Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/02684

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 05

181/ШШ2024/02684

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ......... тоотод оршин суух, А.Э  /регистрийн дугаар:../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...байрлах, МК ХХК /регистрийн дугаар:......../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 88.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Эн: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э:т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М:, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэ.н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь МК ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 88.400.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч А.Э миний бие МК ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр П2-Е-01/02-224 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээний сүүлийн хугацаа 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болж хариуцагч орон сууцыг бүрэн барьж хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.

Энэ 16 сарын хугацаанд хариуцагч нь барилга угсралтын болон дэд бүтцийн ажпыг 100 хувь гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний хугацаанд графикийн дагуу барилгын гүйцэтгэлийг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл барилгын суурийг ч цутгаагүй буюу 0 хувийн гүйцэтгэлтэй байна. Бидний зүгээс барилгын ажил яагаад эхлэхгүй байгаа талаар шаардахад удахгүй эхлэнэ гэсэн хариуг өгсөөр 2024 оны 02 дугаар сарын 14-нд тус компаниас холбогдож ирж уулзах санал тавьсан. Очиж уулзаад барилга яагаад баригдахгүй байгааг тодруулахад бид энэ жил барилга барих боломжгүй болсон тул ашиглалтанд орох хугацаа 1 жилээр хойшилно тиймээс та хүлээх, эсвэл мөнгөө буцааж авах гэсэн сонголттой байна гэсэн.

Миний хувьд удаан хугацаанд хүлээх боломжгүй яаралтай байрандаа орох хэрэгтэй байна гэхэд хариуцагчаас манай зүгээс хугацаа хоцроож байгаа учраас бид таны мөнгийг 20 хувь суутгахгүйгээр 180 хоногийн дараа бүрэн төлье, та өргөдөл бич гэхээр нь гэрээг дуусгавар болгож байгаа шалтгаан нь хариуцагчаас хамааралтай болохыг дурьдаж 2024 оны 02 дугаар сарын 14-нд өргөдөл гаргасан.

Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч талаас Гэрээг цуцалсан акт гаргахдаа гэрээний 6.2.4-т заасан гэрээг захиалагчийн санаачлагаар цуцалсан гэх агуулгаар актыг үйлдсэн нь илтэд үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ 7 сарын турш огт биелүүлээгүй бөгөөд цаашид гэрээнд заагдсан орон сууцыг барих санхүүгийн болон бусад чадамжтай эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд Иргэний хуулийн 208.6-т Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй заасан эрхийн дагуу гэрээний хугацаа дуусахаас өмнө орон сууц захиалгын гэрээний үүргийн дагуу бүрэн төлсөн 80.000.000 төгрөг, 7 сарын турш үүргээ огт биелүүлээгүйгээс үүссэн алданги нэг өдрийн 40.000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 210 хоногоор 8.400.000 төгрөг, нийт 88.400.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Гэрээнд талууд үүргийг гүйцэтгээгүй хоног тутамд 0.05 хувийн алданги тооцохоор үүрэг хүлээсэн бөгөөд хариуцагч нь гэрээг байгуулсан өдрөөс эхлэн үүргээ бодитоор биелүүлээгүйгээс миний мөнгөний үнэ цэнэ муудсан. Иргэний хуулийн 205.5-т Үүрэг гүйцэтгэгч үүргийн зүйлийг ашиглах журам зөрчсөнөөс олох ёстой байсан ашгийг олж чадаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгчид учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэсний адгуу хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй гэв.

Энэ барилга нэгэнт баригдахгүй, үүрэг биелэгдэхгүй болох нь тодорхой болсон. Энэ хугацаанд банкнаас зээл авч хүү төлж яваа. Мөн газраа хүртэл зарсан зэргээр энэ гэрээгээс үүдэлтэй хохирч байна. Энэ мөнгийг эргэлтэд оруулж хариуцагч ашиг олсон. Алданги гэхээс хохирол шаардаж байгаа гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Иргэн А.Э нь МК ХХК-тай харилцан тохиролцож 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн П2-Е-01/02-224 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээг захиалагчийн өргөдөл гаргасан хүсэлтээр буюу Иргэний хуулийн 204.1 дэх хэсэгт заасан журмын дагуу захиалагч буюу нэхэмжлэгчийн гэрээ цуцлах хүсэлтийг хүлээн авч, орон сууцны үнэнд шилжүүлсэн мөнгийг тус гэрээний 6.2-д зааснаар 180 хоногт буцаан олгохоор гэрээ цуцлах протоколыг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн байсан бөгөөд гэрээ энэ өдөр цуцлагдаж хүчингүй болсон гэж үзнэ.

2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээг талууд харилцан тохиролцон хүчин төгөлдөр бус болсон байна. Иймд нэхэмжлэгч 8.400.000 төгрөгийн алданги шаардах эрхгүй бөгөөд талууд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Гэрээ цуцалсан акт-н дээр ямар нэгэн алдангийн талаар дурдаагүй тул алданги шаардах эрхгүй байна.

Манай хувьд үндсэн төлбөр 80.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин алданги шаардсан хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээгээр барилгыг хүлээлгэн өгөх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэж тохирсон. Харин нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцалсан тул гэрээ цуцалснаас хойш алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 8.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэнэт шүүх хуралдаанд алдангиа хохирол гэж тайлбарлах нь үндэслэлгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ цуцалсан протокол, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гараар бичсэн өргөдөл, Голомт, Хаан банкны төлбөр, шилжүүлгийн баримтууд, план зураг, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрйн зээлийн гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар хувь зэргийг ирүүлжээ. /хх 4-12, 42-48/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 20-22, 60-61/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр 181/ШЗ2024/11178 дугаар захирамжийн дагуу МК ХХК-аас баримтаар гаргуулсан 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг бүрдүүлжээ. /хх 56-59/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч А.Э нь МК ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 88.400.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ: Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: гэрээ байгуулагдсан, хугацаандаа орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөөгүй, өгөх эсэх тодорхойгүй тул гэрээг цуцалж, төлсөн мөнгийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч татгалзлаа: талууд харилцан тохирч гэрээг цуцалсан, гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа дуусаагүй байсан тул гэрээ цуцалснаас хойш алданги шаардах эрхгүй гэв.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас А.Э , нөгөө талаас МК ХХК нар 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент-2 нэртэй орон сууцны хотхоны Е блок, 1 дүгээр орц, 8 дугаар давхар 801 тоот 52,07 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор барьж дуусган худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нэг мкв-д 1.536.394 төгрөгөөр тооцон нийт үнэд 80.000.000 төгрөгөөс гэрээ байгуулсан өдрөө 15.000.000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үлдэх 65.000.000 төгрөгийг төлөхөөр тохирч, П2-Е-01/02-224 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулжээ. /хх 56-59/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна.

4.2.Гэрээний дагуу нэхэмжлэгч 80.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон, үүнд талууд маргаагүй. /хх 7-11/

5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хоорондох гэрээний 3.2-т орон сууцны барилгыг 2024 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, өнөөдрийн байдлаар барилгын ажил огт эхлээгүй, суурийн цутгалт хийгдээгүйгээс хэзээ ашиглалтад орох тодорхойгүй хэмээн нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй, Е блок баригдаж эхлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Ийнхүү орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон, улмаар мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэлээр үүргийн зөрчлийн улмаас гэрээ цуцалж, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр талууд акт үйлдсэн байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч буцаан төлөх үүргийг хүлээх тул орон сууцны төлбөрт шилжүүлэн авсан 80.000.000 төгрөгийг гаргуулна.

6.Нэхэмжлэгч алданги 8.400.000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Талууд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, түүнчлэн орон сууц хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацаа дуусаагүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй.

Харин хуралдааны явцад нэхэмжлэгчээс хохирол шаардсан, хохирлоо алдангиар тооцсон, хэрэв тухайн мөнгийг хадгалсан бол хүү өсөх байсан, мөнгөний үнэ цэнэ унасан, хариуцагч байгууллага мөнгийг үнэгүй 7 сарын турш ашиглаж орлого олсон гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Шүүх үндсэн төлбөрийг 7 сарын хугацаагаар хадгалуулсан бол олох ёстой байсан орлогыг банкны дундаж хадгаламжийн хүү болох жилийн 12 хувийн хүүгээр тооцож 5.642.000 төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд тооцож гаргуулах нь зүйд нийцнэ гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд үндсэн төлбөр 80.000.000 төгрөг, хохиролд 5.642.000 төгрөг, нийт 85.642.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан МК ХХК-иас 85.642.000 /наян таван сая зургаан зуун дөчин хоёр мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Э д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.758.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 599.950 төгрөг улсын орлогод хэвээр, хариуцагчаас 586.160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ