| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 1808046460760 |
| Дугаар | 2020/ДШМ/1369 |
| Огноо | 2020-10-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.2., 20.16.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2020/ДШМ/1369
Б.Ш-, Г.Г-, Ц.Э-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
шүүгдэгч Б.Ш-, түүний өмгөөлөгч Б.Баттулга,
шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,
хохирогч Э.Л-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/892 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ууганбаатарын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 59 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Ш-, Г.Г-, Ц.Э- нарт холбогдох эрүүгийн 1808046460760 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б........... овгийн Б.Ш, 19... оны 8 дугаар сарын 13-ны өдөр................ аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл .............хамт ......... сумын ........дугаар багт оршин суух, /РД: ...................../;
Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан.
2. Б............. овгийн Ц.Э, 19....... оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ........... гэх, ам бүл ...........хамт ..............багт оршин суух, /РД: ............../;
Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан.
3. Б.............. овгийн Г.Г, 19............ оны .......... дүгээр сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, ........... настай, эрэгтэй, ................мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл .............хамт ..............тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................. түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/;
- Б.Ш- нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн Э.Л-ын зүүн нүдэн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимны агуулагдахуун гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Г.Г-, Ц.Э- нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 3-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
- Ц.Э- нь Г.Г-той бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 3-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн Ж.Ж-ыг зодож эрүүл мэндэд нь баруун шуунд шарх, зүүн шуунд, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Г.Г-, Б.Ш- нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 3-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
- Г.Г- нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн П.Ц-ыг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын богтос ясны дээд хэсэгт зөрөөтэй хөндлөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Ц.Э-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 3-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн Ж.Ж-ыг зодож эрүүл мэндэд нь баруун шуунд шарх, зүүн шуунд, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Ц.Э-, Б.Ш- нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 3-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан.”, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн.”, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г-, Ц.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Б.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Ш-, Г.Г-, Ц.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 72 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 90 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-, Г.Г-, Ц.Э- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ийн цагдан хоригдсон 306 хоног, шүүгдэгч Г.Г-, Ц.Э- нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг тэдгээрийн эдлэх ялаас хасч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-өөс 1.745.760 төгрөг гаргуулж хохирогч Э.Л-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Л-ын нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Л- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6.000.000 төгрөг, хохирогч П.Ц- нь цаашид гарах эмчилгээ, хагалгааны төлбөрт 5.398.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.240.000 төгрөг, нийт 7.638.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн хохирогч Э.Л-, П.Ц- нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн 1808047681565 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г-, Ц.Э- нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Ш-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр, Г.Г-, Ц.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх хорих ялыг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Прокурор Б.Ууганбаатар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “... шүүхээс шүүгдэгч Г.Г-ын үйлдсэн “2018 оны 10 дугаар сарын 3-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд иргэн П.Ц-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан ялын дээд хэмжээ нь гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан тул шүүгдэгч Г.Г-ын үйлдсэн дээрхи хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нь “... дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн ялын санкцтай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан хуулийн зохицуулалтад хамаарахаар байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн дээрхи хэргийн шүүх хуралдаанд прокурор Н.Ундрах нь улсын яллагчаар оролцсон байхад шийтгэх тогтоолд улсын яллагчаар М.Сансарсайхан оролцсон гэж бичсэн байгааг зөвтгөх шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Ш- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Г.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж, эхнэр, хүүхэддээ маш их санаа зовж байна...” гэв.
Шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирол төлбөр байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байх тул миний үйлчлүүлэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Ш-ийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх тайлбар байхгүй. Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан цагдан хоригдсон хугацааг оруулан тооцохдоо анх сэжигтнээр баривчлагдсан Шинэтөр, Эрдэнэбаяр нарын 48 цаг буюу 2 хоногийг Гансүрэнхор, Эрдэнэбаяр гэж шийтгэх тогтоолд дурдсан байна. Энэ 2 хоногийг Шинэтөрийн эдлэх ялд оруулан тооцох саналтай байна...” гэв.
Хохирогч Э.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Харин хөөн хэлэлцэх хугацаагаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн асуудлыг ойлгохгүй байна...” гэв.
Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хөөн хэлэлцэх хугацааг зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Өмгөөлөгч Н.Одонтуяагийн тэнсэх тухай саналтай нийцэхгүй байна. Учир нь Г.Г-ын хувьд 3 гэмт хэргийг санаатай үйлдсэн. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн танхайрах гэмт хэрэг үйлдсэн буюу нийлмэл гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс хэдийгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа ч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа тул тэнсэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав:
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан байх шаардлагыг хэрэгжүүлээгүй байна.
Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв. Иймд шүүгдэгч Б.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял ... оногдуулж шийдвэрлэв” гэсэн дүгнэлт нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ш- нь хохирогч Э.Л-ын эрүүл мэндэд зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимны агуулагдахуун гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан байхад хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудыг үндэслэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцаас ямар хууль зүйн үндэслэл, дүгнэлтийг хийснээр гурван жилийн ялыг сонгон хэрэглэсэн талаар дүгнэлт огт хийгээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заасныг давж заалдах шатны шүүх хэрэглэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна.
Улмаар, анхан шатны шүүхийн “хэргийн бодит байдалтай нийцээгүй” дүгнэлтийг давж заалдах шатны шүүх тогтоолд өөрчлөлт оруулах хэлбэрээр зөвтгөж болох эсэхийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон учраас шүүгдэгч Б.Ш-д анхан шатны шүүхээс оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялаас дээгүүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломж давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Дээд шатны прокурорын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хорих ялын санцкгүй байхад шүүх “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан ялын дээд хэмжээ нь гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан тул шүүгдэгч Г.Г-ын үйлдсэн дээрхи хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж дүгнэсэн эсэргүүцлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж хуульчилж өгсөн бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй юм.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн байх тул “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар зөвтгөх” хууль зүйн боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээгээр бус тухайн зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнд тусгагдсан эрүүгийн хариуцлагын дээд хэмжээгээр тооцож, “хөөн хэлэлцэх таван жилийн хугацаа дуусаагүй” гэсэн нь буруу боловч, Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчилж, улмаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдалтай холбоотой хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа /процесс/-ны шинжтэй зохицуулагдаж байгаа харилцаа тул тухайн хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх учиртай.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр шүүгдэгч Г.Г-, Ц.Э- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь; мөн дээд шатны прокурорын бичсэн “шүүгдэгч Г.Г-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна” гэсэн утга агуулга бүхий эсэргүүцэл аль аль нь үндэслэлгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ш-, Г.Г-, Ц.Э- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурор Б.Ууганбаатарын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 59 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/892 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ш-, Г.Г-, Ц.Э- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Ш-, Г.Г-, Ц.Э- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ