Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/12

 

Д.*******, Я. нарт

холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор  Н.*******

 Шүүгдэгч  Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

                                        Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.******* даргалж шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 10ы өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөхийн бичсэн эсэргүүцлээр Д.*******, Я. нарт холбогдох 1923000540007 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31ий өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1962 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, , спортын газрын дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Цэцэрлэгийн ******* оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Сайраг овогт ******* ******* /РД: *******/

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1962 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер, механик мэргэжилтэй. “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Зэс дархан овогт /РД: /

Шүүгдэгч Д.******* нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Халуун усны тариф болон хэрэглэгчийн дулааны үнэлгээг  1 метр куб тутамд 1350 төгрөгөөр тогтоосон” үнийг зөрчиж тус аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт баригдсан төвийн барилга байгууламжийг 1 метр куб тутамд 1650 төгрөгөөр тооцож дулааны эрчим хүчээр хангах тухай 28 дугаартай гэрээг “*******” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуурамчаар үйлдэн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “*******” ХХК-д халаалт дулааны зардалд 151.767.000 төгрөгийг төлөх байснаас үндэслэлгүйгээр 65.043.000 төгрөгийг илүү шилжүүлсэн, улмаар халаалт дулааны зардалд илүү шилжүүлсэн 65.043.000 төгрөгийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах замаар тухайн барилга байгууламжид 21 нэр төрлийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг худалдан авахдаа хуульд заасан нээлттэй тендер зарлалгүйгээр “*******” ХХК-иар гүйцэтгүүлж давуу байдал  бий болгосны улмаас төрд 7.586.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Я. нь Д.*******тэй бүлэглэн Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Халуун усны тариф болон хэрэглэгчийн дулааны үнэлгээг 1 метр куб тутамд 1350 төгрөгөөр тогтоосон” үнийг зөрчин тус аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт баригдсан төвийн барилга байгууламжийг 1 метр куб тутамд 1650 төгрөгөөр тооцож дулааны эрчим хүчээр хангах тухай 28 дугаартай хуурамч гэрээг , спортын газрын дарга Д.*******тэй 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “*******” ХХК нь халаалтын зардалд 151.767.000 төгрөг авах  байснаас 65.043.000 төгрөгийг илүү авч улмаар халаалт дулааны зардалд илүү авсан 65.043.000 төгрөгөөр ,т 21 нэр төрлийн 57.357.000 төгрөгийн бодит үнэ бүхий тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг нийлүүлж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх хамжих замаар өөртөө давуу байдал  бий болгосны улмаас төрд 7.686.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэргийг  үйлдэхэд  дэмжлэг  үзүүлсэн  гэх  гэмт хэрэгт тус тус холбогджээ

 Анхан шатны шүүх:

1. Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я. холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.*******, Я. нарыг  цагаатгаж,

2. Шүүгдэгч Д.*******, Я. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 7.686.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож,

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэгт хавсаргагдсан бичгийн баримтуудыг 1923000540007 дугаартай хэрэгт хавсаргаж,

5. Шүүгдэгч Д.*******, Я. нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгийг нь битүүмжлээгүй, иргэний үнэмлэхний  хуулбар хавсаргагдсан болохыг дурдаж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг  дурдаж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 45.8 дугаар зүйлд зааснаар  шүүгдэгч Д.*******, Я. нар нь эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг оршин суух нутаг дэвсгэрийн шүүхэд цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн  дотор гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц. эсэргүүцэлдээ:

Эрүүгийн 1923000540007 дугаартай Д.*******, Я. нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд 26 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэжээ. Цагаатгах тогтоолыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Прокуророос шүүгдэгч Д.*******г , спортын газрын даргаар ажиллаж байхдаа "*******" ХХК-д давуу байдал бий болгож, дулааны гэрээг өндөр үнийн дүнгээр байгуулж, үүний хариуд 21 нэр төрлийн 57,357,000 төгрөгийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг авсан үйл баримт нотлогдсон гэж дүгнэж, прокурорын яллах дүгнэлт үйлдсэн нь шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны байх шаардлагыг бүхэлдээ хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж узнэ. Тодруулбал, Анхан шатны шүүх Эрчим хүчний тухай хуулйн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар Эрчим хүчний зохицуулах хороо нь "тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах, үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх" бүрэн эрхтэй байна. Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3-т зааснаар Аймаг, нийслэлийн Эрчим хүчний зохицуулах зевлел нь "зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх" эрх, үүрэгтэй байна. Хэл зүйн тайлбараар "батлах" гэдэг нь нэгэнт тогтоогдсон зүйл үнэн зөв гэдгийг зөвшөөрөх, нотлох гэсэн, "тогтоох" гэдэг нь "шинэ зүйлийг үүсгэх бий болгох" гэсэн ойлголт бегеед дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Аймаг, нийслэлийн эрчим хүчний зохицуулах зевлелд эрчим хүчний үнийн тарифийг тогтоох эрх олгогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Гэтэл Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна." гэж, мен зүйлийн 9 дүгээр зүйл. Зохицуулах хорооны бүрэн эрх, 9.1.4-т "тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах унийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх" гэж тус тус Эрчим хүчний зохицуулах хорооны эрх зүйн байдал, үйл ажиллагаанд мөрдөх бүрэн эрхийг тодорхой заасан байхад анхан шатны шүүхээс тус байгууллагын хуулиар олгогдсон эрхийг хэл зүйн талаас "батлах", "тогтоох" гэж тайлбарлаж, Аймаг лэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлд эрчим хүчний үнийн тарифийг тогтоох эрх олгогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөрдөн шалгах явцад хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл НЬ эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ, эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх эрхийг олгогдсон талаар тусгагдсан байхад уг нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг дурдаагуй байна. Мен анхан шатны шүүх эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 д "Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр телне." гэж заасан ба нэгэнт Эрчим хүчний зохицуулах хорооны тарифаар үнэ тогтоогоогүй учир Биеийн тамир, болон "*******" ХХК дулаанаар хангах үнийг гэрээгээр тохиролцсоныг дээрх хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй гэжээ. Дээрх гэрээг талууд байгуулахдаа гэрээнд зохицуулалттай хангалтай эсхүл зохицуулалтгүй хангалттай талаар дурдаагүй байхад шүүх Эрчим хүчний зохицуулах хорооны тарифаар үнэ тогтоогоогүй гэж дүгнэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т "тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх" гэж заасантай нийцэхгүй байна. Шуугдэгч Д.******* нь , спортын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн ажлаас хооронд чөлөөлөгдснөөс хойш 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 24 ний өдрийн хооронд 88,810,000 төгрөгийг тус тус "*******” ХХК-д шилжүүлсэн 128,000,000 төгрөгийг, гэж дүгнэсэн нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ. Д.******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээг байгуулахдаа элси Би" ХХК-д давуу байдал бий болгосон тул хууль бус гэрээний дагуу түүнийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойшх хугацаанд шилжүүлсэн 88,810,000 төгрөгийг нийт шилжүүлсэн үнийн дүнгээс хасч тооцох үндэслэлгүй юм. Уг хууль бус гэрээг байгуулсны хариуд 65,043,000 төгрөгийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг “*******” ХХК-иас шилжүүлж өгснөөр шүүгдэгч нарын үйлдэл нь давхар нотлогдоно. Төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлсний төлөө эд зүйлийг үнэ төлбөргүйгээр авахыг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл. Хориглох зүйлд тусгасан ба тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхөөр зохицуулсан нь төрийн байгууллага, албан тушаалтныг ашиг сонирхлоос ангид байх шаардлага юм. Д.*******гийн дээрх үйлдэл нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул ******* ХХК-ийн захирал ажилтай шүүгдэгч Я. нийтийн албан тушаалтан биш эсэхээс үл хамааран уг хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина." гэж заасан байхад анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга”-ыг тусгалгүй, шүүгдэгч Д.*******, Я. нарыг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл, улсын яллагчийн дүгнэлт, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тус тус орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Н.******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч нар нь бүлэглэж бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн халуун усны тариф болон хэрэглэгчийн дулааны үнэлгээг 1 мкб тутамд 1350 төгрөгөөр тогтоосон үнийг зөрчиж Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багын нутаг дэвсгэрт баригдсан Баруун бүсийн тамирчдыг олимпид бэлтгэх төвийн барилга байгууламжид 1 мкб тутамд 1650 төгрөгөөр тооцож дулааны эрчим хүчээр хангах тухай 28 дугаартай гэрээг ******* ХХК болон тус тус 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулж 2018 оны 09 дүгээр сарын 15-наас мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* ХХК-д халаалт дулааны зардалд нийт 151.767.000 төгрөг төлөх ёстой байсан ч үндэслэлгүйгээр 165.043.000 сая төгрөг илүү шилжүүлсэн. Улмаар илүү шилжүүлсэн мөнгөөр тухайн төрийн байгууллагад нэг төрлийн тавилга эд хогшил худалдан авсан, өмч хөрөнгөд бүртгэсэнтэй холбоотойгоор 7.686.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтан албаны бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж цагаатгах тогтоол гаргасныг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Эрчим хүчний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарлах замаар Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл тухайн орон нутагт эрчим хүчний үнэ тарифыг тогтоох, батлах, бүрдүүлэх чиг үүрэггүй байна. Эрчим хүчний зохицуулах зөвлөлд энэ эрх хэмжээ олгогдоогүй байгаа учраас Д.*******, Я. нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үгүйсгэж няцаагаагүй ба энэ талаараа цагаатгах тогтоолд дурдаагүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан холбогдох гэрчийн мэдүүлгүүд байдаг. Тухайлбал Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн ажилтай гэрч Бямбадоо гэдэг хүний удаа дараа өгсөн мэдүүлгээр Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь Биеийн тамир, ******* ХХК-тай байгуулсан халуун ус, дулаанаар хангах гэрээний үнэ, тарифыг тогтоож өгөх ёстой байсан. Энэ компани, төрийн байгууллагын зүгээс зохицуулах зөвлөлд үнэ тариф тогтоолгох хүсэлт зэрэг зүйлсийг албан ёсоор ирүүлээгүй байсан ба энэ хугацаанд гэрээг дур мэдэж нэг талаас төрийн байгууллагыг төлөөлж Д.*******, нөгөө талаас хуулийн этгээдийг төлөөлж Я. нар энэ үнэ тарифыг дур мэдэж тогтоон гэрээ байгуулсан. Энэ гэрээ байгуулсантай холбоотойгоор төсөвт 65.0 сая төгрөгийг илүү шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байгаа талаар мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараах зүйлсийг тусгана гэж заасан байгаа. Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хуулийг хэлзүйн хувьд тайлбарлаж шийдвэрийнхээ үндэслэл болгосон. 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс баталж одоог хүртэл мөрдөж байгаа Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг харахад. Энэ хуулийн зорилт эрчим хүчийг үйлдвэрлэж, дамжуулж, түгээхтэй холбоотой бүх асуудлыг энэ хуулиар зохицуулахаар журамласан байгаа. Эрчим хүчний зохицуулалтыг Монгол улсын хэмжээнд Засгийн газар, асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага буюу яам, эрчим хүчний зохицуулах хороо, аймаг нийслэлийн хувьд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Эрчим хүчний зохицуулах зөвлөл энэ хууль тогтоомжийг хэрэглэж, мөрдүүлэх чиг үүрэгтэй байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн энэ хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрх, оролцооны талаар тодорхой тусгаж өгсөн байдаг. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх чиг үүрэгтэй байдаг. Энэ чиг үүргийн үүднээс зохицуулах зөвлөл нь аймгийн хэмжээнд үнэ, тарифыг тогтоон мөрдүүлдэг ба үүнтэй холбоотойгоор үнэ тарифын саналыг төрийн байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжид хүргүүлж мөрдүүлдэг чиг үүрэгтэй байгууллага байдаг. Завхан аймаг дахь Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь энэ чиг үүргийнхээ хүрээнд орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа халаалт, дулаан, эрчим хүчний үнэ, тарифыг тогтоож мөрдүүлэн явж байгаа. Гэтэл Монгол улсын Үндсэн хуульд заасан албан ёсны тайлбарыг Улсын дээд шүүх гарган гэсэн зарчимтай нийцэхгүй байна гэж харж байна. Энэ нөхцөл байдлыг гэмт хэрэг биш гэж үзсэнтэй холбоотойгоор ямар үр дагавар үүсэх вэ? гэдэг хэргийн үйл баримт, тогтоогдсон нөхцөл байдлыг бодит байдлаар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар шүүх дүгнэх ёстой. Цагаатгах тогтоолд Д.*******, Я. нарын хооронд байгуулсан халаалт дулаанаар хангах гэрээг хуурамч гэж үзэхгүй гэсэн. Хуурамч гэдгийг хууль зүйн хүрээнд 2 янзаар тайлбарлаж ойлгох ёстой юм. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарлаж дүгнэлт хэлж байсан. Хуурамч гэдгийг агуулгын болоод крималистикийн хувьд гэж 2 нөхцөлтэй байна гэсэн байдаг. Энэ гэрээний дотор байгаа агуулгыг өөрсдөө дур мэдэж ямар нэгэн төрийн оролцоо зохицуулалтгүйгээр Эрчим хүчний тухай хууль тогтоомжоор зохицуулах асуудал байсаар байтал өөрсдөө дур мэдэн 1650 төгрөгөөр тогтоосон байгаа нь буруу юм. Гэрээ байгуулсантай холбоотой Биеийн тамир спортын газраас буюу төрийн төсвөөс ******* ХХК-ийн дансанд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 128.0 сая төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл буюу энэ хугацаанд шүүгдэгч Д.******* нь Биеийн тамир спортын газрын даргын албан үүргээсээ чөлөөлөгдсөн нөхцөл байдалтай байдаг. Тэгэхээр энэ чөлөөлөгдсөнөөс хойш Биеийн тамир спортын газрын төсвөөс шилжүүлж байгаа 88.810.000 төгрөг ******* ХХК-ийн дансанд шилжүүлснийг Д.*******гийн үйлдэлтэй хамаатуулж авч үзэхгүй байгаа талаар тусгасан байдаг. Улсын яллагчийн зүгээс нэгэнт энэ хууль бус гэрээг Д.******* байгуулсантай холбоотой үүсэж байгаа үр дагавар цааших хугацаанд үргэлжилж байгаа учраас тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн эсэхээс үл хамаарч илүү шилжүүлсэн нь төсөвт хохирол учруулсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Д.******* чөлөөлөгдсөнөөрөө энэ хохирол хор уршгийг Д.******* учруулаагүй байна гэж дүгнэх хууль зүйн хувьд боломжгүй байна. Яллах дүгнэлтэд төлөх ёстой үнийн дүнгээс 65.0 сая төгрөгийг илүү шилжүүлээд үүнтэй холбоотойгоор төрийн байгууллагад ******* ХХК-иас ямар нэгэн шийдвэр худалдан авах ажиллагаагүйгээр 21 нэр төрлийн нийтдээ 53.0 сая төгрөгийн үнэ бүхий тавилга эд хогшил нийлүүлсэн нөхцөл байдал тогтоогдог. Энэ албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг хуульд зааснаар хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болов ч энэ хэргийн нөхцөл байдлын тухайд төсөвт хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдог. Энэ 21 нэр төрлийн тавилга, эд хогшлыг ямар нэгэн шийдвэргүйгээр зүгээр төрийн байгууллага өөрийн дансанд авч бүртгээд байгаа нөхцөл байдлыг хохирлын хэмжээ тогтооход ач холбогдолтой гэдэг үүднээс энэ нөхцөл байдлыг дурдаж оруулж ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ төрийн байгууллагад ямар нэгэн шийдвэргүйгээр орж ирээд байгаа тавилга, эд хогшлыг авч бүртгэж байгаа үйлдэл нь тусдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжийг хангахгүй. Энэ гэмт хэргийн тухайд хуурамч гэрээг байгуулж Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг зөрчиж, дур мэдэн гэрээ байгуулж төсвөөс илүү мөнгө шилжүүлж гэрээ байгуулснаар гэмт хэрэг төгсөж байгаа. Харин хохирол хор уршгийг тодорхойлж тогтоохын тулд энэ нөхцөл байдлыг авч үзээд үүнтэй холбоотойгоор 53.0 сая төгрөгийн тавилга, эд хогшлыг төрийн байгууллагад орсон байгаа учраас илүү төлсөн үнийн дүнгээс хасаж 7.0 төгрөгийн бодит хохирол хор уршгийг төрд учирсан хохирол гэж үзэж тайлбарлаж байгаа. Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол дээр Д.*******гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн учраас үүнтэй хамааралтайгаар гэмт хэрэгт хамтран оролцсон  Я.ийн үйлдлийг ч мөн адил үзэж цагаатгасан байдаг. Цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Тухайлбал тогтоолын тодорхойлох хэсэгт дараах зүйлсийг заавал тусгана гэж хууль тогтоогч энэ хуулийг баталсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл гэсэн байгаа. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцсон байгаа. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан саналыг цагаатгах тогтоолдоо дурдсан байдаг. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:                   

Прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Я. 2 үндэслэлээр буруутгасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж 21 төрлийн 51.0 сая төгрөгийн бараа материал нийлүүлсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээг үндэслээд өнөөдрийг хүртэл Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төв болон ******* ХХК-ийн хооронд халаалтын төлбөр тооцоо энэ гэрээний дагуу хийгдэж байгаа тул хуурамч гэж үзэх үндэслэлгүй юм. Прокурорын үндэслээд байгаа 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үнэ тогтоосон бичиг болох Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн бичиг нь үнэ тогтоосон зүйл биш. Харин ийм үнэ тарифыг мөрдөж болно гэсэн албан бичиг юм. Усан бассейн бүхий бүтэн цогцолбор нь халаалтын улирлыг Эрчим хүчний тухай хуульд заасан халаалтын улиралд хамаарахгүй байдаг. Өөрөөр хэлбэл усан бассейн нь жилийн 4 улиралд тодорхой температурт халааж байх ёстой байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн гэж үзээд байдаг. Я.ийн тухайд хувиараа бизнес эрхэлдэг, нийтийн албан тушаалтан биш хүн байгаа. Я.ийн хувьд Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төв гэх том бүтээн байгуулалтыг байгуулаад хүлээлгэж өгөх болоход байгууллага дотор нь ямар ч тавилга байхгүй хоосон байсан учраас өөрийн сэтгэлээр тавилгын компанитай гэрээ хийж өөрийн хөрөнгөөр тавилга авч өгсөн байдаг. Энэ нь төсвийн хөрөнгөөс гаргасан гэж прокурор тайлбарлаад байдаг. Өөрөөр хэлбэл Я.ийн хувьд гэрээний үнээр тухайн байгууллагын халаалт, дулааны мөнгийг авсан учраас тухайн мөнгө нь өөрийн хөрөнгө юм. Өөрийнхөө данснаас тухайн тавилга нийлүүлж байгаа компанийн дансанд мөнгөө шилжүүлээд Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төвд тавилга бэлэглэж өгсөн учраас энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:                   

Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн  хангасан гэж үзэж байна.  Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь тодорхой тооны гишүүдтэй бөгөөд хуралдаж тогтоол гаргаж түүнийг баталж мөрдүүлэх үүрэгтэйгээр хууль зохицуулалт хийгдсэн байдаг. Гэтэл хэн нэгэн дарга үнэ тогтоолгохоор албан бичиг хүргүүлсэн гэж Бямбадоо гэрч ярьж байгаа бөгөөд тухайн мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхойлж чаддаггүй. Тухайн бичиг нь төрийн албан ёсны болох Захиргааны ерөнхий хуультай холбож үзвэл захиргааны акт буюу тогтоол захирамжийн хэмжээнд үнэлэгдэх боломжгүй. Халаалтын төлбөр үнийг тооцох аргачлалаа өгөөрэй гэсэн бичиг байдаг. *******гийн байгуулсан гэрээг хуурамч гэж үзээд байх шиг байна. Гэрээг агуулгын хувьд хуурамч байх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иргэний хуульд хуурамч гэрээ гэсэн ойлголт байдаггүй. Тодорхой температурт усан бассейныг халаах шаардлагатай байдаг учраас энэ 2 хүн нь өөр хоорондоо мөнгө өгч, авалцах шаардлагатай болсон учраас гэрээг байгуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Гэрээ бол аль аль талын эрх ашгийг хамгаалсан буюу хэлцлийн шинжтэй байгаа учраас агуулгын хувьд хуурамч гэж үзэх боломжгүй байна. Хэрэв шүүхээс захиргааны хэргийн шүүхэд захиргааны энэхүү гэрээг илт хууль бус гэж тооцсон бол өөр тайлбар яригдах байсан. Чөлөөлөгдсөнөөс хойш Д.*******д хохиролтой холбоотой асуудлыг хамааралгүй гэж шүүх дүгнэсэн нь байна гэж үзэж байна. 21 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн захиалсан зүйл байдаг ч Д.*******д хамаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:                   

Би гэрээг байгуулсан нь үнэн. Тухайн мөнгийг шилжүүлэхийг аймгийн Засаг дарга үүрэг өгч 09 дүгээр сарын 06-ны өдөр мөнгийг шилжүүлсэн санагдаж байна. Гэрээг 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ба гэрээг байгуулахдаа би нягтлан бодогчдоо хуулийн хүрээнд Улиастайд ажиллаж байгаа уурын зуухнуудын жишиг ойролцоо үнээр гэрээг байгуулах үүрэг өгсөн. Миний өгсөн үүргийн дагуу гэрээг нягтлан хийж ирсэн бөгөөд түүнийг нь би баталсан. Үнийг нь 1650 төгрөгөөр тогтоож байгуулах чиглэлийг би өгөөгүй. Энэ Тухайн гэрээний үндсэн дээр 09 дүгээр сард халаалтын улирал эхлэхтэй уялдуулж өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор тухайн мөнгийг өгсөн. 128.0 сая төгрөг гэдгийг миний хувьд хүлээн зөвшөөрнө. Улирлын хугацаандаа 151.767.000 төгрөгөөс төсвийн захирагчийн хувьд хэтрүүлээгүй тул өөрийгөө хууль зөрчсөн гэж огт үзэхгүй байна. Миний шилжүүлсэн мөнгийг шинжээч тогтоосон байгаа. 151.767.000 төгрөг шилжих ёстой байснаас 65.0 сая төгрөгийг шилжүүлсэн нь миний дараагийн дарга нарын буруу байх. Би 128.0 сая төгрөг л шилжүүлсэн учраас төсвөө хэтрүүлээгүй учраас эрүүгийн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэж үзэж байна. Эрчим хүчний зохицуулах зөвлөлд энэ үнээр тогтоож өгөөч гэсэн бичгийг өгөх эрх надад байхгүй юм. Харин тухайн бичгийг компани өгөх ёстой ч Я.ийн компани өгөөгүй байдал анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан байгаа. Намайг дарга хийж байх хугацаанд 09 дүгээр сарын 20-ны өдөр Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс Биеийн тамир ******* ХХК-нд 1350 төгрөгөөр бодож халаалтын хөлс өг гэсэн бичиг ирээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх  шүүгдэгч Д.*******, Я. нарт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын холбогдсон үйлдэл, эс үйлдэхүйг хэрэгт авагдсан баримтанд үндэслэн тогтоогоогүй, цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдотлтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ заагаагүй,

Мөн яллах үндэслэл болж буй зарим нотлох баримт буюу  гэрч нарын мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, үйл баримтын талаар ноцтой зөрүүгүй мэдээлэл агуулсан эдгээр мэдүүлгүүд болон яллах үндэслэл болж буй бусад нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу судалж, үнэлээгүйгээс бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байна.

Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргахаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шиждвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсгийн 5 дахь хэсэгт заажээ.

Шүүгдэгч Д.******* нь , спортын газрын даргаар ажиллаж байхдаа, “*******” ХХК-ийн захирал Я.  хэзээ, ямар нөхцөл, үнэ тарифаар дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан  гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон  эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэн шүүгдэгч Д.*******, Я. нарын хооронд гэрээ байгуулагдсан эсэхийг дүгнэсэний дараа  уг гэрээг байгуулах эрх бүхий этгээд мөн эсэх, гэрээ байгуулах зорилго, сэдэлт, гэрээний нөхцөл, шаардлага нь  Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль болон бусад хуульд нийцсэн хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгч хэргийн бодит байдлыг тогтоосноор гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх чухал ач холбогдолтой байжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдэлдээ хандах сэдэлт зорилготой харьцуулан судалж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэт бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэх боломжтой байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв байдлаар үнэлж хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, хэргийн үйл баримт тогтоож эрх зүйн дүгнэлт өгөх үйл ажиллагааг хуульд зааснаар гүйцэтгээгүй байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10ы өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

                  Ж.БАТТОГТОХ