Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 451

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02602 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-гийн хариуцагч С.Б-т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах, ажлын байрыг чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 436 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Б-ын хүсэлтээр 00 тоот байгаа ажлын байрыг 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс зүсвэр тавилгын үйлдвэрийн зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн. Өмнө нь 2015 онд шүүхэд хандаж эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авч, нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж байсан. Гэтэл С.Б- түрээсийн төлбөрийг хугацаанд нь өгдөггүй, 2-7 сараар хугацаа алдаж өгдөг, төлбөр авах, байр чөлөөлж өгөх шаардлага тавихад хэл амаар доромжлон элдвээр айлган сүрдүүлдэг. Сүүлийн үед гудамжны архичнаар хүртэл дарамтлуулах боллоо. 2018 оны 6 сараас эхлэн өнөөг хүртэл ямар ч түрээсийн гэрээгүй байрыг эзэгнэн сууж тэвчихэд бэрх үг хэл үйлдлээр доромжлон дарамтлах боллоо. Иймд 2019 оны 11 сар хүртэлх түрээсийн төлбөр гаргуулах, ажлын байрыг чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 436,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс түрээсэлсэн ба бичгээр гэрээ байгуулж 6 жил гаруй хугацаанд түрээсэлсэн. 1 сарын төлбөрт 1 900 000-2 400 000 төгрөгийг төлж байсан. Түрээсийн төлбөрт 140 000 000 орчим төгрөг төлсөн байна. Энэ гэрээ болон гэрээний сунгалтуудаа үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлдэггүй.

Мөн дулааны мөнгө, түрээсийн мөнгөний баримт шаардахад баримт үзүүлэхгүй тэр чамд хамаагүй гэж хэлдэг. Би 6 жил гаруй хугацаанд түрээслэхэд Б.Б- ажлын байраа түрээслүүлж Иргэний хуулийн 318-326 зүйлийн дагуу түрээсийн ашиг олсон.

Б.Б- Иргэний болон Татварын ерөнхий хууль, нэмэгдсэн өртгийн татварын хуулиудын заалтыг биелүүлээгүй. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасны дагуу Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т заасны дагуу бараа ажил үйлчилгээ борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох үүргээ биелүүлээгүй. 2016 оны 1 сараас эхлэн Монгол улсад Е баримт гаргаж өгөх үйл ажил явагдсан ба Б.Б- нь надад Е баримт гаргаж өгөхгүй өдийг хүрсэн. Би түрээсийн гэрээгээр олон жил үйл ажиллагаа явуулсан ба байрыг чөлөөлж өгөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3-д зааснаар хариуцагч С.Б-ын ашиглалтаас Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамж, 8-3 тоот хаягт байрлах 94 мкв төвийн дулаан цэвэр ус бүхий 24 мкв ажлын байр, 96 мкв материалын агуулахыг хашааны хамт чөлөөлж, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 14 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 436,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 298,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийн 8-9 хуудсанд байгаа ажлын байр түрээслэх гэрээг үнэлсэн байна. Энэ гэрээ нь нотариатчаар батлуулсан хэдий ч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ юм. Уг хэлцлийн үндсэн дээр түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэсэн мөртлөө түрээсийн төлбөр гаргуулсан нь буруу. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу ажлын байрыг чөлөөлөх үүрэгтэй болно гэж нэг талыг баримталж шийдвэр гаргасан. 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хуулийн шаардлагаа хангаагүй гэрээтэй. 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бичгэн гэрээ байхгүй байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болох өмчлөгч түрээсийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэдэн он хэдэн сараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 14 000 000 төгрөг нь тодорхой бус мөн нотлох баримтуудыг бүх талаас нь үнэн зөв үнэлээгүй хэт 1 талыг барьсан шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Б.Б- нь С.Б-т холбогдуулан 2019 оны 5, 6, 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөр 8 000 000 төгрөгийг нэхэмжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн оны 9, 10, 11 сарын түрээсийн төлбөр 6 000 000 төгрөг, мөн сүүлийн 3 сарын хугацаанд гарсан ашиглалтын зардал 436 000 төгрөгөөр шаардлага нэмэгдүүлж, 14 436 000 төгрөг гаргуулах, ажлын байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамж, 8-3 тоот хаягт байрлах 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Б-гийн өмчлөх эрхэд 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн, нэхэмжлэгч маргаж буй эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохоо баримтаар нотолжээ.

 

            Хариуцагч С.Б- нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө буюу 24 м.кв талбай бүхий ажлын байр, 96 м.кв талбай бүхий агуулахыг тавилгын үйлдвэр, худалдааны чиглэлээр түрээслэн ашиглаж ирснээ үгүйсгээгүй, харин түрээсийн гэрээг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, түрээсийн орлогоос татвар төлдөггүй гэх үндэслэлээр түрээсийн төлбөр шаардсаныг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

            Хэрэгт баримтаар авагдсан үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түрээслүүлэх тухай  бичгийн гэрээ, мөн гэрээг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл нэг сарын хугацаагаар сунгасан бичгийн гэрээний агуулга, үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсний төлбөрийг харилцан тохиролцсон хэмжээгээр төлж ирсэн байдал, зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч С.Б- нь Б.Б-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар түрээслэн ашиглаж, хөлсийг  хэлэлцэн тохиролцсоны дагуу төлж байсан үйл баримт тогтоогдсон, 2019 оны 4 дүгээр сарын дуусталх хугацааны гэрээний үүргийн тухайд маргаагүй.

 

            Зохигчдын хооронд дээрх байдлаар үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний агуулгатай байх бөгөөд зохигчид 2018 оны 6 дугаар сарын 1-нээс хойш гэрээг бичгээр харилцан тохиролцож сунгаагүй боловч түрээслэгч С.Б- нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмнөх зориулалтаараа үргэлжлүүлэн ашигласаар байгаагаа тайлбарлаж байна.

 

            Дээрхээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагад хамаарах буюу 2019 оны 4 дүгээр сараас хойших хугацаанд зохигчид гэрээг сунгаагүй, шинэчлэн байгуулсан баримтгүй байх тул хариуцагчийг хууль болон гэрээний дагуу бусдын үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Иргэний 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь зөв болно. Харин уг шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй байх тул  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсгийг баримталсныг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг болгон зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Түрээсийн хөлс шаардсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд талууд гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх ба хариуцагч С.Б-т бусдын үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглах эрх хууль болон гэрээгээр олгогдсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч С.Б- нь ашиглах, эзэмших талаар өмчлөгч Б.Б-тай харилцан тохиролцсон аливаа гэрээ хэлцэлгүйгээр  үл хөдлөх эд хөрөнгийг нь эзэмшилдээ байлгаж, тавилгын үйлдвэрлэл, худалдааны зориулалтаар үргэлжлүүлэн ашиглаж байгаа нь тогтоогдсон тул энэ хугацаанд олсон орлогоор үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг талууд харилцан тохиролцож төлж байсан сарын түрээсийн төлбөрийн хэмжээгээр буюу 2 000 000 төгрөгөөр тодорхойлсныг хариуцагч үгүйсгэж маргаагүй бөгөөд хөрөнгийг гэрээгүйгээр ашигласан 2019 оны 5 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх 7 сарын хугацааны 14 000 000 төгрөг шаардсаныг шүүх хангасан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасанд нийцнэ.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь эд хөрөнгө түрээслүүлсний төлбөрөөс татвар төлдөггүй гэх хариуцагчийн татгалзал маргаанд хамааралгүй болно.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02602 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492.3-д” гэснийг ”106 дугаар зүйлийн 106.1-д” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ