Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1395

 

       

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     2020               11              3                                        2020/ДШМ/1395              

 

 

У.Н-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч У.Н-, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б, түүний өмгөөлөгч Б.Буянт,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/527 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Н- өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн У.Н-д холбогдох эрүүгийн 2003000000203 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.............. овгийн У.Н, 19....... оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............ хамт ..............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

У.Н- нь 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 01 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа “МТ” шатахуун түгээх станцын зүүн хойд замд 08-72 УАЕ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэж” тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: У.Н- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Н-ийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч У.Н- 853754 дугаартай B, C, CE ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, №02561792 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч У.Н-д буцаан олгож, У.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, У.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Н- өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... У.Н- нь гэм буруу дээрээ маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэсэн. У.Н- холбогдсон хэргийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, тохиолдлын шинжтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд багтах хэрэг байхад 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд У.Н- хувийн байдал болон үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би Ховдын Булганаас ирсэн. Улаанбаатар хотод ирээд таних айл байхгүй байсан тул зочид буудалд байрласан. Зочид буудалд байсан зардлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгч байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Буянт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б-ээс гомдолтой байна гэж мэдүүлдэг. Өнөөдөр энэ саналаасаа татгалзаж, шүүгдэгчийг тэнсэж өгнө үү гэж байна. Улаанбаатар хотод ирж, очсоны зардал, зочид буудалд байсан зардал зэргийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Мөн 10.000.000 төгрөгийн зээл байдаг. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол байгаа. Өнөөдөр уг зээлийг төлөх хүн нас барсан байна. Ар гэрийнхэн нь уг зээлийг төлөх боломжгүй. Үүнийг магадлалдаа тусган шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруутай болохоо ойлгож байна. Хохирогчийн ар гэрт тус дэм болж явна гэдгээ амлаж байна. ...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон байгаа. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн асуудал тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

У.Н- нь 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 01 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа “МТ” шатахуун түгээх станцын зүүн хойд замд 08-72 УАЕ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-3/,

зам тээврийн ослын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-15/,

осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 5/,

цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-20/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Бийн “...2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр гэртээ Ховд аймгийн Булган сумын Байтаг багт байж байтал 06 цагийн үед манай охин Батзаяа утсаар ээж таны бие зүгээр үү гэхээр нь зүгээрээ гэсэн өөр юм яриагүй, утсаа тасалчихсан. Ингээд байж байтал удалгүй 10-иад минутын дараа манай хүргэн ах Гансүх орж ирээд Батсайхан хотод зам тээврийн осолд орж амиа алдсан байна аа, одоо хот руу яаралтай явья гэхээр нь тэр дороо нөхөр Балжинням, хүргэн Гансүх нарын хамт Ховд аймгийн Булган сумаас Улаанбаатар хот руу гарч 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 19 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн. Манай хүү Б.Б- 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны зам дээр “Тoyota Prius 20” маркийн машинд мөргүүлэн нас барсан байсан. Энэ зам тээврийн ослын талаар надад мэдэх, үзэж харсан зүйл байхгүй. ...” /хх 37-38/,

гэрч Э.Гантөгсийн “...2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 19 цагийн үед ажлаа тараад гэртээ байж байтал шөнийн 00 цагийн үед манай найз Номин-Эрдэнэ таксинд явж байгаад ирлээ гээд ганцаараа өөрийн “Toyota prius 20” маркийн машинтайгаа ирсэн. Манайд ирж хонохоор ярьж тохирсон байсан юм. Тэгээд Номин-Эрдэнэ хамт манай гэр рүү очоод ирье, юм аваадахъя гэхээр нь би эхнэр Отгончимэг, түүний найз Маралмаа нарын хамт Номин-Эрдэнийн “Toyota prius 20” маркийн машинтай гэрт нь биокомбинатад очин хөнжил, гудас аваад буцаад манайд очих гээд 01 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны орчим хот руу баруунаас зүүн чиглэлтэй зам уруудаад явж зайтал гэнэт түс гээд юм мөргөх чимээ гараад Номин-Эрдэнэ огцом тормос гишгээд зогссон. Бид нар юу болов оо гээд тэр дороо машинаас буугаад хартал Номин-Эрдэнэ хүн мөргөчихсөн байсан. Мөргүүлсэн хүн нь замын хажуу талын шороон дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Би сандран тэр дороо өөрийн 86161694 дугаарын утсаар цагдаад мэдэгдээд дараа нь түргэний эмчид хэлсэн. Удалгүй түргэний эмч ирэн мөргүүлсэн хүний биед үзлэг хийгээд нас барчихсан байна гээд явсан. Дараа нь замын цагдаа нар ирэн холбогдох үзлэг шалгалтыг хийсэн. ...” /хх 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

Техникийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 288 дугаартай “...Toyota prius-20 маркийн ...улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч У.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үззгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг автомашин осолд орохын үед онолын хувьд цагт 94.2 км/цаг орчмын хурдтай явж байсан байх үндэслэлтэй байна. ...” /хх 104-105/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1055 дугаартай “...Талийгаач Б.Б-ы цогцост хийсэн шинжилгээгээр зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа /20-30 мл/, зүүн зулайн дэлбэн, бага тархины аалзан хаьсны доорх цус харвалт, уушигны няцрал, дотор эрхтэнүүдийн доргилт, элэгний няцрал, зулайн хуйханд няцарсан шарх, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэвтээ,босоо байрлалд аль алинд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учирах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. ...” /хх 52-53/ гэх дүгнэлтүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч У.Номин-Эрдэнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч У.Н- автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа нараас “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргажээ.

Хэдийгээр шүүгдэгч У.Н- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад гэм хор учруулснаас үүссэн мөнгөөр илэрхийлэгдэх хохирлыг нөхөн төлсөн байх боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний амь насыг хохироосон байдлаас үзэхэд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалт нь шүүхийг заавал хэрэглэхийг үүрэг болгосон бус харин хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд хэрэглэх эсэх талаар эрх олгосон хэм хэмжээ юм.

Харин шүүгдэгч У.Н- анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан гэм хорын мөнгөөр илэрхийлэгдэх материаллаг хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзаж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хугацааг багасган хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б нь хөдөө орон нутгаас ирж, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо 84.500 төгрөгийн тээврийн, 420.000 төгрөгийн зочид буудлыг зардал гаргасан болох нь түүний шинээр гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчээс дээрх зардлыг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.  

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өгөх” тухай өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/527 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч У.Н-эс 504.500 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Бт олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч У.Н- өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ