Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/64

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч: Г.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч Д.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ү-д холбогдох эрүүгийн 1727000000026 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 6 дугаар багт оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Д.Ү

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Ү нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн нутаг 1 дүгээр тасаг гэх газар оршин суух хохирогч Г.Ц-ийн гэрт хонохдоо алтан бөгж болон алтыг нь хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ү мэдүүлэхдээ:

Би хохирогчийн гэрээс юм авсан. Дахиж ийм зүйл хийхгүй гэв.

Хохирогч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Манай хонь Ү-ын хоньтой нийлсэн байсан. Ү нөхөртэйгөө 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирсэн. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өглөө цүнхэнд байсан алтан бөгж, алтаа үзэхэд байхгүй байсан. Ү-аас асуусан чинь мэдэхгүй гээд гараад явсан. Тэгээд би цагдаа дуудсан гэв.

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай хонь хариулагагүй явж байгаад Э-ы хоньтой нийлсэн юм. Тэгээд хонио ялгаж чадалгүй явж байгаад 2017 оны 10 дугаар сарын 16-ны үдээс хойш Э-ы гэрт очсон. Тэгээд хонио ялгах гэтэл цаг орой болчихсон юм. Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би адуундаа явсан. Тэгээд хонио ялгаж чадаагүй. Би өчигдөр Э-ы гэрт байгаагүй манай эхнэр Ү, Э-ы гэрт байсан. Манай эхнэр хэлэхдээ Э-ы гэрт байсан цүнхнээс алтлаг өнгийн бөгж аваад гэрийн гадна нуусан гэж хэлсэн. Би энэ талаар сая мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Д.Ү нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн нутаг 1 дүгээр тасаг гэх газар оршин суух хохирогч Г.Ц-ийн гэрт хонохдоо алтан бөгж болон алтыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Г.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Ү-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Хохирогч Г.Ц нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ү нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй Д.Ү-ын эзэмшлийн 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны үхэр битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Ү-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Д.Ү-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Д.Ү-д тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ү-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.

6. Д.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавтгдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Д.Ү-ын эзэмшлийн 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны үхэр битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Б.САРАНТУЯА