Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0636

 

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0636

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** овогтой ***, РД: ***,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.З***,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч С.Б***, Ш.Э***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О*** нарыг оролцуулан, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З***, хариуцагч С.Б***, Ш.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч Я.***т 87.381.458.78 төгрөгийн нөхөн татвар, 26.214.437.63 төгрөгийн торгууль, 14.476.291.76 төгрөгийн алданги, нийт 131.072.188.17 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосноос нэхэмжлэгчээс актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

2.Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж, уг тогтоолыг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлж, тус шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2023/6270 дугаар шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2023/6695 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

3.Нэхэмжлэгч Я.***ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд:

Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн *** тоот Нөхөн ногдуулалтын акт нь хууль, тогтоомжийн заалтуудыг болон татвар төлөгчийн эрх ашгийг дараах байдлаар зөрчсөн байна. *** дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1-д тогтоосон 1,011,196,046.55 төгрөгийн зөрчил нь хуулийн үндэслэлгүй, тооцооллын алдаатай байна.

1. Тэмдэглэх хэсгийн 1-д 2019 онд 1,011,196,046.55 төгрөгийн орон сууц барьж борлуулсан борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ (1,011,196,046.55 төгрөгийн борлуулалтын орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2. Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна; гэсэн заалтын дагуу 50,000,000.00 төгрөгийн борлуулалтын орлогыг хасч, зөрүү 961,196,046.55 төгрөгийн борлуулалтын орлого, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдсон дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч 873,814,587.77 төгрөгийн цэвэр борлуулалтын орлогод) гэж заасан зөрчлийн талаар: а/ 2016 онд миний 100 хувь эзэмшдэг Ж***д ХХК, *** ТӨААТҮГ-тай Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан 2016-2021 оны хугацаанд 40 айлын орон сууц барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг гэрээгээр *** ТӨААТҮГ барилга барих газар, миний бие шаардлагатай санхүүжилт, Ж***д ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр заасан. Санхүүжилт хийсэн хөрөнгөндөө тус барилгаас ашиглалтад орсон 10 байр /444.54 м.кв/- ыг авахаар тохирсон бөгөөд эдгээр байрны борлуулалтын орлогыг ХХОАТ-ын тайлангаар 2018 онд 147,000,000.00 төгрөг, 2019 онд 34,762,000.0 төгрөг, 2020 онд 297,110,574.67 төгрөгийн, нийт 478,872,574.67 төгрөгийн орлого тайлагнасан. 2022 онд Баянгол дүүргийн Татварын хэлтсээс шалгалт хийж намайг 1,011,196,046.55 төгрөгийн байрыг борлуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Ж***д ХХК-ны менежер Ц.М***, орон сууц захиалагч иргэдтэй хийсэн Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнд үндэслэн тодорхойлсон нь бодитой биш байна.

Ц.М***д намайг төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй ба надад зөвхөн 10 байр /444.54 м.кв/-ыг /1м.кв-ын үнэ 1,080,000 төгрөг/ борлуулахтай холбоотой асуудал хамааралтай юм. Энэ нь миний харилцах дансны гүйлгээ, гэрээ, бусад баримтуудаар нотлогдоно. 2019 онд 34,762,000.00 төгрөгийн орлоготой байтал ямар нэгэн үндэслэл, баримтгүйгээр 1,011,196,046.55 төгрөгийн борлуулалтын орлого гаргаж ирсэн ба үүнийгээ яаж тооцож, тогтоосон нь нөхөн ногдуулалтын актад тусгагдаагүй, тодорхой бус байна.

Барилгын тухай хуульд заасан барилгын өмчлөгч, эзэмшигч, гүйцэтгэгч нь Ж***д ХХК бөгөөд 40 айлын орон сууцыг борлуулсан орлого нь тус компанийн орлого байтал нийтэд нь надад хариуцуулж татвар ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх;, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;", 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4. "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно", Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 5.1.3.шударга байх гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул *** тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1-д тогтоосон 1,011,196,046.55 төгрөгийн зөрчилд оногдох 131,072,188.17 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Татварын хэлтсээс иргэн Я.***т Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэсэн үндэслэлээр татварын актаар татварын торгууль, алданги ногдуулсан байна. Яагаад ногдуулсан акт нь үндэслэлгүй талаар тайлбар хэлье. Я.*** нь Ж***д ХХК-ийн захирлаар ажилладаг. 2021 он хүртэл 40 айлын орон сууц барьсан. Энэ барилгын ажлын санхүүжилтийн гэрээний дагуу 40 айлын орон сууц баригдсан. Энэ 40 айлын орон сууцыг барьсан Ж***д ХХК барилга барьсан ашгаасаа өөрийгөө санхүүжүүлээд ашиг олох зорилготой. Гэтэл Ж***д ХХК-ийн орлогыг Я.***т хамаатуулан татвар ногдуулсан. Я.*** Ж***д ХХК-тай тохиролцоо гэрээ хийгээд барьсан 40 айлаас 10 айлынх байрыг нь борлуулаад түүнээсээ олсон ашгаараа ашиг олох мөн ашгаараа гарсан зардлаа нөхөх зорилготой гэрээ байгуулж ажилласан байдаг. Гэтэл байцаагч Ж***д ХХК-ийн 40 айлын орон сууцнаас тус компанийн менежер Ц.М***гийн тайлагнасан орлогыг хасаад үлдсэнийг нь Я.***ийн орлого гэж үзээд татвар ногдуулсан байдаг. Гэтэл Я.*** зөвхөн 10 айлын буюу 444,5м.кв байрыг борлуулах түүнээсээ олсон ашгаараа өөрийнхөө гаргасан зардлыг нөхөх санхүүжилт хариуцсаны дагуу зээлийн хүү зардлуудыг хариуцаж байсан. 40 айлын орон сууцын борлуулалтын бүх орлогыг Я.***ийн орлого мэтээр үзэж татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа.

Байцаагч нарын татвараа ногдуулсан арга нь тодорхой бус татварын тодорхой бус орлогыг ногдуулах бол жишиг үнийн аргыг ашиглах ёстой. Гэтэл энэ Сангийн сайдын татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журамд заагдсан үйл ажиллагааг хийгээгүй. Зохих хууль журмын дагуу баталгаажуулсан ямар нэгэн баримт бичиг байхгүйгээр татварыг ногдуулан тооцоолж ногдуулсан байдаг. Эдгээр үндэслэлүүдээр татварын улсын байцаагчийн тогтоосон акт нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. гэв.

5.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын ногдуулалтын актын зөрчилд тооцсон үндэслэл тайлбар: Я.***ийн 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /хувь хүн, хуулийн этгээдээс амаар болон бичгээр ирүүлсэн мэдээлэл, хүсэлт, өргөдөл, гомдлоор-иж бүрэн/-д татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, *** тоот томилолтоор шалгалтыг 2022 оны 9 сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд хийж 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр *** тоот нөхөн татварын актаар 87,381,458.78 төгрөгийн нөхөн татвар, 26,214,437.63 төгрөгийн торгууль, 17,476,291.76 төгрөгийн алданги, нийт 131,072,188.17 төгрөгийн төлбөр ногдуулсан. Ж***д ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс татварын хяналт шалгалт хийж, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр *** тоот шийдвэр гарсан. Тус татварын хяналт шалгалтын явцад Ж***д ХХК-иас 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/09/01 тоот албан бичгээр захирал, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Я.*** нь иргэнээрээ ХУД 12 дугаар хороо (***)-нд баригдсан 40 айлын орон сууцны захиалгын гэрээ хийж, борлуулалтыг иргэнээрээ тайлагнасан талаар албан бичиг ирүүлсэн, мөн ярилцлагын тэмдэглэлд Ж***д ХХК тус онуудад үйл ажиллагаа явагдаагүй, орон сууц бариагүй, борлуулалт хийгдээгүй, зөвхөн компанийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг захирал Я.***ийн барьж, борлуулсан 40 айлын орон сууцны барилгыг Улсын комисст хүлээлгэж өгөхөд ашигласан талаар тэмдэглэгдсэн нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** тоот албан бичиг, хавсралт, Ж***д ХХК-н 2018-2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар нотлогдоно.

Орон сууц захиалгаар барих гэрээг захиалагчтай иргэн Я.***ийг төлөөлж ерөнхий менежер Ц.М*** гэрээ байгуулсан. Гэрээний 3.6. Орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь иргэн Я.*** байна. гэж заасан. Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 12 хороонд баригдсан 40 айлын орон сууцны борлуулалтын орлогыг Ж***д ХХК-ийн захирал Я.*** болон харилцан хамаарал бүхий этгээд (эхнэр) Ц.М*** нар хувь хүний орлогын албан татварын тайландаа хувааж тайлагнасан талаар татвар төлөгч ярилцлага хийсэн. Орлогыг тооцохдоо нийт 6 давхар 40 айлын орон сууцыг айл тус бүрийн гэрээний үнийн дүнгээр нарийвчлан тооцож (792,062.00- 1,080,000.00 төгрөгийн хооронд байсан /нийт 2,177,220,328.17 төгрөгийн орлогоос эхнэр Ц.М***гийн 2018-2020 онд хувь хүний орлогын албан татварын тайлангаар тайлагнасан 1,166,024,281.62 төгрөгийг, Я.*** иргэний хувь хүний орлогын албан татварын тайлангаар 2018-2020 онуудад тайлагнасан 478,872,694.67 төгрөгийн орлогыг тус тус хасаж, үлдэгдэл 440,396,438.56 төгрөгийн тайлагнаагүй зөрчилд хариуцлага тооцсон. Тухайн орлоготой холбоотой баримтаар нотлогдох зээлийн хүүгийн 465,296,555.00 төгрөгийг хасаж, зөрүү 24,900,116.44 төгрөгийн алдагдлыг баталгаажуулсан. 40 айлын орон сууц барьж борлуулсан орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд хариуцлага ногдуулахдаа 1,011,196,046.55 төгрөгийн зөрчлөөс босго 50,000,000.00 төгрөгийг, НӨАТ-ын дүнг цэвэрлээд 873,814,587.77 төгрөгийн зөрчилд хариуцлага ногдуулсан. Татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгдэх хугацаанд тус татвар төлөгчөөс Ц.М***тэй Хамтран ажиллах гэрээ байгуулан тухайн барилгаас ашиглалтад орсон 10 байр (444.54 м.кв) авахаар тохирсон талаар гэрээ, нотлох баримтыг татварын хяналт шалгалт хийгдэх хугацаанд ирүүлээгүй. гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн татварын улсын байцаагч иргэн Я.***т хянан шалгалт хийсэн. Ж***д ХХК-ийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч шалгах явцад Ж***д ХХК-ийн нийт орлогыг Я.*** би өөрийнхөө ХХОАТ-ын тайлангаараа Баянгол дүүргийн татварын хэлтэст тайлагнасан.

Энэ бол манай компанийн орлого биш гэдэг албан бичиг 2022 оны 9 сарын 1-ний өдрийн албан татварыг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст ирүүлсний дагуу Я.***ийн 2018 оны 01 сарын 1-нээс 2021 оны 12 сарын 31 хүртэл татвар ногдуулалт төлөвлөлтийн байдалд хяналт шалгалт иргэн Я.***ийн татвар ногдуулах төлөвлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар 2022 оны 11 сарын 9-ний өдрийн нөхөн ногдуулалтын *** дугаар бүхий актаар 87,381,458 төгрөгийн нөхөн төлбөр торгууль, 26,214,447 төгрөгийн алданги 17,476,291 нийт 131,72,188 мөнгөний татварын нөхөн ногдуулалтын актыг тавьсан. Ямар зөрчил гаргасан бэ гэхээр 2019 онд 1 тэрбум гаруй төгрөгийн орон сууц барьсан борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй зөрчил илэрсэн.

Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1-д хуульд өөрөө заагаагүй бол дор дурдсан бараа ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн орлогын татварыг ногдуулна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2-т заасны дагуу үйл ажиллагааны борлуулалтын орлого 50 сая буюу түүнээс дээш удаа төсөв ирсэн бол нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч байна гэсэн зохицуулалтуудыг зөрчсөн. Энэ хүрээнд 1 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлогоос татварын улсын байцаагч нар хөнгөлөлттэй өртгийн албан татвараар 50 сая төгрөгийг хасаад 961,000,000 сая төгрөг болсон.

Ингээд нэмэгдсэн өртгийн албан татварын цэвэр дүнг бодоод 873,814,587,77 төгрөгийн зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар алдангийн тооцсон. 2019 онд Я.***ийн 440,396,438,56 төгрөгийн орон сууцын борлуулалтын орлогыг ХХОАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан борлуулалтын орлого нь татвар төлөх тайлагнах орлого байсан хэдий ч алдагдалтай ажилласан гэж татварын албанд тайлангаа ирүүлснийг алдагдлыг нь баталгаажуулаад зөвхөн 873,814,587 төгрөгт нь нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож, өр, торгууль, алданги тооцсон байгаа юм. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Я.***оос Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Я.*** нь Нэхэмжлэгчээс 2019 онд 1,011,196,046.55 төгрөгийн орон сууцыг барьж борлуулаагүй гүйцэтгэгч Ж***д ХХК-ийн менежер Ц.М*** орон сууц захиалагч иргэдтэй хийсэн Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнд үндэслэн тодорхойлсон нь буруу гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

3.Учир нь, Ж***д ХХК-ийн 2018-2021 оныг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын хийсэн хяналт шалгалтаар Ж***д ХХК нь Я.***ийн 100 хувийн эзэмшилд бүртгэлтэй бөгөөд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд баригдсан 40 айлын орон сууцны барилгын борлуулалт Ж***д ХХК-ийн захирал Я.***ийн хувийн дансаар хийгдсэн нь тогтоогдсон.

4. Ж***д ХХК нь энэхүү татвар ногдох орлогоо Баянгол дүүргийн Татварын хэлтэст захирал Я.*** хувь хүний орлогын албан татварын дагуу тайлагнасан талаар 2022/09/01 тоот албан бичиг ирүүлсэний дагуу уг компанийн захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч Я.***ийн 2018-2021 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх үндэслэл бий болсон байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 9 дүгэрр сарын 05-ны өдрийн 4/6035 дугаар албан бичгээр ...Ж***д ХХК-ийн захирал ... Я.***ийн эрсдлийг тооцож хяналт шалгалтад хамруулах ... хүсэлтийг Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын газарт хүргүүлсэн.

5.Ингээд Я.***ийн 2018-2021 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Баянгол дүүргийн Татварын хэлтсээс иж бүрэн хяналт шалгалтыг хийж, 2022 оны 1,451,592,485.11 төгрөгийн зөрчилд 87,381,458.78 төгрөгийн нөхөн татвар, 26,214,437.63 төгрөгийн торгууль, 17.476.291.76 төгрөгийн алданги, нийт 131,072,188 17 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

6.Я.*** нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ТӨААТҮГ-ын эзэмшлийн 1.200.00 квадрат метр талбай бүхий газар дээр баригдах орон сууцны барилгыг өөрийн 100 хувийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулахаар 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2016/660 тоот Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан *** ТӨААТҮГ-ын 15 ажилтанд 1,080,000.00 төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр худалдах гэрээ байгуулж, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс хүлээж авсан байна.

7.Татварын улсын байцаагчид дээр орлогыг тооцохдоо нийт 6 давхар 40 айлын орон сууцыг айл тус бүрийн гэрээний үнийн дүнгээр нарийвчлан тооцож 1792,062.00-1,080,000 00 төгрөгийн хооронд байсан нийт 2,177,200328.17 төгрөгийн орлогоос эхнэр Ц.М***гийн 2018-2020 онд Хувь хүний орлогын албан татварын тайлангаар тайлагнасан 1,166,024,281.62 төгрөгийн орлого, Я. *** иргэний хувь хүний орлогын албан татварын тайлангаар 2018-2020 онуудад 478,872,694 67 төгрөгийн орлогыг тус тус хасаж, үлдэгдэл 440,396,438.56 төгрөгийн тайлагнаагүй зөрчилд хариуцлага тооцсон бөгөөд тухайн орлоготой холбоотой баримтаар нотлогдох зээлийн хүүгийн 465,296,555.00 төгрөгийг хасаж, зөрүү 24,900,116.44 төгрөгийн алдагдлыг баталгаажуулсан нь үндэслэлтэй болжээ.

8.Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон дараахь орлогыг хамруулна; 12.1.2-т "Хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого" гэж,

мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.1-12 1.3, 12 1.5-12 1 14, 12.1 17, 12.1.19-12. 1.26-д заасан зардлыг хасч, 12.2. 12.3, 12.5-12.8-д заасан зарчмыг баримталж 13-15 дугаар зүйлийг мөрдөнө,

27 дугаар зүйлийн 27.1.4-т Энэ хуулийн 12 дугаар зүйл, 13.15, 14.1.2, 14.1.3-т заасан орлогод энэ хуулийн 23.1-д заасны дагуу 10 хувиар тооцон улирал тутам албан татвар ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор төлөх-өөр заасны дагуу иргэн Я.*** нь орон сууцны барилгыг барьж борлуулсан орлогод албан татвар ногдуулан төлөх хуулийн зохицуулалттай байна.

9.Я.*** нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд түүний 2019 онд орон сууц барьж борлуулсан борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд хариуцлага ногдуулахдаа 1,011,196,046.55 төгрөгийн зөрчлөөс босго 50.000.000.00 төгрөгийг, НӨАТ-ын дүнг тооцож, 873,814,587.77 төгрөгийн зөрчилд хариуцлага ногдуулсан байна.

10.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хуулийн 4.1. 19-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харъяалах татварын албанд гаргана,

7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна; 7.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ,

14 дүгээр зүйл Албан татварын хасалт хийх, 14.1-д "Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно" гэж тус тус заасан байна.

11.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 1,451,592,485.1 төгрөгийн зөрчилд 87,381,458.78 төгрөгийн нөхөн татвар, 26.214.37.63 төгрөгийн торгууль, 17,476,291.76 төгрөгийн алданги, нийт 131,072, 188, 17 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

12.Дээр дурдсан үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, бичгийн нотлох баримт, үйл баримтад тулгуурлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 он/ 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 18 дугаар зүйлийн 18.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.***оос Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН