Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/02560

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 25

181/ШШ2024/02560

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .......... тоотод байрлах, Х ББСБ ХХК /регистрийн дугаар:......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..................... тоотод байрлах, Ю ХХК /регистрийн дугаар:6347622/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 10.250.900 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х., хариуцагч компанийн төлөөлж захирал Э.Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аз. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Ю ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 10.250.900 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь Ю ХХК-ийг АНУ-аас автомашин оруулж ирдэг, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, найдвартай гэж бодон бүх зардал нь ороод 270 сая төгрөг хүртэлх үнээр, 2018-2021 оны хооронд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн Lexus 570 маркийн автомашиныг захиалан, авхуулахаар 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр очиж уулзсан бөгөөд тухайн үед 5 сая төгрөгийн барьцааг байршуулан сонирхож буй машинаа хайлгуулсан. Хэд хэдэн машин үзсэн боловч бидний төсөвлөсөн мөнгөнөөс илүү гарч байсан тул тухайн үедээ сонголт хийгээгүй.

Дуудлага худалдаанд 50.900 ам доллароор 2018 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгөтэй, Lexus 570 маркийн автомашиныг бүх зардал нь ороод 270 сая төгрөгт багтаан 60 хоногийн дотор худалдан авах боломжтой юм байна гэсэн хариуг өгсөн. Тэгээд тухайн автомашины мэдээлэл, зургуудыг үзүүлээд урд талын копуд дээрээ нэг жижиг, баруун урд талдаа нэг дугуй хэлбэртэй жижиг сэвтэй, өөр сэв, зураас, эвдрэл гэмтэл байхгүй, ямар ч асуудалгүй автомашин байна гэсэн.

Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ю ХХК-аас бидэнтэй холбогдоод дээрх автомашиныг дуудлага худалдаагаар 54.200 ам долларт авсан, ирж гэрээгээ хийгээрэй гэсний дагуу очиж уулзахад, тухайн автомашины нийт гарах бүх зардал, тооцоолол нь 270.255.400 төгрөг болж байсан ба манай байгууллагын анх автомашин захиалахаар хайлгасан үнийн дүнтэй дүйцэж байсан. Ю ХХК-аас манай байгууллагад уг автомашиныг захиалан худалдаж авахад гарах бүх зардлын задаргаа:

Д/д

Төлбөрийн зориулалт

Ам.доллар

Төгрөг

1

Машины үнэ

54.200

188.345.000

2

Муж хоорондын тээвэр

828

2.877.300

3

Бичиг баримтын зардал

1.015

3.527.125

4

Үйлчилгээний хөлс

1000

3.475.000

5

Далайн тээвэр

4.500

15.637.500

6

Онцгой албан татвар

7.827

27.200.000

7

НӨАТ15,5%

8.401

29.193.475

Захиалга: $57.043, 198.224.425 MNT,

Татвар ба Тээвэр: $20.782, 72.030.975 MNT

Нийт дүн: $77.771, 270.255.400 MNT тооцооллыг дээрх үнийн дүнгээр өгч, танилцуулсан.

Ингээд хэрвээ гэрээ байгуулвал захиалгын төлбөр болох 198.224.425 төгрөг буюу 57.043 ам долларыг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор шилжүүлэх, татвар ба тээврийн зардал 20.782 ам доллар буюу 72.030.975 төгрөгийг автомашин Монгол Улсад ирсэний дараа төлөөд, өөр нэмэлт ямар нэгэн зардлыг огт нэмж төлөхгүйгээр худалдан авах боломжтой гэсэн тооцооллыг манай байгууллагад гаргаж өгсөн.

Мөн Монгол Улсад төлөх зардал нь буурах боломжтой байдаг талаар, энэ тоо бол хуулийн дагуу бодсон, албан ёсны тооцоолол байдаг гэж танилцуулсан тул дээрх тооцоолсон үнийн дүн болон эвдрэл гэмтэл, өө сэв байхгүй, ямар ч асуудалгүй, ямар нэгэн доголдол байхгүй автомашиныг захиалан худалдаж авах энэхүү нөхцөлийг манай байгууллага хүлээн зөвшөөрч, 1688 тоот Зуучлагчаар дамжуулан автомашин захиалах, нийлүүлэх гэрээг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан.

Манай байгууллага Ю ХХК-ийн дансанд 57.100 ам долларыг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн.

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр СББ транс нэртэй тээврийн компани манай байгууллагатай холбогдож, таны захиалсан машин урд байгаа, нэмж 750 ам доллар, газрын мөнгө 300.000 төгрөг нэмж төлбөл 11 сардаа багтаж ирнэ, хэрэв төлөхгүй гэвэл 2024 оны 02 дугаар сард ирэхээр байна та төлөх үү? гэсэн. Тэгээд Ю ХХК-тай холбогдож тодруулахад манайх мэдэхгүй, тээврийн компани мэднэ гэж тайлбарласан. Гэтэл тухайн байгууллагатай байгуулсан гэрээнд автомашиныг нийлүүлэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл байна, 60-90 хоногийн дотор ирнэ гэж тохиролцож, гэрээг байгуулсан атлаа дараа нь тээвэр зууч мэднэ гэх зэргээр мэлзсэн. Манай байгууллага дахин 3 сар хүлээх боломжгүй, удахаар байсан тул аргагүйн эрхэнд тээврийн нэмэлт зардлыг төлсөн.

2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Тээврийн компанид 15.988.400 төгрөгийг төлж, автомашинаа холбогдох баримт бичгийн хамт хүлээн авсан. Ингээд Улаанбаатар хотын гаалийн байгууллагад очиж гаалийн бүрдүүлэлт хийж мэдүүлэхэд 62.333.756 төгрөг болж, хариуцагч байгууллагын анх гаргаж өгсөн зардлын тооцоолсон үнийн дүнгээс 6.000.000 төгрөг нэмж төлөхөөр гарсан тул төлөлгүйгээр эхлээд гэрээ байгуулсан Ю ХХК-аас тодруулахад татварын байгууллага буруу бодсон байна, манай байгууллага судлаад эргээд холбогдъё гэсэн.

Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буюу маргааш өглөө нь Ю ХХК-тай дахин холбогдоход бид судлаж байна, эргээд холбогдоно гэсэн. Гэтэл гаалийн байгууллага болон контейнерт машинууд нь хамт ирсэн хүмүүс байнга залгаад автомашинаа яаралтай авмаар байна, яаралтай гаалийн бүрдүүлэлтээ хийгээд контейнероо задлаж нээмээр байна гэсэн тул хариуцагч Ю ХХК-тай очиж уулзсан. Уулзалтаар хариуцагч байгууллага өөрсдөө анхнаасаа буруу тооцоо, дүн гаргаж өгсөн, гаалийн байгууллага зөв тооцоолсон болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд уг хохирлыг хариуцагч Ю ХХК нь манай байгууллагад нөхөн төлж барагдуулах талаар хүлээн зөвшөөрч, манай байгууллага нь эхлээд нэмэлт 6.000.000 төгрөгийг төлөөд машинаа авахаар болж нийт 62.333.756 төгрөгийг төлсөн.

Ингээд гаалийн баталгаат талбай дах контейнер задарч, нээхэд захиалан авсан автомашины баруун талаар үргэлжилсэн юм шүргэсэн том сэвүүдтэй, урд салхины шил нь цуурсан, моторын чек, брейк нь ассан доголдолтой, өө сэвтэй, гэмтэлтэй автомашин гарч ирсэн. Уг автомашиныг ийм их доголдолтой, өө сэвтэй гэдгийг манай байгууллага анхнаасаа огт мэдээгүй, ийм доголдолтой гэдгийг бидэнд огт мэдэгдээгүй, ямар ч асуудалгүй машин зэргээр зургийг нь харуулж танилцуулсан, доголдолгүй, ямар нэгэн асуудалгүй машин зэргээр хуурч мэхлэн гэрээ байгуулсан байна. Хэрвээ ийм доголдолтой, асуудалтай машин гэдгийг анхнаасаа мэдэгдсэн бол манай байгууллага хэзээ ч ийм машин захиалахгүй байсан. Энэ талаар хариуцагч байгууллагад тэр даруй мэдэгдэхэд бид таньд хэлсэн, үзүүлсэн зэргээр худлаа хэлж байсан ба анхнаасаа манай байгууллагыг хуурсан.

Тэгээд Ю ХХК-нд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23/40 дугаартай албан бичгээр манай байгууллагад учирсан хохирлыг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор нөхөн төлөх талаар мэдэгдсэн ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна.

Манай байгууллага нь Америк стандартын, чанартай, үнэлгээ сайтай, эвдрэл гэмтэлгүй, сэв зураасгүй автомашин захиалан авахын тулд хүсэл зорилгоо хангалттай илэрхийлэн тухайн байгууллагыг сонгон гэрээ байгуулан, төлбөрөө бүрэн төлж үйлчлүүлсэн байхад биднийг хууран мэхэлж, захиалга хийсэн автомашины сэв, зураас, гэмтэлийг нуун дарагдуулж, төлөх зардлын төлбөрийг буруу бодож, тооцоолон бидэнтэй гэрээ байгуулсны улмаас манай байгууллагад хохирол учруулаад байна. Иймд:

1.Ю ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас манай байгууллагад учирсан бодит хохирол болох: Гаалийн байгууллагад нэмж төлсөн 6.000.000 төгрөг,

2.Автомашины баруун талын үргэлжилсэн сэв, зураас, цонхны засах засварын төлбөр 3.900.000 төгрөг,

3.Тээврийн зардалд нэмэлтээр төлсөн 350.900 төгрөг, Нийт 10.250.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч болон Ю ХХК бидний хооронд байгуулсан 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №1668 дугаартай Зуучлагчаар дамжуулан автомашин захиалах, нийлүүлэх гэрээ байгуулсан.

Х ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал болох Г.Б 2023 оны 8 сард манай компанитай холбогдож Америк улсаас автомашин захиалан авчруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж нилээдгүй хэдэн автомашин сонирхсон бөгөөд улмаар 2018 онд үйлдвэрлэсэн хар өнгийн Лексус 570 загварын автомашиныг сонгон худалдан авахаар болсон.

Зуучлуулагч Х ББСБ ХХК-ийн сонгосон автомашин нь үйлчлүүлэгчийг сонгох үед буюу дуудлага худалдаанд орох үедээ бага хэмжээний сэв зураастай байгаа талаар үйлчлүүлэгч Г.Б д манай Ю ХХК- ийн худалдааны зөвлөх Э.Мэргэн нь дуудлага худалдаа явуулдаг цахим сайт болох www.manheim.com нэвтрэн орж автомашины нийт 30 зурагтай нэг бүрчлэн танилцуулсан бөгөөд үйлчлүүлэгч Г.Б нь дээрх сэв, зураас, гэмтэлтэй танилцаж Монгол улсад автомашин ирсэн хойно засварлаж болохоор байна гэж үзэж тухайн автомашиныг сонгосон. Ингээд үйлчлүүлэгч Г.Б нь дээрх автомашиныг худалдан авахаар болж бидний зүгээс үнийн талаарх мэдээллийг танилцуулсан. Бидний танилцуулсан автомашин худалдан авахтай холбоотой үнийн талаарх мэдээлэлд автомашиныг дуудлага худалдаанаас худалдан авах үнэ 54.200 ам доллар, дуудлага худалдааны хураамж 1015 ам доллар, орон нутгийн буюу Америк улсад автомашиныг тээвэрлэх зардал 828 ам доллар, зуучлалын үйлчилгээний хураамж 1.000 ам доллар болж нийт зардал 57.043 ам доллар. Үүн дээр автомашиныг Монгол Улс руу газраар тээвэрлэх зардал 4.500 ам доллар, автомашин Монгол улсад ирсний дараах гааль болон тээвэрлэлтийн хураамж нэмэгдэж тооцогдох болно гэж мэдээлэл өгч улмаар үүнийг Г.Б хүлээн зөвшөөрч бидний хооронд 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Зуучлагчаар дамжуулан автомашин захиалах, нийлүүлэх №1668 тоот гэрээ байгуулагдсан.

Дээрх гэрээний 1.2 дахь заалтад Худалдан авагч захиалсан автомашины үнэ болон АНУ-д гарах зардлууд /муж хоорондын тээвэрлэлт, ачилт бэхлэлт, бичиг баримтын бүрдүүлэлт г.м/-ийг гэрээ хүчин төгөлдөр болоход төлөх ба Монгол Улсад автомашин тээвэрлэгдэн ирсний дараа гарах тээвэрлэлт, гааль болон бусад холбогдох зардлуудыг худалдан авагч өөрөө хариуцаж төлнө, мөн 2.6-д худалдан авагч талын захиалсан машин Монгол Улсад ирэхэд холбогдох бүх зардлыг худалдан авагч хариуцаж төлнө гэж тус тус тусгасан.

Гэвч нэхэмжлэгч болох Х ББСБ ХХК өөрсдийн захиалсан автомашин Монгол Улсад ирсэн хойно гарсан буюу гэрээний 1.2, 2.6 заасан зардлыг манай Ю ХХК-аас нэхэмжилж байгаа нь бидний хооронд байгуулсан гэрээнд тусгагдаагүй зардал нэхэмжилж байгаа гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Төрийн банкны орлогын мэдүүлэг, Голомт банкны гадаад төлбөрийн даалгавар, Голомт банкны орлогын мэдүүлэг, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай хуулбараар, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23/40 тоот албан бичиг, төлбөр тооцсон эксел файлын зураг, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэх, зуучлагчаар дамжуулан автомашин захиалан нийлүүлэх гэрээ, автомашины гэрэл зураг, мессенжерээр харилцсан чатууд, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, голомт банкны орлогын мэдүүлэг, invoice, татвар төлсөн баримт, гэрэл зургууд, флаш диск дэх бичлэг зэргийг ирүүлжээ. /хх 6-26, 83-104, 144-155/

Хариуцагчаас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн зуучлагчаар дамжуулан автомашин захиалан нийлүүлэх гэрээ, машины үзүүлэлт англи хэлээр, invoice, автомашины гэрэл зураг, техникийн үзүүлэлтийн орчуулга, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн СББ транс ХХК-ийн албан бичиг, англи хэлнээс орчуулсан орчуулга, Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг ирүүлжээ. /хх 35, 38-42, 45-76, 105, 110-111, 137-144, 156-166/

Шүүхийн журмаар: Нэхэмжлэгчийн хүсэлтээр 181/ШЗ2024/12015 дугаар захирамжийн дагуу 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл бүрдүүлжээ. /хх 116-136/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь ЮЭК ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 10.250.900 төгрөг гаргуулахаар шаардсан.

Тэрээр шаардах эрхийн үндэслэлээ: Зуучлагч мэдээллийг бүрэн дүүрэн, зохих ёсоор зөв өгөх үүргээ биелүүлээгүй тул тээврийн зардал, гаальд нэмэлтээр төлсөн нэмэлт зардал болоод машины сэв зураасыг арилгахад гарах зардлыг хохирлоор гаргуулна гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Гэрээний дагуу тээврийн хэрэгсэл худалдан авахад зуучилсан, тээврийн хэрэгслийг сонгож авахдаа бүх гэрэл зураг, мэдээллийг нэхэмжлэгчид бүрэн өгсөн, өөрөө сайн үзсэн, мөн тээврийн зардлыг нэхэмжлэгч өөрөө хурдан авахын тулд манайд бус тээвэрлэгч компанид нэмж төлсөн, гаалийн мэдүүлгийн бүрдүүлбэрийг нэхэмжлэгч өөрөө хийхдээ буруу мэдүүлснээс тооцоолсноос их гарсан гэж тайлбарлав.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

3.1.Нэг талаас Х ББСБ ХХК, нөгөө талаас Ю ХХК нар 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохирч, Зуучлагч Lexus LX 570 маркийн 2018 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн тээврийн хэрэгслийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийлүүлэхээр, Зуучлуулагч хөлс 1000 ам доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг төлөхөөр тохирч 1668 тоот Зуучлагчаар дамжуулан автомашин захиалах, нийлүүлэх гэрээ-г байгуулжээ. /хх 16, 44-45/

3.2.Гэрээний 1.2-т заасны дагуу Онлайн дуудлага худалдаанаас /аукцион, www.manheim.com / тээврийн хэрэгслийг АНУ-д худалдан авсан үнэ 54.200 ам доллар, АНУ-д гарах муж хоорондын тээврийн зардал 828 ам доллар, баримт бичгийн зардал /аукционы/ 1.015 ам доллар, зуучлагчийн үйлчилгээний хөлс 1.000 ам доллар, нийт 57.043 ам доллараас нэхэмжлэгч 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 57.100 ам долларыг хариуцагч байгууллагад төлбөрийн нэхэмжлэхийн дагуу урьдчилж шилжүүлсэн, үүнээс хариуцагч цааш 57.043 ам долларыг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан Голомт банкны гадаад төлбөрийн даалгавар, Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдсон, үүнд маргаагүй. /хх 9-10, 15, 43/

3.3.Маргаанд хамаарах тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирсэн, нэхэмжлэгч тээврийн зардалд тээвэрлэгч СББ транс ХХК-д 15.988.400 төгрөг, гаалийн байгууллагад татварт нийт 62.325.556 төгрөг төлсөн болох нь Голомт, Төрийн банкны дансны хуулга, татвар төлсөн баримтаар тогтоогдсон, үүнд маргаагүй. /хх 8, 144, 145, 148/

4.Хэргийн баримтаар хариуцагч Ю ХХК нь гадаад худалдаа, автомашины худалдаа, засвар үйлчилгээ, сэлбэгийн үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан, энэ чиглэлээр үйл ажиллагаа тогтмол явуулдаг хуулийн этгээд болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д зааснаар худалдааны зуучлалын харилцаа үүссэн, дээрх гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, мөн Худалдааны зуучлагч өөрийн буруугаас үүссэн хохирлыг талуудын өмнө хариуцна гэж 413.11-д заажээ.

Энэ төрлийн гэрээгээр: Зуучлагч гэрээ байгуулах ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд идэвх, санаачилгатайгаар ажиллаж даалгавар өгөгч болон гуравдагч этгээдийн хооронд зуучилсан хэлцэл байгуулагдсан байх, үр дүн гарсан байхыг шаардана.

Хэргийн баримтаар гэрээний дагуу зуучлалын үр дүн гарч гэрээний зүйл болсон тээврийн хэрэгсэл Зуучлуулагчийн өмчлөлд шилжсэнд талууд маргаагүй тул талуудын хоорондох гэрээний үүргээ Зуучлагч бүрэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

5.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгчээс үндэслэлээ: үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэл өгөх үүргээ зөрчсний улмаас хохирол учирсан гэж тайлбарласан.

5.1.Гаалийн мэдүүлэгт гаалийн нэгж үнийг 60.843 ам доллараас тооцож 15,5 хувиар татвар бодож 35.125.556 төгрөг, онцгой албан татвар 27.200.000 төгрөг, хураамж 7.000 төгрөг, нийт 62.325.556 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн. Анх бидэнд тооцоолж танилцуулахдаа 7.827+8.401=16.228 ам доллар буюу 56.393.475 төгрөг төлнө гэж тооцоолж өгсөн тул зөрүү 5.932.081 төгрөг илүү төлсөн гэж тайлбарлаж 6.000.000 төгрөгийг шаардсан.

Талуудын хоорондох гэрээний 1.2-т автомашин Монгол Улсад тээвэрлэгдэн ирсний дараа гарах тээвэрлэлт, гааль болон бусад холбогдох зардлуудыг худалдан авагч өөрөө хариуцаж төлнө гэж заасан байна.

Түүнчлэн гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлтийг нэхэмжлэгч өөрөө хийсэн гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Иймд автомашины нэгж үнийг худалдан авсан 54.200 ам доллараас бус харин тээврийн зардлаа нэмж суурь үнийг 60.843 ам доллараас тооцож, Гаалийн байгууллагаас холбогдох татварыг тооцож /НӨАТ 15,5 хувь, онцгой албан татвар/ 62.325.556 төгрөгийг төлүүлсэн явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Үүнд хариуцагчийг гарах татварын дүнг буруу тооцоолж, үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй. Түүнчлэн гэрээний үүргийг зуучлагч зөрчсөн гэж үзэхгүй.

5.2.Нэхэмжлэгчээс анх тооцоолж өгөхдөө тээврийн зардалд 4.500 ам доллар, ам долларыг 3.475 төгрөгөөр тооцвол 15.637.500 төгрөг төлөхөөр тооцож өгсөн, гэтэл бодитоор тээврийн зардалд 15.988.400 төгрөг төлсөн тул илүү төлсөн 350.900 /15.988.400-15.637.500/ төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Харин хариуцагчаас тээврийн зардлыг манайд төлөөгүй, энэ зардлыг ойролцоогоор гарах үнэ гэдгээр танилцуулсан, харин ч үндсэн тээврийн зардлыг 4.500 ам доллар байхаас 3.800 ам доллараар тээвэрлүүлсэн, нэхэмжлэгч өөрөө тээвэрлэгч компанид хугацааг наашлуулахын тулд нэмэлтээр 750 ам доллар төлсөн, манайд хамааралгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан гэрээний 1.5-д АНУ-аас Улаанбаатар хот хүртэлх тээрийн зардалд 2 машин нэг контейнерт ачигдах нөхцлөөр 4.500 ам доллар төлөхөөр тусгажээ. Харин гэрээнд тээврийн зардлыг хэнд төлөх /зуучлагч болох хариуцагчид эсхүл тээвэрлэгчид/ талаар тухайлан заагаагүй байна.

Хэргийн баримтаар энэ зардлыг хариуцагчид бус тээврийг гүйцэтгэсэн СББ транс ХХК-д 15.988.400 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон, түүнчлэн нэхэмжлэгч өөрөө харилцан тохирч тээвэрлэгч компанид нэмэлт төлбөр төлсөн, гэрээний 1.2, 2.6-т зааснаар энэ зардлыг хариуцагч өөрөө хариуцахаар тусгагдсан тул тээврийн зардлын зөрүүг гэрээнээс учирсан хохиролд тооцож хариуцагчаас шаардах эрхгүй. Мөн гарах тээврийн зардлын талаарх мэдээллийг үнэн зөв, бүрэн дүүрэн өгөөгүй, зуучлагч гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. /хх 137, 145/

5.3.Худалдан авсан тээврийн хэрэгсэл сэв зураас ихтэй байсан, энэ талаарх аукционы мэдээллийг бүрэн дүүрэн өгөөгүй, түүний улмаас тээврийн хэрэгсэл баруун талдаа их сэвтэй ирсэн тул засварын зардал 3.900.000 төгрөг гаргуулна, бүрэн дүүрэн мэдээллийг өгөөгүй, линк явуулаагүй зөвхөн хэдэн гэрэл зураг явуулсан, цахим сайт дах олон гэрэл зургийг бүгдийг линкний хамт өгсөн бол худалдан авахгүй байсан гэж нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарласан.

Талуудын хоорондох гэрээний 2.1-д худалдан авагч тал худалдан авах машиныг өөрөө сонгоно гэж, 2.2.-т Худалдан авагчийн сонгосон автомашины талаарх бүх мэдээллийг Зуучлагч тал гаргаж өгөх үүрэг хүлээнэ гэж заасан.

Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр гэрээг бичгээр байгуулахаас өмнө хариуцагч нэхэмжлэгч талд интернэт дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах хэд хэдэн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг өгсөн, үүнээс маргаанд хамаарах тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэлд гэрэл зураг болоод линкийг өгсөн болох нь тогтоогдож байна. Тухайлбал 2023 оны 8 дугаар сарын 25-нд хоорондоо харилцсан чатад lexus LX 570 маркийн хар өнгөтэй машин, баруу урд хажуу талаас харуулсан, сайтад байршуулсан мэдээллийн хамт англи хэл дээрх линкийг хүргүүлсэн, гэрэл зургуудийг явуулсан, түүний дараа нэхэмжлэгчээс жижиг сэвтэй болохоос өөр гэмтэл бол байхгүй гэж ойлголоо зөв үү гэж бичсэн, хариуцагчаас эргээд зураасууд байгаан байна гэж бичсэн, нэхэмжлэгч ок гэсэн хариу өгсөн болох нь тогтоогдсон.

Иймд цахим линкийг өгөөгүй, зөвхөн гэрэл зургийг явуулснаас баруун талдаа сэв ихтэйг мэдээгүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнээс гадна цахим сайтад тавигдсан маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтүүд, гэрэл зургийг ирүүлснээс үзвэл гадна талд төлөв, гэмтлийн зэрэг гэсэн эгнээнд урд салхины шил жижиг цууралттай -1 инч, ард бампер гүн зураас 1/8-1/2 инч, баруун ард хаалга олон хонхорхойтой, будаг болон кузовт засвар хийх шаардлагатай гэж тэмдэглэгдсэн байжээ.

Нэхэмжлэгч анхнаасаа зуучлагчаар дамжуулан шинэ тээврийн хэрэгсэл бус хуучин тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар худалдан авсан тул түүнээс гарах үр дагавар, худалдах худалдан авах гэрээний эрсдэлийг өөрөө хариуцна.

Түүнчлэн хэргийн баримтаар зуучлагчийг мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх нэмэлт үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрхийг нэгтгээд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Ю ХХК-иас 10.250.900 төгрөг гаргуулах тухай Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ