Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0460/З |
Дугаар | 128/ШШ2023/0922 |
Огноо | 2023-12-04 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2023/0922
2023 12 04 128/ШШ2023/0922
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*** ХХК /РД:***/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч: ***
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М***
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М***, иргэдийн төлөөлөгч О.Г*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тушаалаар /2х.х-18/*** ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд аялал жуулчлалын зориулалтаар 6.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож, Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах *** /1х-х 191/ гэрчилгээг олгосон.
2.2.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар тушаалаар /1х.х-88/*** ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд аялал жуулчлалын зориулалтаар 3.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар эрх олгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 10 га газар ашиглах *** дугаар гэрчилгээг /1х.х 53/ олгосон.
2.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалаар /1х.х-8/*** ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй газарт байрлах 6.5 га газрын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
2.4.*** ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр газар ашиглах эрх сэргээлгэх хүсэлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн.
2.5.Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 765 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2022/1371 дүгээр шүүгчийн захирамжаар буцааж, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2022/2554 дүгээр шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор захирамжийг хүчингүй болгож, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2022/3894 дүгээр захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2022/4347 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
*** ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй газарт 10 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсон ба гэрчилгээгээ авч, үүнээс хойш газраа хуулийн дагуу ашиглаж ирсэн.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Ингэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэсэн гэжээ.
Процессын хувьд үзвэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хөндөж байгаатай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явагдаагүй. Танай газрыг ямар нэгэн байдлаар дуусгавар болголоо гэдэг байдлаар сонсох ажиллагаа явуулаагүй.
*** дугаар тушаал нь газар ашиглах эрхийг дуусгавар болгож байна гэж заасан. Үндэслэлээ хариуцагчаас тайлбарлахдаа нэхэмжлэгчийг өөрөө газар ашиглах эрхээсээ татгалзсан, хүсэлтээ өгсөн гэж тайлбарладаг. Газрын тухай хуулийн 40.1.5 дахь хэсэг буюу газрын төлбөрөө төлөөгүйн улмаас газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэсэн зохицуулалтыг баримталсан.
Тэгэхээр тухайн тушаал нь газрын эрхийг дуусгавар болгох болон хүчингүй болгох гэсэн хоёр өөр харилцааг зохицуулсан хуулийг баримталсан байгаа учраас хууль бус тушаал гарсан гэдэг нь тогтоогдож байгаа.
Нэхэмжлэгч өөрөө газар ашиглах эрхээсээ татгалзсан гэсний тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилсон. Энэ тохиолдолд*** ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд болох *** эдгээр албан бичгүүд дээр гарын үсэг зураагүй, төлөөлөх эрхгүй этгээд энэ хүсэлтийг гаргасан учраас шууд тухайн компанийн газар ашиглах эрхэд халдах үндэслэл болохгүй гэдэг нь тогтоогдсон.
2015 оны тушаал, гэрчилгээгээр*** ХХК 10 га газрыг ашиглах эрхтэй байсан. Гэтэл *** дугаар тушаал гарснаараа*** ХХК-д холбогдуулаад 6.5 га газрыг дуусгавар болголоо гэж заасан. Тэгэхээр 6.5 га гэдэг нь*** ХХК-ийн ашиглаж байсан 10 га газрын яг аль хэмжээ нь юм бэ гэдэг нь тодорхой тогтоогдохгүй. Тэгэхээр тухайн тушаалыг биелүүлэх боломжгүй, нөхцөл байдал тодорхойгүй байдал үүсчхээд байгаа. Нэгдүгээрт процессын алдаатай. Хоёрдугаарт эрх зүйн хувьд хоорондоо зөрчилтэй хуулийн зүйл заалтуудыг баримталсан. Гуравдугаарт бодит нөхцөл байдалд тохироогүй, түүнийг хэрэгжүүлэх боломжгүй тушаал гарсан учраас уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Газрын тухай хуулийн 39.1.3 дахь хэсэгт эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан гэсэн заалтыг үндэслэсэн.*** ХХК-иас газар ашиглах эрхээ дуусгавар болгож байгаа талаараа албан бичгээр манайх руу мэдэгдсэн. Уг албан бичиг нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар албан бичгээр уг газар ашиглах гэрчилгээний хугацаа 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дууссан тул цаашид гэрчилгээний хугацааг үргэлжлүүлэн сунгахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж, улмаар уг газраа хүлээлгэн өгөх хүсэлттэй байна гэдгээ бичиж өгсөн байдаг.
Үүнд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар албан бичигт н.Д*** гэдэг хүний ард ийг гэж байгаад н.Ц*** гэдэг хүн нь гарын үсэг зурсан юм шиг байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирж байгаа бичгийг манайх тухайн байгууллагын албан бланк, тамга тэмдэг, гарын үсэгтэй бичгээр нь үзэж байгаа. Үүнийг бид нар шууд хараад тодорхойлох боломжгүй. Шүүхээс үүнийг шууд хараад тодорхойлох боломжгүй учраас шинжээч томилж шийдвэрлэсэн.
Тиймээс үүнийг гарын үсэг зураагүй, үндэслэлгүй бичиг гэж үзэх ямар ч боломжгүй байгаа юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаал нь үндэслэлтэй. 3.5 га, 6.5 га гэдэгтэй холбоотой манайхаас шүүхэд тайлбараа хүргүүлсэн.
2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тушаалаар Жаргалантын аманд 6.5 га зөвшөөрлийг*** ХХК-д олгосон бөгөөд 2014 оны 392 дугаар тушаалаар дотоод бүсийг өөрчлөхдөө 6.5 давхцуулсан тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 321 дүгээр тушаалаар 3.5 га газрыг олгосон. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр олгосон *** дугаар гэрчилгээгээр 10 га талбайг ашиглуулахаар олгосон гээд энэ талаараа тодорхой тайлбарлаад хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар үндэслэлтэй гэж бодож байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч*** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг дахин шинээр акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан.
2.1.Газар ашиглах эрхийг дуусгавар болгохоос өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явагдаагүй.
2.2.Нэхэмжлэгчийг өөрөө газар ашиглах эрхээсээ татгалзсан, хүсэлтээ өгсөн гэж тайлбарладаг, газрын төлбөрөө төлөөгүйн улмаас газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэсэн зохицуулалтыг баримталсан нь газрын эрхийг дуусгавар болгох болон хүчингүй болгох гэсэн хоёр өөр харилцааг зохицуулсан хуулийг баримталсан байгаа учраас хууль бус .
2.3.Бодит нөхцөл байдалд тохироогүй, түүнийг хэрэгжүүлэх боломжгүй тушаал гарсан.
3.Нэхэмжлэгч*** ХХК-д Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд 6.5 га газрыг 5 жилийн хугацаатай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай тус тус ашиглах эрхийг олгосон.
4.Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2644 дүгээр албан бичгээр /1х-х 188/ Тус компанийн газар ашиглах эрхийн хугацаа 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон бөгөөд*** ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 58 тоот албан бичгээр Хамгаалалтын захиргаанд цаашид үргэлжлүүлэн газар ашиглахгүй, хугацаа сунгуулах хүсэлт гаргахгүй тухайгаа мэдэгдэж ашиглаж байсан газраа хүлээлгэн өгөх хүсэлтийг ирүүлсэн тул 10.0 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг хүргүүлж байна. гэх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн.
5.Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгч*** ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд байрлах 6.5 га газрын ашиглах эрхийг газар ашиглах эрхийн хугацаа дууссан, хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр дуусгавар болгож шийдвэрлэсэн.
6.Байгаль орчны сайдын 2006 оны 40 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд 6.5 га газрыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны *** дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 3.5 га газрыг ашиглах эрхийг нэмж олгосон.
Ийнхүү нэмж олгосон нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10/673 дугаар албан бичгээр ... Ташгайн аманд*** ХХК-д 3.5 га газрыг ... сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр тушаалаар ... нэмж олгосон... гэснээр нотлогдож байна.
7.Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны *** дүгээр тушаалаар нэхэмжлэгчид Ташгайн аманд 3.5 га газар ашиглах эрх нэмж олгосноор өмнө ашиглаж байсан 6,5 га газар нь 10 га болсон атал 2021 оны *** дугаар тушаалаар Ташгайн аманд олгосон 6.5 га газар ашиглах эрхийг цуцлахаар шийдвэрлэсэн нь газрын хэмжээний хувьд зөрүүтэй, энэхүү зөрүүтэй газрыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй болжээ.
8.*** ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар албан бичгээр, 12 дугаар сарын 18-ны өдрийн 61 дүгээр албан бичгээр тус тус щ Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд ... газар эзэмших гэрчилгээний хугацаа 2020 оны 8 дугаар сарын 06-нд дууссан тул цаашид гэрчилгээний хугацааг үргэлжлүүлэн сунгахгүй гэдгээ мэдэгдэж, улмаар бид газраа хүлээлгэн өгөх хүсэлтэй байна. ... гэсэн хүсэлтийг /1 х.х-11, 25/ гаргажээ.
Уг хүсэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалаар*** ХХК-ийн 6.5 га газар эзэмших эрхийг цуцалсан гэх тайлбарыг хариуцагчаас өгдөг.
9.Харин*** ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар албан бичгээр /1х.х-30/ Байгаль орчин аялал жуулчлалын яаманд ... Ташгайн аманд 10 га газар ашиглах эрхийн *** тоот гэрчилгээг гээгдүүлсэн тул нөхөн гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг, мөн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаар албан бичгээр /1 х.х-32/... компанийг төлөөлөх эрхгүй Б.Ц*** ашиглах эрхийн гэрчилгээг дуусгавар болгуулах хүсэлтийг дур мэдэн миний өмнөөс гарын үсэг зурж тус яаманд гаргасан, ... иймд төлөөлөх эрхгүй этгээдийн хүсэлтээр дуусгавар болгосон 6.5 га газрын ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.
10.Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 4905 дугаар захирамжаар*** ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 58, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 61 дүгээр албан бичигт зурагдсан гарын үсгийн хэв нь нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхтэй этгээд болох ***, тус компанийн ажилтан гэх Б.Ц*** нарын гарын үсгийн хэвтэй таарч байгаа эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах-аар шийдвэрлэсэн.
11.Шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2208 дугаар дүгнэлтээр /1х.х-135/ ... 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар албан бичигт зурагдсан гарын үсэг ***, Б.Ц*** нарын гарын үсгийн загваруудтай тохирохгүй, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 61 дүгээр албан бичигт зурагдсан гарын үсэг нь Б.Ц***ийн гарын үсгийн загваруудтай тохирч байна гэж дүгнэжээ.
12.Өөрөөр хэлбэл дээрх албан бичгүүдэд*** ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд болох *** газрын үсэг зураагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн*** ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан; гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.
13.Түүнчлэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэх нөхцөл байдлыг хариуцагчаас бүрэн тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг дуусгавар болгосон нь Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 20/1246 дугаар /2х.х-168/ албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн*** ХХК-ийн газрын төлбөр төлсөн лавлагаагаар тогтоогдож байна.
14.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.2.-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан үйл ажиллагааг хариуцагчаас явуулаагүй.
15.Иймд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас бодит нөхцөл байдлыг судлан тогтоосны үндсэн дээр*** ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгах эсэх асуудлыг хуульд заасан эрхийн хүрээнд дахин шийдвэрлэх хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалын*** ХХК-д холбогдох хэсгийг нэг /1/ сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.
16.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна гэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч*** ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгах эсэх асуудлыг хуульд заасан эрхийн хүрээнд дахин шийдвэрлэх хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалын*** ХХК-д холбогдох хэсгийг нэг /1/ сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг судлан дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалын*** ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болох бөгөөд 1 сарын хугацаа нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ