Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/69

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-т холбогдох эрүүгийн 1727000420031 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багт оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Д.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Э нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт өөрийн эхнэр хохирогч Д.О-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ:

Би хөдөөнөөс гэрээ нүүлгэж оруулж ирэх гээд явж байхад Э саванд ус хийгээд голын эрэг дээр зогсож байсан. Манай эхнэр Э яваад өглөө хурдан явсангүй гэж аашлаад байсан. Мотортой машин юм чинь гүйгээд гүйцэгдэхгүй байсан. Би эхнэрээ 2, 3 цохиод авсан. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байх. Би Э-г мотоциклтой түрүүлж очоод гэрээ эмхлүүлж бай. Би араас чинь очно гэж хэлсэн байсан. Тэгээд манай дүү гэрийг маань нүүлгээд оруулаад ирсэн байсан. Би тугалын хашаагаа хураачихаад ирсэн. Намайг ирэхэд гэрээ буулгаж байсан. Э бензиний мөнгөө өгчих гэсэн. Тэгээд би эхнэртээ хэлсэн чинь надад ямар мөнгө байдаг юм гээд надруу дайраад хэрүүл болсон. Э бензиний мөнгөө авна гээд. Хүний мөнгө өгөлгүй яахав гэж би хэлсэн гэв.

Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 08 дугаар сарын 11-ний өглөө манай нөхөр Э бид 2 хөдөөнөөс гэрээ нүүлгэж оруулж ирэх гээд Хужирт сумын төвөөр машин хайсан нь үнэн. Бид 2 машин хайгаад голын тэнд явж байсан чинь Э гэдэг хүн голын эрэг дээр бид хоёроос зайтай ус аваад байж байсан. Тэгсэн манай нөхөр Э-г гуйж машинаар нь гэрээ нүүлгэе гээд уулзах гээд явж байсан чинь Э усаа аваад хөдлөөд явсан. Би араас нь яваач гэсэн чинь манай нөхөр уурлаад бид хоёр маргалдаад намайг толгой, мөр хэсэг рүү цохиж, гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай төрсөн дүү Д.О, нөхөр Д.Э-тайгаа 2017 оны 08 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Хужирт сумын төвд байдаг манай гэрт хоночихоод 2017 оны 08 дугаар сарын 11-ний өглөө машин олж хөдөөнөөс гэрээ нүүлгэж ирнэ гээд 2-уулаа хамт гарсан. Үдээс хойш нь 16 цагийн орчим намайг гэртээ байж байхад манай дүү О хөдөөнөөс гэрээ нүүлгээд ирлээ та хүрээд ирээч гэж утсаар яриад би яваад очиход М-ын хүүхдийн машинаар гэрээ нүүлгэж ирлээ гээд байж байсан. Э тухайн үед байхгүй байсан. Удаагүй байж байтал 17 цагийн орчим Э, Э гэдэг хүний цагаан өнгийн ачааны машин дээр хөдөө гэрээсээ хашааны мод ачаад М ахтайгаа ирсэн. Тэгээд ирээд машины түлшний мөнгөнөөс болж тэр хоёр хоорондоо хэрэлдсэн. Хашаан дотор хэрүүл маргааны болж байхад Э, Ү, П нар хамт байсан. Намайг гараад явсны дараа манай дүү тэр хоёрт зодуулсан гэж надад хэлсэн. Би хараагүй учраас юу болсон талаар мэдэхгүй байна. Э намайг зодож цохиогүй. Намайг хашаан дотор байхад Э, М нар манай дүүг элбэж зодсон асуудал байхгүй. Тэр үед бид 3 хоорондоо хэрэлдээд М, Э 2 над руу дайраад байсан өөр асуудал болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай дүү Д.Э-ынх хөдөө Хужирт сумын 2 дугаар багт манайхтай хамт зусаж байсан юм. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Б.Э-ынх Хужирт сумын төв рүү нууж орох гээд түүний эхнэр О манай хүүхдийн машинаар гэрээ ачуулаад Хужирт сумын төв рүү явсан. Тухайн үед Э хөдөө байхгүй төвд байсан. О-ийн гэрээ ачуулаад аваад явсны дараа Э төвөөс гэрээ нүүлгэх гэж байна гээд машин хөлслөөд ирсэн. Э хөлсөлж ирсэн машиндаа тугалынхаа хашааг ачаад Хужирт сумын төв рүү явах гэхэд нь би дайгдаад Хужирт сумын  төв орсон юм. Хужирт сумын төвд ирэхэд О гэрээ буулгачихсан эгч О-тэйгээ хамт байж байсан. Э эхнэр О-ээсээ би машин хөлслөөд хашаагаа ачаад ирлээ түлшний мөнгийг нь өгчих гэсэн чинь О манай дүү Э-ыг муу архичин чи өөрөө төл гээд хашгираад байсан. Тэгсэн Э уурлаад -ийг чи манай хашаанаас яв зайл гэсэн чинь О хашгираад гараад явсан. Э тухайн үед гэрээ барих гэж байсан аа уурлаад нөгөө хөлсөж ирсэн машинтайгаа хашаанаасаа гараад явсан. Тэгэхэд нь би машинд сууж яваад гэртэй хүргүүлсэн. Тухайн үед манай дүү эхнэрээ зодож цохьсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

Гэрч Ц.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Э эхнэрийнхээ эгч рүү мод бариад дайраад далайж айлгаад хашаанаасаа хөөгөөд явуулсан модоороо цохиогүй. Буцаж ирээд эхнэр лүүгээ дайраад байсан. Тэгэхээр нь би салгаад машиндаа суулгасан. Тэр үед хашаан дотор нь Э, эхнэр нь, эхнэрийнхэн нь эгч, М, бас 2 эмэгтэй хүн бид нар л байсан би нэрүүдийг нь мэдэхгүй. Тухайн үед Э эхнэр, эхнэрийнхээ эгч хоёртой маргалдаж байхад М миний хажууд сууж байсан. Нөгөө хоёр эмэгтэй хашаан дотор нь зогсож байсан. Өөр ямар нэгэн юм болоогүй. Тэр үед хашаан дотор тэд нар хоорондоо хэрэлдсэнээс өөр нэгийгээ цохиж, зодсон асуудал байхгүй. М тухайн үед Э-ын эхнэрийн эгчийг чамаас болж бүх хэрүүл гарч байна зайл гээд байсан тэрнээс цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Гэрч Г.Ү-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би гэрийн нь унинаас тавилцаж өгдөг юм уу гэж бодоод очсон чинь Э эхнэрийгээ хүн машин аваад очихын оронд гэр ачаад аваад ирсэн байх юм гээд машины бензины мөнгөнөөс болоод маргалдсан байсан. Э хашаа ачиж ирсэн машинд бензиний мөнгө өг гээд О нь болохоор би гэр ачиж ирсэн машиндаа бензин хийгээд өгчихсөн гээд байх шиг байсан. О нь Э-аас өмнө машин хөлслөөд гэрээ ачаад аваад ирсэн. Э нь тэрийг нь мэдэхгүй давхар машин хөлслөөд хөдөө очоод үлдсэн хашааны модоо ачиж ирсэн юм байна лээ. Тэр үед тэнд байсан О-ийн эгч гээд эмэгтэй Э-ыг танайхан хулгайч, чи миний дүүг байнга дээрлэхдэг гээд хашгираад байсан чинь Э газраас нэг жижиг мод аваад тэр эмэгтэй рүү шидсэн тэр мод нь  оноогүй. Өөр ямар нэгэн юм болоогүй. Тэр үед тэд нар нэг нэг рүүгээ мод, чулуу авч шидээд унь барьж гүйсэнээс өөр зүйл болоогүй. Нэг нэг рүүгээ шидсэн мод, чулуу нь хэнийг ч оноогүй. М унь барьж гүйгээд О-ийн эгч рүү далайсан цохиогүй өөр ямар нэгэн юм болоогүй. Би тэд нарыг хэрэлдэж эхлээд дуусаад Э, М нарыг явах хүртэл нь хашаан дотор нь хамт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

Гэрч Д.П-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би гэрийг нь барилцаж өгөх санаатай очсон. Э эхнэрээсээ мөнгө нэхээд Э гэж хүний машинд түлш хийж өгье гэсэн чинь Отгонцэцэг надад мөнгө байхгүй. Би гэрээ ачиж ирсэн. Машиндаа түлшээ хийгээд өгчихсөн гээд маргалдаад байсан. О хөдөөнөөс машин хөлслөөд гэрээ нүүлгэж ирсэнийг нь Э мэдээгүй. Тэр 2 замдаа зөрөөд тус бүр нэг машин хөлслөөд явчихсан юм байна лээ. Э, О хоёр түлшний мөнгөнөөс болоод маргалдаад байж байсан чинь О  манай дүү Э-ыг чи өөрөө түлшний мөнгийг нь олж өг архичин минь гээд хаширгаад манай аавын нэрийг оролцуулж доромжлоод байсан. Тэгсэн манай ах М уурлаж босоод газар байсан унины мод шиг санагдаж байна. Тэрийг бариад О дээр очоод цохиогүй модоо газар хаясан. О хэрэлдэж байгаад хашаанаас гараад явсан. Түүний дараа Э, М нар Э гэж хүний машинд суугаад явцгаасан. Өөр хэн нэгийгээ зодож, цохьсон асуудал гараагүй. Хэрүүл маргаан болсон. Тухайн үед тэд нар хоорондоо хэрэлдсэнээс өөр нэгийгээ зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №320 тоот актын:

1. Д.О-ийн биед тархи доргилт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт өөрийн эхнэр хохирогч Д.О-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өшсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №320 тоот актын “...1. Д.О-ийн биед тархи доргилт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Э-ыг хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Хохирогч Д.О нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй Д.Э-ын эзэмшлийн 700 000 төгрөгийн үнэлгээ бүхий мустанг-5 маркийн мотоцикль битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Д.Э-ын эзэмшлийн 700 000 төгрөгийн үнэлгээ бүхий “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Б.САРАНТУЯА