь манай хаалгыг өшиглөсөөр байгаад эвдээд хаячихсан. Гэхдээ тухайн үед хаалганы үнэ төлж өгсөн бөгөөд одоо ямар нэг гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Гэрч Н.Жамбалдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 515-08 тоот гэртээ гэр бүл, төрсөн дүү Өнөрцэцэг түүний 5 хүүхдүүдийн хамт амарч байтал манай хаалгыг хүчтэй өшиглөөд эвдэхээр нь би “цагдаа дуудлаа” гэхэд “цагдаа цагдаагаа хамгаалахаа харнаа” гээд дахиад хаалга өшиглөж байхад цагдаа нар ирээд надад маргааш 11 дүгээр хорооны хэсгийн байцаагч дээр ирж уулз гэж хэлсэн. Ууганбаяр нь эхнэр хүүхдүүдээ гэрээс нь хөөгөөд явуулчихсан, манай гэрт эхнэр, хүүхдүүд нь түр зуур байсан. Манай хохирлыг барагдуулсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Г.Өнөрцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би нөхөр болох Ууганбаяртай 2005 онд анх танилцаж байсан. 2005 ондоо гэр бүл болсон ба дундаасаа 5 хүүхэдтэй. Хамгийн том эрэгтэй хүүхэд болох Өнөржаргал нь миний дагавар хүүхэд байгаа юм. Манай нөхөр Ууганбаяр нь айлын 3 дахь хүүхэд ба 2 эгч, 5 дүүтэй хүн байгаа юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ: “…
Гэрч Ш.Даваахүүгийн мэдүүлэг /хх-ийн 29-30/, Г.Ууганбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, Г.Ууганбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 48-52/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Ууганбаяр нь согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Цагдаагийн гудамжны 515 дугаар байрны 08 тоотод оршин суух хадам ах болох Н.Жамбалдорж, түүний эхнэр Д.Должмаа нарыг “өөрийн эхнэр Г.Өнөрцэцэгтэй уулзуулсангүй” гэж уурлан маргалдаж улмаар Н.Жамбалдорж, Д.Должмаа нарын гэрийн хаалгыг өшиглөж эвдэн бусдын эд хөрөнгийг санаатайгаар хууль бусаар гэмтээсний улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Должмаа, гэрч Н.Жамбалдорж, гэрч Г.Өнөрцэцэг нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн боловч шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасны дагуу прокуророос шүүгдэгч Г.Ууганбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар ял сонсгосныг өөрчилж шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар нийцүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд ялласан нь хууль зүйн үндэслэлтэй болохыг тэмдэглэв.
Шүүх шүүгдэгч Г.Ууганбаярыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хуульзүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болохгүйг дурьдлаа.
Шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Должмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...гэрийнхээ хаалгыг засуулж авсан, гомдол, саналгүй...” гэсэн тул шүүгдэгчээс хохирогчид төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломж, амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Цоохор овогт Галбасамбын Ууганбаярыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ууганбаярыг 500 /таван зуун/ нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ууганбаярт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ууганбаярт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ууганбаярт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН