Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0859

 

2023 11 20 128/ШШ2023/0859

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** НҮТББ /РД:***/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Э***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б***

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж***, О.О***

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Б***

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж***, О.О***, хариуцагчийн өмгөөлөгч О.Б*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч *** НҮТББ нь Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-аар маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Монголын үндэсний коллеж нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тушаалаар /1х-х 17/ Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Дээд сургуулийн ангилалд бүртгэгдэж, мөн сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалаар /1х-х 19/ их сургуулийн ангилалд хамруулсан.

2.2.Ингээд *** нэрээр улсын бүртгэлд бүртгэж, /1х-х 6/ Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгосон.

2.3.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаалын /1х-х 16/ 1 дэх заалтаар Боловсролын сайдын 1992 оны Үндэсний их сургуулийн статус олгох тухай 476 дугаар тушаалд нийцүүлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Сургуулийн ангилал өөрчлөх тухай *** дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож, 2 дахь заалтаар ***ь нь *** регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг *** ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах замаар *** НҮТББ нэртэйгээр улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчилж олгосныг залруулж зохих хууль тогтоомжид нийцүүлж, улсын бүртгэлд бүртгэх арга хэмжээ авахыг уламжилж, 3 дахь заалтаар Энэ тушаал гарсантай холбогдуулан ***ийн тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн олгохоор шийдвэрлэсэн байна.

2.4.Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2022/9558 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаал нь бүхэлдээ Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Захиргааны ерөнхий хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2010 оны 01 сарын 21-ний өдрийн 26-р тушаалаар баталсан Дээд боловсролын байгууллагын ангилал тогтоох журам зэргийг тус тус зөрсөн.

2.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д захиргааны байгууллага үйл ажиллагаандаа "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг баримтална гэж, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "Төрөөс төрийн бус байгууллагын хууль ёсны эрхийг хамгаална гэж тус тус заасан.

3.Дээрх актыг гаргахаасаа өмнө сайд Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29 дүгээр зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ховдогдох этгээдэд сонсох, мэдэгдэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаа зэргийг огт хийгээгүй.

Тухайлбал: Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-г "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно." гэж, 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж, 25 дугаар зүйлийн 25.1-т "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:" гэж "25.1.1.ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах;", "25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах;", "25.1.3.шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах;", "25.1.4.гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах; "25.1.5.баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах;", "25.1.6. шаардлагатай бол туршилт хийх;", "25.1.7.оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах.", "25.2.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход оролцогч энэ хуульд заасан хүрээнд оролцож болно. гэж, 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. "гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-т "Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивд хадгална." гэж, 29.2-т "Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна." гэж тус тус заасныг сайд болон яамны аппарат огт хэрэгжүүлээгүй хууль зөрчиж шууд тушаал гаргасан.

4.Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах шаардлагыг заасан ба 40.2-т "Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна гэж, "40.2.2.захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/- ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл", "40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах", "40.2.4.захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах", "40.2.5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах", 40.3.Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана" "40.4.Захиргааны актал тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэснийг тус тус хангаагүй.

Өөрөөр хэлбэл тушаалд Монгол улсад огт байхгүй ***ь гэх байгууллагыг дурдсан, түүнд хаягласан ба тушаал гаргах болсон бодит нөхцөл байдлыг бичээгүй, эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заагаагүй байдаг.

5. Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Дээд боловсролын сургалтын байгууллага нь Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангилалтай байна" гэж, 4.6-д "Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно" гэж тус тус заасан бөгөөд манай сургуулийн ангиллыг өөрчлөх, бууруулахтай холбоотой магадлан итгэмжлэх байгууллагын санал, дүгнэлт гараагүй, ийм үйл ажиллагааг тус байгууллагаас явуулаагүй.

Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д "Боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх байгууллага нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл байна" гэж заасан.

6. Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-т "Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дээд боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гэж, "10.2.1.дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааг төрийн бодлогын хүрээнд уялдуулан зохицуулж дэмжих, тэднийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах; гэж, "10.2.2.төрийн захиргааны бусад төв байгууллагатай тухайн салбарт мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хамтран ажиллах" гэж тус тус заасан бөгөөд үүнд сургуулийн ангилал хүчингүй болгох эрх олгогдоогүй байна.

7.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 01 сарын 21-ний өдөр 26 дугаар тушаалаар "Дээд боловсролын байгууллагын ангилал тогтоох журам" баталсан. Уг журам нь нийтээр дагаж мөрдөгдөж байна.

Журмын 6.8-д "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг шалгалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны аттестатчиллын дүнгээр тухайн дээд боловсролын сургалтын байгууллага ангиллын шаардлагыг хангахгүй байгаа нь нотлогдсон бол тухайн сургуулийн ангиллыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын шийдвэрээр бууруулж болно" гэж заасан ба манай сургуультай холбоотой мэргэжлийн хяналтын шалгалт явагдаагүй, яамнаас аттестатчлал хийгээгүй юм. Энэхүү журмаар сургуулийн ангиллыг бууруулах зохицуулалт байгаа болохоос хүчингүй болгох зохицуулалт байхгүй байна.

8. "Тусгай зөвшөөрөл, Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал" хоёр нь хууль зүйн хувьд хоёр өөр ойлголт бөгөөд өөр өөр хуулиар зохицуулагддаг. Тусгай зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хуулиар, /Өмнө нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар/, ангилал нь Дээд боловсролын тухай хуулиар зохицуулагддаг.

Гэтэл сайдын тушаалд энэхүү ойлголтуудыг хольж хутган тусгай зөвшөөрлийг дахин олгох асуудлыг тусгасан байдаг.

9.Маргаан бүхий актын 1 дэх хэсэгт "Боловсролын сайдын 1992 оны "Үндэсний их сургуулийн статус олгох тухай" 476 дугаар тушаалд нийцүүлж Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны *** дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай" гэсэн боловч энэхүү 1992 оны 476 дугаар тушаал нь БНМАУ-ын Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тушаал юм.

10.*** 2017 онд манай сургуульд их сургуулийн ангилал олгосон Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан ч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 онд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэгдсэн байхад Боловсрол, шинжлэх ухааны сайд хоёр сургуулийн дундуур орж, *** болон яамны улс төржсөн, хов жив ярьсан хэсэг бүлэг хүмүүсийн хоосон, үндэслэлгүй үгэнд автаж хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

11.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200А (XXI) дугаар тогтоолоор баталж, 1976 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон "Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт"-д дараах зохицуулалтыг тусгасан. Үүнд:

"13 дугаар зүйл 2 (е) бүх шатны сургуулийн тогтолцоог эрчимтэй хөгжүүлэх, хангалттай тэтгэлгийн тогтолцоотой болох, багш нарын материаллаг нөхцөлийг байнга сайжруулах арга хэмжээг авах ёстой" гэж,

"3.Энэхүү Пактад оролцогч улсууд эцэг эх болон зохих нөхцөлд хууль ёсны асран хамгаалагчаас хүүхдэдээ төрийн байгууллагаас байгуулсан сургууль төдийгүй, боловсрол олгох талаар улсаас тогтоосон буюу баталсан наад захын шаардлагыг хангаж байгаа бусад сургуулийг сонгох, өөрийн хувийн итгэл, үнэмшлийн дагуу шашин шүтлэг болон ёс суртахууны боловсрол олгох боломжийг хангана" гэж,

"4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмыг хатуу баримталсан бөгөөд тэр сургуулиар олгож байгаа боловсрол нь төрөөс тогтоосон наад захын шаардлагын доод хангасан нөхцөлд, хувь этгээд буюу байгууллагаас сургууль байгуулах, удирдах эрх чөлөөг хязгаарласан утгаар энэ зүйлийн аливаа хэсгийг тайлбарлаж болохгүй" гэж тус тус заасан.

Энэхүү дэлхий нийтээр улс орнууд мөрдөж буй пактад сургуулийг зөвхөн дэмжих, хөгжүүлэх ёстой бөгөөд сургуулийн эрх чөлөөг хязгаарлаж болохгүй гэж заасан байна. Гэтэл сайд үүнийг ноцтой зөрчсөн тушаал гаргасан.

Иймд хууль тогтоомж, Олон Улсын гэрээ, нийтээр дагаж мөрдөж журам зэргийг ноцтой зөрчсөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн "Тушаал хүчингүй болгох тухай *** дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг тушаалд дурдагдсанаар 1992 оны үндэсний их сургуулийн статус олгох тухай тушаалд нийцүүлж *** дүгээр тушаалыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл Боловсрол, шинжлэх ухааны сайдын 82 тушаалаар юуг шийдвэрлээд байгаа нь тодорхойгүй байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартаа дурдсанаар тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах, сургуулийн ангилалд оруулаад байна уу. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, Боловсролын тухай хуулийн 5 дугаар хэсэгт суралцагчийн хэрэгцээ хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн, 5.1.6 дахь хэсэгт өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр Боловсролын тухай хуульд зааснаар энэ тушаалын нэг дэх заалтаар үндэслээд байгаа тушаал нь алт хэдийн хүчингүй болсон заалтыг үндэслээд байгаа нь үндэслэлгүй байна. Монгол Улсын үндэсний их сургууль хэмээн нэрлэсүгэй гэж шийдвэрлэсэн байдаг. Байхгүй сургуулийн тушаалд хамаатуулаад ***ийн ангилал тогтоосон тушаал, шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байдаг. Тоо, үсэг, үг, өгүүлбэрийн ***-ийн эрх, ашгийг хангах байдлаар гомдлынх нь дагуу шийдвэрлэсэн гээд байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр шийдвэрийн хяналтын хувийн хэрэг үүсээгүй байсан. 4.2.6 дахь заалтад сонсох ажиллагаа явуулах хуулийн зохицуулалт байгаа. Сонсох ажиллагаа явуулаагүй талаараа хариуцагч дурдсан байдаг. Сонсох ажиллагааны гол онцлог нь захиргааны үйл ажиллагааны улмаас өөрийн тайлбар, санал гаргах боломжоор хангуулах гэдгээрээ онцлогтой. Сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлээ захиргааны байгууллага өөрөө нотлох үүрэгтэй. Энэ хугацаанд сонсох ажиллагаа явуулах үндэслэлийн талаар хариуцагчаас гаргаж өгсөнгүй. Энэ үүргээ хамгаалах явцад хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжих ёстой. Захиргааны актаар энэ маргаан бүхий тушаалд аль, аль нь дурдагдаагүй, хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй.

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан энэ хуулийг үндэслэл болгох асуудал нь улсын бүртгэлээс хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээр ийнхүү дүгнэж маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгаа нь үндэслэлгүй. нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон баримтыг гаргаж өгсөн. Дээр дурдсан хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл байна. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан энэ хуулийг үндэслэл болгох асуудал нь улсын бүртгэлээс хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээр ийнхүү дүгнэж маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгаа нь үндэслэлгүй. Монгол Улсын төрийн хэлний зөвлөлийн дүгнэлт 25-27 дугаар хуудсуудад тус тус авагдсан баримтуудаар төрийн байгууллагаас захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг авснаар төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулахгүй гэснээ хуулийн этгээдийн өмчлөгч, эзэмшигч нь нэг хүн байгаа. Энэ дэлгэрэнгүй лавлагаанаас анх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас регистрээ солих хүсэлт ч гэсэн хавтаст хэрэгт авагдсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдаас хуульд олгогдоогүй асуудлаар. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэг. Захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримталсан талаар: *** нь Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр "Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах" тухай гомдлыг гаргасан. Уг гомдолд дурдсан асуудалд дурдсан асуудлын нөхцөл байдлыг тодорхойлох, магадлан шалгах зэрэг захиргааны шийдвэр гаргах бодит нөхцөлийг тогтоох ажиллагаа хийх явцад гомдолд хариу өгөөгүй эс үйлдэл гаргалаа гэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 1/1758 тоот албан бичгээр дээрх гомдлыг шийдвэрлэхийг даалгах"-ыг шаардсан нэхэмжлэл гарсан.

Уг захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь ***-аас гаргасан өргөдөл гомдолд үндэслэн эхэлсэн бөгөөд уг гомдлыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хянан үзэж захиргааны акт гаргах нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжууд болон холбогдох нотлох баримтад үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаалаар гомдол гаргагчийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт "иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд" сонсох ажиллагааг хийхгүй байх талаар тусгасан.

Хуулийн уг зохицуулалтын хүрээнд сонсох ажиллагаа хийгээгүй болно.

Тушаалын хувийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *** цахим хаягаар хүргүүлсэн. Сургуулийн захирал Б.Д*** тус яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын *** дугаар утсанд холбогдож, ахлах шинжээч***гээс тайлбар, мэдээ авсан.

Хоёр. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар:

2.1.Хуулийн этгээдийн нэр, статусын талаар:

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг "Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй" гэж зохицуулсан байдаг.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2012 оны *** дүгээр тушаалаар ***ийн ангиллыг их сургуулийн ангилал болгон өөрчлөхдөө тусгай зөвшөөрөл болон гэрчилгээнд *** гэж бичиж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар оноосон нэрийг өөрчлөн бичсэн нь доорх хууль тогтоомж, үйл баримтыг зөрчжээ гэж үзэн тус тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

"Үндэсний" гэх статусын талаар:

Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн " Монгол улсад эрдмийн зэрэг, цол олгох тогтолцоог өөрчлөх тухай" 72 дугаар тогтоол гарсан ба уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Их Сургуулийн статусыг баталсан байдаг. Тухайлбал уг тогтоолын хоёрдугаар хавсралтын 4 дэх хэсэгт "Их сургууль нь ***, их сургууль/төрөлжсөн гэсэн зэрэглэлтэй байна" хэмээн тусгасан.

Улмаар дээрх Засгийн Газрын тогтоолын дагуу БНМАУ-ын Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үндэсний их сургуулийн статус олгох тухай 476 дугаар тушаал гарч ***-д Үндэсний их сургуулийн статус олгосон байдаг.

***-ийн хууль ёсоор эзэмшдэг барааны тэмдэг, гэрчилгээний талаар:

*** болон ***ийн нэр англи хэл дээрх орчуулгад "***", "***", "***" гэж хэрэглэж байгаа ба мөн *** болон *** гэсэн нэрийн товчлол нь латин галигт "***" гэж ижил бичигддэг байна. Үүний улмаас олон улсад шуудан захидал андуурч илгээгдэх тохиолдлууд ч цөөнгүй гарч байсан.

Мөн ***-ийн Олон улсад ***т жагсаалтад эрэмбэлэгдсэн байдлыг шалгаж үзэхэд ***-ийн үндсэн вэб сайтыг *** өөрийн сургуулийн мэдээлэлд оруулсан зөрчил илэрсэн байдаг. Тийм ч учраас ***-аас нэрийн маргааныг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудад удаа дараа хандсан байдаг. Тухайлбал:

1.***-ын хууль ёсоор эзэмшдэг ***. ***, ***, ***, *** барааны тэмдгүүдийг *** хууль бусаар ашиглаж байгаа үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэж, хууль бус ашиглалтыг таслан зогсоолгохоор Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1665 албан тоотоор гомдол гаргасан байдаг. Улмаар Оюуны өмчийн газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар хариу мэдэгдэх хуудсаар ***-ын "***", "***" барааны тэмдгүүдийг олон улсын 16, 41, 42 ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэсэн барааны тэмдгүүдийг *** нь "***", "***" хэвлэмэл хуудас болон боловсрол, сургалт явуулахдаа ашигласан зөрчилд Оюуны Өмчийн Газрын Хяналтын улсын байцаагч 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулсан.

2. Мөн дээрх барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг хүчингүй болгохыг тогтоолгохоор Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад 2022 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн *** дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

3. ***-аас Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газарт хандаж хууль бус зар сурталчилгаа түгээж, шударга өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулж буй *** НҮТББ-ын хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гомдол гаргасан байдаг. ШӨХГТ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1890 дугаар хариу мэдэгдэх албан бичигт ... *** нь "Үндэсний" гэсэн статусгүй төрийн бус байгууллага, ***-ийн нэр Үндэсний гэх тодотголыг ашиглаж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх, хэрэглэгчдэд болон бусад байгууллагад төрийн өмчит их сургууль гэж андуурагдах нөхцөл байдал үүсгэн, өөрийн албан ёсны вэб сайтад "***" гэсэн барааны тэмдгийг ашиглаж, англи хэлээр ***, *** гэж орчуулж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т "бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах" гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна" хэмээн үзсэн.

4.Мөн ***-аас 2020 оны 9 дүгээр сарын 09-ий өдөр Хэлний бодлогын зөвлөлд хандаж "улсын, үндэсний" гэх үгийн утга агуулгыг тайлбарлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс ирүүлсэн тайлбарт ... Хэл шинжлэлийн үүднээс авч үзвэл "***" болон "***" гэх товчилсон үгс нь үсгийн хувьд У болон Ү үсэг монгол хэлэнд дүрс, дуудлагын хувьд төсөөтэй төдийгүй, бусад хэлэнд нэг тэмдэгт, нэг дуудлагаар ойлгогддог тал байна. Иймд тухайн товчлол нь бичвэр болон дуудлагын төсөөтэй буюу бараг адил гэж үзэж болно" гэжээ.

Дээрх эрх бүхий байгууллагуудын хариу тайлбар болон шийдвэрээс үзвэл Боловсрол шинжлэх ухааны сайдын 2012 оны *** дүгээр тушаал нь бодит байдал дээр төөрөгдөл үүсгэж холбогдох хууль тогтоомжийг илтэд зөрчиж бусдын хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн шийдвэр байсан тул уг шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтээр *** регистрийн дугаартай *** ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон. шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь хуулийн этгээдийн эрх зүйн чадамжгүй болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны *** дүгээр тушаал гарах болсон хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил байж болохгүй гэсэн иргэний хуулийн заалтыг баримталсан. ***-иас тус яаманд эрх ашиг зөрчиж байгаа асуудлаар гомдол гаргасан. Энэ нь оюуны өмчийн маргаан түүнтэй хамааруулан Боловсролын сайдын 1992 оны А/476 дугаар тушаалаар залруулж, нийтийн эрх, ашиг хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зарчимд үндэслэх ёстой. Энэхүү тушаалыг гаргаж мэргэжлийн асуудлыг тодорхойлохдоо сургууль суралцаж байгаа суралцагчдын эрх, ашиг сонирхлыг хуульд нийцүүлж хамгаалах ёстой гэж бид үзэж байна. Анх 2012 оноос хойш 2022 он хүртэл түдгэлзүүлж байсан *** дугаар тушаалыг иргэний хуульд зааснаар баримтлан энэхүү заалтыг гаргасан байгаа. *** нь өмнө нь хуулийн этгээдээс ирүүлсэн тодорхойлолт, баримт бичгийг судлаад үзэхээр *** ХХК болон төрийн бус байгууллага гэсэн олон хуулийн этгээдийн хэлбэрийн асуудлууд яригдаад байгаа учраас ***д суралцагчдын хууль ёсны эрх, ашгийг хөндөөгүй гэж үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Дараах үндэслэлээр нэхэмжлэгч *** НҮТББ-ын гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, уг тушаалын 1, 3, 4 дахь заалтыг хүчингүй болгож, тушаалын 2 дахь заалтад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгчээс Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр маргасан.

2.1.Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Захиргааны ерөнхий хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2010 оны 01 сарын 21-ний өдрийн 26-р тушаалаар баталсан Дээд боловсролын байгууллагын ангилал тогтоох журам зэргийг тус тус зөрсөн.

2.2.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д захиргааны байгууллага үйл ажиллагаандаа "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг баримтална гэж заасныг зөрчсөн.

2.3.Дээрх актыг гаргахаасаа өмнө сайд Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29 дүгээр зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаа зэргийг огт хийгээгүй.

3.Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 72 дугаар тогтоолын дагуу Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үндэсний их сургуулийн статус олгох тухай 476 дугаар тушаалаар ***-д Үндэсний их сургуулийн статус олгосон бөгөөд мөн сайдыг 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр /1х.х-19/ тушаалаар нэхэмжлэгч ***-ийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн их сургуулийн ангилалд хамруулсан байна.

4.Маргаан бүхий Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаалын 1 дэх хэсэгт Боловсролын сайдын 1992 оны Үндэсний их сургуулийн статус олгох тухай 476 дугаар тушаалд нийцүүлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны *** дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон байдаг.

Гэтэл Шинжлэх ухаан, Боловсролын сайдын 1996 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн тушаалын 3 дахь хэсгээр Боловсролын сайдын 1992 оны 476 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

5.Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаалын 1 дэх хэсэг хүчингүй болсон тушаалыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6.Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно. гэж заасан захиргааны актын хууль бус шинжийг агуулжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын ***-ийг их сургуулийн ангилалд хамруулсан 2012 оны *** дүгээр тушаалыг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно. гэж заасныг харгалзан үзээгүй байна.

6.Мөн тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1951 дүгээр захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0311 дүгээр тогтоолоор ***-аас гаргасан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл уг захирамж, тогтоолоор ***-ийг их сургуулийн ангилалд хамруулсан 2012 оны *** дүгээр тушаал хүчин төгөлдөр үлдсэн байна. 7.Дээд боловсролын тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1-д "Дээд боловсролын сургалтын байгууллага нь Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангилалтай байна" гэж, 4.6-д "Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно" гэж,

8.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-г "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.", 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж заасан.

9.Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 01 сарын 21-ний өдөр 26 дугаар тушаалаар батлагдсан Дээд боловсролын байгууллагын ангилал тогтоох журмын 6.8-д "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг шалгалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны аттестатчиллын дүнгээр тухайн дээд боловсролын сургалтын байгууллага ангиллын шаардлагыг хангахгүй байгаа нь нотлогдсон бол тухайн сургуулийн ангиллыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын шийдвэрээр бууруулж болно" гэж заажээ.

10.Хариуцагчаас дээр дурдсан хууль, журмын зохицуулалтын дагуу ***-ын ангиллыг өөрчлөх, бууруулахтай холбоотой үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд маргаан бүхий тушаалыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй, магадлан итгэмжлэх байгууллагын санал, дүгнэлт гараагүй байхад Шинжлэх ухаан, Боловсролын сайдын 1996 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн тушаалын 3 дахь хэсгээр хүчингүй болгосон Боловсролын сайдын 1992 оны 476 дугаар тушаалыг баримтлан ***-ийг их сургуулийн ангилалд хамруулсан маргаан бүхий *** дүгээр тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

11.Харин Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаалын 2 дахь хэсэгт ***ь нь *** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг *** ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах замаар *** НҮТББ нэртэйгээр улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчилж олгосныг залруулж, зохих хууль тогтоомжид нийцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад уламжилсан.

11.Уг шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтээр:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд *** ХХК-д сургалтын ажил эрхлэх 980118 дугаар тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснийг ... илт хууль бус актад тооцож,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд *** регистрийн дугаартай *** ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болон 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

12.*** НҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар /тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2023/1279 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн/ ***-ийн улсын бүртгэлийн асуудал шийдэгдэхээр байна.

Иймээс дээрх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар маргаан бүхий актын 2 дахь хэсэгт заасан бүртгэлийн асуудлыг нэг мөр дүгнэн шийдвэрлэх боломжтой тул маргаан бүхий тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

13.Дээрх нөхцөл байдлыг дүгнээд нэхэмжлэгч *** НҮТББ-ын гаргасан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, тушаалын 2 дахь хэсэгтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1028 дугаар тогтоолоор маргаан бүхий Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны *** дүгээр тушаалын биелэлтийг тус хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дээд боловсролын тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 4.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** НҮТББ-ын гаргасан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, уг тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, тушаалын 2 дахь хэсэгтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН