Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1368

 

               

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               2020             10               29                                          2020/ДШМ/1368                                           

 

Д.Д-т холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,        

шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ш.Амарбаяр, Б.Гүнбилэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1515 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Ш.Амарбаяр, Э.Ганхөлөг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн 1902000000111 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М.......... овгийн Д-ын Д-, 19... оны .. дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................. мэргэжилтэй, .........ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............. хамт ................. аймаг,................ тоотод оршин суух бүртгэлтэй боловч .............. дүүргийн ...................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

Улс төрд нөлөө бүхий этгээд болох Д.Д- нь Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4 дэх хэсэгт заасан “гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.7 дахь хэсэгт заасан “хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх” зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг тус тус зөрчиж, Монгол Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр иргэн Ц.М-тай хамтран “Бест Коппер Гоулд Корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Гантиг чулуун ордыг ашиглах зорилгоор, Ц.М-ын хүү М.Б-ын үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж байгаагүй ““Сапфир Стоун” ” ХХК-ийн нэрээр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр” байгуулах төсөл бичүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-т хууль бусаар нөлөөлсөн,  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-ийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Э-, гишүүн С.Т- нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар ““Сапфир Стоун” ” ХХК-д 1.200.000.000 төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Д-ыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Д-т нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Д-ын цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Д-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Д- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон ““Сапфир Стоун” ” ХХК-ийн Гантиг чулуу боловсруулах үйлдвэрийн төслийн материал, Улсын Их Хурлын гишүүн Д.Д-ын Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хаяглан явуулсан Баталгаа гаргах тухай албан бичиг, Ашигт малтмалын газрын тосны газраас Монгол Улсын Их Хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Д-т явуулсан албан бичиг, дүрс бичлэг бүхий компакт диск 3 ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолд дурьдсан Д.Д-ын гэм буруутайг нотолж буй баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, нотлох чадваргүй болох тухайд:

А. Шийтгэх тогтоолын 16 дугаар хуудаст Д.Д-ыг гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтад “Тэд Аудит” ХХК-ийн 02/02 шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн байна. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс мөрдөгч, комиссар Б.Батболдын шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор шинжээчээр “Тэд Аудит” ХХК-ийг ““Сапфир Стоун” ” ХХК нь жижиг дунд үйлдвэрлэгч мөн эсэх, зээлийн материал нь шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэх, барьцааны гэрээний дагуу барьцаалсан эд хөрөнгүүд нь барьцааны шаардлага хангаж байгаа эсэх, барьцааг зохих журмын дагуу үнэлсэн эсэх, Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас олгосон зээлийн санхүүжилтийг төслийн дагуу зарцуулсан эсэх асуултуудыг хариулахыг даалгаж томилсон байдаг. Мөрдөн байцаагчийн тогтоолд шинжээч С.Наранцэцэгт эрх, үүрэг танилцуулсан. Үүний дагуу “Тэд Аудит” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 02/02 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтэд шинжээч С.Наранцэцэг, захирал В.Оюунчимэг нар гарын үсэг зурсан. Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “аудитын хуулийн этгээд” гэж аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нөхөрлөл, компанийг, мөн хуулийн 4.1-т “... энэ хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд аудитын үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасан байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлт гаргасан “Тэд Аудит” ХХК нь Аудитын тухай хуульд заасан шинжилгээ хийх эрхтэй эсэх, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт хавсаргаагүй байна. Энэ нь Аудитын тухай хуульд заасан хуулийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд эсэх нь тодорхойгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг “Тэд Аудит” ХХК-иар гаргуулах мөрдөгчийн тогтоол гарсан. “Тэд Аудит” ХХК-иас С.Наранцэцэгийг шинжээчээр томилсон шийдвэр, тэрээр тухайн хуулийн этгээдэд ямар албан тушаал хашдаг, төлөөлөх эрх бүхий эсэх талаар баримт хавсаргаагүй нь шинжээч томилсон этгээдээс өөр этгээд дүгнэлт гаргасан харагдаж байна.

Б. Шүүх шийтгэх тогтоолын 16 дугаар хуудаст “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг Д.Д-ын гэм буруутай болохыг дүгнэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн байна. Мөрдөн байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор “Тод үнэлгээ” ХХК-ийг ““Сапфир Стоун” ” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан 3 үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор даалгасан. “Тод үнэлгээ” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12/23 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Дүгнэлт гаргасан үнэлгээчин С.Цэвээнжав нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-т заасан тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар баримтыг хавсаргаагүй. Шинжээчийн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй иргэн мөн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй.

В. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт иргэний хариуцагчаар Ц.М-ыг татсан. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад ““Сапфир Стоун” ” ХХК нь М.Б-ын 100 хувь эзэмшлийн компани байх ба Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгө болох 1.200.000.000 төгрөг уг компанийн дансанд орсон байдаг. Гэтэл улсын яллагчийн зүгээс Ц.М-ыг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоосон. М.Б-ын эзэмшлийн ““Сапфир Стоун” ” ХХК-ийн дансанд орсон байхад Ц.М-ыг иргэний хариуцагчаар татаж байгаа нь буруу, мөн шүүх уг иргэний хариуцагчийг зөв тогтоосон эсэх, яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурьдсанаар Д.Д- нь Ц.М-тай хамтран гантиг чулууны ордыг ашиглах гэж бичигдсэн байдаг. Гэтэл Ц.М-ыг хэргийн ямар оролцогч талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Г. Тус шийтгэх тогтоолд гэрч Ц.М-ын мэдүүлгийг яллах нотлох баримт болгосон. Гэтэл 1 дүгээр хавтас хэргийн 234 дүгээр хуудаст 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Ц.М-ыг гэрчээр байцаахад өмгөөлөгчөөр Б.Цэнгэлийг байлцуулан мэдүүлэг авсан. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр дахин гэрчээр мэдүүлэг авч яллах талын нотлох баримт болгожээ. Д.Д-ыг 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн прокурорын 1802004880258 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өмгөөлөгч Б.Цэнгэл нь Д.Д-той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж түүнийг өмгөөлөх болсон. Гэтэл хавтас хэрэгт авагдсан Ц.М-ын мэдүүлэгт хамт байлцан түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж, түүний эрх ашгийг хамгаалж Д.Д-ын эсрэг байр суурьтай байсан уг өмгөөлөгч нь уг хэрэгт яллагдаж буй Д.Д-ын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Гэтэл үүнийг тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөн байцаагч болон уг хэрэгт хяналт тавьж буй прокурор нар таслан зогсоолгүй түүнийг нотлох баримтаар тооцож буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Д.Д-той гэрээ байгуулан түүний хувийн мэдээллийг олж авч, гэрч Ц.М-аар мэдүүлэг өгүүлсэн нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд явж ирсэн. Гэтэл шүүх уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг арилгахгүйгээр түүнийг шүүх хуралдаанд дүгнэн судлахгүйгээр /харахгүйгээр/ шүүхийн шийдвэрийг эцэслэн гаргасан байна.   

Д. Шийтгэх тогтоолын 23, 24 дүгээр хуудаст зааснаар “улс төрд нөлөө бүхий этгээд болох Д.Д- нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах, 37.14-т заасан гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох, үйл ажиллагаа явуулах, 37.1.7-д хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг тус тус зөрчиж, Монгол Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр иргэн Ц.М-тай хамтран “Бест коппер гоулд корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөөө сумын нутаг дахь Гантиг чулуун ордыг ашиглах зорилгоор, Ц.М-ын хүү М.Б-ын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй ““Сапфир Стоун” ” ХХК-ийн нэрээр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр” байгуулах төсөл бичүүлэн, Улсын Их хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-т хууль бусаар нөлөөлөн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-ийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Э-, гишүүн С.Т- нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах шаардлагатай гэж хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар ““Сапфир Стоун” ” ХХК-д 1.200.000.000 төгрөгийн урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ” гэжээ.

Д.Д-ыг гэм буруутайд тооцохдоо хавтас хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй үйлдлүүд болох “Ц.М-ын хүү М.Б-ын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй ““Сапфир Стоун” ” ХХК-ийн нэрээр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр” байгуулах төсөл бичүүлэн” гэх үйлдлийг шүүх анхаарч үзээгүй. Хавтас хэрэгт авагдсан гэрч М.Цогбатын “... гантиг чулуу боловсруулах үйлдвэр бол миний толгойд бэлэн байсан. Би гантиг чулууны үйлдвэрийг “Цагаан марбл” ХХК-д ажиллаж байхдаа олж авсан ажлын туршлага байсан учраас гадаад хэл дээр мэдээлэл цуглуулсан...”, гэрч О.Оюунбатын “... М.Цогтбат нь надад хандан “гантиг чулууны төсөл бичих хэрэгтэй байна” гээд манай хадам аав гээд Ц.М-тай танилцуулсан...” зэрэг гэрчийн мэдүүлгээр Д.Д- нь уг төслийг бичүүлээгүй байна. Гэтэл шүүх шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэлэлцэлгүйгээр “...төслийг бичүүлэн...” гэж хууль зүйн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн “... улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгуулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах...” шаардлагатай гэж Б.Б-ийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга, гишүүдэд чиглэл өгсөн гэж байгаа ч хавтас хэрэгт энэ талаар нотлогдсон нотолгоо байхгүй, эрүүгийн 1902000000111 дугаартай хэрэгт Б.Б-ийг байцаагаагүй, Д.Д-ыг хууль бусаар Б.Б-т нөлөөлсөн талаар Б.Б-оос заавал мэдүүлэг авах ёстой байсан. Гэтэл үүнийг шүүх анхаарч үзэлгүйгээр шүүхийн хэлэлцүүлэгт тодруулалгүйгээр шууд гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “... энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна. Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг хуульчид бид цагаан цаасан дээр хараар бичсэнээр ойлгож хэрэглэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсгийн 1.3-т зааснаар улс төрд нөлөө бүхий этгээд энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд түүнд шүүх торгуулийн ялыг оногдуулж болохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт авилгын эсрэг гэмт хэргүүд багтдаг. Шийтгэх тогтоолыг харахад авилгын эсрэг гэмт хэрэгт торгуулийн ял оногдуулахгүй мэтээр дүгнэж бичиж байгаа нь үндэслэлгүй ба хуулийг нэг мөр ойлгож хэрэглэхгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хатгагчид гэмт хэргийг гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна гэж заасан. Харин түүнтэй ижил ял оногдуулж болохгүй талаар хууль тогтоогч хуульчлаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэг болон улсын яллагчийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах талаар дурьдаагүй ба шүүх үндэслэх хэсэгт дүгнэж өгсөн байна. Д.Д-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол хор уршгаа нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөлүүд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 30 гаруй жил төр, түмэндээ зүтгэж явсан, түүний эрүүл мэнд, нас, хувийн байдалтай холбоотой нөхцөл байдлууд тогтоогдож байна. Д.Д-т холбогдох хэргийн хорих ялыг өөрчлөн хөнгөрүүлж торгох ялаар солих эрх хэмжээ нь давж заалдах шатны шүүхэд олгогдсон байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр Д.Д-ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нотлох баримтыг ашигласан гэж тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Эсхүл шүүгдэгч Д.Д-т холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэж зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, торгох ялаар сольж өгнө үү ...” гэв. 

Шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Э.Ганхөлөг гаргасан давж заалдах  гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүхээс эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ “... уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авилгын гэмт хэрэгт хамаарах бөгөөд төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйл болон эд хөрөнгийн эрхэд давхар халдсан үйлдэлд торгох ял оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирохгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэж дүгнэжээ. Мөн шүүхээс тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор дээрх хэргийн гүйцэтгэгч нарт шүүхээс торгуулийн ял оногдуулсан талаар дурьдсан атлаа Д.Д-т 3 жил 6 сар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж заасан шударга ёсны зарчим, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байна. Шийтгэх тогтоолын 22 дахь хуудаст шүүх дүгнэхдээ “Гэрээний дагуу жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээлийг ““Сапфир Стоун” ” ХХК төлөх үүрэгтэй боловч шүүхийн хэлэлцүүлэгт Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээл болон зээлийн хүү, алдангийн төлбөрт нийт 1.296.979.524 төгрөгийг ““Сапфир Стоун” ” ХХК-ийн өмнөөс Д.Д-ын эхнэр Б.Цэгмэд төлж барагдуулсан тухай ““Сапфир Стоун” ” ХХК-ийн захирал М.Б-ын гарын үсэгтэй албан бичиг гаргаж өгсөн байна.” гэж шинжлэн судлаад үүнийхээ дараагийн өгүүлбэрт “...иймээс Д.Д-ыг улс төрд нөлөө бүхий байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.” гэж дүгнэжээ. Энэ бол огт тийм биш шүүгдэгч Д.Д- нь анхнаасаа энэ мөнгийг би авч хэрэглээгүй, Ц.М- төлнө гэж явсаар 2020 оны 8 дугаар сар хүргэсэн ба шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авч, 461 дүгээр ангид саатуулагдсаны дараа эхнэрээрээ энэ төлбөрийг төлүүлсэн байдаг. өмгөөлөгчийн зүгээс 2015 оны Эрүүгийн хуулийн онцлог нь тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т ялын зорилгод цээрлүүлэхээс гадна хохирлыг нөхөн төлүүлэх, хүнийг дахин нийгэмшүүлэх явдлыг оруулж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах”-аар хуульчилсан нь өмнө огт байгаагүй шинэ зүйл юм. Яригдаад байгаа 90.000.000 төгрөгийг ч тэр, мөн ““Сапфир Стоун” ” ХХК, Ц.М- нарын учруулсан хохирлыг бүрэн төлөх нь зүйтэй. Учир нь хуульд танд холбогдсон эдгээр хохирлыг төлчихвөл сонгох санкцтай ба өмнө нь Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Б-ийг шүүхдээ 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Иймд бидэнд гэм буруугаа хүлээгээд, хохирлоо төлчихвөл 40.000.000 төгрөгөөр торгуулах боломж байгаа юм” гэж тодорхой зөвлөгөө өгсөн юм. ““Сапфир Стоун” ” ХХК нь, Ц.М- нар нь иргэний хариуцагчийн хувьд хохирлоо төлөх санхүүгийн боломжгүй гэсэн тул, дараа нь тэднээс иргэний журмаар гаргасан мөнгийг төлүүлэх талаар хөөцөлдөж болно гэдгийг мөн зөвлөсний учир шүүгдэгчийн эхнэр Б.Цэгмэд нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээл болон зээлийн хүү, алдангийн нийт төлбөрт 1.296.979.524 төгрөгийг ““Сапфир Стоун” ” ХХК-ийн өмнөөс төлсөн билээ. Шүүх хуралдааны тэмдэглэлд ч энэ талаар тодорхой дурьдсан. Гэвч үүнийг шүүх хөнгөрүүлэх талаас бус хүндрүүлэх талаас дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

Гэм буруугийн хувьд шүүгдэгч нь маргаагүй. Энэ талаар шүүхийн шийдвэрийн 24 дэх хуудасны дээрээсээ 2 дахь параграфт “Д.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр мараагүйг дурьдах нь зүйтэй” гэж тодорхой бичжээ. Харамсалтай нь анхан шатны шүүх дүгнэхдээ харин ч энэ хохирлыг төлж байгаа нь өөрийг нь авсан мэтээр дүгнэжээ. Энэ нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.

Нөгөө талаас Д.Д-ыг хатгагч бус хамжигч байж болохоор байна гэж үзэж байна. Учир нь, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Б- нь энэ гэмт хэргийн хатгагч бөгөөд нийт 40 гаруй Улсын Их Хурлын гишүүдэд зээл олгох талаар өөрийн удирдлагад байсан хүмүүст үүрэг өгсөн байдаг. 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн прокурорын яллах дүгнэлтэд зааснаар “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Б-ийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Э-, гишүүн С.Т- нарт ...нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар ““Сапфир Стоун” ” ХХК-д 1.200.000.000 төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцох болсон нь... тогтоогдож байна” гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн асан Д.Д- нь хатгагч биш байж болох тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд “гэмт хэргийг хатгагч”  гэдгийг тодорхойлсон. Үүнд, Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно. Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна гэжээ.

 Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Б- нь яагаад Д.Д- болон 40 гаруй гишүүний хүсэлтээр жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгуулах болов гэдгийг шүүх бүрэлдэхүүн харах нь зүйтэй. Угтаа бол Д.Д- нь ийм хөнгөлөлттэй зээлийг Улсын Их Хурлын гишүүд олж авч байгааг өөрийн дүү Д.Дамбасүрэнгээс олж сонссон ба Улсын Их Хурлын гишүүний хувиар зээл олгуулах асуудлаар хандахад ийм утга бүхий, ийм тексттэй бичиг олговол зээлийг өгч болно гэж Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал Төгсбилэг хэлж, албан бичгийнх нь үг үсгийг бичүүлсэн байдаг. Энэ тохиолдолд Б.Б- ийм олон Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал олгох боломж байгааг таниулж өөртөө улс төрийн давуу байдал олгосон хүн юм. Энэ тохиолдолд Д.Д- болон бусдад гишүүд хамжигч болж таарч байна. Д.Д-т болон бусад 40 гаруй гишүүн Б.Б-ийн үйлдлийг хатгагч байна гэж ерөөсөө байхгүй. Учир нь, үйлдлийг сонсох, харин түүнийг санал болгох субьектив санаа хоёр нь тусдаа ойлголтууд бөгөөд эхлээд эс үйлдэл хийн зээл олгох асуудлыг зогсоож байгаад, дараа нь ингээд биччихвэл бид зээлийг олгоно хэмээн мэдэгджээ.

Б.Б- болон Д.Э-, С.Т- нар нь өөрсдийн зохиосон тогтолцоогоор тодорхой үг, үсэг, агуулга бүхий албан бичиг явуулбал дэмжинэ гэж гишүүдэд ойлгуулан өөрсдөдөө улс төрийн давуу байдал үүсгэсэн механизм бий болгож, улс төрийн ашиг хонжоо, дэмжлэг авсан байх талтай. Энд ийм зээл байж болноо, ингээд биччихвэл өгч болноо гэдэг даалгавар өгснөөрөө Б.Б- нь хатгагч, харин Д.Э-, С.Т- нар нь гүйцэтгэгч юм. Шүүх бүрэлдэхүүн Б.Б- нь зөвхөн энэ хэрэг дээр биш маш олон зээл дээр гүйцэтгэгч нараа шахсан байдгийг олж харахыг хүсч байна. Албан тушаал хашиж байхдаа бусдад зээл авч өгсөн бүх хүн, ийм олуулаа хатгагч байна гэж огт байхгүй. Б.Б-ийн шүүх хурал 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр болсон бөгөөд Б.Б-ийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Энэ гэмт хэргийн хамжигч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд зааснаар “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч” гэх ба мөн зүйлийн 2-т зааснаар “гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хатгагч Б.Б-, гүйцэтгэгч Д.Э-, С.Т- нарын авсан ялаас хамжигч нь ихгүй ял авахаар Эрүүгийн хуульд хуульчилсан байна. Өмгөөлөгчийн зүгээс Д.Д-ыг хамжигч байж болохоор байна гэж үзэж байгаа тул Б.Б-т оноосон ялаас ихгүй ял шийтгүүлэх ёстойг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Б.Б-, Д.Э-, С.Т- нар нь албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг болон хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, өөрсөддөө эдийн болон улс төрийн ашиг хонжоо, баталгаа гаргаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлжээ. Улсын Их Хурлын олон гишүүд болон төрийн өндөр албан тушаалтануудад Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг олгох схем зохиож түүгээрээ дамжуулан зээлийг олгожээ гэдэг нь нотлох баримтуудаар нотлогдож байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан гэх Улсын Их Хурлын гишүүд хатгагч, харин зээл олгосон гэж буруутгагдаж байгаа 3 хүн хамжигч байж таарахгүй гэдэг нь ойлгомжтой. Улсын Их Хурлын гишүүн улс төрд нөлөө бүхий этгээд мөн боловч Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн асуудлыг шийдэхгүй. Учир нь, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг заасан ба зээл олгох талаар ямар нэгэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын тухай байхгүй байна. Аж ахуй нэгжид зээл олгох ямар давуу байдал Улсын Их Хурлын гишүүнд хуулиар олгогдсоныг шүүхийн шийдвэрт тодорхой заагаагүй байна. Гэтэл Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 27.1 дээр байнгын хорооны даргын чиг үүргийг заасан. Үүнд:

27.1.1 Байнгын хорооны хуралдааны бэлтгэлийг хангаж зохион байгуулах,

27.1.2 Байнгын хорооны өдөр тутмын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж, хуралдааныг удирдах,

27.1.3 Байнгын хорооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцах,

27.1.4 Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагааг зохицуулах,

27.1.5 Байнгын хорооны ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнах,

27.1.6 Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага өгөх,

27.1.7 Зөвлөлийн хуралдаанд оролцож, Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын талаарх саналаа танилцуулах.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны өдөр тутмын үйл ажиллагаа,  зээлд оролцдоггүй, зөвхөн нийтлэг эрхийн үүднээс зохион байгуулалтын хувьд шийдвэр гаргадаг, хорооны нийт гишүүдийн олонхийн шийдвэрээр хороо нь тогтоол, шийдвэр гаргадаг гэдгийг шүүх бүрэлдэхүүн онцолж харна уу. Сайдын чинь дээрхи дарга нь байна гэж ярьсан гэх мэдүүлгүүдийн хүрээнд шүүгдэгч Д.Д- ярьсан гэдэг нь тогтоогдож, гэм буруугаа хүлээж байгаа хэдий ч хууль эрх зүйн зохицуулалт, объектив байдлаараа Б.Б-ийн удирдлага биш, Б.Б- сайдын удирдлага нь Ерөнхий сайд байсан юм. Энэ нь харин Б.Б- өөрийн албан тушаалаа ашиглан Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал олгох албан тушаалын давуу тал болсон байна. Шүүгдэгч Д.Д-ын эрхэлж байсан байнгын хорооны дарга гэдэг нь яамны ажлыг удирдах биш, эрх зүйн харилцаа нь тус тусдаа, шууд нөлөөлөх субьект биш байсан гэдэг нь үүгээр тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 21 дэх хуудасны доод талын параграфт заасан “Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан Б.Б-, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал С.Т- нарт хууль бусаар нөлөөлөн” гэсэн дүгнэлтийг хууль зүйн хувьд буруу дүгнэлт байна гэж үзэхээр байна. Иймд Улсын Их Хурлын гишүүн Б.Б-ийг ялласан Монгол Улсын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул гэм буруугаа хүлээж, хохирлоо барагдуулсан шүүгдэгч Д.Д- түүнээс илүүгүй ял авах хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж гомдлын нэг үндэслэлээ гаргаж байна.

Нөгөөтэйгүүр, Д.Д- нь эрүүл мэндийн хувьд байнгын эмнэлгийн хяналтад байдаг бөгөөд баруун талын дунд чихний идээт үрэвсэл, хамрын таславчийн мурийлт, хамрын самалдагын хөөнгөтөлт, нойрон дунд амьсгал тасалдах хам шинж, төвөнх, залгиурын архаг үрэвсэл оноштойгоор 2008 оноос хойш “ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлэгт эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын эмчийн хяналтад байдаг байсан. Мөн 2012 онд Герман улсад хамар, залгиур, нойрон дунд амьсгал тасалдах эмгэгийг засах мэс засал, мөн 2018 онд Хятад улсад баруун талын дунд чихийг нөхөн сэргээх, цэвэрлэх зэрэг мэс засал хийлгэсэн бөгөөд эдгээр мэс заслуудын дараах хяналт, эмчилгээг “ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлэгт хийлгэж байсан. Д.Д-ын амьсгал тасалдах хам шинж өвчтэй бөгөөд хоригдсоны улмаас чих, хамар хоолойн өвчин нь сэдэрч, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Гэтэл эрүүл мэндийн хувьд байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай /эрүүл мэндийн  хувьд хохирол учирч болзошгүй/ хүнд ийнхүү хорих ял оногдуулж байгаа нь түүнийг залхаан цээрлүүлсэн буюу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүйн зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан гэж үзэж байна. Мөн эрүүгийн хариуцлагын зорилгод хамаарах хохирол бүрэн төлөгдсөн гэдгийг анхаарч үзэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан торгох ялаар шийтгэж өгнө үү. Нөгөөтэйгүүр, Д.Д- нь эрүүл мэндийн хувьд байнгын эмнэлгийн хяналтад байдаг бөгөөд баруун талын дунд чихний идээт үрэвсэл, хамрын таславчийн мурийлт, хамрын самалдгийн хөөнгөтөлт, нойрон дунд амьсгал тасалдах хам шинж, төвөнх, залгиурын архаг үрэвсэл оноштойгоор 2008 оноос хойш чих, хамар, хоолойн хүнд өвчтэй, мэс заслын дараах хүнд шатанд байдаг талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 1.200.000.000 төгрөгийн зээлийг манай гэр бүлийн хүн төлсөн бөгөөд өмгөөлөгч нар хохирол төлөхгүй бол ял хүндэрнэ гэж зөвлөсний дагуу бид нар аргагүйн эрхэнд төлсөн. Учир нь, энэ зээлийн асуудал 2 жил гаруй хугацаанд яригдахад зээл авсан хүн нь тодорхой тул зээлээ төлөхийг олон удаа хэлсэн боловч төлөөгүй, аргаа бараад бид нар төлсөн. Түүнээс биш дээрх зээлийг авахад оролцоогүй. Дэмжиж өгсөн маань үнэн бөгөөд энэ үйлдэлдээ гэмшиж байна. Дэмжиж өгч, хөрөнгийн баталгаа гаргаж оролцсондоо уучлал гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Түүнээс 1.200.000.000 төгрөгийг ашигласан үйлдэлд оролцоогүй. 90 сая төгрөгийн асуудал яригддаг бөгөөд нотлох баримтуудаар тогтоогддог. Учир нь, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авсны дараа 7 дугаар сарын 10-ны өдөр миний охин зам тээврийн осолд орж, Солонгос Улс руу явж 180 сая төгрөг орчим зардал гарсан. Энэ үед би Ц.М-ын хүүхдүүдээс гуйж 90.000.000 төгрөг авсан. Буцаж ирээд Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл яригдаж эхлээгүй байхад 1 сарын дараа төлбөрөө төлсөн. Тухайн үед би Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл хэрэгжиж эхлэх талаар мэдээгүй, Монголд хэрэгжих чулууны үйлдвэрлэл гэж бодсон. Ц.М-, миний дүү нар удаа дараа гуйсан учир би Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах зээлийн бичиг баримтуудыг гаргаж өгсөндөө уучлал гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн би Монгол Улсад 34 жил төрийн алба хаасан бөгөөд энэ хугацаанд хоёр удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. Энэ асуудлыг зээл гэж үзэж гайгүй байх гэж бодсоноос гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох, хүний өмнөөс зээл төлж шоронд орно гэж төсөөлж байгаагүй. Анх удаа ийм хэрэгт холбогдож байна. Би 57 настай бөгөөд эмнэлгийн хяналтад байдаг, баруун чихний хэнгэрэг цоорсон хүндрэлтэй тул миний бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.М-ын “би бага хүүтэй зээл байдаг гэж мэдээд Д.Д- гишүүнтэй уулзаад бид нар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зээлийн материалаа өгмөөр байна гэдгээ хэлсэн” /2хх 224/ гэх мэдүүлгээс үзэхэд санаа сэдэл хаанаас эхлэлтэй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Төсөл бичүүлсэн гэх зүйл байхгүй. Мөн “Д.Дамбасүрэн надтай хамтарч ажиллан зээлийн барьцаа хөрөнгийг гаргана гэсэн” гэж мэдүүлснээс үзэхэд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан Д.Д-оос гэмт хэрэг үйлдэх санаа гараагүй болохыг нотолж байна. Хүн бүр тусдаа эрх зүйн этгээд. Ц.М-, Дамбасүрэн гэх хүмүүсээс хэргийн санаа сэдэл гарсан. Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхээс өмнө цахим мэдээллийн хэрэгслээр “Д.Д- 1.200.000.0000 төгрөг авсан тул 3 жил 6  сарын хорих ял оногдуулна” гээд ялласан байсан. Гэтэл анхан шатны шүүх яг энэ ялыг оногдуулсан байдаг. Г.Солтан, Б.Ундармаа нарыг мөн адил бичсэн байсан. Хэрэг болгон адил биш. Гэхдээ Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой төсөөтэй хэрэг. Хохирлын хэмжээг үзэхэд Г.Солтан 950.000.000 төгрөг, Батзориг гэх хүн 10.400.000.000 төгрөг, Ундармаа 700.000.000 төгрөг, Д.Д- гэх хүний яллах дүгнэлтэд 90.000.000  төгрөг гэж бичигдсэн байсан. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ 1.200.000.000 төгрөг гэж дүгнэсэн. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд зааснаар хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар шударга ёсны зарчим, гэм буруу, ял хоёр хоорондоо тэнцэж байх ёстой. Гэтэл 1.200.000.000 төгрөг гэсэн тоон дүнг харгалзан шүүх ял оногдуулсан. Угтаа бол хүүхдээ эмчлүүлэхээр 90.000.000 төгрөг авсан боловч хүүхэд нь хараа ороогүй гэж хэлсээр байхад шүүх огт авч хэлэлцээгүй. Мөн Г.Солтан гэм буруугаа хүлээгээгүй байхад 3 жилийн хорих ял оногдуулсан. Д.Д- гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байхад 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Д.Д- “хэрэв би бусад гишүүн шиг өөрөө авсан бол би өөрөө төлөх байсан. Харин өөрөө аваагүй учир Ц.М-ыг төлөхийг удаа дараа шаардсан. Ар гэрээс нь надтай уулзсан, одоо болтол түүний араас хөөцөлдөөд барахгүй байна” гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан эсрэг сонирхолтой этгээдийн мэдүүлсэн мэдүүлгээр нотлох баримт хийсэн. Ц.М-ын мэдүүлэгт “Жижиг дунд үйлдвэрлэлийн санг бүтээж өгснийх нь төлөө би мөнгө өгсөн” гэх нэг ч зүйл байхгүй. Нөгөө талаас санаа сэдэл яаж дэмжигддэг талаар онолын хувьд тайлбарлахад субъектив эрх зүйгээр хүн юу ч хийх гэж зорьж болно. Харин объектив эрх зүйгээр Улсын Их Хурлын гишүүн юм уу Байнгын хорооны гишүүн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад очиж дарамтлах, эсхүл авахуулах гээд байх ямар ч объектив эрх зүйн зохицуулалт байхгүй. Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны гишүүн чуулганд оролцож, олонхийн саналаар шийдвэрлэдэг. Хэрэв Байнгын хорооны дарга байсан гэх үндэслэлээр авч үзвэл Хууль зүйн байнгын хорооны дарга “би хууль зүйн асуудал хариуцдаг” гэж хэлээд шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад очиж дарамтална гэсэн үг биш. Учир нь, объектив эрх зүйн хувьд хуулиар ямар ч тийм эрх олгогдоогүй болохыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй уг гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үйл явдлыг сайн нягталж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах гомдолдоо эрүүгийн хэрэг хянан ажиллагааг ноцтой зөрчиж, “Тэд Аудит” ХХК болон “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ гаргасан үнэлгээчид үнэлгээ хийх авсан нь тодорхойгүй байхад үнэлгээ хийсэн гэж байна. Д.Д-т холбогдох хэрэг нь Б.Б-т холбогдох хэргээс тусгаарлагдаж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг бөгөөд үндсэн хэрэгт 3 эрх бүхий байгууллагад албан бичиг явуулж, Сангийн яамнаас эрх олгогдсон тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаар шинжилгээ, үнэлгээ хийлгэсэн. Уг компаниудаар дамжуулж мөрдөгч тогтоол үйлдэж, тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан. Түүнээс биш тусгай зөвшөөрөлгүй газраар эд зүйлийн үнэлгээ гаргуулсан зүйл байхгүй. Мөн Ц.М-ыг иргэний хариуцагч эсхүл ямар оролцогч болох талаар шүүх дүгнэлт хийгээгүй гэж ярьж байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд Ц.М-ыг иргэний хариуцагч мөн гэдэг асуудлаар тодорхой хэлэлцэж, түүнийг иргэний хариуцагч гэх оролцогчоор тодорхойлсон. Тухайн үед шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс түүнийг иргэний хариуцагч, гэрч биш гэдэг талаар ямар ч маргаан гаргаагүй. Ц.М-ын хувьд шүүгдэгч Д.Д-ын үйлдлийн улмаас ““Сапфир Стоун” ” ХХК-д Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 1.200.000.000 тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бий болгож, зээлдүүлэгч болон зээл авсан хуулийн этгээд нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа тул ““Сапфир Стоун” ” ХХК болон иргэн Ц.М-ыг иргэний хариуцагчаар татсан. ““Сапфир Стоун” ” ХХК нь 100 хувь М.Б-ын эзэмшилд байсан. Хэдийгээр тус компани нь Ц.М-ын нэрээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа компани боловч Ц.М-, М.Б-, М.Цогтбат нарын өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тухайн компанийн үйл ажиллагааг Ц.М- удирдан хариуцаж ажилладаг. Тухайн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах асуудлыг Ц.М- хариуцаж ““Сапфир Стоун” ” ХХК-ийн төсөл, хөтөлбөрийг бичүүлж авсан тул түүнийг иргэний хариуцагчаар тогтоосон. Үүнийг ямар нэг байдлаар буруу тогтоосон нөхцөл байдал байхгүй. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Ц.М-ын өгсөн мэдүүлэгт өмгөөлөгч Б.Цэнгэлийг оролцуулчихаад 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс хойш Д.Д-ыг яллагдагчаар татсаны дараа өмгөөлөгч Б.Цэнгэлтэй гэрээ байгуулсан. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүстэй нэг өмгөөлөгч оролцуулсан нь хууль зөрчсөн гэж байна. Ц.М- 2018 оны 12 дугаар сард мэдүүлэг өгөхдөө Батцэнгэл гэх өмгөөлөгчийг оролцуулсан. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ганцаараа мэдүүлэг өгсөн байдаг. Мөн өдөр Д.Д-ыг яллагдагчаар татаж, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр анх мэдүүлэг авсан. Тухайн үед Д.Д- өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд прокуророос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул өмгөөлөгчтэй дахин мэдүүлэг өгнө гээд тухайн мэдүүлгийг дуусгасан байдаг. Өмгөөлөгч Б.Цэнгэлийн хувьд мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснээс хойш шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг ч удаа ирээгүй, оролцоогүй. Шүүгдэгч Д.Д-ын өмнөөс түүний ашиг сонирхлыг төлөөлж мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ямар нэг хүсэлт гаргаагүй этгээд. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг нэг өмгөөлөгчөөр хангасан гэх зүйл байхгүй. Мөн өмгөөлөгч нар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан зээлтэй холбоотой шалгагдаад хариуцлага хүлээсэн гэх Г.Солтан, Б.Ундармаа, Б.Б- нарт холбогдох хэрэгтээ энэ хэргийг жишиж ярьж байна. Тухайлбал, Б.Б- гэх хүний хувьд тухайн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон. Мөн Төгсбилэг гүйцэтгэгчээр оролцсон гэдэг. Энэ хүмүүс мөрдөн байцаалтын явцад үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээрээ маргадаггүй бөгөөд прокурортой ял тохиролцоод хэрэг нь шүүхээр орж шийдвэрлэгдсэн. Манай улс жишгийн эрх зүйн тогтолцоотой улс биш бөгөөд энэ хүний хэргийг ингэж шийдвэрлэснээрээ дараагийн хүний хэргийн мөн адил шийдвэрлэнэ гэсэн асуудал яригдахгүй. Шүүхээс шүүгдэгч Д.Д-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт холбогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох ялын санкцитай боловч өмгөөлөгч нарын гаргаж буй торгох ял оногдуулах асуудлыг шийдвэрлэхэд энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирохгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй. Тухайн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзэж оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Мөн өмгөөлөгч Э.Ганхөлөг Монгол Улсын Үндсэн хуульд заасан үл ялгаварлан гадуурхахтай холбоотой зарчимтай нийцсэн байх ёстой гэж ярьж байна. Гэвч Д.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Улс төрд нөлөө бүхий этгээд болох Д.Д- нь Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан гишүүнд хориглосон хэм хэмжээ болох “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4 дэх хэсэгт заасан “гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.7 дахь хэсэгт заасан “хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх” зэрэг заалтуудыг тус тус зөрчиж, Монгол Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр иргэн Ц.М-тай хамтран “Бест Коппер Гоулд Корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Гантиг чулуун ордыг ашиглах зорилгоор, Ц.М-ын хүү М.Б-ын үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж байгаагүй ““Сапфир Стоун” ” ХХК-ийн нэрээр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр” байгуулах төсөл бичүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-т хууль бусаар нөлөөлсөн, 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-ийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Э-, гишүүн С.Т- нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж, сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар ““Сапфир Стоун” ” ХХК-д 1.200.000.000 төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулснаар бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон болох нь: хэрэгт авагдсан, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд:

гэрч Д.Батжаргалын “...Жижиг дунд үйлдвэрээс зээл олгох гэж байна гэсэн асуудал хэвлэл мэдээллээр явсан бөгөөд би Улсын Их Хурлын гишүүнийг болон сонгогчдыг мэдээллээр хангах үүрэгтэй. Энэ ажлынхаа хүрээнд Жижиг дунд  үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал болон тамгын даргатай уулзаж мэдээлэл авсан ...Тэрнээс энэ компаний талаар уулзаагүй. Цогбат гэдэг хүн гишүүнтэй уулзсан юм болов уу, Цогбат нь надаас дүрэм журмын талаар асуугаад байсан тул би юу бүрдүүлдэг вэ гэдэг талаар тамгын дарга Сугараас авч Цогбатад өгсөн санагдаж байна. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй ... Төгсбилэгтэй өрөөнд 2-3 удаа уулзаж байсан. Уулзахдаа сонгон шалгаруулах журам нь гарсан уу гэж уулзаж байсан. Тэгэхэд гараагүй гэдэг хариулт өгч байсан ... Би Д.Д- гишүүнд өгөөрэй гэсэн бичгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргэж өгч байсан. Гэхдээ дугтуйтай бичиг байсан болохоор нь би гишүүн болон Д.Дамбасүрэн ахаас асуусан. Тэр бичиг нь зээлийн батлан даалтын талаар бичиг гэсэн. Би албан тушаалын байдлаа ашигласан асуудал байхгүй ... Оюунбаттай бол би яалт ч үгүй очсон. Оюунбаттай анх Жижиг дунд  үйлдвэрийг хөгжүүлэх санруу очихдоо ““Сапфир Стоун” ” ХХК-ий талаар гэж мэдээгүй. 2018 оны 03 дугаар сард Улсын Их Хурлын гишүүн Д.Д-ын үүдэнд Оюунбат гээд залуу сууж байсан. Би тусдаа өрөөнд суудаг бөгөөд гишүүн надад үүдэнд  сууж байгаа залууг дагуулаад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу очоод дүрэм  журам, мэдээллийг нь олж өг гэсэн. Оюунбатыг дагуулаад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу очсон. Би эхэндээ Эрдэнэтийн сонгогчид нь юм байх гэж бодож байсан. Тэр үед Төгсбилэг нь ямар журмаар яаж өгөх нь мэдэгдэхгүй байна гэсэн. Ингээд хэд хоногийн дараа дүрэм журам нь гарсан юм уу гээд дахин Оюунбатыг дагуулаад очиход Төгсбилэг захиралтай уулзахад “дүрэм журам нь гараагүй, төсөл өгөх ёстой” гэсэн тул гараад явсан. Дахин 3 дахь удаагаа очихдоо ийм төсөл болдог юмуу гээд төслөө аваад Оюунбатын хамт очсон, одоо Оюунбатын утсыг нь санахгүй байна. Төслөө үзүүлэхэд компаний нэр солих ёстой ч гэсэн билүү, төслөө солих ёстой ч гэсэн билүү зөвлөгөө өгсөн. Наадах чинь жижиг дунд үйлдвэр эрхлэх зориулалтын төсөл байх ёсгой гэхээр нь төслөө хэзээ шалгаруулдаг юм бэ гэхэд хорооны хурал хэзээ зарлагдах уу тэгээд шалгарах үгүй нь тодорхой болно гэсэн тул гараад явсан. Би цаг хугацааг нь санахгүй байна дараа нь Оюунбат надруу залгаад хамт очоод Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төслөө өгчихье гэхээр нь чи өөрөө оч, тэртээ тэргүй дүрэм журмынх нь дагуу хийчихсэн юм чинь өөрсдөө очоод өгчихнө биз дээ, би одоо завгүй байна гээд яваагүй. Тэд нар өөрсдөө төслөө хүргэж өгсөн байх. Ингээд нэг хэсэг чимээгүй болчихсон байсан тул би ч мартчихсан явсан. Гэтэл cap гаруй хугацааны дараа билүү нөгөө төсөл чинь хурлаар орсон болов уу яасан бол гээд Оюунбат ярихаар нь би Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарлуу ажилтай явсан тул энэ тухайгаа хэлээд Оюунбатыг хүрээд ир гэсэн. Тэгтэл Оюунбат нь Цогоо гэх залуугийн хамт ирсэн бөгөөд би Цогоог нь ямар учиртай гэдгийг нь мэдээгүй. Тэгээд ороод Төгсбилэгтэй уулзаад хурал нь болсон уу гэхэд зээлийн хорооны хурал болоогүй байна гэсэн тул яваад өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа Цотбат нь надруу залгаад манай компани шалгарсан байна гэхээр нь за за гэхээс өөр юу гэхэв дээ. Тэгээд явж байтал гишүүний дүү Д.Дамбасүрэн ах надруу яриад “Сапфир Стоун”  ХХК нь барьцаагүй болчихжээ, чи 3 ширхэг гэрчилгээ аваачаад өгчих гээд дугтуйнд хийсэн бичиг өгөхөөр нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн тамгын дарга Сугарт аваачиж өгөөд л орхичихсон. Хэд хоногийн дараа үл хөдлөхийн лавлагаа гээд надруу Сугар нь билуү мэргэжилтэн нь ч билүү утсаар ярихаар нь ямар надад хамаатай биш, би тэр лавлагааг нь гаргаж авч чадах биш Д.Дамбасүрэн ахад хэлсэн. Д.Дамбасүрэн ах лавлагаа нь Эрдэнэтээс гардаг учир Эрдэнэт явах хэрэг гарах юм байна даа гэсэн. Ингээд нэг хэсэг чимээгүй болчихсон байснаа гэрээ хийгдсэн, ахиад нэг гэрээ болохгүй байна гэсэн. Тэр гэрээ нь барьцааны гэрээ байсан юм билээ. Би дахиад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу очоод энэ яасан юм бэ гээд уулзахад лавлагаа нь ирэхгүй байна энэний учрыг олоочээ гэхээр нь би одоо яах юм гэхэд та нар Очир төв гэж байгаа юм чинь гишүүнээсээ баталгаа гаргаж өг гэсэн. Би Д.Д- гишүүнд очоод энэ тухай хэлэхэд наадах чинь надад хамааралгүй, үнэхээр тэгээд байгаа бол тэрнийг нь гаргаж өгье гэсэн. Ингээд баталгаа гаргасан тухай албаи бичгийг Сугарт Дүнжингарав худалдааны төврүү аваачиж өгсөн. Ингээд хэсэг чимээгүй болчихсон санагдаад байна. Хэсэг хугацааны дараа Цогоо нь Барьцаалбарын гэрээ хийгдлээ гээд барьцаалбарын гэрээг надад авчирч өгөөд Эрдэнэтээс улсын бүртгэлээс баталгаажуулдаг гэхээр нь тэр гэрээг Очир төв компани руу Эрдэнэтийн таксинд өгөөд явуулсан. Тухайн үед тэр гэрээнд нь Д.Дамбасүрэн ах гарын үсэг зурчихаад гадаад руу явчихсан” гэх мэдүүлэг /2хх 50-52/,

гэрч Ц.Должинсүрэнгийн “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Тамгын хэлтсийн дарга Сугар нь Улсын Их Хурлын гишүүнээс ирсэн энэ бичгийг чи аваад сайн хадгалаарай ““Сапфир Стоун” ” ХХК-иас “бичиг хаана байгаа вэ” гэж асуухаар нь “өөр газар тавьчихсан байгаа” гээд хэлчихсэн байгаа шүү гэж хэлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Д- гэх гарын үсэгтэй тамга дарсан албан бичгийг надад өгсөн. Надад гэрээсээ өөр сайн хадгалах газар байхгүй учраас гэртээ аваачаад тавьчихсан байгаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 57 дугаар хуудас/,

гэрч Ш.Сугарын “2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн сайдын тушаалаар дэмжигдэж зээл олгогдохоор болсон байсан. Би сонгон шалгаруулалтын хороонд ордоггүй учраас өмнөх процессыг сайн мэдэхгүй. Хөдөө аж ахуйн сайдын тушаал гараад гэрээ байгуулах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтанд “Сапфир Стоун” ХХК орсон байсан. Ингээд гэрээ байгуулах процесс нь манай Тамгын хэлтэст хийгддэг учраас би энэ үеэс нь эхлэн мэднэ. Гэрээ байгуулахын тулд санхүүжилттэй нь харьцуулж барьцаа хөрөнгө шаардлагатай тул тус компанийг төлөөлж ирж уулзаж байсан Батжаргал гэх хүнд “барьцаа хөрөнгө хаана байна” гэхэд байхгүй гэсэн. Би барьцаа хөрөнгийг журмын дагуу нэхэхэд надад ямар нэгэн хариу өгөөгүй. Тэгтэл сангийн захирал Төгсбилэг намайг дуудаад Сапир Стоун ХХК-ийг Д.Д- гишүүн яриад байна, барьцаа хөрөнгө нь Орхон аймагт банкны барьцаанд байгаа юм байна, Батзориг сайд бас хэлээд байна яах вэ гэсэн. Иргэний хуульд заасны дагуу давхар барьцаалж болдог, тэгэхээр эхний ээлжинд хэдэн төгрөгийн барьцаанд, хаана байгаа юм, тухайн хөрөнгийг нь үнэлээд жишээ нь банкинд 500 сая төгрөгийн барьцаанд байгаа гэж үзвэл манай үнэлгээгээр тэрбум боллоо гэхэд зөрүүг барьцаалаад зөрүү нь одоо олгох гэж байгаа зээлийнхээ барьцаанд хүрэх юм бол олгож болно гэдгийг зөвлөсөн. Гэтэл “Сапфир Стоун” ХХК-иас Батжаргал гэх залуу дахин ирж уулзаад манай барьцаа хөрөнгө ажлын гүйцэтгэлийн баталгаанд барьцаалагдчихсан байгаа, тэгэхээр 2-3 ажил гүйцэтгэчихсэн бөгөөд санхүүжилт нь орж ирэхээр суллаад танайд барьцаанд тавъя гэдэг санал тавьсан. Үндсэндээ барьцаа хөрөнгө тавихгүйгээр гэрээгээ байгуулаад санхүүжилтээ авъя гэсэн. Тэгэхээр нь бид нарт тийм боломж байхгүй гэдгийг хэлэхэд гараад явчихсан. 1-2 хоногийн дараа санагдаж байна Төгсбилэг захирал дуудаад Д.Д- гишүүн намайг дуудаж уулзаад хүүхэд шиг загнадаг байна ш дээ, мөн дахин дахин залгаад байна, одоо яах вэ, барьцаагүй үнэхээр гаргаж болохгүй юу гэхээр нь тийм юм байхгүй, үнэхээр л авах гээд байгаа юм бол тэр гишүүн өөрөө баталгаагаа гаргаж өг, тэр компани нь 2-3 сарын дараа барьцаагаа авчирч өгнө гэдэгт нь яаж итгэх юм, барьцаагүй өгвөл өөрсдөө асуудалд орно гэдгийг хэлсэн. Би гишүүн ингээд байна гэхээр нь Батжаргалд нь энэ хөрөнгүүдээ барьцаалах юм бол ийм утгатай бичиг бичиж өгч гишүүн өөрөө баталгаагаа гарга гээд загвар бичиж өгсөн. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Батжаргал нь ирж уулзаад баталгаа гаргаж байна гэсэн бичиг авчирсан боловч тамганы хувьд эргэлзээтэй санагдаад Ордонрүу Төгсбилэг захирал утасдаж хүнээс асуугаад хуурамч юм шиг санагдаад байхаар нь буцаачихсан. Тэрний дараа 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр намайг Дүнжингарав худалдааны төврүү явж байхад Батжаргал нь надад нөгөө баталгаагаа өгье гээд ярихаар нь би тийшээ явж байна гэдгээ хэлэхэд намайг ирчихсэн хүлээж байсан. Ингээд Дүнжингаравын гадаа Улсын Их Хурлын гишүүн Д.Д-ын гарын үсэгтэй, баталгаа гаргаж байна гэсэн бичиг өгсөн. Энэ бичгээ ил гаргаж болохгүй, ирсэн бичгийн бүртгэлдээ авахгүй гэдгийг хэлж байсан. Тэгээд ямарч байсан Улсын Их Хурлын гишүүн өөрөө баталгаагаа гаргаж өгсөн, барьцаа хөрөнгө нь өөрөө Очир Төв ХХК-ий хөрөнгө байсан бөгөөд тус компаний үүсгэн байгуулагч, мөн захирал Д.Дамбасүрэн гэх хүн байсан. Тэр хүн гишүүнтэй адилхан овогтой дүү нь байсан учраас гэрээ байгуулахдаа Д.Дамбасүрэн, М.Б- нартай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний эхийг өмнө нь бэлдчихсэн байсан учраас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэсэн байгаа. Гэхдээ гэрээ байгуулсан өдрөө нотариатаар орж батлуулсан. Тэгтэл намайг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэг дээр байхад Батжаргал утасдаад одоо санхүүжилтээ авмаар байна, Д.Д- гишүүн загнаад байна гээд байсан. Тэгэхээр нь төрийн сангаас л шилжүүлэгдэнэ гээд хэлэхэд яамны төрийн санруу ороод асуучихсан байсан. Танайхаас л төлбөрийн хүсэлтээ явуулаагүй юм байна ш дээ гэж байсан. Би уг нь төлбөрийн даалгавар явуулдаггүй боловч захирал намайг шийддэг гээд ойлгуулсан юм шиг байна лээ миний араас л элдэж гүйгээд байсан. Тэр өдөртөө төлбөрийн даалгавар нь яваад санхүүжилтийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрийн сангаас шилжүүлэг хийсэн байдаг ... Д.Д- гишүүн даргын дарга чинь байна гэж дарамталж байна гэж хэлж байсан. Мөн захирал бид 2 захирлын өрөөнд Батжаргалтай уулзаад ингэж дарамталж байна, энэ чинь төрийн ажил явж байна, мөн манайхыг аудит, Авлигатай тэмцэх газраас байнга шалгадаг гэхэд Батжаргал нь шалгалтын асуудлыг бид нар зохлцуулна гээд байсан. Ингээд барьцаа хөрөнгөгүйгээр санхүүжилтээ авчихсан. Барьцааны гэрээг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөө гарын үсэг зураад Улсын бүртгэлд бүртгүүл гээд өгсөн боловч гэрээг авч явчихаад авчирч өгөхгүй байсан бөгөөд намайг Батжаргалруу залгахаар утсаа авахаа больчихсон. Би захиралд угсаа авахгүй байна гээд хэлэхэд би Д.Д- гишүүнрүү ярья даа гээд байсан. Давхар барьцаалахаар гэрээгээ хийгээд өгсөн. Гэтэл энэ гэрээг авчирахгүй байсаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манайд Батжаргал өөрөө авчирч өгсөн. Тэр үед л энэ хөрөнгө манайд барьцаанд бүртгэгдсэн байгаа юм. Танайхаас шалгалт орохоос өмнө 2018 оны 10 дугаар сард хэвлэлээр Жижиг дунд үйлдвэр гээд цацагдаад эхэлсний дараахан Батжаргал надруу залгаснаа танайхруу шалгалт орох гэж байна уу, гишүүний баталгаа гаргасан тэр бичгийг аваад сольчих юмсан, утга авцалдаагүй бичиг бичигдсэн гэсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй ээ, та нар шалгалт шүүлгээ аргалж чадна гээ биздээ, гэж хэлээд утсаа тасалсан. Миний ширээний шургуулганд энэ бичиг байсан болохоор энэ надад мэдэгдэхгүйгээр аваад сольчихож магадгүй, бас надад байвал аюултай, надаас ямар нэгэн аргаар авчихаж магадгүй гэж айгаад хуулийн ахлах мэргэжилтэн Должинсүрэнд энэ бичгийг гэртээ аваачаад хадгалчих гээд өгсөн ... Ямарч байсан төсөл нь шалгарсан гэсэн. Санхүүжилтээ авмаар байна гээд л өдөр болгон ирээд залгаад байсан ... Би одоо энэ хөрөнгийнх нь үнэлгээг яг хэлж мэдэхгүй байна. Ямарч байсан 1.200.000.000 төгрөгийн зээл олгоход үнэлгээ нь хүрэхээр байсан. Голомт банкны барьцаанаас чөлөөлсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Манай гэрээнд бол давхар барьцаалахаар хийсэн байсан боловч Улсын бүртгэлд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манайд барьцаалсныг бүртгэсэн байсан. ...” /2хх 63-65/,

гэрч Д.Болормаагийн “...“Сапфир Стоун”   ХХК нь 2018 оны 04 дүгээр сард зээл авна, төсөл бичнэ гэж яригдаж байсан. Ингээд миний нийгмийн даатгалыг “Сапфир Стоун”  ХХК-ий нэр дээр төлж өгч байсан. Цогбат, Оюунбат нар л төсөл бичээд явж байгаа гэсэн. Би энэ зээлийг хаанаас авах гэж байсан, санхүүжилтээ хэзээ авсан, зээлийн мөнгийг юунд зарцуулсан тухай мэдээгүй. Танай байгууллагаас шалгаад Их-Үүсгэл ХХК-ий оффисийн байранд нэгжлэгийн ажиллагаа хийх үеэр “Сапфир Стоун”  ХХК нь зээл авсан юм байна гэдгийг мэдсэн. Нэгжлэгийн дараа захирал Ц.М- нь надад “Сапфир Стоун”  ХХК-ий дансны хуулгыг өгөөд мөнгө хүлээж авсан гэж хэлээрэй гэсэн. Мэдээж мөнгө авсан гэж байгаа бол баримттай байх ёстой учраас дансны хуулганаас хэн мөнгө авсан болохыг нь харж байгаад орлогын баримтыг хийж, данснаас гарсан мөнгийг “Сапфир Стоун”  ХХК-нд орлогод авсан мэтээр бүрдүүлсэн. Би хэзээ энэ баримтыг хийсэн гэдгээ тодорхой санахгүй байна. Буцаагаад зарлагадсан асуудлыг нь болохоор захиралд өгсөн гэж мэдүүлсэн. Тийм учраас зарлагын баримтыг бичсэн боловч хүлээлгэж өгсөн захирал болон Цогбат, Бат нарын гарын үсгийг зуруулаагүй. Энэ зээлийн мөнгө гэх 1.200.000.000 төгрөг нь надаар огт дамжигдаагүй, би энэ мөнгийг үнэндээ мэдэхгүй. Тэгэхээр данснаас мөнгийг авсан хүмүүс л өөрсдөө мөнгийг зарцуулсан байх ... Энэ надруу мөнгө шилжүүлсэн Д.Д- нь Улсын Их Хурлын гишүүн Д.Д- мөн. Улсын Их Хурлын гишүүн Д.Д-, Ц.М- захирал нар хамтарч Гантиг чулууны бизнес хамтарч хийдэг юм болов уу гэж ойлгосон, гэхдээ яг хаана гантиг чулууны орд дээр хайгуулын ажил хийж байсан болохыг би мэдэхгүй. Өмнө нь нэг удаа бас иймэрхүү байдлаар мөнгө шилжүүлж байсан санагдаад байна. Би хэзээ ямар дансаар гэдгийг нь санахгүй байна. ...” /2хх 158-160/,

гэрч Б.Соёл-Эрдэний “...Манай захирал Д.Дамбасүрэн “Сапфир Стоун”  ХХК-ийг Жижиг Дунд Үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахад барьцаа хөрөнгө тавьсан учраас мөнгөний зарцуулалтад 2 дугаар гарын үсэг зурж өгье гээд намайг тус компаний санхүүгийн гүйлгээ хийхэд 2018 оны 07 дугаар сараас эхлээд 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй болгосон. Эхний удаа мөнгө гаргахдаа М.Б- шууд авсан байсан. Дараа нь намайг 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй болгосноос хойш би мөнгийг гаргаж өгч байсан ... 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 20.000.000 төгрөгийг “Сапфир Стоун”  ХХК-ий данснаас аваад манай ажлын хажуу талд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас Улсын Их Хурлын гишүүн Д.Д-ын Худалдаа хөгжлийн банкны 452536561 тоот дансруу сургалтын төлбөр гэж шилжүүлсэн ... Д.Д- даргын охин Намжилдарь нь Налайхын орчимд зам тээврийн осолд орчихсон гэсэн. Ингээд мөнгө хэрэг болоод байна гээд “Сапфир Стоун”  ХХК-ий данснаас 20.000.000 төгрөгийг гаргаж аваад Д.Д- захирлын дансруу эмчилгээний төлбөрт зориулж өгсөн болохоор тэр утгаар нь шилжүүлсэн ... Миний дансруу Цогбат нь 10.000.000 төгрөгийг хийгээд нэг хүнд шилжүүлээрэй гэж байсан санагдаж байна. Тэгээд шилжүүлэг нь болилоо гээд буцаагаад Цогбатын дансруу нь хийгээрэй гэж надруу Мянганбаяр 99110001 дугаараасаа залгаж байсан. Би 10.000.000 төгрөгийг нь буцааж Цогбатын дансруу шилжүүлээд Д.Д- гишүүнрүү мөнгийг буцаагаад хийсэн гэдгээ хэлж ярьсан санагдаж байна ... М.Цогбат нь надаас “Сапфир Стоун”  ХХК-ий данснаас мөнгө авъя, 2 дугаар гарын үсэг зуруулъя гээд залгадаг байсан. Би Д.Д- гишүүнрүү залгаж Цогбат нь мөнгө авъя гэж байна гэдгийг нь хэлж байсан, заримдаа оффисын үйл ажиллагаатай холбоотой зүйлийг ч захиралтай ярьдаг байсан ... Ерөнхийдөө санхүү тооцоог нь хийж байгаа гэдэг утгаараа Д.Д- захиралтай ярилцдаг. Түрээсийн асуудлаар буюу Очир төвийн байрны оффисыг түрээслэдэг аж ахуйн нэгжүүдийн талаар танилцуулдаг. Д.Д- захирал өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод байдаггүй боловч санхүүтэй холбоотой асуудлаар Д.Д- захиралд мэдэгддэг...” /2хх 163-167, 168-169/,

гэрч М.Цогбатын “...Б.Соёл-Эрдэнэтэй 2018 оны 07 дугаар сард 2-3 удаа уулзсан. Манай хадам аав Ц.М- нь надаар дамжуулж Б.Соёл-Эрдэнэд 20.000.000 төгрөгөөр нэг удаа, 25.000.000 төгрөгөөр нэг удаа, 50.000.000 төгрөгөөр нэг удаа өгсөн. Үүнээс өөрөөр уулзаж байгаагүй ... Дамбасүрэн нь манай авсан зээлэнд өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг, манай хадам аавтай бизнесийн хувьд хамтарч ажилладаг. Данснаас мөнгө гаргахад чекээр авдаг бөгөөд 2 хүний гарын үсгээр мөнгийг гаргадаг. Ингээд 2 дугаар гарын үсгийг Б.Соёл-Эрдэнэ зурахаар банкинд өгсөн байдаг юм билээ. Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр М.Б-аас итгэмжлэл авахад л Б.Соёл-Эрдэнэ 2 дугаар гарын үсэг зурахаар болсон байсан ... Манай хадам аав надад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгодог юм байна судлаадах гэсэн. Ингээд 2018 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу яваад очиход мэргэжилтнүүд нь байхгүй, завгүй, уулзаж чадахгүй мэдээлэл авч чадахгүй байсан. Ингээд хадам аав надаас төсөл бичих нь юу болж байна гэхээр нь олигтой мэдээлэл олж авч чадахгүй байна гэдгийг хэлсэн. Хадам аав Ц.М- нь Батжаргал гэдэг хүн тусална гээд намайг холбож өгсөн. Ингээд Батжаргалыг нь анх уулзахдаа мэдээгүй, төрийн албан хаагч юм байна гэж ойлгосон. Батжаргал нь надад Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд заасан шалгуур үзүүлэлт, хууль, сонгон шалгаруулалтын журмыг олж өгсөн. Ингээд төслөө шалгуур үзүүлэлтийнх нь дагуу бичиж эхлээд дунд нь Оюунбат төслөө Батжаргалын хамт очиж Жижиг дунд  үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтнээр хянуулсан. Гантиг чулуу боловсруулах үйлдвэр бол миний толгойд бэлэн байсан. Би Гантиг чулууны үйлдвэрийг Цагаан марбл ХХК-нд ажиллаж байхдаа олж авсан ажлын туршлага байсан учраас гадаад хэл дээр маш их мэдээлэл цуглуулсан байсныгаа орчуулаад цаасан дээр буулгасан. Олборлолтын хувьд Бест Коппер Гоулд Корпорейшн ХХК-нд би мөн л олборлоптын төсөл бичээд өгсөн боловч журам зөрчиж байна гээд хүлээж аваагүй. Ингээд 2018 оны 04 дүгээр сард төслөө бичиж өгчихөөд 2018 оны 05 дугаар сард сонгон шалгаруулалт болоод манай төсөл дэмжигдсэн. Би бол үндсэндээ төсөл бичээд л өгсөн. Барьцаа хөрөнгийн асуудлыг би барьцааны гэрээ хийх үед л Очир төв ХХК хөрөнгөө барьцаалж байгаа юм байна гэж ойлгосон...” /2хх 178-182/,

гэрч С.Жавхлантөгсийн “...Би “Сапфир Стоун”  ХХК-ий Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2.000.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл авахаар ирүүлсэн Гантиг чулуу боловсруулах үйлдвэрийн төслийн материалыг судалсан. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтнүүд нь төслийн материал хүлээн авах хугацааг олон нийтэд зарлаж, төсөл ирсний дараа төслийн материал нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлагыг хангаж байгаа эсэхийг судалдаг. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах төслийн материал хүлээн авсан. Энэ хугацаанаас өмнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө Төгсбилэг дарга намайг өрөөндөө дуудаад чи энэ төслийг үзээд зөвлөгөөг нь өгөөрэй гэж хэлээд “Сапфир Стоун”  ХХК-ий Гантиг чулуу боловсруулах үйлдвэрийн төслийг өгсөн. Тухайн үед төслийн материалыг “Сапфир Стоун”  ХХК-ий ажилтан гээд 2 залуу авчирсан байсан ... Намайг ажлын газрынхаа байранд захирлын өрөөрүү орох, коридороор явах үед Төгсбилэг захиралтай уулзах гээд тэр 2 залуу сууж байдаг байсан...” /2хх 192-194/,

гэрч О.Оюунбатын “...М.Цогбат нь үйлдвэрийн инженерээр, би эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед Гантигны төсөл дээр ажиллаж байгаад цомхтголоор бүгдээрээ ажилгүй болцгоосон. Ингээд М.Цогбат надад хандан Гантиг чулууны төсөл бичих хэрэгтэй байна гээд манай хадам аав гээд Ц.М- захиралтай 2018 оны эхээр танилцуулсан ... Би Сафпир стоун ХХК-ий гантиг чулуу боловсруулах төслийг М.Цогбатын хамт бичиж 7.800.000 орчим төгрөгийн цалин авсан. Намайг төслөө бичээд Жижиг дунд  үйлдвэрийг хөгжүүлэхрүү өгөх гээд байж байхад Цогоо надад Улсын Их Хурлын гишүүн Д.Д-ын зөвлөх нь бүрдүүлэх материалын хувьд тусална, чи очоод уулзаадах гэсэн тул Засгийн газрын ордонд Улсын Их Хурлын гишүүний үүдний туслахын өрөөнд очсон. Тэр үед гишүүнтэй би уулзаагүй, харин зөвлөх нь Батжаргал гэх залуу намайг Улсын Их Хурлын гишүүн Д.Д-т гантиг мэддэг эдийн засагч гээд танилцуулсан. Ингээд би гишүүний туслахын хамт Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу хамт очиж байсан. Би гишүүний зөвлөх Д.Батжаргалтай 7-8 удаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санруу очиж байсан. Мөн Цогбатын хамт 1, 2 удаа л хамт очиж байсан байх. Би зээлийн төслийг хүлээн авах хугацаанд хүргэж өгсөн ... захирал Ц.М- их яаруу хүн бөгөөд зээл гарч байна уу очиж асуу гэдэг байсан болохоор би Батжаргалын хамт удаа дараа очихдоо захирал С.Төгсибилэгтэй өрөөнд нь уулзаж хэзээ зээл шийдэгдэх юм гээд дахин дахин очиж байсан. Мөн гэрээ хийх үед байхаа зээлийн хэлтсийн дарга гээд Баасандорж гэдэг хүнтэй уулзсан ... Зээл гарсны дараа бас хэдэн удаа очсон бөгөөд гэрээ байгуулах болоход барьцаа хөрөнгөний талаар явж байсан...” /2хх 207-209/,

гэрч Д.Жавзансүрэнгийн “...Би 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар cap хүртэл БНХАУ-д 2 cap сургалтанд хамрагдсан. Энэ хооронд миний ажлыг өмнө нь бичиг хэрэг, захирлын туслахаар ажиллаж байсан Н.Үүрцайх ажиллаж байсан. Ирсэн бичгийн 2018 оны бүртгэлийн дэвтрийг шүүж үзэхэд Улсын Их Хурлын гишүүн Д.Д-оос ямар нэгэн албан бичиг ирсэн талаар бүртгэгдээгүй байна ... Шууд гарт нь очсон бичиг байхаа. Тэрнээс бичиг хэргээр ирсэн бол заавал бүртгэгдэх ёстой ... Ирсэн төслүүдийг би хүлээж авч байсан. 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр “Сапфир Стоун”  ХХК-ий Гантиг чулуу боловсруулах төсөл ирүүлснийг миний бие хүлээж авсан. Компаний төслүүд ирэхдээ албан бичигтэй ирдэг бөгөөд тухайн компаний материалыг хүлээн авахдаа албан бичигт хэн гарын үсэг зурсан байснаар нь бүртгэдэг учраас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гэж хаяглаад төслөө хүргүүлэх албан бичиг явуулсан М.Б-ын нэрийг нь бичиж тэмдэглэл хийсэн...” /2хх 210-212/,

гэрч Д.Дамбасүрэнгийн “...Би “Очир төв” ХХК-ий 3 үл хөдлөх хөрөнгийг “Сапфир Стоун”  ХХК-ий барьцаанд тавьсан учраас эрсдэл хүлээж байгаа. Тиймээс Ц.М-ын хүү М.Б- болон түүний ажилтан Д.Буянжаргал нарын нэр дээр байдаг Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэр Аман ус нэртэй хар тугалга, цайр, алтны нөөц бүхий ордын хайгуулын 019067 тоот лицензтэй компанийнх нь 40 хувийн хувьцааг эзэмшихээр 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх тухай болзолт гэрээг байгуулсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ Ц.М- нь энэ зээлийг төлж чадахгүй болох юм бол энэ компанийг нь ордын хамт 100 хувь шилжүүлж авна. Хэрвээ зээлээ төлчих юм бол тухайн компани болон ордынх нь 40 хувийг эзэмшихээр тохиролцсон юм ... Голомт банкинд 3.400.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа хангуулах барьцаанд тавьсан байсныг 2018 оны 01 дүгээр сард төлж чөлөөлүүлсэн байгаа. Би Очир төв ХХК-ийг шилжүүлж авах үед Татварын өртэй талаар мэдэж байсан. Очир төв ХХК нь өмнө нь нэг компани байсан. Орхон аймагт төвтэй байгаад Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Би хариуцаж аваад явж байгаа ... Очир төв компанийг 2016 оны сонгуулийн өмнө Д.Д- ах маань өөрөө болон гэр бүлийн гишүүнийх нь нэр дээр байж болохгүй гээд надруу шилжүүлсэн. Би ерөнхийдөө энэ компанийг татварт өртэй гэдгийг нь бол мэднэ ... Анх Ц.М-ын зүгээс зээлийн санхүүжилтийн дараа та хэд мөнгөний зарцуулалтанд хяналт тавих юм уу гэхээр нь зөвшөөрч гүйлгээ хийх 2 дугаар гарын үсгийг Б.Соёл-Эрдэнэ нягтлан бодогчоор зуруулахаар болсон...” /2хх 218-219, 220-223/,

иргэний хариуцагч Ц.М-ын “...Д.Д-ын төрсөн дүү Д.Дамбасүрэн нь Жижиг дунд  үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахад Очир төв ХХК-ий объектыг барьцаанд тавьж өгсөн. Үүнийхээ хариуд надаас барьцаа болгож Өгөөмөр говийн нуур ХХК-ий нэр дээр хайгуулын лицензтэй Дорноговь аймгийн Өргөн суманд байдаг Цайр, хар тугалганы ордын 40 хувийг өгөх тухай гэрээг 2018 оны 3 дугаар сард байгуулсан. Үндсэндээ бол бид энэ Жижиг дунд  үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлж чадахгүй бол Дорноговь аймгийн Өргөн суманд байх Цайр, хар тугалганыхаа Аман ус ордын 40 хувийг Д.Дамбасүрэнд алдана гэсэн үг ... манай нэг охин компани болох  Бест коппер гоулд корпорейшн ХХК-ий ашиглалтын лиценз дээр Гантигний орд байгаа бөгөөд уг ордыг түшиглэж “Сапфир Стоун”  ХХК-ий төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд Д.Дамбасүрэн нь юм уу, Д.Д- хоёрын аль нэг нь ашиг хүртэнэ гэсэн үг. Хэн нь ашиг хүртэх нь тэр 2-ын асуудал. Д.Д- гишүүн бол өөрөө уул уурхай болон Гантиг чулууны талаар сайн мэдэхгүй. Ерөнхийдөө энэ төслийг манай хүргэн Цогбат, хүү Бат 2 хариуцаад ажиллах ёстой, Д.Дамбасүрэн нь Өргөний цайр, хар тугалга, алтны ордон дээр хамтарч ажиллах уу, эсхүл Гантигний ордонд хамтарч ажиллах уу гэдгээ яваандаа шийднэ ... Д.Д- нь шийдвэрээ гаргаад Д.Дамбасүрэн нь хийгээд л явж байгаа байх. Компани авч явах тал дээрээ бол Д.Дамбасүрэн нь илүү компанийнхаа талаар мэддэг юм билээ ... Манай хүргэн М.Цогбатын найз Хятад Ли гэх хүн нь Хятадад Гантиг чулуу боловсруулдаг. Ли нь Монгол Улсад 2017 оны 10 дугаар сарын дундуур шиг санагдаж байна ирээд надтай хамт хоолонд орох үед би Улсын Их Хурлын гишүүн Д.Д-ыг урьж хамт хооллосон. Тэр үед Гантиг чулууны ашгийн талаар тооцож үзсэн бөгөөд Ли нь хөрөнгө оруулалт хийгээд ашгийн 70 хувийг нь авна гэж яриад байсан. Иймд бид тохиролцож чадаагүй. Ингээд ямарч байсан ашигтай бизнес гэдгийг Д.Д- гишүүн ч мэдсэн. Би Д.Д- гишүүнд хөрөнгө оруулалт хийх боломж бий юу гэхэд Д.Дамбасүрэнтэйгээ ярилцъя гэсэн. Ингээд Д.Дамбасүрэн нь Очир төв ХХК-ийхаа хөрөнгүүдийг 1.500.000.000 төгрөгийн барьцаанд тавьж Голомт банкаас зээл авч хөрөнгө оруулалт хийе гэж ярилцаж тохиролцсон. Гэтэл 2018 оны хавар Жижиг дунд  үйлдвэрийг хөгжүүлэх сан гээд хүмүүс бужигнаад эхэлсэн бөгөөд манай хүргэн М.Цогбат нь 3 хувийн хүүтэй ийм зээл байна гээд надад мэдээлэл өгсөн. Би ер нь амьдралдаа өмнө Жижиг дунд  үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэдгээс зээл авч үзээгүй байсан. Ингээд ямарч байсан бага хүүтэй зээл байдаг юм байна гэдгийг мэдчихээд Д.Д- гишүүнтэй уулзаад бид нар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд зээлийн материалаа өгч болдоггүй юм уу гэдгийг хэлсэн. Гишүүн Д.Д-ын зүгээс авч болдог юм бол материалаа өгчихгүй юу даа гэсэн. Тэгээд ч Д.Дамбасүрэнтэй Дорноговь дахь Өргөн сумын ордынхоо 40 хувийг өгнө гэсэн барьцааны гэрээ хийчихсэн. Яг энэ Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудал яригдах үед Д.Дамбасүрэн нь гадагшаа явчихсан байж таарсан. Тэр үед Д.Дамбасүрэнгийн хүүхэд нь Шатрын олон улсын хэмжээний мастер болзол хангасан гэж байсан. Тийм учраас зээл хөөцөлдөх үедээ Д.Дамбасүрэн байгаагүй учраас гишүүн Д.Д-той холбогдсон ... Үндсэндээ бол зээл авахад төсөл өгөх ёстой. Манай хүргэн Цогбат төслөө бичээд өгсөн. Харин барьцаа хөрөнгийг Д.Дамбасүрэнгийн захирлаар нь ажиллаж байгаа Очир төв ХХК-ий хөрөнгийг барьцаална гэж тохиролцсон. Түүнийхээ дагуу зээл бүтээд барьцаа хөрөнгөө тавиад зээлээ авлаа гэж ойлгосон. Тэрнээс барьцаа хөрөнгө тавилгүйгээр зээл авсан талаар надад мэдэх зүйл байхгүй... Би Очир төв ХХК-ий хөрөнгүүд дээр хориг тавигдсан байсан талаар нь мэдэхгүй. Д.Дамбасүрэн, Д.Д- нар нь надтай хамтарч ажиллана, зээлийн барьцаа хөрөнгийг гаргана гэсэн. Хэлснийхээ дагуу барьцаа хөрөнгөө гаргалаа л гэж ойлгосон. Тэрнээс биш хөрөнгө нь асуудалтай байсан бол би Хятадуудтай хамтраад ажилчихна ... Д.Дамбасүрэнгийн зүгээс өмчөө барьцаалчихсан учраас санхүүгийн гүйлгээнд хяналт тавина гээд 2 дугаар гарын үсэг зурах эрхийг нь авна гэсэн ... Би Д.Д- гишүүнд хүүхдийн сургалтын төлбөрт 20.000.000 төгрөг өгсөн. Мөн Д.Д- гишүүний охин нь эхнэрийнх нь хамт явж байгаад зам тээврийн осолд орчхоод 2018 оны 07 дугаар сард мөнгө гуйхаар нь эмчилгээний төлбөрт 40.000.000 билүү 50.000.000 төгрөг өгсөн. Охиных нь 2 нүд хараа орохгүй байна гэж байсан бөгөөд Солонгос улсад эмчилгээ хийлгэж 4 удаа хагалгаанд орсон байдаг. Өөрөөр өгсөн мөнгө байхгүй байхаа. Тухайн үед Д.Д- гишүүн надаас ийм асуудал гараад байна, мөнгө зээлээч гэхээр нь би Цогбатруу хэлээд мөнгийг шилжүүлсэн байгаа...” /2хх 234-237/,

Ж.Баасандоржийн “...Төслийнх нь талаар би сайн мэдэхгүй. Оноогоороо тэнцээд хуралд ороод дэмжигдээд сайдын тушаалд ороод ирсэн байсан. Тэрнээс хойш зээл авах барьцаа хөрөнгийн асуудал гарах үеэс нь би мэдэх юм байна. Тэр үед Д.Д- гишүүний зөвлөх гэх Батжаргал гэдэг залуу ирээд гишүүний юмыг шийдвэр нь гарчихаад байхад хурдалсангүй, хурдал гээд яваад байсан. Би барьцаа хөрөнгийнхөө мэдээллийг аваад ир, хоёрт тамгын хэлтэст материал бүрдүүлж өгөөд барьцаа хөрөнгийг чинь дараа нь үзнэ гэдгийг хэлсэн. “Сапфир Стоун”  ХХК-ий зүгээс барьцаанд тавих хөрөнгийнхөө мэдээллийг авчирч өгөхгүй байсан. Тэгсэн хэрнээ мөнгөө шилжүүл гээд байсан ... Батжаргал ярихдаа гааль дээр тоног төхөөрөмж нь ирчихсэн санхүүжилтээ аваад гаалийнхаа татварыг төлмөөр байна гээд яриад байсан. Ингээд байж байтал Тамгын хэлтсээс гишүүн баталгаа гаргаж ийм бичиг өглөө, тиймээс гэрээг нь хийе, мөнгөө төлж чадахгүй бол гишүүн өөрөө төлнө гээд бичиг хийгээд өгсөн гээд гэрээ байгуулаад санхүүжилтийг нь олгосон. Манай захирлыг Д.Д- гишүүн нилээн зовоосон байх...” /3хх 4-6/,

шүүгдэгч Д.Д-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” /3хх 21-22/,

гэрч Б.Эрдэнэболдын “...Очир төв ХХК-ний хувьд 1.900.000.000 төгрөгийн төлбөрөөс 2015 оноос хойш 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 771.050.000 төгрөгийг төлсөн. Одоо 1.227.502.700 төгрөгийн өр төлбөртэй байна. 2018 оны 04 дүгээр сараас хойш татварт ямар нэгэн мөнгө төлөөгүй байна ... Би яагаад энэ хөрөнгийг чөлөөлсөн бэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би 2018 оны 9 дүгээр сарын дундуур ээлжийн амралтаа байсан. Би энэ бичгийн талаар мэдэхгүй байна...” /8хх 184-186/,

гэрч Э.Оюунбатын “...2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Очир төв ХХК-ний хуулийн зөвлөхөөс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Сапфир Стоун”  ХХК-ий авах 6 сарын хугацаатай 1.200.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа болгож Очир Төв ХХК-ий өмчлөлийн Ү-2101003390, Ү-2101003391, Ү-2101003392 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргасан. Үйлчилгээний хураамж болох Барьцаагаар хангагдах шаардлагын үнийн дүн болох 1.200.000.000 төгрөгийн 0.1 хувь буюу 1.200.000 сая төгрөг тушаасан баримт болон бусад нотлох баримт /зээлийн гэрээ, барьцааны гэрээ, компанийн захирлын итгэмжлэх/ зэргийг хүлээн авч ажлын 8 цагт багтаан улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан. Өндөр дүнтэй барьцааны гэрээг бүртгүүлэхдээ хяналтын улсын байцаагчаар баталгаажуулдаг бөгөөд энэ журмын дагуу Г.Энхтуяагаар хянуулаад бүртгэж 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн. Тухайн компаний зүгээс яаралтай үйлчилгээний хураамж тушаасан учраас тухайн өдөрт нь бүртгэсэн. Уг хөрөнгүүдийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг дахь Шүүхийн шийвэр гүйцэтгэх газрын 03/1780 дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан. Энэ нь хөрөнгүүдэд ямарч бүртгэл хийж болохгүй гэсэн үг юм. Энэ хөрөнгийг харин Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангиас 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 01/1256 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн хоригийг цуцлах тухай албан бичгийг манай байгууллагад 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлснийг хэлтсийн дарга Д.Мөнхболд хүлээн аваад эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн дарга С.Жамбалсүрэнд цохсон. Манай тасгийн дарга С.Жамбалсүрэн даргаас надад цохсоныг би хүлээн авч мөн өдөр нь бүртгэж мэдээллийн санд тусгай тэмдэглэл цуцалж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн барьцаанд бүртгэж бүртгэлийг хийсэн. Зээлийн барьцаанд тавих гэрээ нь 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн гэрээ байсан бөгөөд Очир төв ХХК нь зээлийн барьцааны гэрээг байгуулснаас хойш 3 сарын дараа улсын бүртгэлд барьцаалбарыг бүртгүүлсэн. Би тухайн үедээ Шийдвэр гүйцэтгэлээс ирүүлсэн бичгийг хараад Татварын хэлтэст төлбөр төлөх хүсэлтээ гаргасан гэсэн утгатай байсныг нь харсан боловч эрх бүхий байгууллага хөрөнгийн хоригийг цуцлах тухай бичгээ ирүүлсэн байхад надад бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй...” /8хх 190-192/,

гэрч М.Ариунболдын “...Тухайн битүүмжлэгдсэн хөрөнгөө чөлөөлүүлж барьцаанд тавъя, өр төлбөрөө барагдуулая гэсэн хүсэлтийг Очир төв ХХК-иас тавьсан. Хүсэлтийн дагуу өр төлбөрийг нь барагдуулах зорилгоор шийдвэрлэсэн. Энхбаатар гэдэг захирал нь хөрөнгөө чөлөөлүүлмээр байна гээд Лхамягмартай уулзсан гэсэн. Лхамягмар надад утсаар танилцуулсан. Тиймээс би албан ёсоор бичгээр хүсэлтийг нь ав гэсэн. Бичгээр ирүүлсэн хүсэлтийг нь үндэслээд чөлөөлөх бичиг хийж өгсөн ... Манай шийдвэр гүйцэтгэгч Лхамягмар нь надад хэлэхдээ Энхбаатар нь амаараа ийм хүсэлт тавьж байна гэсэн, тэгвэл наад хүсэлтийг нь бичгээр ав гэдгийг хэлсэн. Манай Лхамягмар бичгээр хүсэлтийг нь авчихлаа гэж байсан. Тэгэхээр нь чөлөөлөх бичгийг нь хийж өгсөн...” /8хх 197-199/,

С.Т-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Улсын Их Хурлын гишүүн Д.Д-ын гэх 2 хуулийн этгээдийн нэрийг Б.Б- сайд надад өгч байсан. Тэгээд Б.Б- сайд намайг Д.Д- гишүүнтэй ярь, уулз гэж хэлж байсан. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа эхлээгүй буюу төслийн материал хүлээж авч дуусч байх үеэр Д.Д- гишүүний ажлын албанаас надруу ярьж Д.Д- гишүүн ирж уулзаач гэж байна гэж дуудсан. Тэгээд би Төрийн ордонд очиж Д.Д- гишүүний албан өрөөнд орж уулзсан. Уг уулзалтаар Д.Д- гишүүн бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн уулзалтаар Д.Д- гишүүн надад 2 материал хүргүүлсэн бөгөөд Б.Б- сайдад хэлсэн. Б.Б- сайд мэдэж байгаа, буруу дутуу зүйл байвал чи өөрөө үзэж хараад надад мэдэгдээрэй. Би чиний даргын даргын дарга шүү гэж хэлсэн. Д.Д- гишүүний гэх “Сапфир Стоун”  ХХК байсан бөгөөд нөгөө хуулийн этгээдийн нэрийг нь одоо санахгүй байна. Тухайн үед миний ойлгосноор дээрх 2 хуулийн этгээдийн 1 нь олборлолт хийх, нөгөө нь олборлосон чулуугаар нь бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах утгатай төсөл байсан. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж байх үеэр Д.Д- гишүүн надруу ажлын албаараа дамжуулан ирж уулз, холбогд гэж удаа дараа хэлүүлж байсан ... Тэрбээр 1 төсөл нь шалгарахгүй хасагдсаныг хэрхэн урьдчилан мэдсэн болохыг би мэдэхгүй байна. Гэтэл миний 99111515 дугаарын утасруу мэдэхгүй дугаар залгахаар би утсаа автал Д.Д- байна гэж нэрээ хэлж яриагаа эхлүүлээд сайдтай чинь ярьчихсан, сайд чинь болно гэж байхад яагаад та нар дээр очоод болохоо больчихоод байгаа юм бэ гээд  надруу чанга дуугаар орилон хашхирч, миний хэлсэн, тайлбарласныг сонсохгүйгээр болгоорой, бүтээгээрэй гэж ярьж байгаад утсаа тасалчихсан. Гэсэн ч дээрх хуулийн этгээд нь хуульд заасан хориглосон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байх тул төсөл сонгон шалгаруулалтанд тэнцээгүй. Харин “Сапфир Стоун” ХХК-ий хувьд Б.Б- сайдаас өгсөн чиглэлтэй байсан бөгөөд тус компаний төсөл санхүүжилтэнд багтсаны дараа “Сапфир Стоун” ХХК-ний захирал гэх залуутай цуг нүдний шил зүүсэн Н.Батжаргал гэх өөрийгөө Д.Д- гишүүний зөвлөх гэж танилцуулсан залуу орж ирсэн. Н.Батжаргал хэлэхдээ манайхаас 2 төсөл ирүүлсэн ч нэг нь шалгараагүй. Ийм учраас шалгарсан 1 хуулийн этгээдийнхээ төслийн санхүүжилтийг хамгийн түрүүнд авна гэж байсан ... Иймд би гэрээ байгуулахаас татгалзсан учир Б.Б- сайд надруу уурлаж Д.Д- гишүүн яриад байна. Хурдан шийдээд өгөөч, наад хүн чинь Эдийн засгийн байнгын хорооны дарга хүн. Манай яамтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэдэг, чи улс төр ойлгохгүй байна, ямар янзын нөхөр вэ чи гэх мэтээр намайг ихээхэн дарамталсан. Мөн Д.Д- гишүүн ажлын албаараа дамжуулан намайг цаг зааж өрөөндөө дуудуулсан. Тэгээд би дуудсанаар нь Д.Д- гишүүнтэй уулзахаар Төрийн ордонруу явж байхад Б.Б- сайд надруу залгаад Д.Д-оор өөрөөр нь баталгаа гаргуулаад асуудлыг нь өнөөдрийн дотор шийд гэж хэлж байсан. Төрийн ордонд Д.Д- гишүүний өрөөнд орж уулзахад сайдтай чинь ярьж тохирсон, би өөрөө арыг нь даана гэсэн агуулгатай зүйл хэлж байсан. Би ажил дээрээ очоод гэрээ хариуцсан Тамгын хэлтсийн дарга Ш.Сугартай зөвлөлдөхөд Ш.Сугар надад их хурлын гишүүний албан бланк дээр хариуцлагыг нь хүлээнэ гэсэн утгатай албан бичиг аваад, санхүүжилтийг нь олгож болох уу гэсэн санаа гаргасан. Уг санааг би Б.Б- сайдад хэлэхэд зөвшөөрсөн тул би Д.Д- гишүүний зөвлөх Батжаргалд нь дээрх утга бүхий албан бичгийг ирүүл гэсэн утгатай зүйл хэлээд явуулсан. Гэтэл Батжаргал нь илт хуурамч байж болох скайнердсэн байдалтай Д.Д- гишүүний гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан бичгийг авч ирэхээр нь би хүлээж аваагүй. Удалгүй албан ёсны тамга, тэмдэг бүхий албан бичгийг авч ирэхээр нь гэрээ байгуулж, санхүүжилтийг олгосон ...  Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгөгүйгээр зээлийг олгосон...” /2хх 249-250, 3хх 1-3/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Учралбаярын “...Дүгнэлтүүдтэй холбоотойгоор санал хүсэлт байхгүй. Буруутай этгээдээс нэхэмжилж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг хохиролгүй болгох хэрэгтэй...” /1хх 221-222/ гэх мэдүүлгүүд,

Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн итгэмжлэл олгох тухай албан бичиг /2хх 218/,

Их үүсгэл ХХК-ий санхүүгийн өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 239-241/,

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /1хх 1-2/,

Тэд Аудит ХХК-ий 02/02 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 136-160/,

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтний төсөл судалж үнэлгээ өгсөн EXCEL файл болон төслийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, төслийн материал /1хх 28-122/,

2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “Сапфир Стоун” ХХК-ий хооронд байгуулсан 88/2018/3-59 дугаартай Зээлийн гэрээ /1хх 123-128/,

2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “Сапфир Стоун” ХХК-ий хооронд байгуулсан 88/2018/Б-59 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /1хх 129-132/,

Тод үнэлгээ ХХК-ий 12/23 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /1хх 202-214/,

Нэгжлэгээр түр хураан авсан компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 242-243/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /1хх 247-248/,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 250, 2хх 1/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх 7/,

Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч, туслах ажилтнуудын мэдээлэл /2хх 38-47/,

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7477 дугаартай Баталгаа гаргах тухай 1 хуудас албан бичгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх 58/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх 59/,

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7477 дугаартай албан бичиг /2хх 60/,

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ирсэн, явсан бичгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 213-217/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /2хх 224/, 

Мобикомын дугааруудын орсон гарсан хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 152-156/,

Иргэн Ц.М-ын хэрэглэдэг мобикомын 99110001 дугаараас гарсан дуудлага, мессежний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 169-174/,

Иргэн Д.Болормаагийн Төрийн банкны депозит дансны хуулга /4хх 73/,

Иргэн М.Цогбатын эзэмшлийн Голомт банкны дансны хуулга /4хх 114-125/,

Д.Д-ын Худалдаа хөгжпийн банкин дахь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 138/,

Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 142, 170/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангийн албан бичиг /7хх 140, 141/,

Орхон аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Очир төв ХХК-ий үл хөдлөх хөрөнгүүдийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 215-218/,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /9хх 4-5, 15/,

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа /1хх 1-14/,

Д.Д-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх 96/,

Д.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх 106/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, улмаар түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Д-т оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.  

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж заасныг хууль зүйн үндэслэлтэй, зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээр хэргийн хянан хэлэлцэх шатанд буюу 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн үндсэн төлбөр 1.200.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 62.587.580 төгрөг, хөшүүргийн төлбөрт 34.391.944 төгрөгийг төлж барагдуулсан буюу гэрээний дагуу Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээлийг “Сапфир стоун” ХХК төлөх үүрэгтэй боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээл болон зээлийн хүү, алдангийн төлбөрт нийт 1,296,979.524 төгрөгийг “Сапфир стоун” ХХК-ний өмнөөс Д.Д-ын эхнэр Б.Цэгмэд төлж барагдуулсан тухай “Сапфир стоун” ХХК-ний захирал М.Б-ын гарын үсэг бүхий /10хх 51/ албан бичиг гаргасан бөгөөд шүүхээс Д.Д-ыг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.  

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзаж, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан “шийтгэх тогтоолын хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эсхүл торгох ялаар солих”, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн гаргасан “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан торгох ялаар шийтгэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1515 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1515 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Ш.Амарбаяр, Э.Ганхөлөг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ