| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/01921/И |
| Дугаар | 181/ШШ2024/02723 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/02723
| 2024 07 17 | 181/ШШ2024/02723 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ........... тоотод байрлах, О ББСБ ХХК /Регистрийн дугаар:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:........ тоотод оршин суух, Д.Г /Регистрийн дугаар:..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 396.510 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.нар оролцов. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Д.Г т холбогдуулан гэрээний үүрэгт 396.510 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
О ББСБ ХХК нь Д.Г тай 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 58453 тоот зээлийн гэрээг байгуулан, зээлийн эрх нээсэн. Уг гэрээний дагуу 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 150.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 9.9 хувийн хүүтэй, 147041 тоот зээлийг зээлдэгч Д.Г өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5016544562 тоот дансанд шилжүүлэн авсан. Зээлдэгчийн 147041 тоот зээлийн гэрээний хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дуусч 966 хоногийн хугацаа хэтэрч, идэвхтэй ашигласан 30 хоногийг нэмж нийт 996 хоногийн хугацаа хэтэрсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийхгүй, утсаар холбогдож гэрээ цуцлах талаар албан ёсны хариуг мэдэгдэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан. Иймээс 2024 оны 3 дугаар сарын 07-ны байдлаар үндсэн зээл 150.000 төгрөгийг, 996 хоногийн хугацаа хэтэрсэн хүү 493.020 төгрөг, нийт 643.020 төгрөгийг гаргуулахаар анх шаардсан. Манайх нэхэмжилсэн хүүгээ 50 хувиар багасгаж 246.510 төгрөг болгож, үнийн дүнгээ 396.510 төгрөг болгож багасгаж байна. Зээлдэгч зээлээс нэг ч төгрөг төлөөгүй гэв.
2.Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Уг зээл авсны дараа 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гадагшаа яваад 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирсэн. Энэ өдрөөс хойш 2024 оны 3 сар хүртэл ямар нэгэн мэдэгдэл сануулга хүлээж аваагүй бөгөөд мэдэгдэл ирсэн хугацаанд нялх хүүхэдтэй байсан учраас О ББСБ ХХК-тай тохиролцож чадаагүй. 2021 оны 10 дугаар сарын 24-с хойш холбогдож мэдэгдэл ирүүлээгүй бөгөөд ийм их хэмжээний хүү алданги төлөх боломжгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн цахим зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, Хаан банкны депозит дансны хуулга зэргийг ирүүлжээ. /хх 4-12, 35-36/
Хариуцагчаас баримт ирүүлээгүй.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Д.Г т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 643.020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 246.510 төгрөгөөр багасгаж, нийт 396.510 төгрөг гаргуулахаар шаардсан тул шүүх энэ хүрээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
2.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
2.1.Нэг талаас О ББСБ ХХК, нөгөө талаас Д.Г нар 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч Moni апликейшн-аар дамжуулан харилцагчийн цахим сувгаар бүртгүүлсэн хаягаар цахим хэтэвчид тухай бүр зээл олгохоор, зээлийн төрлийг өөрөө сонгохоос /мони зээл, хуваан төлөлтийн зээл, лизингийн зээл/ мони зээлийн тухайд нэг удаагийн зээлийн доод хэмжээ 50.000 төгрөг, дээд хэмжээ 5.000.000 төгрөг байхаар, хугацааг зээл олгосон өдрөөс эхлэн 15-90 хоног байхаар, шимтгэл 1 хувь, зээлийн хүүгийн хэмжээг зээлийн төрөл, хугацаа, зээл авсан давтамж болон урамшууллаас шалтгаалж скорингоор тооцоолсон нөхцлийн дагуу байхаар 12 сарын хугацаатай 58453 тоот цахим зээлийн гэрээг байгуулжээ. /хх 5-7/
Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д хуульд зааснаар бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно гэж, 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Гэж, 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан.
2.3.Гэрээний дагуу 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 150.000 төгрөгийг О ББСБ ХХК-ийн Хаан банкны 5070583141 тоот данснаас 5016544562 тоот дансанд 85955663, НЬ90090661 гэсэн утгаар шилжүүлснээр Зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг олгох үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд маргаан үүсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно.
3.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк, эрх бүхий этгээд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгч тухайн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 9,9 хувийн хүүтэйгээр зээлдүүлэгч сонгосон, зээлээс төлөлт хийгээгүй гэж тайлбарлаж, үндсэн зээл 150.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хүү 246.510 /багасгасан дүн/ төгрөг, нийт 396.510 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч хүү хэт өндөр гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд шүүх нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 396.510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
4.Хариуцагчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар 2024 оны 7 дугаар сарын 09-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг бэр отгонсэлэнгэ гэж гардан авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Түүнчлэн тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2024/13062 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан түүний шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг шүүхээс хангаж өмнөх хуралдааныг хойшлуулж байсан. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Д.Г аас 396.510 /гурван зуун ерэн зургаан мянга таван зуун арван/ төгрөг гаргуулж О ББСБ ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.940 төгрөгийг улсын орлогод хэвээр, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 12.545 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ