Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Р.Батнасан,  

Шүүгдэгч Н.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавь овогт Насанбуянгийн Хишигсүрэнд холбогдох эрүүгийн 1709001860068 дугаартай хялбаршуулсан хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  “ Хишиг хангай” ХХК-д харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50 дугаар гудамжны 298 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шавь овогт Насанбуянгийн Хишигсүрэн , /РД: ЦД85041470/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Хишигсүрэн нь согтуугаар 2017 оны 6 дугаар сарын 23-наас 6  дугаар сарын 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 41–р байрны 632 тоотод өөрийн эхнэр Ш.Энхсувдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Хишигсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Эрүүгийн 1709001860068 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Н.Хишигсүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Энхсувд бид хоёр манай найзуудтайгаа архи ууж байгаад нэлээн согтуу гэртээ орсон. Энхсувд бид хоёр хэрүүл маргаан хийгээд би зодсон. Энхсувдыг гадуур архи дарс ууж нэг, хоёр хоног явсан гэж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

            Хохирогч Ш.Энхсувд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Миний нөхөр Хишигсүрэн намайг зодсоноос болж дээрх гэмтлүүд үүссэн, миний нүүр рүү гараа зангидаж байгаад нилээн олон удаа цохисон, бас намайг унагааж байгаад хавирга руу хөлөөрөө 2, 3 удаа өшиглөсөн. Ер нь л унагаж байгаад зодож цохиод байсан. Миний нөхөр Хишигсүрэн ч бас нилээн согтуу байсан. Хишигсүрэн урьд нь намайг зодож байгаагүй, өмнө нь цагдаад хандаж байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Баасансүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…шөнө гэртээ унтаж байхад шөнийн 02 цагийн үед дүү Энхсувд гэрт орж ирэн Бааска ахаа намайг Н.Хишигсүрэн ийм болгочихлоо гээд зүүн талын нүд нь хавдсан орж ирээд намайг зодоод байна, газар унгаагаад өшиглөсөн гэхээр нь би гэрээсээ гартал хүргэн Хишигсүрэн агсам тавиад орилж чарлаад байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8324 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Ш.Энхсувдын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн 6 дугаар хавирганы хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Учирсан гэмтлүүд нь шинэ байна…” гэжээ. /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

Н.Хишигсүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Хишигсүрэн нь согтуугаар 2017 оны 6 дугаар сарын 23-наас 6  дугаар сарын 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 41–р байрны 632 тоот гэртээ өөрийн  эхнэр Ш.Энхсувдтай гэр бүлийн хоорондын зүй бус харилцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Ш.Энхсувдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Хишигсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Энхсувдын мэдүүлэг, гэрч С.Баасансүрэнгийн мэпүүлэг,  шинжээчийн  №8324 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Хишигсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Н.Хишигсүрэнг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирогч Ш.Энхсувд шүүгдэгч Н.Хишигсүрэн нарыг гэр бүл болохыг нотлосон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаатай байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт хохирогч Ш.Энхсувд хамаарах болохыг тэмдэглэв.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Н.Хишигсүрэн нь согтуурч сэтгэл хөөрлийн үедээ өөрийн хүч, эрхшээлдээ оруулах, гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Ш.Энхсувдын халдашгүй байх эрхийг зөрчиж бие махбодид нь хүч хэрэглэн зодож хөнгөн хохирол учруулжээ. 

 

    Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Н.Хишигсүрэнд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг тус тус харгалзан шүүхээс торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч Ш.Энхсувдаас гаргасан гаргасан хүсэлтэд “..нөхөр Н.Хишигсүрэнд зодуулсандаа гомдол саналгүй байна. Н.Хишигсүрэнтэй урьдын адил сайхан харилцаатай байгаа. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Хишигсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Шавь овогт Насанбуянгийн Хишигсүрэнг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хишигсүрэнг 500 /таван зуун/ нэгжээр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хишигсүрэнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Хишигсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хишигсүрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Хишигсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Хишигсүрэнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН